- Lemon Press
- Posts
- 🎒 Стартап виз
🎒 Стартап виз
Дэлхийн талентын өрсөлдөөн болон ЭЕШ-ын талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Манай Lunch Hour подкастын шинэ улирал эхэлсэн шүү. ЭНД дарж стартап буюу гарааны бизнесийн талаарх сонирхолтой яриаг сонсоорой. 🎧


*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Улсын нийт гадаад өр энэ оны I улиралд жилийн өмнөхөөсөө 1% буурч $33.6 тэрбум болжээ.
MNG: Монгол Хятадтай автотээврийн гэрээг шинэчлэн байгуулж, АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
STAT: Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 27.9% нэмэгдэж ₮1.4 их наядад хүрсэн байна.

Хөрөнгийн зах зээл ба ТОП 100 ААН

Мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэгч Lemon Press Opinions-н энэ удаагийн дугаараар Ц.Эрхэмбаярын топ компанийн хэт төвлөрөл ба орлогын тэгш байдлын талаарх нийтлэлийг хүргэж байна. Анхаарч уншина уу!
Топ 100 ААН тодорсон нь
Засгийн газар, МҮХАҮТ хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дотоодын томоохон 100 компанийг жил бүр тодруулсаар ирсэн. Тэдгээрийн 2022 оны гүйцэтгэл, голлох тоонуудыг авч үзвэл улсад нийт ₮4.3 их наядын татварыг хуримтлуулж 71.2 мянган ажлын байр бий болгожээ. Нийт орлого нь ₮38.4 их наядаар хэмжигдэв. Хөгжлийг түүчээлж буй үндэсний компаниуддаа юуны өмнө ихэд талархаж байна.
Харин одоо хөрөнгө оруулалтын фирмд ажилладаг миний хувьд дараах асуултууд төрж байна. Их наядаар хэмжигдэх дээрх ашиг, орлого хэдэн хүнд хуваарилагдсан бол? Компаниудын хэд нь олон нийтэд нээлттэй, хэдэн хувийг нь нийгмийн олонх эзэмшдэг бол гэх асуултууд.
Товчхондоо энэ нийтлэлээр дамжуулан орлогын тэгш хуваарилалт, хөрөнгийн зах зээлийн оролцоо, хөгжингүй улсад дээрх капитал, ашгууд ямар системээр дамжин нийтэд хуваарилагддаг зэргийг хуваалцана.

📚 Уруудан уруудах ЭЕШ-ын оноо

ЭЕШ болж өнгөрлөө. Энэ жил давхардсан тоогоор 93,266 сурагч ЭЕШ өгсөн бөгөөд тэдний 0.2% нь буюу 158 сурагч л 800 оноо авсан аж.
Дундаж оноо ⬇️
ЭЕШ-ын дундаж оноог хичээлээр нь харвал, нийт 10 хичээлээс 7 хичээлийнх нь дундаж оноо 3 жилийн өмнөхөөс буурсан аж. Эдгээрээс Нийгэм судлал болон Орос хэлний хичээлийн улсын дундаж оноо хамгийн ихээр буурчээ. Цаашлаад,
ШУ-ы дорой боловсрол… Математик, Хими, Физик зэрэг шинжлэх ухааны хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо бусад хичээлийг бодоход бага байгаа юм. Тодруулбал, Орос хэлний хичээлийн дундаж оноо 61 байхад Математикийнх үүнээс 2.3 дахин бага байна.
Медиан: Цаашлаад хичээлүүдийн медиан оноог харвал, зөвхөн Монгол хэл болон Орос хэлний медиан оноо 50 болон түүнээс их байгаа бол үлдсэн 8 хичээлийн медиан оноо 24-42 байна. Өөрөөр бол ЭЕШ өгсөн сурагчдын тал нь 100 онооноос 37 авсан хэрэг. 37F гэсэн үг шүү дээ. Тоогүй, тоогүй.
Монгол хэл < Англи & Орос хэл: Түүнчлэн хэлний хичээлүүдийн үзүүлэлтийг харвал Англи хэлний ЭЕШ-д 33 сурагч 800 оноо авсан бол Орос хэлнийхэд 30 сурагч харин Монгол хэлнийхэд ердөө 14 сурагч 800 оноо авчээ. Мөн Монгол хэлний шалгалт өгсөн сурагчдын тоо Англи хэлнийхээс 1.9 дахин бага байсан юм.
Ялгаа
ЭЕШ-ын үзүүлэлтийг хот хөдөөгөөр салгаж харвал, Улаанбаатарт ЭЕШ өгсөн сурагчдын Англи хэлний ЭЕШ-ын дундаж оноо орон нутагт шалгуулагчдынхаас 6.1 оноогоор илүү байв. Тэгэхээр орон нутагт гадаад хэлний боловсролыг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна.
Аймаг хооронд: Хот хөдөөгөөс гадна аймаг хооронд ч чанарын ялгаа их харагдана. Түүхийн хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо л гэхэд Сүхбаатарт хамгийн өндөр буюу 61 байхад Баянхонгорынх үүнээс 2.4 дахин бага буюу 25 байх жишээний.
Эцэст нь… ЭЕШ-ын үзүүлэлт боловсролын системд томоос том анхаарлын тэмдэг тавилаа. Чанар хүртээмжээ сайжруулахгүй бол энэ анхаарлын тэмдэг томорсоор л байх болов уу.

💰 Түүхэн хөрөнгө оруулалт

✨ Дэлхийн талентын төлөөх өрсөлдөөн

TechLife
Сүүлийн жилүүдэд Монголын толгойтой болгон л харь орныг зорьж, чадварлаг боловсон хүчнээ гадагшаа алдаад дууслаа гэж хаа сайгүй л ярих болж. Тэгвэл энэ асуудал ганц манайд ч биш олон улсын шүдний өвчин болжээ.
Brain Drain
Дээр дурдсан шиг нөхцөл байдлыг Brain Drain гэх хэллэг төгс илэрхийлэх бөгөөд аливаа улсын чадварлаг боловсон хүчин өндөр цалин, амьдралын таатай орчинг сонгон харь орныг зорих явдлыг ийн хэлдэг аж. Улс орнууд төдийгүй томоохон компаниуд ч чадварлаг хүний нөөц бүрдүүлэхийн тулд олон төрлийн цалин урамшуулал, хангамж амлаж байгаа энэ цагт хэнийг буруутгах билээ.
Чадварлаг боловсон хүчин хаашаа урсаж байна?
Дэлхийн талентын өрсөлдөөнд Америк удаан хугацаанд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж ирэв. Тухайлбал, тус улс чадварлаг хүмүүсийг татахаар H-1B, EB-1 зэрэг түр, байнгын визийг санал болгодог. EB-1 виз л гэхэд ШУ, урлаг, боловсрол, бизнес, хөнгөн атлетикийн салбарт онцгой чадвартай хүмүүст зориулагдсан байнгын оршин суух эрхтэй виз юм. Үүнтэй ижил өөр нэг жишээ бол Япон.
Тодруулбал: Дэлхийн 3 дахь томоохон ЭЗ-тай Япон сүүлийн жилүүдэд хүн амын хөгшрөлтийн улмаас ажиллах хүчний хомсдолд ороод буй. Улмаар тус улсын ЗГ гадаадын иргэдийг татахаар стартап визийн зохицуулалтаа хөнгөрүүлж, бүр дижитал нүүдэлчдийн виз олгохоор хэлэлцэж байгаа.
Австрали: Тэд сүүлийн 10 жилд анх удаа цагаачлалын бодлогодоо өөрчлөлт оруулсан. Үүний эхний алхам болгож ирэх сараас эхлэн шинээр ирж буй түр визтэй иргэдийн цалинг нэмэгдүүлэхээр болоод буй.
Эцэст нь… Хүн гэдэг өөрөө асар үнэт капитал ба нөөц. Энэ ч утгаараа хүчирхэг ЭЗ-тай орнууд өөрт байгаа нөөцөөр бусад орны чадварлаг боловсон хүчин, ажиллах хүчний нөөцийг татаж цаашлаад авч үлдэх тал дээр ихээхэн анхаарах болж. Гэтэл бидний нөөц хаашаа урсаж байгаа билээ?

Олон ажлын хуудас дээрх датагаа 1 хуудас дээр нэгтгэх аргыг хүргэж байна. 🖥️


😎 Капитрон Банкны 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдээрэй

Та өөртөө хуримтлал үүсгэх дадал бий болгомоор байна уу? 💸
Тийм бол Капитрон Банкны “52 долоо хоног хадгаламж” хуримтлалын чалленжэд нэгдээрэй.
Хэрхэн нэгдэх вэ?
Та Капитрон дижитал банкаар болон өөрт ойр банкны салбарт хандан данс нээлгэж, хадгаламждаа 7 хоног бүр орлого хийхдээ ₮1,000-өөр өсгөх аж. Ингэснээр 52 долоо хоногийн дараа хуримтлалын хүү дээр нэмэлт урамшууллын хүү авч, зорилгоо биелүүлэх юм.
Уг аянд нэгдсэнээр,
Хуримтлал үүсгэх дадал бий болгох,
Хадгаламжийн хамгийн өндөр хүүгийн өгөөж,
Төрөл бүрийн урамшуулалд хамрагдах боломжтой гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Gizmochina
🔹ByteDance энэ онд Nvidia (NVDA)-д $1 тэрбумын үнэ бүхий чипийн захиалга өгчээ. Тус дүн нь Nvidia-н өнгөрсөн онд Хятадын зах зээлд борлуулсан чипийн дүнтэй дүйж очоод буй. ByteDace-н захиалсан чипийг Google (GOOG) тэргүүтэй томоохон компаниуд AI-н хөгжүүлэлтэд ч ашигладаг байна.
🔹Бичил Глобус “Бичил 2.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргана. Тэд өмнө нь МХБ (MSE) дээр нээлттэйгээр Бичил Глобус ХБҮЦ-ийг гаргаж зах зээлээс ₮10 тэрбумыг татан төвлөрүүлж байсан бол энэ удаад жилийн 18.5% өгөөжтэй ХБҮЦ гарган ₮20 тэрбумыг татан төвлөрүүлэх гэнэ.
🔹УИХ-ын дарга нүүрсний хэргийг шалгах түр хороог татан буулгалаа. Тус хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан гэх шалтгаанаар ийн шийдвэрлэжээ. Улмаар шинэ ажлын хэсгийг байгуулж түүнийг нь ХЗДХ сайд ахлахаар болов.
🔹Усыг гүн цэвэршүүлэх Монголын анхны үйлдвэрийн бүтээн байгуулалт 30%-тай явж байна. Тус үйлдвэр нь Мянганы сорилтын II компакт гэрээний санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орох гэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын усны хангамж 80% нэмэгдэх аж.

Нөгөө байгаль орчны сайдын тушаалаар, байгалийн гоё газруудаар явах хураамжаа аваад эхэлсэн байна лээ. Хамгийн гол нь ингэж байна. Жийп 6000₮, насанд хүрсэн хүн 2000₮ гээд нийт 10,000₮ авлаа. Тэгээд сүлжээ байхгүй, карт уншихгүй гээд, тасалбар өгөхгүй өөрийнхөө хувийн данс руу… twitter.com/i/web/status/1…
— Erdenebileg Dulguun (@freecolor88)
7:33 AM • Jun 19, 2023

🧺 Энэ зун юу хийх вэ?

Энэ удаагийн Moni булангаараа аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан трэнд болж буй аяллын чиг хандлагуудын талаар хүргэе.
Байгальд ээлтэйгээр аялах: Уур амьcгалын асуудал хурцаар хөндөгдөж буй энэ үед аялагчид дугуй, цахилгаан машин сонгохыг эрмэлзэх болжээ. Эко аяллын хүрээнд 1 удаагийн хэрэгслийг хэрэглэхгүй явбал давхар өөрийн санхүүг ч хэмнэх боломжтой.
Адал явдлыг эрэлхийл: Явган аялах, хаданд авирах, усанд шумбах, зэрлэг ан амьтдын гэрэл зураг дарах гэх мэт адал явдалтай аялал хийвэл тэр хэмжээний их дурсамж үлдэх биз ээ. Мөн ганцаараа үүргэвчээ үүрээд бие даасан аялал хийж ч болох юм.
Эрүүл аялал: Аялахын хажуугаар бие, сэтгэл санаагаа дэмжин энергиэ сэргээвэл ямар вэ? Иог хийнгээ амрах, эрүүл хооллолтын хичээл зэргийг багтаасан аяллын төрлүүд ч бий болоод буй. Иймд 10 хоногийн бясалгалд явах, рашаан сувиллаар үйлчлүүлэх зэргээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх аяллыг туршаад үзээрэй.
Эцэст нь… Мэдээж аяллын туршид санхүүгийн төлөвлөлтөө Keep санхүүгийн апп дээр бүртгэн зардлаа хянаад үзээрэй. Илүү бага зардлаар илүү урт аялахад тань тусална.

Хар: Криптог Европын томоохон банкны нүдээр. (Yahoo!Finance)
Унш: Антони Блинкен Хятадад. (CNN)
Сонирх: Сонирхолтой медиа подкастууд. (TheFix)
Шалга: Хараагаа шалгаарай. (OnlineEyeExam)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply