- Lemon Press
- Posts
- 🛢️ Газрын тосны үйлдвэр ахицтай
🛢️ Газрын тосны үйлдвэр ахицтай
The MongolZ-н амжилт | Бодлогын хүү 12%-д | Сайн, муу мэдээтэй $ORCL
POWERED BY
Morning! УИХ-ын хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Цагаан cap тухайн 7 хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амрах саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Эцсийн байдлаар батлагдвал наадам, цагаан сараар нэг ч хоног алдахгүй бүтэн амардаг болох нь шүү. Манай лимонууд энийг юу гэж бодож байна даа? 🫣


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголбанк бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргав.
MOF: Нийслэл, дүүргийн татварын албууд төсөвт өдөрт ₮20 тэрбумыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 94%-тай явж байгаа гэнэ.
FRC: Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг олгох “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг батлалаа.
ELEC: Сонгуулийн Ерөнхий Хороо ирэх онд намуудад олгох санхүүжилтийн дээд хэмжээг энэ оныхоос ₮400 саяар нэмэгдүүлж, ₮7.8 тэрбум байхаар зарлав.

🇲🇳🤝🇮🇳 Газрын тос боловсруулах үйлдвэрийн ахиц

Удаан хүлээсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн Энэтхэг дэх тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэл эхнээсээ дуусаж, ирэх оны 1-р сараас Монгол руу тээвэрлэх шат эхлэх нь ээ.
👷♂️ Томилолтын сонин сайхан
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн төлөөллүүд тоног, төхөөрөмжийн тээвэрлэлт эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор өнгөрсөн өдрүүдэд Энэтхэгт томилолтоор ажиллажээ.
👀 Төлөв: Одоогийн байдлаар Хайдерабад хот дахь Megha Engineering and Infrastructures Limited компанийн 4 үйлдвэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн 28 ширхэг даралтат сав үйлдвэрлэгдэж, ачихад бэлэн болсон сурагтай.
🏋️♂️ Ачилтын өмнөх процесс: Улмаар төхөөрөмжүүдээ ачилтад бэлтгэж, зэврэлтээс хамгаалах ажилбар хийгдсэний дараа буюу ирэх оноос Мумбайн боомтоос Монгол руу далайгаар тээвэрлэх аж.
🚢⚓ 1,100 км-ийн алсаас
Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнхийг Энэтхэгийн 20 орчим компани үйлдвэрлэгдэж байгаа. Ирэх онд тээвэрлэж эхлэх тоног төхөөрөмжүүд нь EPC-02 буюу II багцын технологийн байгууламжийн тоног төхөөрөмжүүд юм.
💡 Мэдэхэд илүүдэхгүй: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлын хүрээнд хэрэгжиж буй. Эхний багц ажил нь өнгөрсөн жил дуусаж, улсын коммист бүрэн хүлээлгэж өгсөн бол II болон III багц ажил ид өрнөж байгаа бөгөөд үйлдвэрийн төсөл сүүлийн шатандаа ороод буй.
🤔 Хүлээлт
Уг үйлдвэр жилдээ 1.5 сая тн нефт үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орвол шингэрүүлсэн шатдаг хий, 95 октантай авто бензин, дизель түлш, онгоцны түлш, зуухны түлш гэхчлэн 5 төрлийн бүтээгдэхүүн боловсруулж эхэлнэ.
Сонирхуулахад, үйлдвэрийн түүхий эд Дорнод аймгийн Матад сумаас буюу 527 км-ийн цаанаас ирэх бөгөөд түүхий эдээ татах хоолойн бүтээн байгуулалт нь хэдийнээ дуусжээ.
Эцэст нь… Одоо яригдаж буй ашиглалтад орох хугацаагаар бол тус төсөл 12 жилийн дараа буюу 2028 онд ашиглалтад орно. Гэсэн ч Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээлснээр үйлдвэр ашиглалтад орсон ч эрэлт нэмэгдэж байгаа тул 50%-ийг нь боловсруулах үйлдвэрээс үлдсэнийг нь гаднаас авах магадлалтай гэнэ. Юутай ч үйлдвэр ашиглалтад орчихвол өнөөгийн нөхцөл байдал арай дээрдэх биз ээ.

🎬 The Walt Disney компани хиймэл оюун ухааны аварга OpenAI-д $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. (OpenAI)
🐐 Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн бодлого үнэхээр үр дүнтэй юу? (NewLines)
🥤 Энергийн ундааг бодолтой хэрэглэхгүй бол аюул болох нь байна шүү. (CNN)
🏦 2019 оноос хойших Монголбанкны удирдлагын багын үйл ажиллагаа, үр дүнгийн тайлан. (Mongolbank)

☯️ Сайн, муу мэдээтэй $ORCL
ORCL: Өнгөрсөн III улиралд Oracle-н орлого мөн үеэс 14% өсөж $16.1 тэрбумд хүрчээ. Гэвч тус гүйцэтгэл нь шинжээчдийн таамгаас $150 саяар зөрсөн буюу хүлээлтэд хүрсэнгүй. Харин сайн мэдээ нь $ORCL-н нэгж хувьцаанд ногдох ашиг $2.3-д хүрснээр шинжээчдийн таамгийг эвдээд байна. Тайлангийн дараа компанийн нэгж хувьцааны үнэ огцом 11% унасан ч арилжаа хаагдах үед эргэн 0.7% өсөж $223 дээр хаагджээ.

🏆 The MongolZ-н 2025 оны амжилт

Өнгөрсөн шөнө The MongolZ баг 2025 оны хамгийн сүүлийн тэмцээн болох дэлхийн аварга шалгаруулах StarLadder Budapest Major 2025 тэмцээний шөвгийн 8-д Vitality багтай учраа таарч, 2:0 харьцаатай ялагдал хүлээлээ. Тэгвэл одоо энэ жилийн The MongolZ-н гаргасан амжилтыг эргэн нэг харцгаая.
🗓️ Жилийн өнгө
Энэ жил The MongolZ StarLadder Budapest Major 2025-г оролцуулаад S-Tier түвшний нийт 19 тэмцээнд оролцсон бөгөөд Esports World Cup 2025 түрүүлж, BLAST.tv Austin Major 2025, BLAST Bounty 2025 Season 2 болон FISSURE Playground 2 тэмцээнүүдэд дэд байр эзэлжээ. Энэ нь Монголын төдийгүй Азийн CS тоглоомд шинэ босго тогтоосон явдал байв.
🇲🇳 Бахархалт мөч: Өнгөрсөн 6-р сард The MongolZ дэлхийн аварга шалгаруулах BLAST.tv Austin Major 2025-н финалд Ази тивээс шалгарсан анхны баг болж, Major тэмцээний аваргын тоглолтод оролцсон хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багаар нэрлэгдсэн. Энэ өдөр Монголчууд тэр даяараа The MongolZ-г дэмжиж, тэднээр бахархсан гэхэд хилсдэхгүй.
💰 Шинэ урамшуулал
CS-н томоохон тэмцээн зохион байгуулагчдын нэг ESL-н зүгээс багуудад зориулсан урамшууллын хөтөлбөрөө 2024 онд зарлаж байв. Саяхан тус хөтөлбөрийн урамшууллын дүн олон нийтэд танилцуулагдсан ба The MongolZ-н хувьд ESL-н S-Tier түвшний 7 тэмцээнд оролцож, нийт 378 оноо цуглуулснаар $295.3 мянгыг авахаар болжээ. Энэхүү урамшууллыг олгохдоо тэмцээнд оролцсон байдал, үзэгчдийн тоо, гаргасан амжилтад үндэслэдэг байна. Том зургаар, нийт 42 багийн өрсөлдөөнөөс 16 багт нь $2.9 саяыг урамшуулал болгон хуваарилах аж.
Эцэст нь… Энэ жил The MongolZ олон улсын топ түвшинд тогтмол өрсөлдөх чадвартай баг гэдгээ баталлаа. Мөн eSport-н хөгжлийг шинэ шатанд хүргэж, дараагийн үеийн залуу тамирчдад томоохон урам зоригийг өгснийг дурдах нь зүйтэй. The MongolZ-н ирэх оны тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье. 🌟

💡 Таавар таацгаая.
… нь гар утас, компьютер цэнэглэх, дата файлуудыг шилжүүлэхэд өргөнөөр хэрэглэгддэг зүйл бөгөөд 2030 он гэхэд үүлэн технологийн хөгжлийн нөлөөгөөр хэрэглээнээс гарах зүйлсийн жагсаалтад багтжээ. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.


Booking
🍋 Токио дэлхийн хамгийн өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн зочид буудлуудтай хот боллоо. Тодруулбал, сүүлийн 1 жилд Токиогийн тансаг зэрэглэлийн зочид буудлын хоногийн дундаж үнэ 30% өсөж $626 болсноор Лондон, Нью-Йорк, Сингапурыг ардаа орхижээ. Үнийн өсөлтийн гол шалтгаан нь жуулчдын огцом нэмэгдэлт бөгөөд энэ оны эхний 10 сард Токиод зочилсон жуулчдын тоо өнгөрсөн оноос 18% өсөж 35.55 сая болоод буй.
🍋 МАА-н салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад аймаг, сумын төсвөөс нийт ₮16.37 тэрбумыг зарцуулжээ. Энэ нь дунджаар нэг аймагт ₮744 саяыг зарцуулсан бөгөөд Өмнөговь хамгийн их буюу ₮2.4 тэрбумыг зарцуулсан бол Говьсүмбэр хамгийн бага буюу ₮10 саяыг зарцуулсан аж. Үүнээс гадна зарим аймагт туулах чадвартай автомашин олгох, томилолт, шатахууны зардлыг ч мөн шийдвэрлэх шаардлагатай гэнэ дээ.
🍋 Хятадын AI юникорнууд болох MiniMax, Zhipu Хонконгт IPO хийхээр төлөвлөж байна. Одоогоор MiniMax нь $2.5 тэрбумын үнэлгээтэй бөгөөд IPO-р үнэлгээгээ 2.4 нугалахаар зорьж буй бол Zhipu нь $2.74 тэрбумаас мөн л 2-3 дахин тэлэх хүлээлттэй байна. Эдгээр компаниудыг OpenAI-н боломжит өрсөлдөгч гэж үзэн Alibaba (BABA), Tencent (TCEHY) нар хөрөнгө оруулаад байгаа.
🍋 Ирэх онд Нийслэл ₮8.9 тэрбумаар сүү хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2024 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн зарим сургуулийн 19 мянган сурагчдад 7 хоногт 2-3 удаа сүү өгдөг байсан бол ирэх оноос Нийслэлийн улсын сургуулиудын I-V ангийн 189 мянган сурагчдад 7 хоногт 1 удаа сүү өгдөг болох аж. Харин үлдсэн 2 өдрийн зардлыг дүүрэг, орон нутаг болон эцэг, эхчүүд хариуцах нь.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply