• Lemon Press
  • Posts
  • 🙊 Хаалттай банкнууд: Шарх 5-3

🙊 Хаалттай банкнууд: Шарх 5-3

Гялгар = Хонконг | $XOC-н санаа $ERDN-д | Трампын эцсийн сануулга

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Ирэх сарын цаг агаар олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа гэнэ. Зуны нимгэн хувцсаа далд хийх ч болоогүй бололтой шүү. 🌞🌻

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Монгол Улс Япон Улсад эрчим хүч болон коксжих нүүрс нийлүүлэх талаар хэлэлцэж байна

RUS: Доналд Трамп В.Путинд Украины дайныг зогсоох 50 хоногийг өгсөн байсан ч урагшлуулж 10-12 хоног болголоо. Дайн ирэх 7 хоногт зогсохгүй бол Америк Орост маш өндөр тариф ногдуулна. 

IND: Он гарснаас хойш Энэтхэгийн гар утасны үйлдвэрлэл 240% өсөн Хятадыг давж, Америкийн гар утасны импортын 44%-ийг бүрдүүлэх болов

‼ Алдагдал таваас гуравт

Өмнө нь ТОП-5 банкны эхний хагас жилийн тайлангийн тоймыг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр бусад арилжааны банкнуудын сонин хачинд дурлая. Тэдний нийт хөрөнгө л гэхэд ТОП-5-ынхаас 8.6 дахин бага байна. 

  • 📌 Оршилд чимх: Системийн нөлөөгүй 7 банк бий ч Монголбанк 2020 онд Чингис хаан & Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг дампуурах эрсдэлтэйг мэдэгдсэн. Тус 2 банканд ТӨК-иудын ₮140 тэрбум гацсан, гаднын ХО татна гэх мэдээллүүд гарсан ч таг чиг. Тайлангаа хамгийн сүүлд 2024 оны I болон III улиралд л тавьж. Тэгэхээр өнөөдөр 5 банкны талаар дурдана.

🔺 ₮1.9 тэрбумын өсөлт

Капитрон, М тэргүүтэй 5 арилжааны банкны нийт хөрөнгө энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө дунджаар 44.3% өсөж нийлбэр дүн нь ₮7.5 тэрбумд хүрсэн байна. Энэ дундаа М банкны нийт хөрөнгө хамгийн ихээр буюу 114.3% өсжээ. Уг нь бол уг 5 банкны нийт хөрөнгийн дундаж өсөлт ТОП-5 банкныхаас 28 нэгж хувиар илүүрхсэн аж. 

  • ✈️ 50% давсан өсөлт: Учир нь тус 5 банкны харилцах, хадгаламжийн хэмжээ дунджаар 60% нэмэгдэж нийлсэн дүнгээрээ ₮4.6 тэрбумыг давжээ. Энэ утгаараа цэвэр зээлийн хэмжээ нь ч дунджаар 50% өсөж. Ингэж л нийт хөрөнгө тэлсэн хэрэг. 

🧐 Өсөлтийн өгөөж муу

Харин цэвэр ашгийн хувьд, өнгөрсөн оны эхний хагаст М банкнаас бусад 4 банк ашигтай ажиллаж байсан ч энэ жил нэмээд Ариг банк алдагдалтай ажиллаж, Капитрон банкны цэвэр ашиг огцом буюу 92.8% буурсан байна. Улмаар тус 5 банкны нийт хөрөнгийн дундаж өгөөж (ROA) 0.6 нэгж хувиар буурч 0.2% болжээ. 

  • 🔖 Шалтаг шавар: Ашиг буурсан шалтгааныг Капитрон банкны жишээгээр харвал, өнгөрсөн оны II улиралд эрсдэлийн сангийн зардал гаргаагүй ч энэ жилийн эхний хагаст ₮17.6 тэрбумыг нөөцөлж. Улмаар цэвэр ашиг нь “хориос хоёр” тэрбум болсон аж. Ариг банк ч уг зардлаа огцом буюу 6 дахин өсгөжээ. 

  • 👼 Отгон банк: М банкны хувьд ч эрсдэлийн сангийн зардлаа 44.6% нэмсний дээр бусад зардал нь жилийн өмнөхөөсөө 135.1% өсөж хүүгийн цэвэр орлогоосоо 62% давсан тул алдагдал нь зузаарчээ. Авууштай нь байгуулагдаад 3 жил болж байгаа ч нийт хөрөнгийнхөө хэмжээгээр уг 5 банк дотроо 2-т эрэмбэлэгдэж буй. 

Өөрийн хөрөнгө оруулсан болон байнга ашигладаг банкныхаа үзүүлэлт, сонин сайхныг анзаардаг байвал хэрэгтэй дээ. Дараагийн удаад ч сонирхолтой тойм нийтлэх тул товхимолтойгоо ойр байгаарай.  

  • 🪫 Бид шатахууны хоригт өртөөгүй ч хэрэв өртвөл 20 хоног л амиа аргацаана… (Ikon)

  • 👶 Хятад 3 хүртэлх насны хүүхэд бүрд жил бүр $500 олгох замаар төрөлтөө дэмжинэ. (DW)

  • 🚦 Бээжинтэй хамжиж Нийслэлийн түгжрэлийг бууруулна гэнэ. (Ulaanbaatar)

  • 👰 Их дуулианы үеэр $5.7 тэрбумын хувьцаагаа арилжаад авч. (Fortune)

📈 $XOC-н санаа $ERDN-д

XOC: Үндэсний Хувьчлалын Сан 2025 оны эхний хагас жилд ₮84 саяын цэвэр ашигтай ажилласан бөгөөд ашгийн орлого нь 2024 оны мөн үеэс ногдол 35.4% өсөж ₮214 саяд, бодит үнэ цэний өсөлтийн олз ₮451 саяар ихсэж ₮39 саяд хүрсэн нь тус тус нөлөөлжээ. Ингэснээр өчигдрийн арилжаагаар сангийн нэгж эрхийн үнэ 5.8% өсөж ₮89.9 хүрээд байна. Сонирхуулахад, тэдний хувьд МХБ (MSE)-д бүртгэлтэй зарим компанийн багц дахь эзлэх хувийг бууруулж, оронд нь Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-ний хувьцааны багцыг 10%-д хүргэсэн аж.

🌠 Хонконг гялалзаж байна 

Энэ 7-р сард эх газрын Хятадаас Хонконгийн хөрөнгийн зах зээл (ХЗЗ) рүү урсаж буй хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

🌉 Эх газрын гүүр

Он гарснаас хойш Хятад болон Хонконгийн ХЗЗ-ийн гүүр болсон “Stock Connect” хөтөлбөрийн арилжааны сувгийн урсац HK$820 тэрбумд хүрч, 2024 оны санхүүгийн бүтэн жилд хийгдсэн арилжааны дүн болох HK$807.9 тэрбумыг даваад байна. 

  • 🧚🏻‍♀️ Хөтөлбөрийн тухай багахан: 2014 онд Хонгконг болон Шанхайн хөрөнгийн биржүүд “Stock Connect” хөтөлбөрийг эхлүүлж, эх газрын Хятадын хөрөнгө оруулагчид Хонконгийн бирж дээр, харин олон улсын хөрөнгө оруулагчид зөвхөн Шанхайн “A” зэрэглэлийн хувьцаанд хөрөнгө оруулах боломж бүрдэж байв. 

  • 🎩 Их гурвал: Үүнээс 2 жилийн дараа Хонконгийн бирж Шэньжэний биржтэй холбогдож, Хятад болон Хонконгийн ХЗЗ-ийн мөрөөдлийн гүүр баригдаж дууссан юм. 

Улмаар хөтөлбөр эхэлснээс хойш буюу 2014 оноос хойш эх газрын Хятадаас Хонконг руу хийгдсэн хөрөнгийн урсац 62.5 дахин өсөж 12 жилийн дотор нийлбэр дүнгээрээ HK$4.5 их наядад хүрчээ. Нийт арилжааны ⅓ нь сүүлийн 2 жилд хийгдсэн төдийгүй өдгөө өдрийн арилжааны ¼-ийг эх газрын хөрөнгө оруулагчид бүрдүүлэх болов

💸 Гадаад арилжааны аппетит нэмэгдэв

2014 онд болон өнөөдөр ч Хятадын иргэд жилд $50,000 хүртэлх дүнг гадаад валют руу хөрвүүлэх хязгаарлалт мөрдөгдөж байгаа. Харин институт хөрөнгө оруулагчид нь QDII шиг тусгай квоттой хөтөлбөрүүдээр дамжуулан том дүнтэй арилжаанд оролцдог аж. Уг хатуу зохицуулалтыг зөөлрүүлж буй ганц зүйл нь “Stock Connect” хөтөлбөр.

  • 🌠 Тэр тусмаа эдийн засгийн тодорхойгүй байдал улам гүнзгийрч буй энэ үед хөрөнгөө гадаад зах зээлд байршуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад ихээхэн тус болж байгаа бололтой. 

Эцэст нь… Хонконгийн хөрөнгийн бирж дээрх Хятад хөрөнгө оруулагчдын оролцоо сүүлийн 2 жилд ихээхэн нэмэгдлээ. Гаднын хөрөнгө оруулагчид Хятадын улс төр Хонконгт нөлөөлөх вий гэх том айдастай. Гэхдээ нөгөө талд Хятад ч гаднаас хөрөнгө татахын эрмэлзэж байгаа учраас өмнөх шигээ учиргүй түрэмгий хандахгүй байх магадлалтай. Юутай ч энэ жил Хонконгийн бирж дэлхийн ХЗЗ-ийн онцлох од  байх нь ээ.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Сүүлийн хэдэн саруудад хот даяар энд тэндгүй бордюр, явган хүний зам сольж, цэцэг навч байрлуулж байгаа харагдана. Энэ тал дээр таны сэтгэгдэл?

Login or Subscribe to participate in polls.

Tenor

🍋 Hunnu Air “Чонжу-Мөрөн” чиглэлийн анхны нислэгээ үйлдэв. Ийнхүү орон нутгийн зорчигчдоос гадна Орос, Хятад, ЗӨА-иас жуулчид Хөвсгөлд шууд нислэгээр зочлох боломж бүрдэж байна. Тэгвэл 2022 онд ОУ-ын нисэх буудал болоод буй Мөрөн нисэх буудал цагт 150 зорчигчид үйлчлэх, 7 хоногт 22-27 нислэг хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Одоо бол зөвхөн Чонжугаас л гэхэд 4 цаг тутамд 98 жуулчин ирдэг болж буй. 

🍋 Meta (META)-тай хамтарсан “Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт оны эхний хагаст өнгөрсөн оноос 3 нугарчээ. Энэ хугацаанд тус брэнд өнгөрсөн оны мөн үеэс 23% их буюу $8.7 тэрбумын орлого олсон бол брэндийн эзэмшигч EssilorLuxottica (ESLOF) 5.5% их буюу $16.25 тэрбумын орлого олж. Гэснээс $ESLOF Европ даяар 70 гаруй салбартай нүд судлалын Optegra группийг худалдан авах сурагтай. 

🍋 “Илгээлт-2,100” хөтөлбөрөөр энэ онд 296 оюутныг 7 оронд суралцуулна. Задлан харвал, үүнд Герман, Хятад, Унгар, Турк, Япон, Их Британи зэрэг орнууд багтах бөгөөд Германд суралцах 39 оюутан тодорсон байна. Тус хөтөлбөр эхэлснээс хойш одоогоор 761 оюутан 19 оронд суралцаж байгаа. Гол зүйл нь, эдгээр оюутнууд сургуулиа төгсөөд эх орондоо 5 жил ажиллах нөхцөлтэй. 

🍋 Apple (AAPL) анх удаа Хятад дахь жижиглэнгийн дэлгүүрүүдийнхээ нэгийг хаахаар боллоо. Энэ нь Хятадын зах зээл дэх эрэлтээ сэргээхээр чармайж буй Apple-н борлуулалттай огт холбоогүй бөгөөд хаах гэж буй дэлгүүр орчмын бусад бизнесүүд нүүсэнтэй холбоотой аж. Компанийн дэлхий даяарх нийт дэлгүүрийнх нь 10% буюу нийт 56 дэлгүүр Хятадын эх газар, Хонконг, Макао, Тайванд бий. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.