• Lemon Press
  • Posts
  • ♟️ Бүс ба Зам: Шаг мад

♟️ Бүс ба Зам: Шаг мад

МҮХАҮТ ирэх 4 жилд | Бүс ба Зам форум | Уул уурхайн 7 хоног 2023

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Бид ирэх 7 хоногт анх удаа LP Network: ETF by InvesCore” гэх хаалттай нетворкинг эвентийг зохион байгуулах гэж байна. Бүртгүүлэх бол энд дараарай. Санхүүгийн зах зээл сонирхогч та бүхнийг оролцохыг урьж байна.

*Нэг өдрийн өөрчлөлт

AFCCP: ШӨХТГ ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг арилжааны банкнууд буцаан төлөхгүй бол албадан гүйцэтгүүлнэ.

US: ХНС бодлогын хүүгээ 5.25%-5.5%-д хэвээр хадгалав. Гэсэн ч энэ оны сүүлчээр бодлогын хүүг дахин нэмэгдүүлж магадгүй байна.

MFF: Мөнгөний зах дээр энэ 7 хоногт ₮1.7 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.

🏛️ МҮХАҮТ-ын өнгөрсөн ба ирээдүй

МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Шарк Д.Энхтүвшин сонгогдоод буй. Тэгвэл МҮХАҮТ-ын өнгөрсөн 4 жил ямар байв? Цаашид ямар байх вэ?

Өнгөрсөнд…

Өмнөх 4 жилийн хугацаанд уг танхимын Ерөнхийлөгчөөр О.Амартүвшин ажиллаж байсан билээ. Тус хугацаанд юу болсон бэ гэхээр,

  • Гишүүд: Тус хугацаанд нийт гишүүдийн тоо 34.8% нэмэгдэж 5,874 болжээ. Үүний дийлэнх буюу 58% нь орон нутгийн гишүүн, үлдсэн нь Улаанбаатарын гишүүд аж.

  • Дэмжлэг: Түүнчлэн гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ТОП-100 ААН-ийг шалгаруулах, Entrepreneur арга хэмжээ болон үзэсгэлэн, экспо зохион байгуулж байв.

  • Гэрчилгээ: Үргэлжлүүлээд танхимын үйл ажиллагааг харвал, 2022 онд гарал үүслийн гэрчилгээний системийн бүрэн шинэчлэлт хийж, автоматжуулан хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 59,156 гарал үүслийн гэрчилгээ олгожээ.

Цаашид… 

Харин ирэх 4 жилд шинэ Ерөнхийлөгчийг хэд хэдэн сорилт хүлээж буй. Тодруулбал, Худалдаа, аж үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотой хэд хэдэн эрх зүйн асуудал бий.

  • Шийдэх асуудал: Танхимын хуулийг бизнесийнхэнд ашигтай байдлаар, бусад хуультай уялдуулан шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс Гадаад ХО-ын тухай, Худалдааны тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг ч хэлэлцэх шаардлагатай болж буй.

  • Шинэчлэл: Мөн олон жил яригдаж буй татварын шинэ системийг бий болгож авлигын асуудлыг бууруулах хэрэгтэй байгаа. Тиймээс шинэ Ерөнхийлөгч болон МҮХАҮТ-ын манлайлж хийх олон ажил хүлээж байна.

Заа тэгээд, ирэх 4 жилд ямар өөрчлөлтүүд гарахыг харж л байя даа.

🟦 Дэлгэц дүүрэн цэнхэр

META: Meta Verified үйлчилгээгээ бизнесүүд рүү тэлэв. Одоогоор контент бүтээгчид хэрэглэж байгаа энэ үйлчилгээг бизнесүүд FB, IG дээр цуг идэвхжүүлээд сард $34.99 төлөх аж. Харин оронд нь хайлтын систем, платформоос санал болгож буй хэсэгт цэнхэр тэмдэгтэй бизнесүүдийг эхэнд санал болгох юм.

🤵 LP Network: ETF by InvesCore

Lemon Press-ийн бид InvesCore групптэй хамтран хаалттай нетворкинг эвент зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг Инвескор Глобал Кью Хамтын Биржээр арилжаалагддаг сан (ETF) үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор зохион байгуулж буй бөгөөд ХЗЗ-ийн мэргэжилтнүүд нэг дор цуглаж ETF-ийн тухай, салбарын сонирхолтой чөлөөт яриа, илтгэлүүдийг хэлэлцэнэ шүү.

📅 Хэзээ: 9 сарын 26
📍 Хаана: IC Tower
🔗 Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

🚄🚢 Бүс ба Зам: Шаг мад

Хятадын Бүс ба Зам санаачилгын III форум ирэх сард болох гэж байна. Бид юуг анхаарч байх хэрэгтэй болон яагаад анхаарал хандуулах ёстой вэ?

Шинэ торгоны зам

Тус форум 4 жил завсарласны дараа энэ онд эргэн зохион байгуулагдаж байгаа. Өмнөх буюу 2019 онд 40 улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байв. Форумаар ногоон хөгжил, дижитал эдийн засгийн асуудлыг хэлэлцэх бөгөөд одоогоор 110 улсын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд буй.

Хятад мөрөөдөл

Хятад Бүс ба Зам санаачилгаар дэлхийн хамгийн том дэд бүтцийг бий болгох амбицтай. Тодруулбал, далайн замаар Гуанжөүгээс Венецийг, хуурай замаар Бээжингээс Турк, Москва, Зүүн болон Баруун Европоор дамжин Венецийг холбох маш том санаачилга.

Өнгөрсөн 10 жилд юу болов?

Энэ жил Хятад тус санаачилгыг хэрэгжүүлж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд Хятадын бизнес эрхлэгчид бусад орнуудад өндөр хурдны галт тэрэг, туннел, гүүр зэргийг барьж нэг ёсондоо дэлхийн дэд бүтцийг Хятад өөрийн гараар босгож байна. Явцын хувьд 2020 буюу Ковид-19-ийн өмнөх жилүүдэд маш эрчимтэй хэрэгжиж байв. Өнгөрсөн жилийн байдлаар хэрэгжүүлж буй төслийн үнийн дүн нь $573 тэрбумд хүрээд буй. Санхүүгийн бус дэмжлэгийг оролцуулан тооцвол бүр $1 их наяд руу чавхадна.

  • Шинэ үеийн колоничлол: Тэр дундаас Африкт хамгийн эрчимтэй буюу тус тивд 54 улс байдгийн 52 нь Бүс ба Замд нэгдээд буй. Үүнээс болж Хятадыг Африкт шинэ цагийн колоничлолыг бий болгож байна гэж шүүмжлэх болсон.

  • Гэхдээ: Тус санаачилга газарзүйн түгжигдмэл байршилтай орнуудад маш том боломжийг нээх ч бодох хэрэгтэй зүйл нь Хятад төсөл хэрэгжүүлэгч орнуудыг өрийн хавханд оруулж байгаа асуудал. Үүнийг Африкийн жишээнээс харж болохоор. Манайх ч тус санаачилгын хүрээнд өнгөрсөн жил Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад оруулаад авсан даа.

Эцэст нь… Санаачилгын цар хүрээг харвал Европыг бүсэлсэн маршруттай байгаа нь Америкийн толгойн өвчин болж буй нь гарцаагүй.

Нүдний дасгал хийцгээе. Ялгааг олоорой. 👀 

⛏ Уул уурхайн 7 хоног 2023

УУХҮЯ болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй Уул уурхайн 7 хоног 2023 (Mining Week) арга хэмжээ 10 сарын 9-нөөс 13-ны хооронд болох гэж байна.

Юу болох вэ?

  • Геологи, хайгуулын судалгаан дахь цаашдын чиг хандлага,

  • Хариуцлагатай уул, уурхайг Монголд нутагшуулах нь,

  • Салбар хоорондын уялдаа зэрэг олон сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг болон итгэлүүдийг тавих ба мөн соёлын үзэсгэлэн болох аж.

Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь салбарын бодлого, хууль эрх зүйн орчин болон хэрэгжиж буй судалгаа, төслүүдийг олон нийтэд таниулахад чиглэж буй.

📍 Хаана: Шангри-Ла Боллрүүм
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх бол ЭНД дараарай.

🔹HiPay-р Хятадад төлбөр төлөх боломжтой боллоо. Тэд Ant-н албан ёсны түнш байгууллага болж Alipay+ үйлчилгээнд нэгдсэн аж. Ингэснээр HiPay-н хэрэглэгчид дурын банкны картаа апп-тайгаа холбож, түүгээрээ дамжуулан Хятадад бэлэн мөнгөгүйгээр төлбөр тооцоогоо хийх боломжтой болов.

🔹Улаанбаатарын дагуул хот хөгжүүлэхэд Тяньжин хоттой хамтарна. Тодруулбал, Хятад болон Сингапурын хотын шийдлийг Буянт-Ухаад нэвтрүүлэхээр 2 тал санамж бичиг байгуулав. Сонирхуулахад, Тяньжин замын ачаалал бүрд өөр хугацаагаар гэрлэн дохио асаан түгжрэлээ 20% бууруулжээ.

🔹Мон Бийф ХК-г МХБ (MSE)-ээс хасжээ. МХБ тус компанийн өөрсдийн албан хүсэлт дээр үндэслэн нийт 214,285,700 ширхэг хувьцааг нь хассан аж. Тус компани анх 2022 оны 8 сарын 8-нд нийт хувьцааны 30%-ийг ₮45-өөр үнэлж нэмэлт хувьцаа гарган ₮6.6 тэрбумыг татан төвлөрүүлж байв.

🔹Дэлхийн улсуудын өр $10 их наядаар өсөв. Улмаар нийт өр энэ оны эхний хагаст $307 их наядад хүрч ДНБ-тэй харьцуулсан өрийн харьцаа 2 нэгж хувиар өсжээ. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд $100 их наядаар огцом өсөхөд Америк, Япон, Их Британи, Франц зэрэг улсуудын өр голлон нөлөөлөв.

Уурхайн хаалт буюу нөхөн сэргээлт хэрхэн хийгддэг вэ?

Манай улсад 30.7 мянган га талбай эвдрэлд орсон байдаг ба үүний 94% нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэгдсэн бол 8 мянган га нь нөхөн сэргээгдэхгүй орхигдсон ажээ.

Хэн нөхөн сэргээх юм бэ?

Уул уурхай бол зөвхөн эрдэс баялгийг газар доороос малтаж гаргах биш билээ. Үүнээс гадна, уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа тухайн газар нутгийг олборлолт эхлэхээс өмнөх дүр төрхөд эргүүлэн аваачиж, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх нь уурхайн үүрэг болоод удаж буй. Гэвч хувь хүмүүс хууль бусаар, гар аргаар олборлолт хийсэн газрыг нөхөн сэргээх эзэнгүй болсноор БОАЖЯ томоохон уурхайн компаниудтай хамтран орхигдсон газруудыг нөхөн сэргээж буй ажээ.

Яаж нөхөн сэргээдэг вэ?

Үүний нэг жишээ нь, Оюу Толгой Сэлэнгэ аймгийн Ялбаг гол орчимд гар аргаар алт олборлогчид сүйтгэсэн 398.7 га газрыг нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээсэн нь юм. Тэд одоогоор техникийн нөхөн сэргээлтийг хийгээд буй ба үүний дараа биологийн нөхөн сэргээлт мөн хийгдэх шаардлагатай. Техникийн нөхөн сэргээлт нь эвдэрсэн газарт дүүргэлт хийх, тэгшлэх, шимт хөрсөөр хучихыг хэлэх бол биологийн нөхөн сэргээлт нь энгийнээр тухайн газрын экологийн онцлогт тааруулсан ургамал, мод тарихыг хэлдэг байна.

Ялбаг гол орчмыг хэрхэн нөхөн сэргээж буй ЭНД дарж үзээрэй.

  • Мэд: OpenAI-н дараагийн хөгжүүлэлт зураг уу? (Yahoo!Finance)

  • Оролц: Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр. (Сангийн яам)

  • Унш: Генетикийн өвчин vs AI. (MITTechnologyReview)

  • Ай хө: Их Британийн визний хураамж нэмэгдэнэ гэнэ ээ. (Euronews)

Reply

or to participate.