📃 НӨАТ 2% 🤷‍♂️ 5%

Бүс ба зам | Говь ХК-ийн сонирхлын зөрчил | ХААН Банкны хөрөнгийн зарцуулалт

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Боловсролын яам анх удаа Монголын их дээд сургуулиудын эрэмбэ, чансааг тогтоосныг харсан л биз дээ. Тэгвэл хэтдээ 20 орчим их, дээд сургууль л үлдэх гэнэ шүү. 🏫 

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Ирэх онд аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох 1,300 гаруй авто замын төслийг эхлүүлнэ.

FR: Fitch Ratings Хөгжлийн банкны дефолт зэрэглэлийг “В”, Засгийн газрын дэмжлэг үзүүлэх зэрэглэлийг “Сөрөг” гэж үнэлэв.

CHN: Хятад Монголын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд $20 тэрбумд хүргэнэ.

📃 НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгох нь зөв үү?

НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгох хуулийн төсөл санаачлахад 20 мянган гарын үсэг дутаад байна. Бид одоогоор худалдан авалтын үнийн дүнгийн 2% буюу НӨАТ-ын 20%-г буцаан авч байгаа билээ. Тэгвэл буцаан олголтын хувийг нэмснээр юу болох вэ?

  • Иргэд, ААН: Сангийн сайдын тооцооллоор бол та бидний буцаан авалт ₮600 тэрбумаар нэмэгдэнэ.

  • Дарамт: 2024 оны төсвийн төсөлд иргэд, ААН-ээс ₮6.5 их наядын НӨАТ-ыг цуглуулж ₮0.5 их наядыг буцаан олгоно гэж төсөвлөжээ. Хэрэв үнийн дүнгийн 5%-г буцаан олгох болбол төсвийн орлого ₮600 тэрбумаар буурах аж. Улмаар төсвийн алдагдал ₮2.1 их наядаас ₮2.7 их наяд болж дарамт нэмэгдэх нь.

  • ГЭХДЭЭ: Дээрх тооцоо бол шууд утгаараа. Нөгөө талаас буцаан олголтын % ихэсвэл иргэдийн ААН-ээс НӨАТ төлөх шаардлага ихэссэнээр суутган төлөгч ААН, хувь хүн нэмэгдэж далд ЭЗ ил гарч, төсвийн орлого нэмэгдэх боломжтой л юм.

Тэгвэл бусад улс орнууд НӨАТ-аа татвар төлөгчдөд шууд буцаан олгодог болов уу? Харамсалтай нь, үгүй.

  • Эргэлзээ: НӨАТ-ын буцаан олголтын 2% бол VAT incentives буюу НӨАТ-ын урамшуулал маягаар олгодог зүйл юм. Гэхдээ бусад улс урамшууллаа ихэнхдээ мөнгөн хэлбэрээр олгодоггүй байна. Тайваньд л гэхэд мөнгөн урамшуулалгүй ганцхан сугалаа олгож, Канад, Шинэ Зеландад бага орлоготой гэр бүлүүдийн бараа, үйлчилгээний татвараас хөнгөлөх чиглэлд ажилладаг.

  • Бүрдүүлэгч: НӨАТ төсвийн орлогын байнгын бөгөөд тогтвортой эх үүсвэр болдог ба ХХОАТ-ыг нэмэхгүйгээр төсвийг бүрдүүлэх боломжийг олгодог. Хэрэв цуглуулсан НӨАТ-ыг буцаан иргэдэд шилжүүлээд байвал зардал ихсэж, төсвийн орлого буурах юм.

Ер нь Монголын НӨАТ-ын хувь хэмжээ дэлхийн хаана явна вэ?

НӨАТ-ын дундаж хувь хэмжээг тивүүдээр харвал Европ 21%, Өмнөд Америк 18%, Африк 15%, Ази 10% байв. Харин Монголоос бага буюу 10%-иас бага НӨАТ авдаг 16 улс, их авдаг 118 улс байдаг аж.

Эцэст нь, төсвийн төсөл хэлэлцэж эхлэх үед гэнэтийн зардал нэмэгдэх нь данхайсан төсвийг улам л хэцүү болгох байх даа. НӨАТ гэснээ НДШ-г бууруулах ядаж л хувийн тэтгэврийн тухай хуулийг батлах нь Монголчууд бидэнд өлзийтэй биш үү?

☝ GOV-н сонирхлын зөрчил

GOV: Говь ХК өөрийн охин компани болох Говь Кашмер Казахстан ХХН-ийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор $400 мянгын үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулна. Тэд өнгөрсөн сард уг компанийг $1,000-ын дүрмийн сантайгаар байгуулахаар болсон билээ. Сонирхуулахад, Говь ХК-ийн хувьцааны үнэ он гарсаар 5.8% өсөөд байна.

🤝 Бүсчилнэ, замчилна

"Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтын хүрээнд юу ярив? Монголд юу наалдав?

$1 их наяд + $100 тэрбум

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үнийн дүн болон санхүүгийн бус дэмжлэгийг тооцвол бүр $1 их наядад хүрчээ. Харин энэ жилийн хувьд Ши Жиньпин Торгоны зам сангийн санхүүжилтийг $100 тэрбумаар нэмэгдүүлэхээ мэдэгдээд буй. Цаашлаад,

  • Төрийн тэргүүд ⬇️: Уг чуулганд Владимир Путин тэргүүтэй дэлхийн өмнөд бүсийн 130 гаруй орны төлөөлөгчид оролцов. Гэхдээ 2019 онд 37 төрийн тэргүүн оролцож байсан бол ердөө 23 төрийн тэргүүн оролцжээ.

  • $97.2 тэрбум: Лхагва гарагт өндөрлөсөн уг форумаар $97.2 тэрбумын хамтын ажиллагааны төслүүдэд гарын үсэг зурагдав. Үүнд Монголд хамаатай төслүүд ч бий.

Монголд наалдсан хэлэлцээрүүд

Ши Жиньпин "Хятад-Монгол-Оросын байгалийн хийн хоолойн төсөл аль болох богино хугацаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна" гэж дурджээ. Түүнчлэн,

  • УЦС урагшилна: Хятадын талтай Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Өнгөрсөн оны төсөвт Хятадын ЗГ-аас уг УЦС-д $288.5 саяын зээл олгохоор тусгагдаж байсан билээ.

  • Үүгээр зогсохгүй: Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг шат урагшлуулах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 2 улс хоорондоо хөгжлийн туршлагаа солилцох, бодлого төлөвлөлт, стратегийн уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх нийт 8 санамж бичгийг байгуулжээ.

Цаашид яах вэ?

Энэ удаагийн чуулга уулзалтаар манайд нэлээд хэрэгтэй хэлэлцээрүүд үзэглэгдлээ. Харин Хятадын хувьд "Бүс ба Зам"-ын 2 дахь арван жилд эдийн засгийн хүндхэн сорилтуудыг туулна. Тэдэнд цар тахлын нөлөөг бүрэн арилгах, хөрөнгийн хямралтай холбоотойгоор өсөн нэмэгдэж буй өр гээд шийдэх асуудлууд олон байна даа.

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан таавар таацгаах уу? Дараах нэрсээс Монголд бүртгэгдсэн хамгийн урт нэрийг олоорой.

  1. Есөнхүсэлтаньгайхамшигтайгаарбиелэхболтугай

  2. Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа

  3. Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо

  4. Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу

🎯 Хакатон 2023

Технологийн салбарын шинэ санал санаачилга, бүтээгдэхүүн болон төслийг дэмжих зорилготой Хакатон 2023”-г ХААН Банк нээлттэй зохион байгуулах гэж буй.

Уг хакатонд нас, хүйс болон мэргэжил үл харгалзан оролцох боломжтой ба дараах 4 сэдвийн хүрээнд 3 шаттай болох юм. Үүнд:

  • Шинэ үеийн төлбөрийн шийдэл,

  • Банкны салбарын тогтвортой санхүүжилтийн шийдэл,

  • Банкны салбарын нээлттэй инновац,

  • Орон нутгийн харилцагчдад чиглэсэн цахим туршлагын шилжилт.

За тэгээд, шилдэг оролцогчдыг өндөр шагналын сан болон ХААН Банктай хамтран ажиллах урилга хүлээж байгаа гэнэ шүү.

🔗 Бүртгүүлэх бол ЭНД дараарай.
📆 Бүртгэл дуусах хугацаа: 10 сарын 27

🔹EBRD Таван Богд Интернэйшнл ХХК-д $10 саяын санхүүжилт олголоо. Ингэснээр компанийн логистикийн хүндрэлийг бууруулж, борлуулалтын эргэцийг өсгөх юм. Энэхүү зээлийн нийт хугацаа нь дотоодын бусад зээлүүдээс илүү урт хугацаанд олгож байгаа онцлогтой аж.

🔹ХААН Банк (KHAN) IPO-с босгосон ₮183.4 тэрбумын ₮107.8 тэрбумыг нь зарцуулаад байна. Сонирхуулахад, III улиралд ₮38.7 тэрбумыг  ногоон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зарцуулжээ. Тус банк татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 34%-ийг ногоон төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах юм.

🔹Mongolian Mining Corporation (0975.HK) энэ оны III улиралд 1.7 сая тн угаасан коксжих нүүрс борлуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17%, өмнөх улиралаасаа 11% тус бүр өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн компани энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 4.9 сая тн угаасан коксжих нүүрс борлуулжээ.

🔹Худалдаа Хөгжлийн Банк (TDB) IPO-с босгосон ₮83.5 тэрбумын ердөө 14.73%-ийг зарцуулаад байна. Тэд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 50%-ийг байгууллагын сегмент, 30%-ийг иргэдийн сегмент, 20%-ийг жижиг, дунд бизнесийн сегментэд тус, тус зарцуулах юм.

  • Унш: Дэлхийн эрчим хүчний шилжилт дэх Монголын байр суурь. (TheInterpreter)

  • Мэд: Tesla-н пик-ап машин юу болж байна? (TheVerge)

  • Сонирх: Мартин Скорсесийн киноны түүхэн явдал. (CNN)

  • Үз: Disney-н кино марафонд гүймээр байвал. (IMDb)

Reply

or to participate.