• Lemon Press
  • Posts
  • 👋🏻 Маргааш бол төгсгөл

👋🏻 Маргааш бол төгсгөл

Макс Групп БОНЗ-ын тайлан | LP Transcript x Газар Шим Үйлдвэр ХК | $TGI: ЦА 3.1Х

POWERED BY

Олон улсын жазз өдрийн мэнд! Дэлхий даяар жил бүрийн 4 сарын 30-нд тэмдэглэгддэг энэ өдөр нь жазз хөгжмөөр дамжуулан хүмүүсийг нэгтгэх, энх тайван болон соёл хоорондын харилцан ойлголцлыг дэмжихэд чиглэдэг. Энэ өдрийг 190 гаруй оронд тэмдэглэдэг бөгөөд Монголд ч хэд хэдэн жазз тоглолт болох бололтой. Лимонууд маань өнөөдрийг сайхан жазз хөгжмөөр эхлүүлэх бол ЭНД дараарай. 🎷🌞

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Засгийн газрын хуралдаанаар иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд татварын ачааллыг зохистой түвшинд бууруулж, нийт ₮2.2 их наядын татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

MOF: Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын ₮792 мянга хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100% буцаан олгоно.

OT: Энэ оны I улиралд “Оюу толгой” ХХК-ийн төслөөс олборлосон нийт баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 56% өсөж 101.6 мянган тн-д хүрчээ. Мөн дотоодын эдийн засагт ₮4 их наядын бодит урсгалыг бий болгосон байна.

UB: Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Т.Даваадалай мега төслүүдтэй холбоотой их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй асуудлыг шалгуулахаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болов.

📃 Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргадаг. LP Transcript-н ээлжит дугаараар Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-ын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу! 

📅 2026 оны 4 сарын 25
⏲ 11:00 минут
📍 Галлери Улаанбаатар төвийн 3 давхарт Sky ballroom танхим

Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2026 оны ээлжит ХЭХ-ыг Газар Шим Үйлдвэр ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат нээв. 

🍀 Макс Группийн 2025 оны БОНЗ-ын тайлан

Макс Групп 2025 оны байгаль орчин, нийгэм, засаглалын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн онд тус групп тогтвортой хөгжилд ₮91 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

  • 📜 Удиртгал мэдээлэл: Тус групп тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Ногоон Монгол, Зөв Монгол, Чадамжит Монгол, Эрүүл Монгол, Бахархалт Монгол буюу “Таван Монгол бодлогыг” хэрэгжүүлж буй. 

💼 Бизнесийн мэдээлэл

Хэрэв мэдэх бол Макс Групп 2032 он гэхэд ДНБ-ий 5%-ийг дангаар хангах томоохон зорилт тавин ажиллаж буй. Группийн 2025 оны БОНЗ-ын тайлангаас онцлоход, 

  • 🏭 Онцлох төсөл: Монголын анхны хаягдалгүй, битүү циклийн технологитой Тайшир шохойн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад оруулжээ. Жилд 120 мянган тн шохой  боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нь дотоодын нийт шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангахуйц томоохон бүтээн байгуулалт болсон. 

  • 🤑 Онцлох хөрөнгө оруулалт нь Ногоон Монгол бодлогын хүрээнд Говь-Алтай аймагт ₮38 тэрбумын өртөг бүхий 5 МВт-ын салхин сэнсний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна.  

Хамгийн сонирхолтой хэсэг нь Төв, Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн 3 аймгийн замын бүтээн байгуулалтыг хийх явцдаа нийт 75.4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн явдал. Бид дийлэнхдээ уул уурхайн олборлолтын нөхөн сэргээлтийг л анзаарч, замын нөхөн сэргээлтийг орхигдуулдаг тул яахын аргагүй анхаарч байх ажил. 

🤝 Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих хүрээнд 

Үргэлжлүүлээд, тус онд Макс Групп баруун бүсийн хэмжээнд 120 гаруй жижиг, дунд бизнестэй хамтран ажилласан бол улсын хэмжээнд 6,236 дотоодын ААН-тэй хамтран ажилласан байна. Энэ нь өмнөх оноосоо 57.4% буюу эрс өссөн үзүүлэлт юм. 

  • 💸 Мөн орон нутгийн түншүүдийн ажил, үйлчилгээнд ₮2.6 тэрбум, шууд хөрөнгө оруулалт байдлаар ₮1.5 тэрбумыг тус тус зарцуулсан байна. Улмаар орон нутагт ажиллаж буй ажилтны тоо 2,131-ийг давсан аж.  

🧑‍🤝‍🧑 Дотогш чиглэсэн бодлого

Макс Групп ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны урьдчилгаанд ихээхэн хөрөнгө, мөнгө зарцуулдаг. Энэ хүрээнд 2001 оноос хойш 562 ажилтанд ₮11.7 тэрбумын орон сууцны урьдчилгаа олгожээ.

Эцэст нь… Макс Группийн 2025 оны БОНЗ-ын тайланг тоймлож дууслаа. ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаарай.  

  • 🔎 Удаан хугацаанд хүлээгдсэн Харбины гэрээг тайлбарлахуй. (graph.mn)

  • 💸 Samsung-н гэр бүл $45 тэрбумын эргэн ирэлтийг нэг жилд хэрхэн хийв? (SCMP)

  • 💥 Нүүдэлчин малчдад тулгамдсан асуудал бол 6 настын зовлон. (Baabar.mn)

  • 🎼 Алдарт Avatar киноны хөгжимд Өвөр Монгол яаж нөлөөлсөн бэ? (China.org.cn)

🔥 $TGI: Цэвэр ашиг 3.1 дахин нугарав

TGI: 2026 оны I улиралд Тэнгэр Даатгал ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгдэж ₮3.5 тэрбумд хүрчээ. Задлаад харвал, компанийн борлуулалтын орлого 45.4% өсөж ₮6.9 тэрбумд, бусад орлого 13.7 дахин ихсэж ₮71.4 саяд хүрсэн бол хүнтэй холбоотой зардал 12.4% буурч ₮1.6 тэрбум болсон нь цэвэр ашиг өсөхөд жинтэй нөлөө үзүүлсэн аж. Түүнчлэн $TGI-н хөрөнгө оруулалт 20.5% өсөж ₮59.8 тэрбумд хүрсэн нь нийт хөрөнгийн 85.4%-ийг бүрдүүлж байна. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 2.6% өсөж ₮790 дээр хаагджээ.

👋🏻 Нөхдөө орхих АНЭУ

Дэлхий нийтийг цочроосон Ираны дайн эхлээд 2 сар өнгөрлөө. Энэ хугацаанд Ормузын хоолой хаагдсаны улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь тэнгэрт хадахын зэрэгцээ улс орнуудын эдийн засаг хүндрээд байна. Тэгсэн нэгэн газрын тосны томоохон нийлүүлэгч маргааш буюу 5 сарын 1-нээс эхлэн нийт газрын тосны 50%-ийг дангаараа хянадаг ОПЕК+-с гарахаа мэдэгдээд амжлаа.

  • 🔦 Нэгэн ялгаа: ОПЕК нь 1960 онд байгуулагдсан газрын тос бодлогыг зохицуулах зорилготой 12 орныг хамарсан байгууллага юм. Харин ОПЕК+ нь 2016 онд байгуулагдсан бөгөөд ОПЕК-н гишүүн орнууд болон гишүүн бус, нэмэлтээр 10 газрын тос үйлдвэрлэгч орныг багтаасан байгууллага аж. 

🗓️ Маргааш бол төгсгөл

Өнгөрсөн Мягмар гарагт АНЭУ 59 жилийн ОПЕК-н гишүүнчлэлээ 5 сарын 1-нээс дуусгавар болгохоо мэдэгдлээ. Үүний голлох шалтгааныг АНЭУ урт хугацааны бодлогын реформ хэмээн тайлбарлаж байна. Гэвч АНЭУ газрын тосны асар их нөөц хүчин чадалтай ч ОПЕК-н квотын улмаас бүрэн ашиглаж чаддаггүй байсан ба нөгөө талаас гишүүн орон Иран долоо хоног бүр агаараар довтолж, Ормузын хоолойгоор дамжих нефтийн экспортыг хязгаарлаж байгаа нь ОПЕК-г орхих гол шалтгаан болсон гэж шинжээчид үзсэн аж. 

  • 📉 Статистик мэдээ: Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, АНЭУ өдөрт 4.3 сая баррель газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай ч өнгөрсөн 3-р сард 2.4 сая баррелийг үйлдвэрлэсэн нь тааруу үзүүлэлт байв. Товчхондоо АНЭУ үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглахыг хүсэж байсан ч ОПЕК-н квот үүнийг хязгаарлаж байсан гэнэ.

  • 🛢️ Тэдний нөлөө: АНЭУ нь дэлхийн газрын тос үйлдвэрлэлийн ойролцоогоор 4%-ийг дангаараа бүрдүүлдэг зах зээлийн томоохон тоглогчдын нэг билээ. Шинжээчид ОПЕК-г АНЭУ орхисноор байгууллагын газрын тосны үйлдвэрлэл 12% буурна хэмээн үзжээ. 

Эцэст нь… Өмнөх жилүүдэд Катар, Ангол зэрэг орнууд квотын хязгаарлалт болон бусад шалтгаанаар ОПЕК-г орхисон байдаг. Цаашид, АНЭУ-ын энэ шийдвэрээс хамаарч бусад гишүүн орнуудын ч ОПЕК-с гарах магадлал өндөр болоод байна. 

12,582 хос
2025 онд Монгол Улсын хэмжээнд 12,582 хос гэрлэлтээ батлуулсан нь өмнөх оноос 11.5%, 5 жилийн өмнөх буюу 2021 оноос 21.9% буурсан үзүүлэлт боллоо.
32.5%
Харин гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо 4,493-д хүрч, өмнөх оноос 0.7%, 2021 оныхоос 32.5% өссөн дүнтэй байна.
1.3
Цаашлаад, 1,000 хүнд ногдох гэр бүл цуцлалтын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 1.3 байсан нь Азийн зарим улс буюу Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Казахстаны дунджаас 0.5 нэгжээр бага үзүүлэлт байв.

🇨🇳 19,000 нийлүүлэгчтэй холбох гүүр

Дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдааны нэг Гуанжоу хотод зохион байгуулагддаг Canton Fair-д оролцоход хялбар боллоо. Учир нь TenderHub платформ тус үзэсгэлэнд оролцдог 19 мянган Хятадын нийлүүлэгчтэй шууд холбогдох боломжийг нэвтрүүлжээ.

  • Жинхэнэ хэмнэлт: Жил болгон дотоодын бизнес эрхлэгчид Canton Fair-д оролцож, хямд үнээр бараа материал худалдах авах боломжийг судалдаг. Гэвч нэг компанийн тус үзэсгэлэнд оролцох дундаж ₮10 саяар хэмжигддэг. Харин одоо TenderHub-н тусламжтай энэ зардлыг бууруулж, илүү хэмнэлттэйгээр нийлүүлэгчтэй холбогдох боломж бүрдэж байна.

TenderHub-д нэмэгдсэн эдгээр 19 мянган Хятад нийлүүлэгчид нь олон жил үйл ажиллагаа явуулсан, найдвартай байгууллагууд юм. Түүнчлэн гадаад худалдааг дэмжих хүрээнд банкуудтай хамтарсан худалдааны санхүүжилтийн тусгай нөхцөлүүдийг ашиглах боломж ч нээгдсэн байна шүү. 🤝🏻💰

Tenor

🍋 ЗГ Монголын эдийн засгийн чуулган (МЭЗЧ)-ыг цуцаллаа. ЗГ Ойрхи Дорнодод үүссэн эдийн засгийн хямралын улмаас жил бүрийн 6-р сарын сүүлээр зохион байгуулагддаг МЭЗЧ-ыг цуцаллаа. Улмаар нэн тэргүүнд төсвийн бодлогыг оновчтой болгож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болов. 

🍋 Boroo Gold Канадын Eagle Gold Mine алтны уурхайн боломжит худалдан авагчаар тодорчээ. Өнгөрсөн 7 хоногт тус уурхайн менежментийг хариуцаж буй PWC-тэй 90 хоногийн онцгой хэлэлцээ хийх гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд Boroo Gold уурхайн худалдан авалтыг дангаар хэлэлцэх эрхтэй болжээ. Талууд ирэх 3 сарын хугацаанд борлуулалтын нөхцөлийг тохиролцох, Юкон мужийн удирдлагуудтай тохиролцох боломжийг судлах аж. 

🍋 Үе дамжин өвлөгдөх 1072 хувьцаа. ЗГ-ын өчигдрийн хуралдаанаар нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх нь зөв гэх шийдвэрийг гаргалаа. Улмаар сүүлийн 10 жилд нас барсан нийт 130 мянган хувьцаатай иргэдийн хувьцааг үр хүүхэд, хамаатан садан гэхчлэн өвлөж авах этгээдийг тодорхой болгосон тохиолдолд нотариатаар бүртгүүлж, өмнөх жилийн ногдол ашгийг авах боломжтой болгожээ.

🍋 Jade Gas (JHG.AX)-н Монгол дахь метаны хийн Улаан нуур төсөл арилжааны ашигтай орд боллоо. Ашигт малтмал, газрын тосны газар тус хийн төслийн үнэлгээний тайланд албан ёсны зөвшөөрөл өгч, арилжааны ач холбогдолтой орд болов.Улмаар компани хайгуулын шатнаас хөгжүүлэлтийн шат руу шилжиж, хий үйлдвэрлэхэд 1 алхам ойртлоо.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.