• Lemon Press
  • Posts
  • 🤑 ТОП-5 банк: Ашиг хэд вэ?

🤑 ТОП-5 банк: Ашиг хэд вэ?

IPO-н баян бүрд Бээжинд | Ашиг 39% буурав $UID | Интернэтийн төгсгөл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Ирэх сард аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Ордос-Улаанбаатар-Ордос чиглэлд шууд нислэгтэй болсон байна шүү. ✈️

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай Иж бүрэн түншлэлийн харилцаа  тогтоов

NSO: Нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний хагас жилийн байдлаар жилийн өмнөхөөсөө 13.8% өсөж ₮3.2 их наяд болсон байна. Үүнээс олгосон тэтгэврийн хэмжээ 13.8% өсжээ. 

LEND: ЛэндМН ББСБ үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор жилийн 19%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай нээлттэй бонд гаргаж ₮15 тэрбумыг татан төвлөрүүлнэ.  

MORT: Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн Корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөсөө 22.9% өсөж ₮10.2 их наяд болжээ.

🤑 ТОП-5 банк: Цэвэр ашиг ₮797.6 тэрбум

Одоогоос яг жилийн өмнө ТОП-5 банкны хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 58.7% өсөж ₮867.7 тэрбумд хүрч хамаг л үзүүлэлт нь пуужиндаж байв. Харин энэ жилийн эхний хагасын тоонууд нэг л унжгар байна даа. Юу болов оо?

🔺 2 өсөж, 🔻 3 буурлаа

Манай акул 5-ын цэвэр ашгийн нийлбэр энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх жилийн мөн үеэсээ дунджаар 8.1% буурч ₮797.6 тэрбум болжээ. ТОП-5 банк дундаа ХААН Банк (KHAN)-ны ашиг ганцаараа тасархай буюу 21.8% өсөж ₮353.7 тэрбумд хүрсэн бол ХасБанк (XAC)-ных дүнгэн данган 0.7% өсжээ гэж. Харин үлдсэн 3 банкных бол дунджаар 29.2% буурсан байна. 

  • 🔍 Өсөлт уналтын цаана: Хамгийн өндөр өсөлттэй $KHAN-н хувьд эрсдэлийн сангийн дараах цэвэр орлогоо 17.8% өсгөсний зэрэгцээ хүүгийн бус болон арилжааны зэрэг бусад орлогуудаа ч нэмсэн байна. Харин цэвэр ашиг нь хамгийн их унасан $TDB-н хувьд эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого нь 31.4% буурчээ гэж. 

  • 🧐 Пуужиндаагүйн учир: Өнгөрсөн оны өдийд цэвэр ашгаа 249.2% нэмж олны анхаарлыг татаад байсан $GLMT-н хүүгийн орлого нь 36.3% өссөн хэдий ч хүүгийн зардал нь ч дагаж өссөн. Үр дүнд нь цэвэр орлого 11.8% буурч, нэмээд бусад зардлууд нь ч өсөлтийн хөлд нэмэгдсэнээр, ашиг нь нимгэрсэн хэрэг. 

  • 📌 Ташраараа чанаржив: Гэхдээ бүх зүйл хар бараан биш. Өнгөрсөн оны мөн үед дунджаар 4.9% байсан ТОП-5 банкны чанаргүй зээлийн нийт цэвэр зээлд эзлэх хувь энэ жил 3.5% болж муу зээл багассан байна. 

🤨 Базаадаггүй ээ, хө

Нөгөө талд хөрөнгийн зах зээлийн талбарт системийн нөлөө бүхий банкнууд IPO хийснээс хойш хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тэдний зах зээлийн үнэлгээ оны эхний хагас жилийн байдлаар жилийн өмнөхөөсөө дунджаар ердөө 2.4% нэмэгдэж нийлбэр нь ₮5.2 их наяд болжээ. Энэ дундаа $XAC-н өсөлт дунджаа чирсэн бол, $KHAN болон $GLMT зугуухан өсөж харин $TDB болон $SBM-н зах зээлийн үнэлгээ дунджаар 9.2% буурч. 

  • Гэхдээ тэдний хагас жилийн эцсээрх хувьцааны үнийг IPO-н үнэтэй нь харьцуулбал $KHAN болон $XAC-н хувьцааны үнэ өссөн ч өнөө 3 банкны хувьцааны үнэ одоо ч IPO-н үнээсээ дунджаар 25.8% доогуур байна.

Эцэст нь… ТОП-5 банкны хагас жилийн үзүүлэлт нэг иймэрхүү. ХК-иудын тайлан тооцооны ид үе учир сонирхолтой бүх тайланг тоймлож хүргэнэ. Мөн бусад арилжааны банкнуудын үзүүлэлтийг ч мөн сонордуулъя. Stay tuned!

 💔 Ашиг 39% буурав $UID

UID: Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улсын Их Дэлгүүр ХК-ийн цэвэр ашиг мөн үеэс 39.2% буурч ₮492.5 саяд хүрчээ. Тус бууралт борлуулалтын орлого 5% багасаж ₮4.6 тэрбумд хүрсэн болон ерөнхий ба удирдлагын зардал 10.2% өсөж ₮2.9 тэрбум болсонтой холбоотой аж. Ингэснээр өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 2.7% унаж ₮3,550 дээр хаагдаад байна. Сонирхуулахад, компанийн нийт хөрөнгө мөн үеэс 8.1% буурч ₮13.8 тэрбумд хүрсэн бол хуримтлагдсан алдагдал 25.7% багасаж ₮8.8 тэрбум болсон аж. 

  • 🌟 Энэ оныг өнгөлж буй ТОП финтек компаниудыг тодруулж. (CNBC)

  • 🕳️ Интернэтийн төгсгөл айсуй гэнэ. (Quartz)

  • 🪺 $1 саяын шагналын сантай хөтөлбөр зарлагджээ. (KITE)

  • 🦦 Зуны улиралд бүтээмж муутай байхуйд… (FastCompany)

🇨🇳 IPO-н баян бүрд Бээжинд

Эх газрын Хятадын 3 том бирж дээр энэ оны 7-р сарын байдлаар 174 компани IPO хийх хүсэлтээ өгсөн ба үүний 65% буюу 113 нь Бээжингийн Хөрөнгийн Бирж (BSE)-д хандаад байна. Яг юу болоод байна?

🕰️ Дөнгөж саяхан

2021 онд Ши Жиньпин улсынхаа жижиг, дунд технологийн бизнесүүдээ дэмжихээр BSE-г байгуулах шийдвэр гаргав. Урт хугацаандаа BSE нь эдийн засгийг солонгоруулах, технологийн компаниудыг хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, хилийн чанадад бүртгэлтэй компаниудын гадаад зах зээлээс хамаарах байдлыг бууруулах чухал үүрэгтэй аж. 

🔎  Яагаад BSE гэж?

BSE дээр IPO хийх нь Шэньжэнийн Хөрөнгийн Бирж (SZSE) болон Шанхайн Хөрөнгийн Бирж (SSE)-тэй харьцуулахад шаардлага багатай, технологийн жижиг компаниуд руу чиглэсэн, стартапын экосистемтэй ойр гэх мэт давуу талуудтай. Компаниуд тус биржийг сонирхож буй ч он гарснаас хойш ердөө 6 IPO хийгджээ. Гэхдээ тэдгээр нь потенциал өндөртэй батарей, дата төвийн хөргөлтийн төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд. 

  • 🤔 Харьцуулах тоо: BSE-н голлох индекс болох BSE 50 (CSI899050) он гарснаас хойш 42.4% өсөж 1452.3 нэгжид хүрээд байгаа бол SZSE болон SSE-н ТОП 300 компанийг багтаасан CSI 300 (000300.SS) индекс тус хугацаанд 3.8% ихсэж 4,085.6 нэгжид очжээ. 

🌟 Биржийн тэргүүлэгчид

Тус биржид 268 компани бүртгэлтэй бөгөөд нийт зах зээлийн үнэлгээ $118.8 тэрбумд хүрээд байна. Зах зээлийн үнэлгээгээр $5.8 тэрбумын үнэлгээтэй дэвшилтэт технологид суурилсан уураг үйлдвэрлэгч Jinbo Bio-Pharmaceutical (832982) тэргүүлж байгаа бол удаах байранд $3.5 тэрбумын үнэлгээтэй батарей үйлдвэрлэгч  BTR New Material Group (835185) бичигдэж байна.

  • 👀 2 нугалав: Энэ 6-р сарын байдлаар BSE 50 индексэд бүртгэлтэй компаниудын P/E буюу үнэ ашгийн харьцаа 51 байгаа нь S&P 500 (^GSPC) индексэд бүртгэлтэй компаниудаас 2 дахин өндөр дүн аж.  

Эцэст нь… BSE-д бүртгэлтэй компаниудад гаднын иргэд шууд хөрөнгө оруулалт хийх боломжгүй ч тусгай эрх бүхий хөрөнгө оруулагч (QFII)-н эрхтэй бол хаалга нээлттэй. Мөн BSE-тэй холбоотой ETF, ХОС-аар дамжуулж хувьцаа эзэмших боломжтой. Сануулахад, тус биржийн компаниуд нь өсөлтийн шатандаа яваа тул эрсдэл өндөртэй гэдгийг мартаж болохгүй шүү. 

Excel дээрх өгөгдлүүдийг бүлэглэснээр цэгцтэйгээр төвөггүйхэн шиг удирдаж болдог аж. Яаж вэ гэж үү? 👇

  • Эхлээд бүлэглэх мөр, эсвэл баганаа сонгоод дээд талын цэсээс Data➡️Group сонгоно. 

  • Үүний дараа бүлэглэсэн хэсгийн хажууд ➕➖ тэмдгүүд гарч ирэх ба үүгээр тус бүлгийг багасгаж, томруулах замаар нуух эсвэл ил гаргах боломжтой.

Хэрэв бүлгийг устгах бол хамгийн эхний үйлдлээ давтаад Ungroup дараарай.

Giphy 

🍋 Уоррен Баффет Америкийн томоохон банкнуудад хийсэн хөрөнгө оруулалтаа чимээгүйхэн татаж байна. Тодруулбал, оны эхний хагасын байдлаар тэрээр Citigroup (C)-н $1 тэрбумын хувьцааг бүрэн зарсан бол Bank of America (BAC)-д хөрөнгө оруулсан $2 тэрбумыг татаж, Capital One (COF) дахь хөрөнгөө тодорхой хэмжээгээр бууруулж. Баффет 2020 оны Ковидын ЭЗ-ийн хямралын өмнө мөн ийн хөдөлж байв. 

🍋 Монголд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн тоо өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 8.3% өсөж 111 мянга болжээ. Хэдий сайн мэдээ ч, эсрэгээрээ үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо 159 мянга буюу нийт бүртгэлтэй хуулийн этгээдийн 58.7%-ийг эзэлж байна. Энэ нь мөн хугацаанд 11.7% өссөн дүн юм.  

🍋 OpenAI ашгийн бус байгууллага болон олон нийтийн байгууллагуудыг дэмжих $50 саяын сан байгууллаа. Тус сангаар OpenAI боловсрол, эрүүл мэнд тэргүүтэй  салбарт AI-г ашиглан судалгаа, инновацыг санхүүжүүлэх замаар анхны эрхэм зорилгоо хангах аж. Одоогоор OpenAI-н ашгийн бус салбар нь ашгийн төлөө салбараа эзэмшдэг бөгөөд цаашид бүхэлдээ олон нийтийн төлөөх корпорац болохоо амлаад буй.  

🍋 Ерөнхий сайд Эрдэнэс Тавантолгой ХК-тай байгуулсан бүх гэрээг шалгахыг үүрэгдэв. Түүнчлэн энэ онд 10 сая тн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт, логистикийн төвд үүссэн нөхцөл байдлыг АТГ-т шалгуулах юм гэнэ. Цаашлаад 3 сарын хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх салбар салбар төлөөллөөс бүрдсэн БЭТЗ байгуулжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.