⚒ ОТ-н өнгө = Ногоон

Мөнхиин залуу нас | Казакстаны үсрэлт | Их өгөгдөл ба ЗГ

POWERED BY

Ээе! Бид багтаа шинэ гишүүн хайж байгаа шүү. Манайд компаниудын тайлан, зах зээлийн чиг хандлага дээр сэвхийсэн сайхан шинжилгээ хийчихдэг, сэмбийтэл сайхан биччихдэг “Financial Writer” хэрэгтэй байгаа. Энэ ажлын байрт яг тохирох найзыгаа [email protected] рүү CV-гээ явуул гээд хэлээд өгөөрэй. Бид инээгээд л угтана. 😊🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өчигдрийн арилжаагаар Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн хувьцааны үнэ үргэлжлэн 8.34% унаж ₮330 болоод байна

CHN: Өнгөрсөн сард Хятадын банкнуудын юаниар олгосон шинэ зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 25% буурч $36.4 тэрбумд хүрснээр банкнуудын зээл олголт сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрлээ

POL: 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлэг өрнөв.

⚒️ Оюу толгойн хагас жилийн өнгө = Ногоон

Өчигдөр "Оюу толгой" ХХК 2024 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Зэсийн үйлдвэрлэл нь хагас жилийн байдлаар 98.6 мянган тн-д хүрчээ. 🔥

📈 Нэмэгдсээр, өссөөр… 

Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нээлт одоогоос 12 жилийн өмнө болж хамгийн анхны зэсийн баяжмалаа 2013 оны 2 сарын 1-нд үйлдвэрлэж байв. Харин өдгөө Оюу толгойн гүний уурхай нээлтээ хийгээд жил гармын нүүрийг үзэж, хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил 97%-ийн гүйцэтгэлд хүрчээ. Үүний дүнд, 

  • 📊 15.5%-ийн өсөлт: Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ эхний хагас жилд жилийн өмнөхөөсөө 15.5% нэмэгдэж 98.6 мянгад хүрсэн байна. Мөн алтны үйлдвэрлэл нь 6.2% өсөж 89.6 мянган унц болжээ. Борлуулсан зэсийн хувьд ч 8.7% нэмэгдэн 92 мянган тн болсон аж. 

  • 👍 Ахиц: Гүний уурхай нээгдсэнээс хойш гүний олборлолтын өсөлт үргэлжилж 2024 оны II улиралд уг уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 23% өсөв. Тодруулбал, гүний уурхайгаас 2.02%-ийн зэсийн дундаж агуулгатай 1.5 сая тн хүдэр олборлосон бол ил уурхайгаас 0.37%-ийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тн хүдэр олборлосон байна. 

🤔 Үр нөлөө нь юу болов? 

Оюу толгойн төсөл манай гадаадын шууд хөрөнгө оруулалт болон Өмнөговь аймгийн эдийн засагт чухал нөлөөтэй. Энэ ч утгаараа Оюу толгой 2024 оны хагас жилийн байдлаар нийт 889 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан нь жилийн өмнөхөөс 20.1% нэмэгдсэн дүн аж. Улмаар тус хугацаанд дотоодын худалдан авалтад ₮1.3 их наядыг зарцуулсны 90.7%-ийг дотоодын компаниудад зарцуулаад буй. 

  • 📉 Бууралт: Харин тайлант хугацаанд Оюу толгойн төлсөн татвар, хураамж, бусад төлбөрийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 2.2 дахин буурч ₮306 тэрбум болсон байна. 

Эцэст нь… Юутай ч Оюу толгойн гүний уурхайд ахиц гарч үйлдвэрлэл нь нэмэгдсээр байна. 2028-2036 онд бол жилд үйлдвэрлэх зэсийн хэмжээ нь 500 мянган тн-д хүрнэ гэж байгаа. Энэ ч утгаараа энэ оны эцсээр зэсийн олборлолт нь 30% гаруйгаар өсөх төлөвтэй байна даа. 

⛏️ Mining Week & Mine Pro 2024

Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ “Mining Week” энэ жил "MinePro 2024" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтаар өргөжин 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, эдийн засгийн интеграцчилал, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг арга хэмжээнд оролцсоноороо 400 гаруй гадна дотоодын томоохон зочид, төлөөлөгчидтэй үр дүнтэй холбоо харилцаа үүсгэж, хамтран ажиллах боломж бүрдэх аж.

📍 Хаана: Тайж хайрханы бэлд
📅 Хэзээ: 10 сарын 2-5

💰 Ногдол ашгаа нэмнэ

0728.HK: Хятадын төрийн өмчит харилцаа холбооны 3 оператор буюу China Telecom, China Mobile болон China Unicom компаниуд ногдол ашгаа нэмэгдүүллээ. Тодруулбал, China Telecom дунд хугацааны ногдол ашгаа өнгөрсөн оныхоос 16.7% нэмэгдүүлж нийт $2.14 тэрбумд хүргэнэ гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн China Mobile 2024 оноос хойш 3 жилийн хугацаанд цэвэр ашгийн 75%-иас дээш хэсгийг ногдол ашиг болгож тараах аж. Энэ нь Хятадын компаниуд хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэл, хувьцаа эзэмшигчдийн өгөөжид анхаарч байгааг илтгэж байна.

🍼 Мөнхийн залуу нас

Мөнхийн ус гэж байдаг бол аав, ээждээ өгөх сөн гээд л ярьдаг даа. Усны оронд биеэ хөлдөөлгөвөл яаж байна? 

🥶 Хөлдөөчих л байсан юм байна шүү дээ

Байгалийн хуулийг зөрчин байж хүн төрөлхтний зарим нь мөнх амьдрахыг мөрөөддөг. Эрэлт нь байгаа болохоор нийлүүлэлт нь ч байдаг шиг бөмбөрцгийн булан тохойд л тархи шилжүүлэн суулгах, биеийг нь хөлдөөхөөс эхлээд байж болох бүхий л аргуудыг туршиж байгаа. Харин тэдэн дундаас Tomorrow Bio юугаараа онцгой юм бол доо? 

  • 🔮 Ирээдүйн технологи: Германы Tomorrow Bio хэмээх стартап нас барсан хүний биеийг $220,000-оор хөлдөөн хадгалах үйлчилгээг туршиж буй. Ингэхдээ бүтэн биеийг $220,000-оор, тархийг $81,000-оор, хөлдөөлгөх хүртлээ сар бүр $50 төлөөд явах үнийн сонголтуудтай аж. Цаашлаад, хөлдөөн хадгалах явцад нэмэлт төлбөр авдаггүй бөгөөд өвчтөнийг байгалийн жамаараа нас барах үед гялс хадгалах түргэн тусламжийн машинуудыг ашигладаг байна

  • 🐀 Туршилт: 2020 онд байгуулагдсан тус компани тус чиглэлд Европтоо анхдагч бөгөөд өнөөг хүртэл 6 хүн, 5 тэжээвэр амьтныг хөлдөөж Швейцар дахь салбартаа хадгалсан төдийгүй 2025 оноос Америкт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Аан тийм, одоогоор 650 гаруй хүн тус үйлчилгээнд нь бүртгүүлсэн гэнэ лээ шүү.

  • 👉 Криоген хөлдөөлт: Тэд хүний биеийг хөлдөөн хадгалахдаа зүгээр л хөлдөөчихдөггүй буюу өвчтөний бие 0 градусаас доош хэмд хүрэх үед талсжиж хөлдөх буюу эд, эс эргэн сэргэх боломжгүйгээр хөлдөхөөс сэргийлэн тусгай шингэн азотоор -198°C хүртэл хөлдөөдөг аж.

⁉️ Хөлдөөж чадна. Гэхдээ… 

Юутай ч дэлхийн өнцөг булан бүрд л хүнийг үхлээс ахин амилуулах, залуу насыг нь хадгалах аргыг эрж хайж, туршиж байгаа. Эд, эрхтэн, өндгөн болон эр бэлгийн эс, хурууны үзүүрийг удаан хугацаанд хөлдөөж өвчтөнд амжилттай суулгах бүрэн боломжтойг нотолсон хэдий ч яаж бүтэн биеийг хөлдөөн, эргэж сэргээх нь хамгийн том асуултын тэмдэг. 

За тэгээд, ирээдүйд технологи хөгжиж үхлээс зугтагсдад ахин амьдрах боломжийг олох гээд л галзуу^2 туршилтууд дуулдах л юм. Сонирхолтой нь дэлхий даяар тус аргаар өөрийгөө хөлдөөсөн 500 гаруй хүн байдаг аж. Харин та мөнх амьдрахын тулд өөрийгөө хөлдөөх байсан уу? Жич, баталгаа нь 100%. 

  31% 
Хиймэл оюун ухаанаар Улаанбаатар хотын автомашины тоог тооцоолоход 2023 онд 297.2 мянгаар тоологдсон нь өмнөх оноос 31% өсжээ
0.8% 
Мөн онд Улаанбаатар хотын гэрийн тоо 66.9 мянгаар тоологдсоноор өмнөх оноос 0.8% буурсан байна.
4
Улмаар 2022 онд 1 гэрт ногдох автомашины тоо 3 байсан бол 2023 онд 4 болж нэмэгдэв.

iStock

🍋 Казакстан Европоос ирэх 5 жилд ДНБ-ээ 2 дахин өсгөх хөрөнгө оруулалт татна. Ингэхдээ мэдээллийн технологи, тээвэр, санхүү, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ХАА-н салбарууд руу ХО голлон татах аж. Цаашлаад тэд ХЗЗ-д түшиглэн Төв Азийн хамгийн том эдийн засагтай орон болох зорилгын шаваа тавих юм. 

🍋 Techstars Японд стартап хурдасгуур нэвтрүүллээ. Энэ нь Америкт төвтэй тус компанийн Японд хэрэгжүүлж буй анхны хөтөлбөр бөгөөд стартапуудыг дэмжих, инновацыг тэлэх, цаашлаад 2 улсын бизнесийн харилцааг өргөжүүлэх зорилготой аж. Хөтөлбөрийн хүрээнд 12 стартап $120,000-ын хөрөнгө оруулалт болон менторын зөвлөгөө авах гэнэ. 

🍋 ЗГ их өгөгдөлд суурилж шийдвэр гаргана. Улмаар их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийг боловсруулаад буй. Цаашид 24 бүлэг, 254 үзүүлэлт бүхий тоон мэдээллийг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогоор 8 төрлийн 59 өгөгдлийн багцыг е-Cabinet системд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. 

🍋 Газраа чөлөөлсөн 1,500 иргэн, хуулийн этгээдэд ₮190 тэрбумын нөхөн олговрыг төсвөөс олгожээ. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтаар 70 байршилд 2,500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн аж.

🤨 Хэрэгтэй бас хэрэггүй мэдээллүүд

Ажлын анкет бөглөж байхдаа яагаад регистрийн дугаар, гэрийн хаяг, гэрлэлтийн байдал зэрэг ажлын чиг үүрэгт тань хамааралгүй хэр нь хэт хувийн мэдээллүүдээ өгөх ёстой байдаг талаар бодож байсан уу? Ер нь тэдгээр мэдээллүүд тийм чухал байдаг уу аль эсвэл ёсыг бодоод асуучихдаг юм болов уу? 

🪬 Мэдээллийн аюулгүй байдал

Хэзээнээс гэдэг нь тодорхойгүй хэр нь одоог болтол ёсчлон хувь хүний хувийн мэдээллийг ажилд авах хамгийн эхний шат буюу анкетын шатанд авсаар иржээ. Азаар цаг үе өөрчлөгдөж, ажил олгогчдын талаас ч, ажил горилогчдын талаас ч хувь хүний мэдээллийн аюулгүй байдал энэ тэргүүнд байх ёстой гэдгийг ойлгож чухалчлах болов. 

  • 🚩 Тэгэх л ёстой юм байлгүй дээ? Бодоод үзвэл ажил олгогчдод ажил горилогчдын гэрийн хаяг, гэрлэлтийн мэдээлэл, үндэс угсаа, РД-ын мэдээлэл анкетын шатанд заавал байх хэрэгцээ бага. Харин нөгөө талдаа хувийн мэдээллээ гуравдагч талд мэдэх эрхийг нь өгч буй нь асуудалтай. 

  • 🙈 Сохорсон болохоор завшина: Тиймээс ч сүүлийн үед хүний нөөцийн компаниуд сонгон шалгаруулалтын эхний шатанд уламжлалт мэдээллээс илүү хувь хүний чадварыг нь онцолж тохирсон компанид нь санал болгох болсон. Тэдний нэг бол TalentSnipe.

  • 🤩 Сонирхолтой: Сонирхуулахад, тус платформ дээр өөрийн хаягийг үүсгэхэд шаардах мэдээлэл нь таны юу чаддаг, ямар салбарт ажиллаж байсан, сонирхож буй салбар зэрэг мэдээлэл л хангалттай төдийгүй нас, хүйс бүр цаашлаад өөрийн овог нэрийг ч оруулах шаардлагагүй юм байна лээ шүү. Хэлээд байгаа шүү дээ, зөвхөн чадвар л хардаг аа гэж. 

Эцэст нь… Муу компани, муу ажилтан гэж байдаггүй бөгөөд зүгээр л тохирсон ажилтан, ажлаа олоогүйгээс болж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэх үе бишгүй. Магадгүй хүсэж буй ажилтан, ажлаа олох арга барилаа солиод үзвэл яасан юм? 

  • Аудиторын туслах / Эрнст энд Янг Монголия Аудит ХХК: Аудитын багийн ахлахын удирдлага дор аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох бүртгэл болон бусад холбоотой мэргэжлээр бакалавр зэрэгтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй хүн байвал холбогдоно уу. 👉 (Link)

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн / Intelmind: Бүтээгдэхүүний санаа боловсруулахаас эхлээд зах зээлд нэвтрүүлэх хүртэл бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах 1+ жилийн туршлагатай хүн байна уу? 👉 (Link)

  • Агуулахын логистик хариуцсан менежер / SCC: Логистик, ачаа тээвэр, хүргэлтийн компанид тээвэрлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, хэрэглээний программуудыг ахисан түвшинд ашигладаг, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай хүнийг хайж байна шүү. 👉 (Link)

  • Танилц: Google-н зүгээс багш нартаа зориулав. (TheVerge)

  • Суралц: YouTube дээр байр сууриа эзлэх арга чарга. (SPI)

  • Сонс: Тоон мэдээлэл дээр суурилсан шийдвэр гаргалт болгон оновчтой байдаггүй. (HBR)

  • Тогло: Эх дэлхийн Superhero болмоор байна уу? (TheFinancalTimes)

Reply

or to participate.