• Lemon Press
  • Posts
  • ❤️‍🩹 5-ын 4 дээр шарх

❤️‍🩹 5-ын 4 дээр шарх

Жексон амьд | $SUU-н нэг өдрийн эвгүй уналт | Нийслэлийн МАН хуралдана

POWERED BY

Өглөөний мэнд! Хаврын тэнгэр шиг ойлгомжгүй улс төрд дахин нэг шийдвэр гарч Туулын хурдны замыг зогсоосон. Нэмээд өнөөдөр 9 цагаас нийслэлийн МАН-ын хороо хуралдах товтой байна. Хотын даргатай холбоотой улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөх нь бол? Хоногийн тоо нь гүйцсэн юм болов уу? 🤔👺

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол батлагдсанаар 9 төрлийн эрхийн бүртгэлийг цахимжуулж, үйлчилгээ авах процесс 2 дахин хялбар болох нөхцөл бүрджээ.

MOE: Өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50% нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг ЗГ-аас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо.

MPP: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох хуралдаанд оролцсон гишүүдийн 81% нь Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхланг дэмжжээ.

❤️‍🩹 5-ын 4 дээр шарх

ТОП банкнуудын ээлжит улирлын тайлан гарч дууслаа. Санхүүгийн болон зах зээлийн хувьд ямар өөрчлөлт гарсныг харцгаая. Банкнуудад хөрөнгө оруулсан болон оруулахаар сонирхож байгаа хүн бүрийн унших нийтлэл шүү. 

🚨 Улаан гэрлүүд

2023-2024 он банкны салбарын ашигт ажиллагаа ид тэлсэн бол одоо буураад эхэлжээ. Тодруулбал, ТОП-5 банкны 4-ийнх нь цэвэр ашиг буурч нийт дүн жилийн өмнөхөөсөө ₮78 тэрбумаар багасаж ₮325 тэрбум болов. Энэ нь санхүүжилтийн зардал, эрсдэлийн сангийн зардал болон хүүгийн зардлын өсөлтөөс үүдэлтэй. 

  • ☯️ Ганц ногоон VS Огцом улаан: Тайлант улиралд цэвэр ашгаа өсгөсөн цорын ганц нь Төрийн банк (SBM) байлаа. Тэдний хувьд 2025 оны эцсийн тайлангаар энэ үзүүлэлтээр сүүл мушгиж байсан гэхээр 180°C өөрчлөгджээ. Харин Голомт банк (GLMT)-ны цэвэр ашиг хамгийн их буюу 62.6% буурсан нь анхаарал татав. 

  • 🫁 Тогтвортой өсөлт: Салбарын ашигт ажиллагаа буурсан ч нийт хөрөнгийн хэмжээ тогтвортойгоор өсжээ. Тодруулбал, ТОП-5-ын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14% өсөж ₮73.7 их наядад хүрсэн аж. Тэр дундаа ХААН Банк (KHAN)-ных 28% нэмэгдэж хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлсэн хэвээр байна.

🫩 Зах зээл: 5-аас 3 нь суу муу

Цаашлаад, хөрөнгийн зах зээлийн идэвх, хувьцааны үнийн өөрчлөлтийг харвал бас л эрээн. Энэ оны I улирлын зах зээлийн үнэлгээний өөрчлөлтийг харвал $KHAN, ХасБанк (XAC) банкнаас бусад нь улаан байна. $XAC-н үнэлгээ хамгийн ихээр буюу 11.5% өссөн бол $KHAN-нх 6.1% нэмэгдэж. Өнөө 3-ынх бол дунджаар 6% буурчээ.

  • 😬 Эхлэлтэй харьцуулбал эвгүй: Том зургаар ТОП-5 банкны хувьцааны үнийг IPO-нх нь үнэтэй харьцуулбал Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ных бүр 48.5%, Төрийн банкных 19.9% тус тус бууралттай байна. Харин $GLMT-нх чүү ай 0.5% өсжээ. Үлдсэн 2-ынх 50% давж өсчихсөн явна. 

Эцэст нь… Системийн хэмжээнд ашигт ажиллагаа саарч байгаа нь зах зээлийн нөхцөл байдал, макро эдийн засгийн нөлөөлөлтэй холбоотой байна даа. Хөрөнгө оруулагчдын хувьд $XAC болон $KHAN-н тогтвортой байдлыг илүү өндрөөр үнэлж байгаа нь харагдаж байна. 

  • 🎙️ Энэ оны I улиралд Монголын эдийн засагт гарсан онцлох өөрчлөлт. (InsightsPodcast)

  • 💔 Gates сан Эпштэйнтэй холбоотой асуудлаа шалгаж, ажилтныхаа 20%-ийг нь хална. (WSJ)

  • 🤼 Монгол бөхчүүдийн ажиллах чадвар Япон зөвлөх дасгалжуулагч ирснээр зэрэг нэмэв. (iKon)

  • 📝 Дэлхийн Банкнаас үнэгүй бэлтгэн хүргэж буй онлайн хичээлүүд. (WBM)

🔻 $SUU-н нэг өдрийн эвгүй уналт 

SUU: Өчигдөр Сүү ХК-ийн 2026 оны I улирлын санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй болж, компанийн нэгж хувьцааны үнэ 4.7% унаж ₮615.5 дээр хаагдлаа. Тайлан хугацаанд компани ₮61.6 тэрбумын борлуулалтын орлоготой, ₮3.2 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Эдгээр үзүүлэлтийг 2025 оны мөн үетэй харьцуулах гэсэн боловч харамсалтай нь санхүүгийн тайлан олдсонгүй. Сонирхуулахад, $SUU-н нийт зардлын хэмжээ 2026 оны I улиралд ₮13.3 тэрбумд хүрсэн бөгөөд үүний хамгийн их буюу 56.7%-ийг хүнтэй холбоотой зардал эзэлж байна.

🕺🏻 Попын хаан эргэн ирлээ

Манай гаргийн түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Майкл Жексоны тухай өгүүлэх Michael кино нээлтээ хийхэд 1 хоног үлджээ. Тэгвэл дуу хөгжим, кино урлагт хайртай лимонууддаа зориулаад энэ кинотой холбоотой сонирхолтой мэдээллийг түүвэрлэн хүргэе.

✍🏻 Анхны алхам

Майкл Жексоныг нас барснаас хойш 10 жилийн дараа буюу 2019 онд тус киног бүтээх ажил эхэлсэн бөгөөд Жексоны хөрөнгө, өвийг удирддаг Jackson estate сан уг киног хийх эрхийг GK Films-д олгожээ. GK Films-г Bohemian Rhapsody, Rango гэх мэт киног продюсерлэсэн Грахам Кинг эзэмшдэг аж. Цаашлаад, киноны найруулагчаар Training Day, The Equalizer-г найруулсан Антуан Фукуа сонгогдсон байна. 

💰 $200 саяын төсөв 

Анхлан Michael киног бүтээхэд $150 саяар төсөвлөж байсан ч нэмэлт засварын улмаас нийт зардал $200 саяд хүрчээ. Ингэснээр тус кино нь бусад хөгжмийн намтарчилсан кинонуудыг өртгөөрөө тэргүүлж эхэлсэн аж. 

  • 🧮 Орлогын багцаа: Шинжээчдийн үзсэнээр дэлхий даяар киноны нээлтийн үзвэрийн орлого $150 саяд хүрэх тооцоо гараад байна. Нөгөөтээгүүр, маркетинг болон бусад зардлыг оролцуулаад ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажиллахад $500 саяыг олох шаардлагатай гэнэ. 

🎧 Жексон амьд

Аугаа уран бүтээлчид нас бардаг ч уран бүтээлээрээ мөнхөд орших нь бий. Үүний тод жишээ бол домогт Queen хамтлаг. Тухайлбал, тэдний тухай Bohemian Rhapsody кино гарсны дараа ердөө 6 сарын дотор Queen-ий стриминг 3 дахин өсөж 1.9 тэрбумд хүрсэн бөгөөд зөвхөн стримингийн орлогоос өдөрт $125 мянгыг олж байжээ. Мөн цомгийн борлуулалт $4.4 саяас 483% өсөж $18 саяд хүрч байв. Michael-н хувьд ч энэ кейс давтагдах магадлал тун өндөр байна даа.

Эцэст нь… Майкл Жексоны дүрийг түүний зээ дүү Жаафар Жексон бүтээж байна. Трейлерын хувьд цацагдсанаас хойш эхний 24 цагийн дотор үзэлт нь 116.2 саяд хүрч рекорд тогтоосон. Гэхдээ Rotten Tomatoes дээр одоогийн байдлаар 26%–32% үнэлгээтэй байгаа нь сүүлийн 10 жилийн хөгжмийн намтарчилсан кинонууд дотроос хамгийн бага үнэлгээний нэгээр бүртгэгдээд байна. 🍅🎬

336 мянган сурагч
Улсын 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээлийг судалж байгаа бөгөөд УБ-ын багш нар 7 хоногт дунджаар 38.3 мянган цагийн англи хэлний хичээлийг заадаг байна.
210 багш
Нэг багшийн 7 хоногийн ачааллыг дунджаар 22 цагаар тооцвол нийслэл хотын хэмжээнд 210 англи хэлний багшийн дутагдал үүсжээ.
₮3.9 тэрбум
Өнгөрсөн сарын байдлаар нийслэлийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотой НИТХ-аас Филиппинээс 200 багш ажиллуулахаар төлөвлөж, төсвөөс ₮3.9 тэрбумыг зарцуулахаар тооцоолжээ.

💦 Ус, дулааны төлбөрөө ewater-р

Ус, дулаантай холбоотой бүхий л үйлчилгээг ewater апп-аар шийдэх боломжтой болсныг мэдсэн үү? 

🤳 Бүгдийг 1 дороос

Тус апп-аар төлбөр, тооцоогоо хийгээд зогсохгүй иргэд, ААН-үүд усны хэрэглээгээ хянах, засвар үйлчилгээний дуудлага өгөх, санал гомдол гаргах гэхчлэн олон төрлөөр ашиглах боломжтой юм байна. Дуудлага дуудах гэж байрны жижүүрээсээ СӨХ, засварчны дугаар асуудаг цаг өнгөрсөн байна шүү та минь ээ. 

  • 👍 Хамгийн сонирхолтой нь иргэд тус платформоор усны тусгай зөвшөөрөл авах, ус ашиглуулах дүгнэлт гаргуулах гэхчлэн төрийн үйлчилгээг ч авч болох нь ээ. Системд нэвтрэхдээ ДАН системээр баталгаажуулаад хялбархан ашиглах боломжтой юм байна. 

Эцэст нь… Тоолуурын заалтаа илгээхдээ апп доторх тоолуур цэс дээр дарж, мэдээлэл илгээх үл хөдлөхөө сонгоод тоолууртай холбоотой заалтын мэдээллээ бөглөөд л болоо. Мэдээж зургийг нь дараад явуулсан ч болно. За тэгээд туршаад үзээрэй.

GIPHY

🍋 Ирэх сард дизель түлшний үнэ ₮6,400-т хүрэх төлөвтэй. Сарын өмнө дизель түлшийг ₮3,200-өөр импортолж байсан бол одоо ₮4,400 болсон. Энэ тоо сарын дотор дахин ₮2 мянгаар нэмэгдэхээр байгаа аж. Уг өсөлт тээвэр, уул уурхай, ХАА, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. 

🍋 Монголбанкны дотоод активын өсөлт нь ДНБ-ийг өсгөх, нэрлэсэн ханшийг сулруулах, инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна. Эдгээрээс ханш, ДНБ дахь нөлөө харгалзан 1, 2 жил үргэлжилдэг аж. Цар тахлаас хойших үеийг нэмж оруулсан түүврийн хувьд төв банкны санхүүжилтийн ДНБ, инфляцад үзүүлэх нөлөө нэмэгдсэн гэнэ.

🍋 Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг цаг эрэгтэйчүүдийнхээс 2.3 цагаар илүү байдаг. Энэ нь  Америк, Молдов зэрэг улсуудынхаас 1.5 цагаар их дүн аж. Харин манай улсын хувьд эрэгтэйчүүд дунджаар хоногт дунджаар 92 минутыг илүү хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байгаа нь хөлсгүй хөдөлмөрийн зөрүүнээс бага байгаа юм.

🍋 Улсын төсвийн зардал нэмэгдэх нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй импортыг өдөөж, гадаад худалдааны тэнцэлд дарамт болж байна. Судалгаагаар, төсвийн зардал 1% өсөхөд импорт 0.2%-0.6% хүртэл нэмэгддэг бөгөөд банкны зээл олголт өндөр үед энэ нөлөө бүр хүчтэй илэрдэг болох нь тогтоогдлоо. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.