• Lemon Press
  • Posts
  • 🚌 Ногоон автобусны хам шинж

🚌 Ногоон автобусны хам шинж

22 жилийн хүлээлт | $KCC.AX-н $10 саяын хэлцэл | Санхүүгийн шинэ соёлыг #TAG арга хэмжээ

POWERED BY

Цайны өдрийн мэнд ээ! Олон улсын цайны өдрийг жил бүрийн 5 сарын 21-нд тэмдэглэхээр НҮБ 2019 онд баталсан түүхтэй. Цайны үүсэл нь 5,000 гаруй жилийн өмнөөс эхтэй ба өнөөдрийг хүртэл эрүүл мэнд, соёл, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрээ хадгалсаар ирсэн билээ. Монголчуудын хувьд ч хамгийн чухал уух зүйлсийн нэгд тооцогддогийг идээний дээж хэмээн бэлгэддэгээс харж болно. За тэгээд цайны талаарх ач тусын унших бол ЭНД нэг дарна байгаа. 🍵📚

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: 9 дэх парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд нийт 131 хууль, УИХ-ын 169 тогтоол баталсан нь өмнөх бүрэн эрхийн хугацаанд баталсан хуулийн 8.9%-тай дүйцэхээр байгаа гэнэ.

BOM: Иргэдээс авсан инфляцын хүлээлтийн судалгааны үр дүнд энэ оны II улирлын хүлээлт 7.8%, ирэх оны I улирлынх 9% гарсан нь өмнөх улирлын үр дүнгээс нэмэгдсэн үзүүлэлт ажээ

GOV: Байдрагийн УЦС-ын төслийг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх бөгөөд байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэж, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийх нөхцөлөөр 25 жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ.

🫨 Мянга мянган тендер

Монгол Улсад тендер гэдэг үг авлига, хээл хахууль, чанаргүй барилга, цавчих гэдэг ойлголтуудтай бараг ижил утгатай шахам сонсогддог нь нууц биш. Тэгвэл сүүлийн 4 жилд хамгийн их тендер зарлаж, төсвийн хөрөнгийг хамгийн ихээр хөдөлгөсөн төсвийн ерөнхийлөн захирагчдыг харъя.

🤫 "Т"-н цаана нуугдсан асуудал

Эхний 3 байрыг харвал тус бүр 11,000 давсан тендер зарласан байна. Зах зээлийн багтаамж, хүн амын хэрэгцээ талаасаа Боловсрол, Эрчим хүч, Нийслэл 3 хамгийн их ачаалалтай байгаа нь зүй ёсных мэт боловч үүний цаана хяналт, чанарын асуудал бий. 2025 онд л гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар 1,800 гаруй ААН, иргэнтэй ₮4 их наядын гэрээ байгуулсан гэнэ. Хянаж барахаар бага тоо лав биш аж. 

📚 1. Боловсрол ба Эрчим хүч: Тендерийн марафон

Өмнөх 4 жилд Боловсролын сайд 11,945 тендер зарласан гэх аварга статистик байгаа ч 2025 онд тус салбарт 39 сургууль, 42 цэцэрлэг, 12 дотуур байр ашиглалтад оржээ. Тооны хувьд чамлахааргүй боловч зарлагдсан мянга мянган тендерийн хажууд ашиглалтад орж буй барилгын хувь хэмжээ дэд бүтэц, төлөвлөлт муу байгааг харуулж байна. 

  • ⚡️ Эрчим хүчний салбарын 11,604 тендер ч мөн адил. Улсаараа эрчим хүчний дутагдалд орж хөлдөхдөө тулчхаад байхад энэ их тендерийн үр ашиг хаачсан бэ гэдэг сонин. 

🚌 2. Нийслэл: Ногоон автобусны хам шинж

Нийслэлийн засаг дарга 11,259 тендер зарласан нь Улаанбаатар хот авлигын хамгийн том уурхай болохыг шууд бусаар гэрчлэх шиг. Задлан харвал чулуун цэцгийн сав худалдан авах гэсэн нэртэй ₮100 саяын тендер байх жишээний. 

📦 3. ТӨК: Хар хайрцаг 

Төрийн өмчит болон төрийн оролцоотой ААН-үүд бие даан 7,859 тендер зарлажээ. Яамдаас ялгаатай нь ТӨК-иудын тендер олон нийтийн хараа хяналтаас хол, нууц гэрээнүүдээр халхавчлагдах нь элбэг гэдгийг бодит жишээгээр харсан билээ. 

❓ 4. Яагаад заавал Хөвсгөл, Төв аймаг гэж?

Хамгийн их анхаарал татаж буй нь орон нутгийн тендерийн хуваарилалт. Хөвсгөл аймаг хамгийн их буюу 7,342, Төв аймаг дараагаар нь 4,961 тендер зарласан байна. Монголд 21 аймаг байхад яагаад энэ 2 аймаг онцгойрч байгаа нь хачин. Төв аймгийн тендер дотор л гэхэд "Хаалт" гэдэг нэртэй ₮115 саяын тендер бий. Юуны хаалт гэдэг нь тодорхойгүй.

Эцэст нь... Эдгээр тендерүүдийн хэд нь амжилттай хэрэгжсэн, хэд нь чанарын шаардлага хангасан, хэдэн компани эдгээр тендерийг дагнан авсныг ил тод гаргамаар байна даа. Ай хорвоо, яагаад бүх зүйл хар төрүүлэм байдаг юм бол доо. 

  • 🕵🏻‍♂️ Нийслэлийн алдарт мега төслүүдийг АТГ шалгаж байна. (news.mn)

  • 💰 Хэн нэгэн Уоррен Баффет болон Стефен Көрритэй хоол идэх гэж $9 саяыг төлжээ. (ESPN)

  • 🙃 Өнөөгийн нийгэмд орон сууц хамгийн өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт болов. (eagle.mn)

  • 📺 Google I/O 2026 арга хэмжээний үеэр шинэ содон зүйл байв? (Wired)

💸 $KCC.AX-н $10 саяын хэлцэл

KCC.AX: Австрали болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Kincora Copper Монгол дахь хөрөнгөө худалдахаар $10 саяын үнийн дүнтэй хэлцэл эхлүүлээд байна. Тухайлбал, компани эхний ээлжид урьдчилсан байдлаар Түмэн айл көүл ХХК-иас ₮1.5 саяын төлбөр хүлээн авсан бөгөөд хэлцлийн хүрээнд охин компаниудаа 100% шилжүүлэх  онцгой эрхийг олгосон аж. Үүнтэй холбоотой сүүлийн 5 өдөрт Австралийн бирж дээр $KCC.AX-н нэгж хувьцааны үнэ 3.3% өсөж AU$0.93-т хүрчээ.

🔥 Санхүүгийн шинэ соёлыг #TAG хийх нээлттэй арга хэмжээ

Монголын санхүүгийн салбарт 13 жил, тэр дундаа анхдагч P2P платформыг 7 дахь жилдээ хөгжүүлж буй Zeel.MN-н хамт олон цоо шинэ боломжийг танилцуулж байна. 🍋

СЗХ-ны Сэндбокс орчинд амжилттай ажиллаж буй тэд 3.0 хувилбараа гаргаж, зээлдэгч болон хөрөнгө оруулагчдыг технологиор найдвартай холбож буй.

📌 Тэд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах #TAG нээлттэй арга хэмжээг энэ сарын 25-29-ний өдрүүдэд ITC Tower-н 1 давхарт 10:00-19:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээгээр дамжуулан:

  • 🫂 Зээлдэгчид: ₮3 сая хүртэлх зээл авах эсвэл олон жижиг зээлийн дарамтаа цэгцлэх урт хугацааны шийдэлтэй танилцах,

  • 🤑 Хөрөнгө оруулагчид: ₮100 мянгаас ₮500 сая хүртэлх хөрөнгө оруулалтаа жилийн 24%-ийн өгөөжтэй, 0%-ийн шимтгэлтэй уян хатан нөхцөлийг хүртэх зэрэг боломжийг олгох аж.

🎉 Санхүүгийн ухаалаг, win-win урсгалыг амьдралдаа тамгалахыг хүссэн хэн бүхнийг энэхүү арга хэмжээнд ирж, өөрт хэрэгцээтэй санхүүгийн гарцаа олохыг урьж байна.

🏆 22 жилийн хүлээлт

Дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн лиг Premier League-н энэ улирлын аваргаар Хойд Лондоны Arsenal баг түрүүлж, 22 жилийн дараах 4 дэх Premier League-н аваргын түрүүгээ аваад байна. Тэгвэл аварга авснаар хэр их мөнгө олдгийг харцгаая.

💷 Аваргын шагнал

Сүүлийн жилүүдэд Premier League-н цар хүрээ тэлэхийн хэрээр олдог мөнгө нь өөр түвшинд очсон. Тодруулбал, Premier League-д түрүүлсэн баг шагналын сан, телевизийн шууд дамжуулалтын эрх, стадионы орлого зэргийг нийлүүлэн нийт £170-£176 саяын орлого хүртдэг бөгөөд өнгөрсөн 2024-2025 улиралд аваргалсан Liverpool багийн хувьд £174.9 саяыг олж байв. Тэгэхээр Arsenal энэ улиралд томрох нь тодорхой, баяжих нь баараггүй гэдэг шиг л овоо мөнгө олох хүлээлттэй байна.

  • Дахиад ч орлоготой: Европын аваргыг тодруулдаг Аваргуудын лигийн финалд тэд Францын Paris Saint-Germain багтай 5 сарын 30-ны шөнө учраа таарна. Хэрэв түрүүлбэл €25 саяыг, удаах байранд орвол €18.5 саяыг шагналд авах аж.

⚽️ Телевизийн нөлөө 

Шууд дамжуулалтын төлбөрөөс шалтгаалж Premier League-н бэл бэнчин Европын бусад багуудаас дэндүү зөрүүтэй. Өнгөрсөн улиралд лигийн 20 баг тус бүр шууд дамжуулалтаас £86.7 сая, ивээн тэтгэгчдийн орлогоос £7.9 саяыг авч, нийт £96.9 саяын орлого олжээ. Мөн Их Британид багуудын тоглолт телевизээр хэдэн удаа гарахаас шалтгаалж, нэмэлт орлого олох боломжтой байдаг. Өмнөх аваргуудын хувьд хамгийн олон болох 30 удаа телевизээр гарснаар £24.9 саяын орлого хүлээн авчээ.

  • 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Өөр түвшин: Жишээлбэл, Испанийн аваргаар тодорсон FC Barcelona баг лигийн шагналын сангаас €53 саяыг олсон бол энэ улиралд Premier League-с доош унаж буй Burnley баг €117 саяыг авна

Эцэст нь… 22 жилийн турш үргэлжилсэн Arsenal-н азгүйдэл энэ хүрээд өндөрлөлөө. Ер нь манай лимонууд дунд Arsenal-н фанатууд хэр их байна? Баг нь түрүүлсэн бөөн баяр болж байна уу? 😜


₮481.2 тэрбум
2026 оны I улиралд нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 8.4% өсөж ₮481.2 тэрбумд хүрчээ.
63%
Салбарын нийт орлогын 60.3%-ийг рестораны орлого эзэлж байна. Үлдсэн 18.7%-ийг катеринг, 10.1%-ийг цайны газар, 7.4%-ийг кафе, 3.4%-ийг баарны орлого тус тус бүрдүүлжээ.
₮393.5 тэрбум
Нийтийн хоолны салбарын орлогын 81.8% буюу ₮393.5 тэрбум нь Улаанбаатарт ногдож байна.

🤩 Контент борлуулах амархан боллоо

Дэлхий нийтээр цахим хэрэглээнд шилжиж буй энэ үед хүмүүс зөвхөн биет бүтээгдэхүүн бус мэдлэг, мэдээлэл, контентыг илүүтэй худалдан авах болжээ. Тэгвэл энэ боломжийг контент бүтээгчдэд Zochil Content санал болгож байна. 

  • 🔎 Тухайлбал, Zochil Content нь контент бүтээгчдэд өөрийн бүтээсэн онлайн сургалт, видео, e-book, бэлэн загвар, гишүүнчлэл зэрэг дижитал бүтээгдэхүүнүүдийг вэбсайтаар дамжуулан мэргэжлийн түвшинд борлуулах боломжийг бүрдүүлжээ.

  • 💪🏼 Давуу тал: Вэбсайт ашиглалтын төлбөргүй, сарын суурь хураамжгүй, видео болон файлын лимитгүй зөвхөн борлуулалтын шимтгэл 10%, screen record хамгаалалт, автомат тооцоо зэрэг олон давуу талыг Zochil Content санал болгох аж.

Контент болон дижитал бүтээгдэхүүний том давуу тал нь нэг удаа бүтээж, олон дахин борлуулах боломжтойд оршдог. Тиймээс зүгээр нэг гоё контент хийгээд орхих биш, түүнийгээ урт хугацаанд ажиллах борлуулалтын системд оруулахыг хүсвэл Zochil Content-д нэгдээрэй.

KED Global

🍋 Uber (UBER) нэмэлт хувьцаа худалдан авснаар Өмнөд Солонгосын Baemin апп-ийн толгой компани болон Delivery Hero (DHER.DE)-н хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ. Тодруулбал, Uber 7%-ийг эзэмшдэг байсан бол 19.5%-ийг эзэмшдэг болсон аж. Мөн Uber Өмнөд Солонгосын Naver-тай хамтран ₩8 их наядаар Baemin-г бүрэн хяналтдаа авахаар төлөвлөж буй бөгөөд Naver үүнийг хараахан эцэслээгүй байгаа аж.

🍋 Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тус сонгуулийн ирц 1997 онд 85.1% байсан бол 2021 онд 59% болтлоо буурсан. Иймд уг төсөлд орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд байгаа газраасаа санал өгөх, орон нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд урьдчилж саналаа өгөх, мөн гадаад дахь иргэдийн санал хураах 2 өдрийг 5 болгон сунгах зэргээр ирцийг нэмэгдүүлэхээр тусгасан байв.

🍋 Энэ онд гангийн цогцолбор байгуулах ажил эхэлнэ. Дархан-Уул аймагт 650 га газарт баригдах цг цогцолбор дотоодын гангийн хэрэглээг бүрэн хангаж, мөн бусад чанарын ганг экспортлох хүчин чадалтай байх аж. Уг төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг дэлхийн нийтийн нээлттэй тендер зарладаг платформд байршуулж, материал ирүүлэх хугацаа нь дууссан тул удахгүй шалгаруулалт хийнэ гэнэ.

🍋 Санхүүгийн Зохицуулах Хорооны шаардлагын дагуу Binance бирж ирэх 6 сарын 1-нээс ₮-ийн хувь хүн хоорондын (P2P) арилжааг хязгаарлахаар боллоо. Энэ нь бүртгэлгүй этгээдүүдийн сэжигтэй гүйлгээ, мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх зорилготой. Цаашид зөвхөн тус хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид л тусгай эрхээр харилцагчдадаа P2P арилжааны үйлчилгээ үзүүлэх юм.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.