• Lemon Press
  • Posts
  • ⛏️ Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл: +40.3%

⛏️ Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл: +40.3%

Uber болон Оюу толгойн тайланг тоймлолоо.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдрийн дорнын зурхай дээр баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирнэ гэжээ. Зүүн чих жингэнээд байх чинь ээ. Өнөө 1 сая жуулчин нь өнөөдөр л ирэх нь дээ. 😂

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Энержи Ресурс ХХК-ийн экспортод гаргах 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсний дуудах үнэ 20% өсөж тн нь ¥1,140-аар арилжигдав.

CHN: Он гарсаар юанийн доллартой харьцах ханш 3.6% буурч $1=¥7.2 болсноор Азийн хамгийн муу үзүүлэлттэй валютуудын нэг боллоо.

US: Fitch агентлаг Америкийн зээлжих зэрэглэлийг AAA-аас AA+ болгон бууруулав.

🔦 Газрын гүнд гэрэлтэх Оюу толгой

Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 40.3% өслөө. Тодруулбал, Оюу толгойн эхний хагас жилийн зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 40.3% өсөж 85.4 мянган тн-д хүрчээ.

Хагас жилийн онцлог

Энэ хагас жилийн тайлан Rio Tinto (RIO) Оюу толгойн 66%-ийг өөрийн болгож, гүний уурхай нээлтээ хийсний дараа гарснаараа онцлог. Тэгвэл тайлангийн гүн рүү шумбая,

  • 💥 Тэслэлт: Тэд 2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тн-д хүргэх зорилтынхоо хүрээнд 54 дэх хүдэр буулгуурыг тэсэлж, гүний уурхайн олборлолтоо тэлсэн байна.

  • Гүний хүдэр х2.2: Улмаар ил уурхайн боловсруулсан хүдрийн хэмжээ бага зэрэг буюу 0.7% буурч эсрэгээрээ гүний уурхайн боловсруулсан хүдрийн хэмжээ жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгдэж 1.6 сая тн болжээ.

  • 🤝 Хамтын ажиллагаа: Оюу толгой II улирлын байдлаар 390 үндэсний ханган нийлүүлэгчтэй хамтарч ажилласан нь жилийн өмнөхөөс 20.4% буурсан дүн аж. Ингэснээр тэд өмнө нь нийт худалдан авалтын 75%-ийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулдаг байсан нь бага зэрэг буурч 68% болов.

Борлуулалт & Татвар

Түүнчлэн Оюу толгойн борлуулсан баяжмалын хэмжээ 30% өсжээ. Үүнд зэсийн баяжмалын борлуулалт 29.8% өсөн 85.6 мянган тн, мөнгөнийх 23.9% нэмэгдэж 499 мянган унц болсон нь нөлөөлөв. Түүнчлэн,

  • Татвар 🆙: Оюу толгойн төлсөн татвар, төлбөр, хураамж II улирлын эцсийн байдлаар жилийн өмнөхөөс 2.1 дахин нэмэгдсэнээр ₮676.7 тэрбумд хүрсэн аж. Улмаар 2010 оноос хойш нийт ₮9.5 их наяд татвар төлөөд буй.

Оюу толгойн ирээдүй

Үргэлжлүүлбэл, 7-р сард болсон МЭЗЧ-нд Rio Tinto-н ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохдоо Оюу толгойн ирээдүйг гэгээлгээр харж байгаагаа илэрхийлсэн юм. Тодруулбал, Оюу толгойн зэсийн гарц нэмэгдэх болон 2035 он гэхэд дэлхий даяарх зэсийн эрэлт жилд 50 сая тн болж 2 дахин өсөх төлөвтэй байгаа нь Оюу толгойн ирээдүйг гэрэлтүүлж байна.

Цаашид, Оюу толгойн төлөх татварын хэмжээ нэмэгдэхээс гадна Rio Tinto-н нөлөөгөөр гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. Энэ нь бидэнд ЭЗ-аа тэлэх, экспортоо төрөлжүүлэх том боломж олгох билээ.

💰 Ногдол ашиг нэмэгдэв

TTL: Таван толгой ХК 2-р сард 2022 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮2,743.8-ийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байсныг 2 дахин нэмэгдүүллээ. Тэгэхээр нэгж хувьцаанд ₮5,530.8-ийн ногдол ашиг тараах нь. Сонирхуулахад, компанийн хувьцааны үнэ энэ онд 40.6% өсөж ₮11,500-т хүрээд байна.

Uber: Дээшээ 🆙 

Uber-н үйл ажиллагааны ашиг анх удаа эерэг гарлаа. Тэд өнгөрсөн хугацаанд хэр ажиллав?

⬇️ Алдагдалтай ажилласан 14 улирал

Uber (UBER)-н II улирлын орлого өнгөрсөн оны мөн үеэс 14% өсөж $9.2 тэрбумд хүрчээ. Улмаар өнгөрсөн жилийн өдийд $2.6 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан тэд II улиралд $394 саяын ашигтай ажиллав. Компани 2019 онд IPO хийж нээлттэй компани болсон ч түүхэндээ ердөө 4 улирал л ашигтай ажилласан буюу бүтэн жилээр нь харвал ашигтай ажиллаж байсан удаагүй.

Uber хэрхэн мөнгө олдог вэ?

Uber-н орлогын гол эх үүсвэр нь таксины үйлчилгээ ч зар сурталчилгаа, хоол хүргэлтийн үйлчилгээ зэргээс давхар орлого олдог. Таксины хураамжийн хувьд компани 20%-25%-ийг, жолооч 75%-80%-ийг авдаг бол Uber Eats нь хоол хүргэлтээс хураамж авч орлогынхоо тодорхой хэсгийг хамтран ажилладаг ресторануудтайгаа хуваадаг байна. Тухайлбал, өнгөрсөн жил компани,

  • Таксины үйлчилгээнээс $14 тэрбумыг,

  • Хоол хүргэлт болон бусад үйлчилгээнээс $10.9 тэрбумыг, ачаа хүргэлтээс $6.9 тэрбумыг,

  • Зар сурталчилгаанаас $500 саяыг тус тус олжээ.

Өнгөрсөн хугацаанд Uber яагаад ашиггүй ажиллав?

  • Компанийн үйл ажиллагааны зардал 2020 оноос тасралтгүй өссөөр өнгөрсөн жил $33.7 тэрбум болжээ. Үүнд, жолооч нарт өгч буй мөнгө, даатгал, технологийн дэд бүтцийн зардлын өсөлт ихээхэн нөлөөлдөг аж.

  • Хөрөнгө оруулалт: Өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь тэд бизнесээ тэлэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд өдийг хүртэл 23 хөрөнгө оруулалт хийжээ.

Зах зээл ба өрсөлдөгчид

Өдгөө Uber хэрэглэгч 130 саяд хүрээд байгаа бол тэдний өрсөлдөгч Lyft (LYFT)-нх 12.5 сая, Grab (GRAB)-нх 180 саяд хүрээд буй. Түүнчлэн Uber Америкийн зах зээлийн 71%-ийг, Lyft 29%-ийг эзэлж байгаа юм.

Эцэст нь… Uber-н II улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй ч CEO нь одооноос эхлэн улирал бүр ашигтай ажиллахыг зорьж байгаагаа мэдэгдэв. Хэрэв тус зорилт биелбэл Uber-н жилийн эцсийн тайлан анх удаа ашигтай гарах нь.

₮13.2 их наяд
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагаст урьдчилсан гүйцэтгэлээр ₮13.2 их наяд болжээ.

54.2%
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 54.2% өссөн дүн юм.

₮611.6 тэрбум
Үүнд чулуун болон хүрэн нүүрс олборлолт ₮2.5 их наядаар, газрын тос олборлолт ₮611.6 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

👪 Хамтын санхүүгээ хянахад хялбар боллоо

Өрхийн төсвөөс хэн хэдэн төгрөг зарцуулж байгааг хялбархан хянамаар байна уу? 💸

Тийм бол гэр бүлийн гишүүн бүр орлого, зарлагаа нэг дор бүртгэж, сарын эцэст нийтэд нь харах боломжтой санхүү бүртгэлийн KEEP апп-ийг сонирхоорой.

Ямар апп вэ?

  • Гэр бүл, хувь хүн, бизнес болон төслийн санхүүгээ нэг дор бүртгэх,

  • Сар болон жилийн төсвөө оруулан орлого, зарлагаа хянах,

  • Гэр бүлийн гишүүд болон ажлын хамтрагчтайгаа хуваалцах зэрэг олон давуу талтай аж.

Мөн уг апп-ийн хэрэглэгч болсноор санхүүгийн бүртгэлээ тогтмол хөтлөхөөс гадна мөнгөн хөрөнгөө ухаалгаар удирдах нийтлэлүүдийг унших боломжтой гэнэ шүү.

🔗 Апп-аа ЭНД дарж татаарай.

Giphy

🔹Starbucks (SBUX)-н ээлжит улирлын орлого 12% өсөж $9.2 тэрбумд хүрснээр шинэ дээд амжилт тогтоолоо. Улмаар ашиг нь 25% өсөж $1 тэрбумд хүрээд буй. Үүнд Starbucks-н борлуулалтын орлогын 61%-ийг дангаар бүрдүүлдэг Хятад дахь салбарын борлуулалт 46% өссөн нь голлон нөлөөлжээ.

🔹Эрдэнэс Тавантолгой ХК энэ оны эхний 7 сард 14.4 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашлаад, нийт борлуулалтын орлого өнгөрсөн оны эцсээс 125% өсөж $1.4 тэрбумд хүрэв. Түүнчлэн компани 2023 оны хагас жилд Хятад руу 13 тн нүүрс экспортлоод буй.

🔹Дэлхийн томоохон банк HSBC (HSBC)-н II улирлын орлого 56% өсөж $36.9 тэрбумд хүрэв. Ингэснээр ашиг нь 2 дахин нэмэгдэж $18.1 тэрбумд хүрчээ. Тайлангаас онцлоход, тэд өнгөрсөн 3-р сард Silicon Valley банкийг худалдан авснаар $1.5 тэрбумын ашиг олсон аж.

🔹Binance (BNB) Японд 34 криптовалют ашиглах боломжтой үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр Япон дахь Binance-н шинэ хэрэглэгчид спот арилжаа хийхдээ 34 криптовалют ашиглах юм. Түүнчлэн Binance-н ОУ-ын хэрэглэгчид өөрсдийн дансаа Binance Japan руу шилжүүлэх боломжтой болох нь.

  • Сонирх: Z үеийнхэн өөрсдийгөө хөгширсөн гэж мэдэрдэг үү? (Insider)

  • Унш: Банкнууд AI-г хэдэн 10 жилийн турш хэрэглэж ирсэн. (Fortune)

  • Мэд: Хятадын гайхамшигт эдийн засгийн үсрэлт зогсонги болж байна. (ForeignAffairs)

  • Асуу: Хүүхдээсээ асуух хэрэгтэй 9 асуулт. (Scholastic)

Reply

or to participate.