- Lemon Press
- Posts
- 🪓 Сүх далайтал үхэр амар
🪓 Сүх далайтал үхэр амар
Монгол Саудаас сурах нь | $GOV-н эргэн тойронд | Төгс квадрат жил
POWERED BY
Мягмар гаргийн мэнд! 2025 он 1936 оноос хойш тохиож байгаа анхны "Төгс квадрат" жил гэдгийг мэдэж байгаа биз дээ? 45 × 45 = 2025. Энэ жилдээ санхүүгийн сахилга батаа яг таг мөрдөж, орлого зардлаа яг таг барина шүү, хэдүүлээ. Манай Lemonade цувралыг үзэж байгаа биз дээ? Бүгд л хуримтлуулж байна цаана чинь. 🍋
MNG: Монгол болон Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ.
JPN: Японы Төв банк бодлогын хүүгээ 0.25%-иас 0.5% болгон нэмэгдүүлж 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүргэх төлөвтэй байна.
ELC: Тосон дулааны цахилгаан станц төслийн эхний блок цахилгааны дамжуулах нэгдсэн сүлжээнд холбогджээ.
🇲🇳Монгол VS 🇸🇦Сауд
Монгол Улс экспортоо төрөлжүүлнэ, уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулна гэж яриад олон жил болж байна. Гэхдээ бид уул уурхайн салбараа овойж оцойтол хөгжүүлчихсэн билүү?
⛽⛏️ Уул уурхайн зүгт
Дэлхий даяар зэс, лити, кобальт, никель зэргийн эрэлт эрчимтэй өсөж байгаа. 2025 оны зэсийн үйлдвэрлэл л гэхэд 70,000 тн-оор нэмэгдэж 1.4 сая тн-д, үнэ нь 2035 он гэхэд одоогийнхоос 33.3% өсөж $12 мянгад хүрэх нь. Иймд Саудын Араб чухал ашигт малтмалын талбарт том тоглогч болохын тулд “Future Minerials Forum”-г 4 дэх жилдээ зохион байгуулсан. Энэ жилийн хувьд л гэхэд Чилийн төрийн өмчит Codelco компани Саудын Арабтай хамтарсан хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцэж буй.
📃 Зорилгодоо нийцүүлсэн арга хэмжээ: Зөвхөн газрын тосоор эдийн засгаа хөдөлгөдөг байсан Сауди уул уурхай руу зориг шулуудан ДНБ-д уул уурхайн эзлэх хувийг 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Улмаар 2020 онд "Хууль эрх зүйн шинэчлэл" хийв. Харин манайх Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа шинэчлэл хийнэ гэж хэл ам болоод одоо мартсан.
💰 Жинхэнэ сан: Биднийг Үндэсний баялгийн сан гээд мунгинаж байх хойгуур Саудын Араб Public Investment Fund гэх төрийн хөрөнгө оруулалтын санг байгуулж үүгээрээ $925 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна. Тэд FMF-н үеэр л гэхэд $100 тэрбумын үнэ бүхий ашигт малтмалын хөрөнгө оруулалтын шинэ төслийг зарласан билээ.
🤔 Бид яана вэ?
Манай геологи, хайгуулын ажлын үр дүн, үнэмшилтэй байдал "Дунд" буюу 59.7 оноогоор, олон нийтийн уул уурхайн үйл ажиллагаанд хандаж байгаа хандлага "Муу" буюу 47.4 оноогоор үнэлэгдэж байна. Ганц байгаа тулгуур нь уул уурхай байтал түүнийгээ хөгжүүлэх, шинэ ордыг хайж илрүүлэх, одоо байгаагаа дэмжих ажилд тун хойрго. Ядаж дахиад 1 зэсийн том ордыг нээж, цаасан дээр дэмжинэ гээд начир дээрээ зогсоосон ГХЭ-ийн төслөө урагшлуулах хэрэгтэй байна.
Эцэст нь… Саудын Араб бол уул уурхайн цахиурын хөндий болохоо зарлаж, 1 форумаар $28.5 тэрбумын үнийн дүн бүхий 126 санамж бичиг байгуулж, Хятадын титмээ тавьсан чухал ашигт малтмалын талбарт бүхнээ дэнчин тавьж зүтгэж байна. Харин бидэнд нөөц нь байгаа ч нүүрс зөөхөөс өөр бүтээл алга. Бид одоо л уул уурхайн салбараа дараагийн түвшинд гаргахгүй бол бүгд бидний урд гарч одлоо.
🐐 $GOV-н эргэн тойронд
GOV: Говь ХК-ийн Австрали дахь салбарын захирлаар Ц.Баатарсайхан ажиллаж байсан бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж Б.Амарсайхан томилогджээ. Түүнчлэн тус компани оны төгсгөлд Таван Богд Холдингс болон түүний охин компаниудтай хамтран ХААН Банк (KHAN)-тай зээлийн эрхийн гэрээг шинээр байгуулсан байна. Уг гэрээ нь ₮83 тэрбумын дүнтэй, 36 сарын хугацаатай, жилийн ₮-ийн 14.4%-ийн хүүтэй, $-ын 8.88%-ийн хүүтэй аж.
🤴 Трампын эхний өдөр
Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Америкийн алтан үе эхэлж буйг мэдэгдлээ. Хөрөнгийн зах ч харуулдан суусан эрхмээ хүлээн авахад бэлдэн, түүхэн дээд түвшинд хүрэх нь хүрч бүхэлдээ ногооров.
🪓 Сүх далайтал үхэр амар
Дональд Трамп Ерөнхийлөгчөөр ажиллах эхний өдрөө цагаачдын эсрэг тэмцлийг эхлүүлж Америкийн хилийг чангатгах, Жо Байдены эрчим хүчний болон бусад бодлогуудыг задлах, Парисын гэрээнээс гарах, Канад, Мексикт ногдуулах худалдааны татвар, хөрсний зарчмаар иргэншил олгохыг зогсоох гэхчлэн 200 гаруй зарлиг, шийдвэр гаргах төлөвтэй байна.
🚹🚺 Энэ дунд Америкт зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 хүйс л байна гэж тунхаглан зарлана гээд л байгаа.
🌠 Трампын мөрөөдлийн баг
Цаашлаад, Трампын хэрэгжүүлэх бодлогоос дутуугүй кабинетдаа хамтран ажиллахаар нэр дэвшүүлсэн хүмүүс нь хэл амны бай болж байна. Тэрбээр гүйцэтгэх засаглалын 15 сайд, хэд хэдэн элчин сайд нар болон FBI, CIA гэхчлэн бусад албан тушаалд нийт 39 хүмүүсийг нэр дэвшүүлснээс өнөөдөр Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Марко Рубиогийн санал хураалт болж буй.
✒️ Хүлээгдэж буй: Товчхондоо эдгээр нэр дэвшигчдийг Сенатын хуралдаанаар батлах бөгөөд дийлэнхийнх нь сонсгол Трампыг тангараг өргөсөн эхний 7 хоногт дуусна. Гэхдээ Сенатад Бүгд найрамдахчууд олонх буюу 53 суудалтай болсон тул тэдний ихэнх нь ногоон гэрлээр сонгогдох төлөвтэй байна.
✂️ Танаад өгье: Илон Маскийн хувьд алдагдал нь жил бүр түүхэн түвшингээ шинэчлэн тогтоож буй ЗГ-ын илүү дутуу зардлыг $2 их наяд буюу нийт зардлын 30%-ийг танах санал гаргаад буй. Энэ удаад түүний SpaceX, Tesla (TSLA)-г хүндхэн нөхцөлөөс гаргаж ашигт ажиллагаа руу оруулсан туршлага нь хэрэг болох нь уу яах нь. Харж л сууя.
Эцэст нь… Энэ мэдээг уншиж буй цаг мөчид Трампын эхний өдрөө хийх ажлууд хэдийнээ тодорхой болж түүний мэдэгдэж, зарлаж байснаас ч илүү цочирдом мэдээ гарах биз ээ. Түүний ажлын эхний өдөр хийх зүйлсийг хараад толгой тархи чинь маналзана аа л хэмээж байсан. Түүнчлэн TikTok-г Америкт хориглох хугацааг сунгасан гэхчлэн сонгуулиас хойш түүний шийдвэрүүдийг гадаад дотоодгүй амьсгаа даран хүлээлээ дээ.
Excel дээрх өгөгдлүүдийг устгахын оронд нуувал эргээд ашиглахад дэмтэй байдаг шүү. Сураад авах уу?
Мөр эсвэл баганыг: Үүний тулд тухайн багана, эсвэл мөрийн харьяалагдах нүдэн дээр баруун товшиж “Hide” сонгоно. Эргээд ил гаргахыг хүсвэл нуугдсан мөр эсвэл баганын 2 талд байрлах нүднүүдийг сонгоод “Unhide” дарахад болох нь.
Тодорхой өгөгдлийг: Харин үүнийг Format Cells➡️Number➡️Category сонгоод "Type” талбарт ;;; дүрсийг сонгоод “ОК” дарахад л болно.
📹 ЭНД дарж бичлэгээр үзэж болно шүү.
✨🔑 Шинэ Яармагийн Шинэ боломж
Бизнес эрхлэгчдэдээ сонордуулах таатай мэдээтэй! Шинэ Яармаг Цогцолбор Хороололд Ипотекийн 6% зээлийн нөхцөлөөр үйлчилгээний талбай худалдан авах боломжтой болжээ. 📢
Тодруулбал, тус төсөл нь Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-тай хамтран бизнес эрхлэгчдэд төлбөрийн дарамтгүйгээр үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
🫂 Төлбөрийн таатай нөхцөл: Тус бизнесийн зээлээр ипотекийн зээлийн адил эхний 4 жилд жилийн 6% хүү төлж, нийт 15 жилийн хугацаанд түрээсийн төлбөртэй дүйцэх дүнг сар бүр өгөх боломжийг олгож буй.
🏙️ Том зах зээл: Сонирхуулахад, одоогоор 3,000 орчим оршин суугчтай тус хороолол нь төсөл бүрэн хэрэгжиж дуусмагц 1,600 айлын орон сууцанд 8,000 орчим хүн амыг төвлөрүүлэх юм байна шүү.
🔗 За тэгээд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаад бизнесээ бойжуулах үл хөдлөх хөрөнгөтэй болоорой.
Gasworld
🍋 Venture Global (1557028.MC) IPO хийж $110 тэрбумын үнэлгээтэй болно. Энэ 7 хоногт тус компани нэгж хувьцаагаа $40-$46-оор үнэлэн IPO хийж $2.3 тэрбум босгохоор төлөвлөж буй. Тус компанийн IPO нь Америкийн эрчим хүчний салбарын хамгийн том, мөн 2012 онд Meta (META)-н $104 тэрбум, 2014 онд Alibaba (BABA)-н $175 тэрбумыг босгосноос хойших буюу III том IPO болох нь.
🍋 Бэлэн орон сууцны төслийг Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Тодруулбал ХББОСЯ Дэлхийн Банкнаас орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндэсний орон сууцны тухай хуулийн төслүүдийг боловсруулахад техник туслалцаа авах болон хөдөө, орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа орон сууцны төсөл дээр зээл авах санал гаргав.
🍋 Хятад 2035 он хүртэл боловсролын салбарт тэргүүлэгч улс болох Мастер төлөвлөгөө гаргав. Тус төлөвлөгөөгөөр үнэ төлбөргүй боловсролын хамрах хүрээг аажмаар өргөжүүлэх, сургуулийн насны хүн амын өөрчлөлтийг хянах тогтолцоог бий болгох аж. Тэр дундаа ЕБС цэцэрлэгийн төлөвлөлтийг оновчтой болгох, бакалаврын түвшний боловсролыг чанаржуулж, докторын оюутнуудын эзлэх хувийг нэмэгдүүлэх гэнэ.
🍋 ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар Монголын Хуульчдын холбоотой хамтран төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд тэд захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хуулийн хэрэглээг сайжруулах талаар сургалт зохион байгуулах болон иргэн, ААН төрийн байгууллагаас үйлчилгээ авахад тулгардаг асуудлуудаар судалгаа, хэлэлцүүлэг хийж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох аж.
⚕️ Эрүүл мэндийн даатгалын шинэчлэгдсэн хувь хэмжээ. (ЭМДЕГ)
⏱️ Instagram Reels-н хугацаа 3 минут болон сунгагджээ. (TheVerge)
🧁 Сахрын донтолтоос салахад бухимдал тэг сэтгэл санааны хэлбэлзэл үүсдэг. (AntiAgingMission)
🐾 Бизнесийн байгаль орчин дахь нөлөөллийг хэмжихэд тусалдаг NatureMetrics стартап $25 саяын санхүүжилт татав. (Bloomberg)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц. Цэлмэг, А.Бат-Эрдэнэ
Reply