• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Статистикийн чадамжаар 47-д

🇲🇳 Статистикийн чадамжаар 47-д

$MLG 20 нас хүрлээ | Uber-н робот таксины тэлэлт | $BODI-той холбоотой сонсох ажиллагаа

POWERED BY

Баасан гарагийн мэнд! 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Хөрөнгө оруулагч үндэстэн чуулган болоход 1 хоног үлдлээ. Сонирхож байвал ЭНД дарж чуулганы дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо Бодь даатгал ХК (BODI)-ийн 60 иргэний даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлттэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулна

UBX: Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн “Жи Эс Би Актив Хоёр ТЗК" ХХК-ийн ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100%-д хүрч, ₮30 тэрбумыг амжилттай татан төвлөрүүллээ

🎉 $MLG 20 нас хүрлээ!

Өнөөдөр дотоодын олон улсын тээвэр үйлчилгээний томоохон тоглогч болон өргөжиж буй Монложистикс групп үүсгэн байгуулагдсаны 20 жил тохиож байна. 

📈 Тэлэлт

Өдгөө Монложистикс групп 240 гаруй ажилтантайгаар импорт, экспорт, транзит, дотоодын тээвэр  гэсэн үндсэн 4 чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 7 охин компани байгаа билээ. Өнгөрсөн 20 жилд тэд  дэлхийн 163 оронд 800 гаруй түнштэй болоод буй. 

  • Тээврийн салбар дахь жин: Энэ оны III улирлын байдлаар Монгол Улсын тээврийн салбарын орлого ₮6 их наядад хүрсний 3.6% буюу ₮216.5 тэрбумыг Монложистик групп бүрдүүлжээ

  • Мөн нийт ачаа эргэлт улсын хэмжээнд 101 сая тн-д хүрч, үүнээс 603.6 мянган тн-ыг нь тус групп тээвэрлээд буй. 

🏆 Оны онцлох ажил

Сүүлийн жилүүдэд тус групп уул уурхайн экспорт, хүнд даацын тээвэр, транзит тээвэр тэргүүтэй  стратегийн чиглэлүүдэд төвлөрөн ажиллах болсон. Тус групп 2018 онд “Оюу толгой” ХХК-ийн албан ёсны тээврийн компани болж байсан бол 2025 онд Монложистикс Ворлдвайд ХХК нь зэсийн баяжмалыг төмөр замаар тээвэрлэх тендерт шалгарсан юм. Цаашлаад,

  • Стратегийн хөрөнгө оруулалт: Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн чадавхаа нэмэгдүүлэх, мөн IPO хөрөнгө оруулалтын бодлогынхоо хүрээнд Оросоос 1 цуваа буюу 50 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнтэй болсон.

  • Олон улсын тээврийн сүлжээг тэлэв: Мөн Хятадын Тяньжин хотод охин компаниа байгуулж, импортын тээврийг хямд, хурдан, хүртээмжтэй болгох зорилгоор COSCO болон EAS зэрэг тэргүүлэх тээвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд буй.

  • Хамгийн сүүлийн үеийн онцлох ажил нь 4.8 сая ширхэг хүртэлх хувьцаагаа ₮1 тэрбумыг халааслах хувьцаагаа эргүүлэн авах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

📊 Санхүүгийн үзүүлэлт

Тус группийн охин компани болох Монложистикс Холдинг ХК (MLG) 2023 онд IPO хийж, тээврийн салбарын анхны нээлттэй компани болж байв. Өдгөө Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE)-ийн I ангиллын үнэт цаасны жагсаалтад багтаж буй $MGL-н зах зээлийн үнэлгээ ₮70 тэрбумаар хэмжигдэж байна. Санхүүгийн үзүүлэлтийн хувьд өнгөрсөн III улирлыг ₮216.5 тэрбумын орлоготой, 10 тэрбумын цэвэр ашигтай үдсэн юм. 

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд дотоодын тээврийн салбар мэдэгдэхүйц өсөж, 2 хөрш болон бусад улстай хийх тээвэрлэлтийн сүлжээ өргөжсөөр байна. Юутай ч тээврийн салбарын онцлох тоглогч болсон Монложистикс группийн хамт олон 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

  • 💬 Уул уурхай ба ТӨК: Хаана шугам татах вэ? (MineProTV)

  • 🎨 Apple-н загвар зохион бүтээгч Meta-н өнгө төрхийг тодорхойлно. (TheVerge)  

  • 🔍 Хэргийн газрын үзлэгийг 3D VR орчинд бодитоор үзэх боломжтой болж. (СХДШШХ)

  • 💸 MrBeast санхүүгийн салбарт хүч үзнэ. (BusinessInsider)

🚕 Uber-н робот таксины тэлэлт

UBER: Такси үйлчилгээний аваргуудын нэг Uber Даллас хотноо Avride-тай хамтран роботаксины үйлчилгээгээ нэвтрүүллээ. UberX, Uber Comfort болон Comfort Electric таксиг дуудсан хэрэглэгчдэд Hyundai Ioniq 5 маркийн робот такси очих ба аяллын хугацаанд хяналтын мэргэжилтэн заавал хамт зорчих аж. Том зургаар, Uber ирэх онд дор хаяж 10 хотод робот такси нэвтрүүлэхээр зорьж байна. Тус мэдээ гарсны дараа компанийн нэгж хувьцааны үнэ 3.6% өсөж $90.7-т хүрч хаагджээ.

📊 Статистик чадавхаар 47-д

Дэлхийн банкнаас 2024 оны статистикийн гүйцэтгэлийн индексийг олон нийтэд ил болгожээ. Энэ нь улс орнуудын статистикийн чадавхыг харуулдаг бөгөөд манай улс мөн үеэс 5 байр ахиж, 47-д ороод байна.

  • 🤔 Индексийн тухайд: Тус индексээр дамжуулан хөгжлийн чиг хандлагыг цогц байдлаар харах боломжтой ба улс орнуудыг дата ашиглалт, дата үйлчилгээ, статистикийн бүтээгдэхүүн, эх сурвалж, дата дэд бүтэц гэсэн 5 гол хэмжүүрээр үнэлдэг. Ингэхдээ 0-100 хүртэл оноогоор хэмждэг аж.

🌐 Тойм зураглал

Өнгөрсөн жилийн статистикийн гүйцэтгэлийн индексийг 94.1 оноогоор Норвег өнгөлж, удаах байрыг 92.7 оноотой Швед эзэлжээ. Эдгээр орнууд нь 2023 оноос тус бүр 3 байр урагшлаад байна. Харин эсрэгээрээ, жагсаалтын хамгийн сүүлд 27.1 оноотой Өмнөд Судан, 29.7 оноотой Туркменистан нар бичигджээ. 

  • 🔎 Онооны ач холбогдол: Статистикийн чадавх өндөр байх нь мэдээллийн ил тод байдал, хөрөнгө оруулалтын найдвартай орчныг илэрхийлэх бөгөөд бодлого боловсруулагчдын хувьд үүнд үндэслэн илүү нарийвчилсан, үр дүнтэй шийдвэр гаргадаг.

🇲🇳 Дундаас дээгүүр

Статистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол 83.7 оноо авсан нь дэлхийн дунджаас 14.4 оноогоор өндөр үзүүлэлт байв. Гол 5 хэмжүүрээс дата үйлчилгээгээр 96.3 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол хамгийн сул үзүүлэлт нь 70 оноотой дата дэд бүтэц байсан аж. Сонирхуулахад, Монголын гүйцэтгэлийн индексийн оноо Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дунджаас 17.1, дундаас дээш орлоготой орнуудаас 14.8 оноогоор илүү оноо авчээ. 

Эцэст нь… Монголын статистикийн чадавх бүс нутаг хийгээд дундаас дээш орлоготой орнуудтай харьцуулахад өрсөлдөхүйц түвшинд явж байна. За тэгээд үндсэн 5 үзүүлэлтүүдээ тогтвортой сайжруулж чадвал 2016 оны дэлхийд 36-д жагсаж байсан амжилтаа дахин давтах боломж ойрхон биз ээ.✌🏻

💡 Таавар таацгаая

Энэ жилийн Spotify-н тайлан гарч стриминг салбарын шилдгүүд тодорлоо. Энэ дунд амжилттай яваа эрхмүүдийн амжилтын түүх, алдаа оноогоор дамжуулан амьдралд гарч болох эрсдэлүүд болон түүнийг хэрхэн даван туулах сургамжуудыг хүргэдэг … подкаст дэлхийн ТОП-10 подкастад багтжээ. Энэ ямар подкаст вэ?

Жич: Тус подкастын Монгол хувилбарыг Mbook бэлтгэн хүргэж буй. 🎙️

Fox Business

🍋 ГХЭ-ийн соронз үйлдвэрлэгч Vulcan Elements Америкийн БХЯ-ны $620 саяын тендерийг авлаа. Энэ нь тус яамны Стратегийн хөрөнгийн албаны түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй тендер болсон бөгөөд үүнээс 3 сарын өмнө Дональд Трамп Жуниорын хувьцаа эзэмшдэг хөрөнгө оруулалтын фирм 1789 Capital нь Vulcan Elements-д $65 саяын хөрөнгө оруулсан сурагтай. Гэснээс энэ онд 1789 Capital-н нийт 4 компани төрийн тендер авсан гэнэ. 

🍋 “Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн нийт ажлын гүйцэтгэл 84%-д хүрчээ. Тодруулбал, одоогоор төслийн далан байгуулах ажил 96%, ухмал байгуулах ажил 95%, төмөр бетон дугуй хоолойн ажил 88.3%, гүүрний ажил 91.6%, төмөр бетон дөрвөлжин хоолойн ажил 75.7%, доод бүтцийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98%-д хүрчээ. Бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш 8 сарын хугацаа өнгөрөөд буй.

🍋 ЭЗХАХБ (OECD) дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд энэ оноос 0.3 нэгж хувиар буурч 2.9% болохоор төсөөлөв. Энэ нь өнгөрсөн оноос 0.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт боловч 2027 оноос эргэн 3.1%-ийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа аж. Өсөлтийг одоогоор Энэтхэг, Хятад тэргүүтэй Азийн орнууд тэргүүлж байгаа бөгөөд онцолбол, Өмнөд Солонгосын ЭЗ ирэх онд энэ оноос 2 дахин их буюу 2.1% өсөх төлөвтэй байна. 

🍋 Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана. Юун түрүүнд Италийн зүгээс Монголын арьс, ширний экспортын хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй буурч байгаа тул цаашид түүхий эдийн чанарт анхаарахыг хүсжээ. Тэгвэл хамтын ажиллагааны хүрээнд Монголын арьс, ширний салбарыг хөгжүүлэхэд Италийн туршлага, ноу-хау, технологийг ашиглах аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.