- Lemon Press
- Posts
- 🌠 Тэлнэ чиг, өснө чиг
🌠 Тэлнэ чиг, өснө чиг
Оюу толгойн амжилт | $FIG: Пуужиндав | 3 тэрбум iPhone
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр хөрөнгө оруулагчдын хувьд нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгэх өдөр. Учир нь ТОП-20 компаниас Сүү (SUU), АПУ (APU), Төрийн банк (SBM) нар 2025 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын Хөрөнгийн Бирж (MSE) дээрээс танилцуулна шүү. 🫡


GOV: Энэ сарын 14-ийг дуустал үргэлжлэх 2026 оны улсын төсвийн төсөлд өчигдрийн буюу 8 сарын 3-ны байдлаар 37.6 мянган иргэн саналаа илгээжээ.
DMP: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 68.3% давуулан биелүүлж, ₮36.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа.
ETT: 2025 оны эхний хагас жилд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн улсад төлсөн татварын хэмжээ 2024 оны мөн үеэс 62.9% буурч ₮742.2 тэрбумд хүрэв.

🔥 CU-н сэргэлт

Зээ өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж Премиум Нэксус ХК (CUMN)-ийн ашиг арвинаар үржжээ. Юу болсныг сонирхъё.
📈 10 жилийн тэлэлт
Премиум Корпорэйшн 2015 онд өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар Сэнтрал Экспресс нэршлээр Монголын анхны конвиненс дэлгүүрийг нээснээс хойш 10 дахь жилтэйгээ золгожээ. Энэ хугацаанд $CUMN IPO хийж 10.3 мянган хувьцаа эзэмшигчтэй болж, 7 охин компаниар цар хүрээгээ тэлээд буй. Энэ бүхний эцэст $CUMN-н санхүү болон үйл ажиллагааны аль аль нь “А” дүн аваад байна.
📌 Өнгөрсөн - Өсөлттэй ч алдагдалтай: $CUMN-г IPO хийх үед хэзээ ашигтай ажиллах нь хэн бүрд сонирхолтой байсан. IPO-с өмнөх жилүүдэд компанийн борлуулалт тогтмол өсөж байсан ч тогтмол алдагдал хүлээдэг байлаа. Ашигтай ажиллахаас илүү цар хүрээгээ тэлэх нь чухал байсан хэрэг. Ингэж явсаар 2023 онд хуримтлагдсан ашиг нь ₮32.7 тэрбумд хүрсэн байв.
🔺 Одоо - Тэлнэ чиг, өснө чиг: Харин 2024 оны эхний хагаст анх удаа ₮10.7 тэрбумын ашигтай ажилласан билээ. Тэгвэл энэ оны эхний хагаст цэвэр ашиг нь 47.6% өсөж ₮15.7 тэрбум болсон байна. Үүнд борлуулалтын орлогын 37.3%-ийн өсөлт нөлөөлсөн хэрэг. Үүнээс гадна компани ₮99 тэрбумын хуримтлагдсан алдагдлаа 32% буюу ₮32 тэрбумаар бууруулжээ.
🤩 Илүү ногоон, илүү сайн: Цаашлаад компанийн нийт хөрөнгийн хэмжээ 21.7% өсөж ₮358.3 тэрбумд хүрсэн аж. Энэ бүх өсөлтийн үр дүнд жилийн өмнө хасах утгатай байсан нийт хөрөнгийн өгөөж нь 10.1% болж, цэвэр ашгийн маржин нь 4.3%, эргэлтийн харьцаа нь 72.4% болсон байна.
🏪 Үйл ажиллагааны өргөжилт
CU Конвиниенс дэлгүүрийн цар хүрээ Улаанбаатараар хэмжигдэхээ болиод удаж буй. 21 аймгийн 15-д нь CU-н салбар байдаг болжээ. Угаас компани энэ оны эхний хагас жилд 58 шинэ дэлгүүр нээж, 8 дэлгүүр хааж нийт 495 дэлгүүртэй болсны 16.6% нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй. Улмаар CU-р үйлчлүүлэгчдийн давтагдсан тоо жилийн өмнөхөөсөө 22.3% нэмэгдэж 32.9 саяд хүрч, харьцуулсан дэлгүүрүүдийн өдрийн дундаж борлуулалт 16% өсжээ.
Эцэст нь… Жинхэнэ өсөлтийн хувьцаа гэдгийн жишээг $CUMN харуулж байна даа. Нэмээд ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 7-р байрт эрэмбэлэгдээд амжсан гэж байгаа. Цаашид хэр хэмжээний өсөлт гаргах бол?

🎧 Уул уурхайн шинэ эринд бид бэлэн үү? (MinePro)
💎 Судлаач болбол NBA-н оддын энтэй цалин өгье. (ApplePodcasts)
🍿 Энэ зууны ТОП-100 киног жагсааж. (NYT)
🥊 Америктай тарифын хэлэлцээрт хүрч чадаагүй орнуудын 30% нь Азийнх. (CNN)

🚀 IPO-н араас пуужиндав
FIG: Вэб дизайны салбарын хүчтэй тоглогч Figma-н IPO амжилттай явагдаж, анхдагч зах зээл дээр нэгж хувьцаа нь $33-оор арилжигдаж байсан бол хоёрдогч арилжаа эхэлсний дараа 3.7 дахин өсөж $122 дээр хаагджээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ $59.5 тэрбумд хүрээд байна. Сонирхуулахад, 2023 онд салбарын акул Adobe (ADBE) тэднийг $20 тэрбумаар худалдан авахад ойрхон байсан ч бүтэлгүйтсэн. Тэгвэл одоогийн $FIG-н зах зээлийн үнэлгээ тэр үеийнхээс 3 дахин өндөр дүн аж.

🏆 Оюу толгойн дээд амжилт

Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Оюу толгой” ХХК 152 мянган тн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоолоо.
⛏️ Нийт баяжмал
Уул уурхайн салбарт цахиур хагалж буй Оюу толгойн 2025 оны эхний хагаст нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлын хэмжээ 1,263.4 мянган тн-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 46.6% өссөн дүн болжээ. Энэ хагас жилийн хувьд 152 мянган тн зэс, 159 мянган тн алт, 952.3 тн мөнгийг тус тус үйлдвэрлэв. Бусад онцлох зүйлсийг харвал,
🎇 Зэсийн халуурал: II улиралд зэсийн үйлдвэрлэл гурван сар дараалан өмнөх үйлдвэрийн үзүүлэлтийг давж, эхний хагас жилийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 54.2% өсжээ. Мөн алтны үйлдвэрлэл 77.4% нэмэгдэж 159 мянган тн болсон аж.
🏅 Өдрийн рекорд: Өнгөрсөн 4-р сард гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэсэн хүдрийн рекорд шинэчлэгдэж нэг өдрийн хамгийн их тээвэрлэлт нь 47 мянган тн-д хүрчээ. Харин 5-р сард өдөрт дунджаар 37 мянган тн хүдэр тээвэрлэсэн байна.
🌏 Дэлхийд #2: Тэд энэ жил Монголд 1,300 метрийн гүнээс хүдэр тээвэрлэх дэвшилтэт туузан дамжуургыг анх удаа ашиглалтад оруулсан ба өдөрт 96 мянган тн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай аж. 2016 онд эхэлсэн тус бүтээн байгуулалт нь дэлхийд хэмжээгээрээ 2-т орж байна.
🇲🇳 Төсөвт яаж нөлөөлөв?
Оюу толгойн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг стадионы тоглолттой зүйрлэвэл тэд “headliner” буюу гоцлох том хамтлаг нь билээ. Учир нь тэд 2024 онд улсын төсвийн орлогод ₮1.1 их наядыг төвлөрүүлсэн бөгөөд энэ II улиралд гэхэд ₮558 тэрбумыг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна. Тэртээ 2010 оноос хойш гэхэд улсын төсөвт нийтдээ ₮13.1 их наядыг төвлөрүүлснээс ямар их нөлөөтэйг нь харж болно.
💰 Худалдан авалт: Өнгөрсөн II улиралд 771 ханган нийлүүлэгчээс ₮1.3 их наядын худалдан авалт хийсэн ба эдгээр нийлүүлэгчдийн 76% нь дотоодын компаниуд аж.
Эцэст нь… Оюу толгойн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдсээр улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө ч өссөөр байна. Дахиад 10 ширхэг Оюу толгойтой болохын цагт манай улсын эдийн засаг ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад нүүр улайлгахгүй байх нь лавтай… 💪🏼

Нийтийн өргөдөл, гомдлын системд 2023 оноос хойш 100 мянга давсан иргэдийн санал авсан нийт 6 санаачилга байна. Тодруулбал,
НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх: 105,649
НДШ ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах: 104,614
Цалинтай ээжийн ₮50 мянгыг нэмэх: 102,808
Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10%-иас 1% болгож бууруулах: 100,860
Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах: 100,268
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж 12% болгох санаачилга: 100,170 санал авч байжээ.
Гэвч өнөөдөр эдгээр санаачилгуудын дийлэнх буюу ⅚ нь шийдвэр гаргагчдын түвшинд дорвитой дэмжлэг аваагүй байна.


Tom’s guide
🍋 Apple (AAPL) сүүлийн 18 жилийн дотор 3 тэрбум iPhone худалдан борлуулжээ. Анх 2007 онд iPhone мэндэлснээс хойш борлуулалтын хурд өссөөр 9 жилийн дотор 1 тэрбум, үүнээс 5 жилийн дотор 2 дахь тэрбум, цааш 4 жилийн дотор буюу энэ жил 3 дахь тэрбум iPhone худалдаалагдсан байна. Энэ хугацаанд нийтдээ 38 гаруй iPhone загвар мэндэлж, үнэ нь ойролцоогоор 40 нэгж хувиар өсжээ.
🍋 5 жил баригдсан Шинэ Төв цэвэрлэх байгууламж ирэх 10-р сард бүрэн ашиглалтад орно. Тус байгууламж хуучин байгууламжаас 1.4 дахин их буюу 250 мянган м3 бохир усыг MNS:4943-2015 стандартаар цэвэршүүлэх хүчин чадалтай аж. Мөн бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах үндсэн 2 технологийн дагуу ажиллах тул цэвэрлэх байгууламжийн үнэр эрс багасах юм гэнэ.
🍋 МИК болон Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагаагаа эхлүүлэв. Энэ хүрээнд тэд ирэх оны 1 сарын 30 хүртэл зорилтот зах зээлд чиглэсэн бонд гаргах бэлтгэл хангах, олон улсын стандартад нийцсэн шилжилтийн төлөвлөгөө боловсруулах тэргүүтэй ажлуудыг хэрэгжүүлж, Монголд ногоон, тогтвортой орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх нь.
🍋 OpenAI Европ дахь анхны дата төвөө Норвегт сүндэрлүүлнэ. Энэ нь OpenAI-н AI-г хүн бүрд хүртээмжтэй болгох алсын харааны нэг хэсэг бөгөөд Норвег хүйтэн уур амьсгал, үйлдвэрлэлийн дэд бүтэц, бага эрчим хүчний үнэ зэрэг давуу талуудаар шалгарч. Төслийн хүрээнд алсдаа 520 МВт-ын дата төв барих бөгөөд эхний ээлжид 20 МВт-ын хүчин чадалтайг $1 тэрбумаар барих юм.
🍋 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд энэ оны эхний хагаст ₮29.9 тэрбумыг зарцуулжээ. Үүнд дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжихэд туслах болон бизнес эхлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг өгөх бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрүүдэд 59 мянган иргэнийг хамруулж, 15 мянган ажлын байр хадгалагдан үлдсэн гэнэ.

Даваа: Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхлэх өдөр.
Мягмар: Төлбөрийн тэнцлийн статистиктай танилцъя.
Лхагва: Япон дахь гаднын хөрөнгө оруулалт нэмэгдсээр.
Пүрэв: Бизнес, эдийн засаг, санхүүгийн салбарынхан Сингапурт чуулна.
Баасан: Инфляц хэдэн хувьтай гарав?


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
1
Reply