• Lemon Press
  • Posts
  • 💭 Хятадыг орлох Энэтхэг мөрөөдөл

💭 Хятадыг орлох Энэтхэг мөрөөдөл

Энэтхэгийн ухаалаг утас үйлдвэрлэл болон ипотекийн зээлийн талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Энэ жил ЕБС-ийн ачаалал 40 мянган хүүхдээр нэмэгдэх гэнэ. Шинээр ашиглалтад орох 31 сургуулийн барилгын ажил юу болж байгаа бол? 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт

CHN: Хятадын төв банк бодлогын хүүгээ дахин бууруулснаар 10 жилийн хугацаатай ЗГ-ын бондын өгөөж нь 2.56% болж 2020 оны 5-р сараас хойших хамгийн доод түвшинд очив.

RUS: Оросын төв банк бодлогын хүүгээ 3.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж 12%-д хүргэлээ.

JPN: Японы эдийн засаг өнгөрсөн II улиралд 6% өсөв.

🔍 Ямар хүмүүс ипотекийн зээлтэй байна?

Монгол 110.6 мянган айл ₮6.9 их наядын ипотекийн зээлтэй байна. Тэгвэл ямар хүмүүс ипотекийн зээл авав?

💭 Хариулт

Одоогийн нөхцөлд ипотекийн зээл авахын тулд өмнөхөөс илүү бартаатай зам туучих хэрэгтэй болоод буй. Үүнд Ковид-19-өөс үүдэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 5 удаа хойшлуулснаар эх үүсвэр буурсан, ипотекийн зээлийг Монголбанкнаас ЗГ руу шилжүүлэхээр болж байгаа гээд олон л шалтаг шавар нөлөөлж байна. Заа тэгээд ипотекийн зээл авсан эсвэл авахаар төлөвлөж буй таны сонорт хэд хэдэн баримтыг хүргэе.

  • Орлого & зээл: Сарын ₮2.5 сая хүртэлх орлоготой өрхийн зээл нийт зээлдэгчдийн 64.1%-ийг бүрдүүлж буй. Гэхдээ зээлийн үлдэгдлийн хувьд +₮5 саяын орлоготой өрхийн эзлэх хувь илүү өндөр. Мэдээж орлого өндөртэй өрх илүү их хэмжээний ипотекийн зээлтэй гэсэн үг.

  • Нас: Түүнчлэн ипотекийн зээлдэгчдийг насаар нь харвал 35-45 насныхан хамгийн их хэсгийг буюу 42.1%-ийг бүрдүүлж буй.

  • Хөдөлмөр эрхлэлт: Цаашлаад зээлдэгчдийн үйл ажиллагаа эрхэлдэг салбарыг харвал бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нийт зээлдэгчдийн 17.1%-ийг, төрийн удирдлага, батлан хамгаалахын үйл ажиллагаа эрхлэгчид 14.9%-ийг эзэлж байна. Тэгэхээр бизнес эрхэлдэг эсвэл төрд ажилладаг хүмүүст зээл авах боломж арай их байх шиг.

🏠 Ипотекийн зээлийн талаар илүү ихийг

Цаашилбал, 6-р сарын байдлаар ипотекийн зээлийн хэмжээ жилийн өмнөхөөс 15.2% өсөж ₮6.9 их наядад хүрээд байгаа. Түүнчлэн,

  • Хэн зээл олгов? Нийт ипотекийн зээлийн дийлэнх нь ипотекийн зээлийн хөтөлбөрөөр, 28.9% нь л банкнуудын эх үүсвэрээр олгогджээ.

  • Зээлдэгчдийн ихэнх нь зээлээ төлдөг: Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн ердөө 1.4% нь анхаарал хандуулах, 1.3% нь чанаргүй зээл аж.

  • Шинэ & жижиг: Ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 84.4%-ийг 80 хүртэлх м.кв талбайтай байр бүрдүүлж буй бөгөөд ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 79.2%-ийг 2011 оноос хойш баригдсан орон сууц байна.

Цаашид юу болох вэ?

Монголбанк энэ оны II хагаст багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийн ЗГ-т шилжүүлнэ. Тэгэхээр 1 айлын байртай болох үгүй нь ЗГ-аас шууд хамааралтай болно. Уг шилжүүлэг ипотекийн зээлийн эх үүсвэрийг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлэх нөхцөл боломжийг хэр сайн хангах бол доо?

🎡 Bigger Nvidia!

NVDA: Nvidia-н хувьцааны үнэ энэ онд 3.1 дахин өсөв. Учир нь AI трэндээс үүдэн компанийн чипийн эрэлт өсөөд буй. ChatGPT-г хөгжүүлэхэд л гэхэд 10,000 Nvidia чип ашиглах шаардлага үүссэн аж. Улмаар Morgan Stanley (MS)-н шинжээчид тэдний хувьцааны үнийг $500-т хүрнэ гэж үзжээ. Үүнийг батлах мэт өчигдрийн байдлаар л гэхэд тус компанийн хувьцааны үнэ 7% өсөөд байна.

🏭 Энэтхэгийн ухаалаг утасны экспорт пуужиндав

Энэтхэгийн ЗГ-ийн хэрэгжүүлж буй “Made in India” санаачилга амжилттай хэрэгжиж 2014-2022 онд дотоодод үйлдвэрлэсэн нийт ухаалаг утасны тоо 2 тэрбумыг давлаа.

Энэтхэгт үйлдвэрлэв

2022 онд Энэтхэгийн ЗЗ-д нийлүүлж буй ухаалаг утасны 98%-ийг дотоодод үйлдвэрлэж, үүний 16%-ийг экспортолсон байна. Сонирхолтой нь 2018 онд тус улсын ухаалаг утасны импорт $3.6 тэрбум байснаас өнгөрсөн 3-р сард буюу 5 жилийн дотор $1.6 тэрбум болж буурчээ. Харин экспорт нь $334 саяас $11 тэрбум болтлоо өссөн байна. Тэгвэл Энэтхэгийн ухаалаг утасны үйлдвэрлэл хурдацтай өсөж байгаа шалтгаан юу байв?

  • Дэмжлэг: 2020 оноос эхлэн Энэтхэгийн ЗГ дотоодын болон гаднын ухаалаг утас үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт болон татаас олгож эхэлсэн.

  • Apple-н нөлөө: Apple (AAPL)-н хамгийн том үйлдвэр Хятадад байдаг ч тэд энэ оны эхэнд Хятадаас хамааралтай байдлаа багасгаж 2025 он гэхэд iPhone үйлдвэрлэлийн 25%-ийг Энэтхэгт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Нэмж дурдахад, Энэтхэгийн I улирлын ухаалаг утасны экспортын талыг Apple бүрдүүлсэн юм.

Хятадыг орлох Энэтхэг мөрөөдөл

Сүүлийн 10 жилийн хугацаанд Энэтхэг дотоодын цахилгаан барааны үйлдвэрлэлийн экосистемийг бий болгоход анхаарах болсон. Тухайлбал, Энэтхэгт үйлдвэрлэв санаачилга хэрэгжиж эхлэхээс өмнө тус улсад 2 л ухаалаг утасны үйлдвэр байсан бол өдгөө 200 болжээ. Samsung (005930.KS) л гэхэд 2020 онд Энэтхэгт дэлхийн хамгийн том ухаалаг утасны үйлдвэртэй болсон төдийгүй Хятадын Xioami, Vivo, Oppo ч үйлдвэрээ нээсэн юм.

Эцэст нь… Ухаалаг утасны төдийгүй үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л салбарт Хятадын нөлөө асар их болж байгаа. Улмаар дэлхийн томоохон үйлдвэрлэгчдэд тэднээс хараат бус байхын тулд хямд ажиллах хүчтэй, илүү олон хүн амтай Энэтхэгийг сонгожээ.

💦 Ус ашиглагч гэж хэн вэ?

Усыг үйл ажиллагаандаа ашиглаж буй ААН-үүдийг “ус ашиглагч” гэдэг бол усыг ахуйн хэрэглээнд ашигладаг этгээдийг “ус хэрэглэгч” гэдэг байна.

Тэгвэл ус ашиглагч нь,

  • Усыг ашгийн зорилготой хэрэглэж буй ААН-үүд бөгөөд усны нөөцийг илрүүлэх, ашиглах боломжтой эсэхийг тогтоох, шугам хоолой татах зэргийг хариуцдаг аж.

Түүнчлэн ус ашиглагч усны нөөц, зориулалт, байршлаас хамаарч ЗГ-с тогтоосон тарифыг төлөх ёстой ба 2022 онд гэхэд 200-аад ААН ус ашигласны төлбөр төлж, усыг ЭЗ-ийн эргэлтэд оруулж буй.

За тэгээд, гүний усыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах, дахин боловсруулах, ач холбогдлыг сурталчлах “Гүнээсээ хайрлая” аяндаа нэгдэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Газрын доорх усаа гүнээсээ хайрлацгаая 💧

CNBC

🔹Goldman Sachs (GS)-н хөрөнгө оруулалттай Starling Азид үйл ажиллагаа явуулна. Тус банк нь Их Британийн дижитал банк бөгөөд Engine banking-a-service платформоо Азид нэвтрүүлэхээр төлөвлөөд буй. Энэ нь банкнуудад данс, хадгаламж, ипотекийн зээл гэх мэт дижитал банкны үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ юм.

🔹SouthGobi Resources (1878)-н II улирлын үйл ажиллагааны алдагдал $40.5 саяд хүрчээ. Үүнд Монголын татварын тодорхойгүй, тогтворгүй орчин голлон нөлөөлсөн аж. Түүнчлэн Монголын татварын албаас (МТА) тус компанид $75 саяын торгууль ногдуулсан бөгөөд МТА-тай тохиролцоод хүрч чадахгүй бол дампуурах эрсдэлтэй байгаа гэв.

🔹Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар өргөн мэдүүлэхийг үүрэг болголоо. Тус хууль болон холбогдох хуулиудыг 2020 оны ЗГ-ийн тогтоолоор 2 жилийн өмнө батлуулах ёстой байсан ч өнөөг хүртэл УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа билээ.

🔹Хятадын ҮХХ-ийн хөрөнгө оруулалт энэ оны эхний 7 сард 2023 оны мөн үеэс 8.5% буурч $943.5 тэрбум болов. Үүнд нийт ХО-ын 75%-ийг эзэлдэг орон сууцны ХО 7.6% буурсан нь ихээхэн нөлөөсөн аж. Түүнчлэн тус хугацаанд борлуулагдсан арилжааны болон орон сууцны ҮХХ-ийн үнэ 1.5% буурчээ.

🎙️ NFT ба дуу хөгжмийн салбар

NFT-н гайхамшиг үргэлжилсээр энэ удаад дуу хөгжмийн салбарт хэрхэн ашиглаж байгааг сонирхъё.

🎶 NFT урсгал

Хайртай хамтлаг дуучдынхаа аялан тоглолт, дууг NFT хэлбэрээр сонсвол ямар вэ? Үүнийг уншаад яагаад заавал NFT гэж бодож магадгүй. NFT хөгжим нь шүтэн бишрэгчдэд уран бүтээлчдийн бүтээлийг сонсох, тайзны ард юу болдгийг харах зэрэг зөвхөн тэдэнд зориулсан контентыг үзэхээс гадна эзэмших, зарах ч боломжтой. Жишээ нь,

  • Snoop Dog Password: Тэрээр Snoop Dog Password гэх NFT-г 0.025 ETH буюу $42-оор худалдаанд гаргасан билээ. Үүнд тус NFT эзэмшигчдэд зориулсан дуу, контент цаашлаад мерч, тоглолтын тасалбарыг ч худалдан авах гээд олон боломж багтаад буй.

🔥 Tatar NFT

Rokit Bay тэргүүтэй Монголын уран бүтээлчид ч бүтээлээ NFT хэлбэрээр гаргасан. Тэдний эгнээнд Татар хамтлаг нэгдэж 20 жилийн ойгоороо “The TATAR NFT”-г өнөөдөр буюу 8 сарын 16-д гаргалаа. Тэд MongolNFT-тэй хамтран Татар Аравт NFT, Tatar Golden Record NFT гэх 2 төрлөөр гаргаад буй. Хэрвээ та Tatar Golden Record NFT-той бол тэдний хуучны нэг дууны клипт хамтран ажиллах боломжтой шүү. 😁

Эцэст нь… Хэдхэн жилийн өмнө хайртай хамтлаг, дуучдынхаа зургийг ханан дээрээ өлгөдөг байсан бол одоо NFT хэлбэрээр эзэмшиж гол нь тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой болжээ.

Доорхоос бурууг олоорой. 

A. Оросын төв банк бодлогын хүүгээ 3.5 нэгж хувиар нэмэгдүүллээ.

B. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт энэ оны эхний 7 сард 8.5% буурчээ.

C. 2014-2022 онд Энэтхэгт үйлдвэрлэсэн ухаалаг утасны тоо 3 тэрбумыг давав.

  • Гэнэ үү? Хувьцааны үнэ унахад Уоррен Баффетын ажил эхэлдэг. (LemonPress)

  • Үз: Онгоц хэрхэн нисдэг вэ? (Ted-Ed)

  • Мэд: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам эхэллээ. (MNB)

  • Анхаар: Түгших эмгэг гэж юу вэ? (SGSB)

Зөв хариулт C. 2014-2022 онд Энэтхэгт үйлдвэрлэсэн ухаалаг утасны тоо 3 тэрбум биш 2 тэрбумыг давсан нь шүү.

Reply

or to participate.