• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Айргийн 5-д орсон мэдээ

🇲🇳 Айргийн 5-д орсон мэдээ

Жилийн дотор +25% | $UAA-н 1 өдрийн гайхал | ЭТТ-н шинэ CEO

POWERED BY

Өглөөний мэнд! 2007 онд Америкийн Кливленд хотын татварын орлогоор байгуулагдсан Cuyahoga Arts & Culture төв өнөөдрийг хүртэл $270 саяар санхүүжиж, 485 ашгийн бус байгууллагад грант олгожээ. Сонирхолтой нь уг санхүүжилт янжуур тамхины татвараас бүрддэг ба сүүлийн 10 жилд Кливленд хотод тамхидалтын түвшин 35%-иас 19% болж буурснаар татварын орлого 2 дахин багасаад байна. Үр дүнд нь урлагийн салбарын санхүүжилт тасалдах аюул нүүрлэж байгаа тул татварын хэмжээ 2 дахин нэмэхээр шийджээ. Нэг сумаар 2 туулай буудна гэдэг нь энэ бололтой шүү. 👀

*Нэг өдрийн өөрчлөлт.

SBM: Төрийн банк (SBM) өмнө нь гаргасан 8.9%-ийн купонтой, $200 саяын ОУ-ын бонд дээрээ нэмж $100 саяын бонд гаргана.  

ETT: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Тэрбээр өмнө нь Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн ГЗ байсан бөгөөд ЭТТ-н ГЗ-ын үүрэг гүйцэтгэгч байсан Н.Цэрэнсамбуу 1 жил хүрэхгүй хугацаанд ажиллаад ажлаа хүлээлгэж өгөв.

GOV: Монголд хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй Ногоон дата төв байгуулах төслийг СОР17-д танилцуулна.

BOM: Монголбанк, Швейцарын хариуцлагатай алтны холбооны хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд алтны 5 уурхайтай амжилттай хамтарч, хөтөлбөрийн II үе шатны шалгуурыг хангуулан магадлан итгэмжлэл олгохоор ажиллаж байгаа аж. 

💰 Мөнгөний түрлэг

Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэгэн томоохон түрлэг орж иржээ. Сүүлийн 1 жилийн дотор төгрөгийн хадгаламж ₮5.5 их наядаар буюу 25.1% цойлж өслөө.

💥 Байгууллагуудын тэсрэлт

Хадгаламжийн зах зээлийн гол багана нь мэдээж иргэд. Нийт хадгаламжийн 81.4%-ийг иргэд бүрдүүлж байгаа бөгөөд мөнгөн дүн нь 16.3% өсөж ₮22.3 их наядад хүрсэн аж. Гэхдээ энэ жилийн жинхэнэ сюрприз бол байгууллагууд байв. Тэдний ₮-ийн хадгаламж жилийн дотор 84.3% буюу бараг 2 дахин огцом өсөж ₮5.1 их наядыг давжээ. ААН-үүд бэлэн мөнгөө эргэлдүүлэхээс илүүтэй хадгалж, эрсдэлийн сан үүсгэж эсвэл ирээдүйн хөрөнгө оруулалтад бэлтгэж эхэлсэн үү гэлтэй.

  • 🎲 Валютын сонирхолтой тоглоом: Нөгөө талд гадаад валютын хадгаламжийг харвал 2024 оны энэ үед буюу ₮-ийн ханш тогтвортой байх үед 18.5% буурч байв. Харин 2025 оноос байдал өөрчлөгдөж 20.1% нэмэгдсэн бол энэ удаад бага зэрэг буюу 6.7% өсөж ₮5.6 их наяд болсон байна. 

  • 💊 Гайхмаар нь: Хүмүүс валютаа зүгээр нэг хадгалаад зогсохгүй, харилцах дансандаа илүү ихийг буюу ₮5.7 их наядыг байршуулжээ. Энэ нь иргэд, байгууллагууд валютыг зөвхөн хадгалах биш, байнгын гүйлгээнд ашиглах бэлтгэлтэй байгааг харуулж байна.

  • 🧮 Том зургаар: Энэ өсөлтийн нөлөөгөөр бүх харилцах, хадгаламж, итгэлцэл, бэлэн мөнгийг оролцуулсан дүн буюу нийт мөнгөний нийлүүлэлт 25.3% нэмэгдэж ₮51 их наядад хүрчээ. Энэ нь ДНБ-ий 56.7%-тай дүйх дүн юм. Сонирхуулахад, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ сүүлийн жилүүдэд ₮1.1-₮1.2 их наядын хооронд хэлбэлзэж байна. 

⛳️🏓 Зээлийн өсөлт хадгаламжаас бага

Тэгвэл еэвэнгийн нөгөө талд нийт зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөсөө 16.2% нэмэгдэж ₮46 их наядыг давсны 60.5% нь иргэдийн зээл байна. Сонирхуулахад, ипотекийн зээлийн үлдэгдэл сүүлийн 1 жилд 20.8% тэлж ₮11.8 их наяд болжээ. Үүний ердөө 0.9% нь чанаргүйдсэн гэнэ. 

Эцэст нь… Монгол Улсын санхүүгийн систем бүхэлдээ томорч, иргэд болон байгууллагуудын хуримтлал түүхэн дээд хэмжээндээ ирлээ. Харин таны хувийн санхүүгийн үзүүлэлт энэхүү 25%-ийн өсөлтийг давж чадсан уу?

  • 🪦 Татвар буурахын цагт эдийн засаг үнэхээр эргээд амилдаг уу? (ThinkMongol)

  • ⌚️ Swatch болон AP-н шинэ цагны хамтрал гээд интернэтээр нэг юм болж байна. (GQ)

  • ✋🏻 COP17-д ажиллах сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлагдлаа. (COP17)

  • 💻 Технологийн ертөнцөд шинээр мэндэлсэн Googlebook-тэй холбоотой зүйлс. (CNET)

🙊 $UAA-н 1 өдрийн гайхал

UAA: 2026 оны санхүүгийн жилд спорт хувцас үйлдвэрлэгч Under Armour-н алдагдал 146% өсөж $495.6 саяд хүрчээ. Задлаад харвал, компанийн Хойд Америк дахь борлуулалт 8% буурч $2.9 тэрбумд болж буурсан бөгөөд бүтээгдэхүүний өртөг, тарифын өсөлт зэрэг нь ашгийн маржин буурахад нөлөөлсөн аж. Мөн ирэх санхүүгийн жилд $UAA орлого өмнөх оноос бага зэрэг буурах төлөвтэй байгааг мэдэгдээд байна. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 17% унаж $5-т хүрчээ.

🇲🇳 Айргийн 5-д орсон мэдээ

Цаана чинь Монгол төсвийн ил тод байдлаар Ази тивдээ айргийн 5-д орчихсон байна. Уг нь жил бүрийн намар л төсөвтэй холбоотой хэл ам газар авдаг байтал яаж тийм дээгүүр орсон нь тун их сонирхол татна. За тэгээд юу болсныг сонирхоод үзье.

  • 🧮 Онооны тухайд: Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас 2 жил тутамд төсвийн нээлттэй байдлын судалгааг танилцуулж ирсэн. Ингэхдээ төсвийн мэдээллийг авах боломж, иргэдийн төсөвт оролцох боломжит суваг, хяналтын байгууллагын төсвийн процессыг хянахад гүйцэтгэх үүрэгт үндэслэн төсвийн ил тод байдлыг 100 хүртэлх оноогоор үнэлдэг аж.

📈 Үр дүнгийн тухайд

2017 оноос хойш Монголын төсвийн ил тод байдлын оноо тогтмол өссөөр байна. Тухайлбал, 2017 онд 46 байсан төсвийн ил тод байдлын оноо 2025 онд 18-аар нэмэгдэж 64-д хүрчээ. Төсвийн ил тод байдлын оноо 61 ба түүнээс дээш байх нь ЗГ-аас төсөвтэй холоотой иргэд рүү чиглэсэн мэдээллийг хангалттай хэмжээнд өгч буйг илтгэдэг аж. Мөн төсвийн хяналтын тогтолцоо 74 оноотой гарсан нь хангалттай гэсэн түвшнийг харуулжээ.

🚩 Базаахгүй зүйлс

Энэ удаагийн тайланд Монгол л болсон хойно сайны хажуугаар саар зүйлс ч байлаа. Олон нийтийн оролцооны үзүүлэлтээр Монгол ердөө 35 оноо авсан нь ЗГ-ын зүгээс төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулжээ. Түүнчлэн төсөв боловсруулах шатны оролцоо 33, батлах шатных 45, гүйцэтгэлийн шатных 34 оноогоор тус тус үнэлэгдсэн нь тааруухан явдал байв.

  • 📄 Бичиг баримт сул: Төсвийн агуулгын хувьд жилийн явцын тайлан 96, жилийн эцсийн тайлан 82 оноо авсан ч хагас жилийн тайлан 26, батлагдсан төсвийн тухай хууль 39 оноогоор үнэлэгджээ. Үүнээс баримт бичгийн мэдээллийн иж бүрдлийг сайжруулах шаардлагатай нь харагдана.

Эцэст нь… Судалгаанаас төсвийн олон жилийн төсөөлөл болон макро эдийн засгийн мэдээллийг дэлгэрэнгүй тусгах, батлагдсан төсөвт орлогын задаргааг тодорхой харуулах, иргэний нийгмийн байгууллагуудыг төсөв боловсруулах бүхий л шатанд бодитоор оролцуулах гэх мэт зөвлөмжийг өгсөн байна. Эндээс харахад айргийн 5-д орсон гээд нээх баярлаад байх хэрэггүй байгаа биз.


55.9%
Өнгөрсөн сарын байдлаар 2025 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 25.3 сая хээлтэгч малын 55.9% нь төллөсөн гэнэ.
14 сая
Гарсан төлийн 98.9% буюу 14 сая төл бойжиж байгаагийн 50% нь хурга байна. Энэ нь жилийн өмнөхөөс 5.5% буурсан дүн аж.
230.8 мянга
Том малын зүй бус хорогдол он гарсаар улсын хэмжээнд 230.8 мянгад хүрсэн нь оны эхэнд тоологдсон малын 0.4%-ийг эзэлж буй. Махны үнэ нэмэгдэж буй энэ цагт малын тоо толгойдоо анхаар юу гээд мэдээлж байгаа шүү.

🆕 Очир Ундраа ОМЗ ББСБ-ын шинэ дүр төрх

18 жилийн түүхт “Очир Ундраа ОМЗ ББСБ” рэбрэндинг хийж, OCHUN Finance хэмээх дүр төрхөө танилцууллаа

🙋‍♀️ Рэбрэндингийн утга учир 

Энэхүү шинэчлэл нь зөвхөн нэр, өнгө төрхийн өөрчлөлт бус ОСHUN Finance-г дараагийн түвшинд хүргэх үзэл санаа, урт хугацааны чиглэлийн илэрхийлэл болж, дотоодын зах зээлээс давсан олон улсын түвшинд өрсөлдөхүйц санхүүгийн байгууллага болох стратегийн эхний алхам аж. 

  • Цаашлаад, “Дараагийн алхмаа хий” гэх уриатайгаар харилцагч бүрийнхээ дараагийн алхмын хөдөлгөгч хүч байхаа зарласан юм.

👇 Шинэ дүр төрхийн ард

OCHUN Finance брэндийн 10 градусын ташуу бичиглэл, эргэлдэж буй 7 зоосны бэлгэдэл нь байнгын хөдөлгөөн, өсөлт, хүсэл тэмүүллийг илэрхийлж, үндсэн гүн цэнхэр өнгө нь тогтвортой, онцлох неон өнгө нь шийдэмгий байдлыг илтгэж байгаа аж. 

Эцэст нь… Компани алсын хараагаа гадагш тэлэхэд хандуулах нь дээ. Дотоодын ББСБ-иуд эхнээсээ олон улсын зах зээлийг сонирхоод эхэлж байна. Сонирхолтой. 

TechCrunch

🍋 AI-н ертөнцөд шинэ хаан төрөх үү? Anthropic $950 тэрбумын үнэлгээтэйгээр $50 тэрбум хүртэлх санхүүжилт босгохоор хэлэлцэж байгаа нь тэднийг OpenAI-с ч илүү үнэ цэнтэй болгож магадгүй байна. Энэхүү үсрэнгүй өсөлт нь Claude Code-н амжилт, орлогын тэлэлттэй холбоотой. Гэснээс Anthropic-н жилийн орлого 2025 оны эхээр $1 тэрбум байсан бол 2026 оны 5-р сар гэхэд $14-$44 тэрбум болж өссөн гэх шуум гарчээ. 

🍋 Эрдэнэс Тавантолгой ХК он гарсаар нийт 14.4 сая тн нүүрс борлуулснаар орлого нь 68.4% өсөж $980.6 саяд хүрсэн байна. Нийт борлуулалтын орлогын 64.3%-ийг биржийн орлого бүрдүүлж. Учир нь биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ 6.7 дахин нэмэгдэж 7.5 сая тн болсон гэнэ. Түүнчлэн компани Ханги-мандал боомтоор 2.5 сая тн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 11.9 сая тн экспорт хийсэн нь жиилийн өмнөхөөс 58.7% өссөн дүн аж. 

🍋 Ирэх 8-р сард Монголд зохион байгуулагдах COP 17-н хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байгаа гэнэ. Нийслэлийн зүгээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 50%-даа хүрчээ. 7 сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгана гэнэ дээ. 

🍋 Атар-4 аяны цар хүрээг тэлнэ. Тодруулбал, эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг ₮55 тэрбумаар нэмэгдүүлэхийн зэрэгцээ төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн механикжуулалтыг дэмжих ₮15 тэрбумын хөрөнгө оруулалтыг шинээр шийдлээ. Улмаар 521 иргэн, ААН-д ₮87.3 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор баталсан байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.