• Lemon Press
  • Posts
  • 📈 ХААН Банкны ашиг = ₮424 тэрбум

📈 ХААН Банкны ашиг = ₮424 тэрбум

Gen Z-н хандлага | ХААН Банкны тайлан | ХасБанкны ашиг +29.4%

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Энэ оны 81% нь аль хэдийнээ өнгөрчихлөө шүү. Ондоо багтааж хийнэ гэж бодсон зүйлээ хурдлуулахгүй бол горьгүй нь. Бид бол оноос өмнө Instagram болон YouTube сувагтаа 50К дагагчтай болохыг зорьж байна. Яаж хувь нэмэр оруулахаа мэдэж байгаа биз дээ? 😉 

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Ерөнхий сайд 10 сарын 24-26-нд Киргизэд болох ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанд оролцож Киргизэд ажлын айлчлал хийнэ.

JPN: Японы экспортын хэмжээ 9-р сард жилийн өмнөхөөс 4.3% нэмэгдэж $61.4 тэрбумд хүрч дээд амжилт тогтоов.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮32.2 тэрбумын арилжаа хийгдсэний ₮16.7 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

📈 ХААН Банкны ашиг = ₮424 тэрбум

ХААН Банк (KHAN)-ны ашиг III улирлын байдлаар өмнөх жилийн мөн үеэс 20.6% өсөж ₮424 тэрбумд хүрэв. IPO-н үнээсээ дээгүүр арилжаалагдаж байгаа ганц банкны ашигт юу нөлөөлөв?

Нэмэх ба нэмэх

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад банкны олгосон цэвэр зээлийн хэмжээ 15.8% өсөж ₮8.7 их наяд, нийт хөрөнгө 22% өсөж ₮16.1 их наяд тус тус хүрэв. Мөн харилцах нь 20% нэмэгдэн ₮4.3 их наяд, хадгаламж 16.8% өсөж ₮7 их наяд болжээ.

Харин хүүгийн орлого 48.5% өсөж ₮1.5 их наяд хүрэхэд үнэт цаасны хүүгийн орлого 1.9 дахин нэмэгдэж ₮0.3 их наяд хүрсэн нь голлон нөлөөлөв. Хэдий орлого өссөн ч макро нөлөөллөөс болж хүүгийн зардал 90.1% өсөж ₮0.7 их наяд болсон байна. Ямар макро билээ?

  • Хүү: Монголбанк 2022 оны эхэнд 6% байсан бодлогын хүүгээ 6 удаа нэмсээр 13%-д хүргэсэн. Улмаар банкны секторт шинээр татсан хадгаламжийн хүү дунджаар 3.3 нэгж хувиар ихэсжээ.

  • Гэнэтийн зочин: Ковид-19-өөс үүдэн хугацаагүй хадгаламж болон харилцахын дансанд хүү төлөхгүй байх заалт 2023 онд дуусгавар болсон. Ингэснээр банк энэ жил харилцахын дансанд ₮7 тэрбумын хүү төлсөн байна.

Тэгвэл хувьцааны талаас шинжвээс,

  • Ганц ногоон: IPO хийсэн топ 5 банкнаас ганцхан ХААН Банкны хувьцаа IPO үнээс өсөлттэй (+12.9%) яваа.

  • Ногдол ашиг тараавал: Банк хамгийн багадаа ашгийн 40%-ийг ногдол ашиг болгон тараана гэж зарласан. Тэгвэл энэ жилийн III улирлын байдлаарх ашгийн 40%-100%-ийг хуваарилна гэж үзэхэд өнөөгийн хувьцааны үнээр ногдол ашгийн өгөөж 8%-20%-ийн хооронд байхаар байна.

  • Ашигт ажиллагаа: Мөн хувьцааны P/E харьцаа 5, P/B харьцаа 1.1, ROE буюу эздийн өмчийн өгөөж 21.8% байна.

Эцэст нь… ХААН Банкны 3-р улирлын тайланг зах зээл хэрхэн хүлээн авахыг өнөөдрийн арилжаагаар ажиглацгаая.

🔋 Tesla-н цэнэглэгч улам алдаршина

TSLA: Toyota (TM) болон Lexus-н цахилгаан автомашинууд 2025 оноос эхлэн Тesla-н цэнэглэгчийг ашиглана. Улмаар Toyota нь Tesla-н цэнэглэгч ашиглагч дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч Hyundai, Kia, Honda, Nissan, Mercedes, GM, Ford нарын эгнээнд нэгдлээ. Toyota-н Хойд Америк дахь EV-н борлуулалт энэ онд 20% өссөн гэхээр Tesla-н цэнэглэгчийн эрэлт ч нэлээд нэмэгдэх нь дээ.

Culture Next: Gen Z хааш тэмүүлэн вэ?

Z үеийнхэн илүү гүн рүү тэмүүлдэг шумбагчид ажээ. Тэд дуу хөгжмийн ертөнц рүү гүн гүнзгий шумбаж, соёл, ертөнц болон өөрсдийнхөө талаар илүү ихийг олж мэдэхийг хүсдэг аж. Тэд юуг, яаж сонсож байна? 🏊‍♂️🏊‍♀️

  • Culture Next: Spotify-н жил бүр гаргадаг Gen Z-н чиг хандлагын тайлан болох Culture Next-н 5 дахь дугаарын хувьд Gen Z болон Мянганыхны зуршил, зан байдал, үзэл бодлыг дахин судалжээ.

Gen Z ба гүнзгий оршил

2023 оны эхний хагаст Gen Z 560 тэрбум дуу, 3 тэрбум гаруй подкастын дугаар сонссон нь өмнөх оныхоос 76% өссөн байна. Тиймээс Z үеийн Spotify хэрэглэгчдийн 91% нь Spotify-г дуртай хөгжим, подкаст руу гүн гүнзгий орохын тулд ашигладаг гэнэ. Түүнчлэн,

  • Подкаст бүтээгчдийн анхааралд: Z үеийнхний 58% нь подкастыг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэйгээр соёлд суралцуулдаг гэж үзэв. Тэгэхээр подкаст бүтээгчид маань тус үеийнхэнд зориулсан сэдэв, маркетинг хийвэл буруудахгүй нь ээ.

  • Юу сонсож байна? Z үеийнхний подкастын сонсголыг ангилж үзвэл сүүлийн 1 жилийн хугацаанд боловсролын подкаст 53%, шашин шүтлэгийнх 67%, эрүүл мэнд, фитнес ангиллынх 81%, улс төрийнх 59% тус тус нэмэгдсэн байна. Тэгэхээр залуус мэдлэгээр цангаж буй нь ил.

  • Илүү хурдан: Харин тэд подкаст болон дуу сонсохдоо хэвийн “1х”-н хурднаас илүү хурдаар сонсдог аж. Тодруулбал, Америкийн Spotify сонсогч Z үеийнхний 36% нь подкастыг ердийнхөөс хурдан сонсдог бол 63% нь дууг илүү хурдан хэмнэлтэй сонсдог аж. Гэтэл Мянганыхны ердөө 42% нь л хурдан хэмнэлийг сонгодог байна.

  • Gen Z & AI: Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өнгөц гадаргууг эвдэж, соёл, ертөнц болон өөрсдийнхөө талаар илүү ихийг олж мэдэхийг хүсдэг учир AI DJ-г ашиглан дэлхийн хэмжээнд 1.5 тэрбум гаруй минутын хөгжим дамжуулжээ.

Тэгэхээр, маркетерууд болон контент бүтээгчид маань ийм төрлийн судалгаа, шинжилгээнд суурилан сегментийнхээ онцлог, сонирхлыг ойлгох нь чухал шүү.  

NewYorkPost

🔹Ухаалаг гар утасны дэлхийн ЗЗ сүүлийн 10 жилийн хамгийн доод цэгт тулав. Apple (AAPL) болон Samsung (005930.KS) зэрэг томоохон брэндүүдийн эрэлт багассанаар дэлхийн ухаалаг гар утасны зах зээл 8% буурав. Улмаар Apple & Samsung-н орлого буурах төлөвтэй байна.

🔹ХасБанк (XAC) ашиг III улиралд ₮101.6 тэрбумд хүрлээ. Тус банкны хүүгийн орлого жилийн өмнөхөөс 41.5% өсөж ₮270.6 тэрбумд хүрсэн тул ашиг нь 29.4% нэмэгдсэн нь энэ. Харин банкны нийт хөрөнгийн дүн 24% өсөж ₮4.39 их наяд болжээ.

🔹Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) стратегийн түншлэлийн хүрээнд MMC (0975.HK)-с III шатны ХО-ыг амжилттай татлаа. Уг стратегийн түншлэлийн эхний 2 шат хэрэгжсэн бөгөөд III шатны $30 саяын ХО-ын 50%-ийг 8-р сард, үлдсэн хэсгийг энэ сард татжээ.

🔹Говь ХК (GOV)-ийн алдагдал буурав. Тодруулбал, компани өнгөрсөн оны III улиралд ₮13.5 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан бол жилийн дараа алдагдал нь ₮3.9 тэрбум болж буурлаа. Учир нь тэдний борлуулалтын орлого 58.8% нэмэгдэж ₮166.4 тэрбумд хүрсэн аж. Харин богино хугацаат өр төлбөр нь 30% нэмэгдэж ₮229.6 тэрбум хүрлээ.

  • Унш: OpenAI-н хятад өрсөлдөгч Zhipu AI-р сонин сайхан юу байна? (TechCrunch)

  • Оролц: Чевенинг тэтгэлгийн өргөдлийн хугацаа 11-р сард дуусна. (Chevening)

  • Суралц: Google-н мэргэжилтнүүдээс AI үнэгүй сураарай. (GoogleCloud)

  • Үз: Төр төсөвтөө үрэлгэн ханддаг уу? (LemonPress)

  • Даваа: Шинэ Зеланд болон Хонгконгд бүх нийтийн амралтын өдөр тохиож биржүүд амарна.

  • Мягмар: Японы хэрэглээний үнийн үндсэн индекс гарна.

  • Лхагва: Канадын төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулах нь.

  • Пүрэв: Amazon (AMZN)-н тайлан гарна.

  • Баасан: Exxon Mobil (XOM), Chevron (CVX) зэрэг газрын тосны акулуудын ээлжит тайлантай танилцах өдөр.

Reply

or to participate.