- Lemon Press
- Posts
- 🍂 Шинэ сар, Шинэ дарга
🍂 Шинэ сар, Шинэ дарга
Li Auto: EV-н ирээдүй | Айхтар ашигтай $BABA | БОНЗ-ын тайлан ба сорилт
POWERED BY
Хичээлийн шинэ жилийн мэнд! Энэ хичээлийн жил бүх түвшний боловсролын байгууллагад нийтдээ 1.3 сая суралцагч хамрагдах гэж байна. Эрдэм номд шамдан суралцах хүүхэд, залуус болон дараа зун хүртэл хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх эрэлхэг эцэг, эхчүүдэд амжилт хүсье. 💪🏼


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Ремикон (RMC) Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-тай 2024 оны 6-р сарын 11-ны өдөр байгуулсан зээлийн эрх нээх нэмэлт гэрээнийхээ хугацааг 12 сараар сунгалаа.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд нийт ₮123.6 тэрбумын, $50.7 мянгын арилжаа тус тус явагджээ. Үүнээс анхдагч зах зээлд ₮90.4 тэрбум, хоёрдогч зах зээлд ₮33.2 тэрбумын арилжаа явагдсан аж.
BOM: Монголбанк Германтай банкны салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхээр хамтран ажиллагааны санамж бичиг байгуулав.

🎙️ БОНЗ-ын тайлан: Компаниудын тулгарч буй шинэ сорилт

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаад байгаль орчин, нийгэм, эдийн засаглал (БОНЗ)-ын тайлагналтай холбоотой эрх зүйн зохицуулалтын талаарх Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Б.Анирмаагийн нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!
🛣️ Чиглэл хаашаа?
2022 онд 38 улсад ESG мэдээллийг бүхэлд нь болон аль нэгийг тайлагнах шаардлагыг тогтоосон бол 2024 онд энэ тоо 75-д хүрчээ. Мөн сүүлийн жилүүдэд БОНЗ-ын тайлагнал нь сайн дурынхаас заавал тайлагнах шинжтэй болж эхлэв.
🇲🇳 Ногоон бондын зохицуулалт бий болж ногоон, нийгмийн бондууд амжилттай санхүүжилт татаад байна. Мөн АХБ, ЕСБХБ-аас хөрөнгө оруулалт татсан компаниудыг харвал ихэнх нь нээлттэй ХК ба Монголын Хөрөнгиийн Биржид (MSE)-д БОНЗ-ын тайлангаа хүргүүлсэн аж.

👑 АН-ын даргын төлөөх тулаан

Хэд хоногийн турш олны анхаарлыг татаж, улс төрийн халуухан сэдэв байсан Ардчилсан нам (АН)-ын даргын төлөөх сонгууль Ням гарагт болж намын шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгогджээ.
📺 Сонгуулийн эргэн тойронд
АН-ын даргын төлөөх тулаанд тус намын О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Б.Отгонбат нар өрсөлдөж Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 62% буюу 196 саналыг О.Цогтгэрэл авч ялалт байгуулжээ. Сонгуулийн өмнө нэр дэвшигчид телевизийн шууд эфирээр “Эрх чөлөө-Эргэлтийн цаг” гэх сэдвийн дагуу мэтгэлцсэн нь Монголын улс төрд жишиг тогтоосон үйл явдал байлаа.
💰Босго зардал: Сонгуулийн зардлыг анх ₮408 саяар 2 нэр дэвшигч өрсөлдөхөөр тооцсон ч бодит байдал дээр 4 нэр дэвшигч бүртгүүлж, тус бүрээс ₮200 саяыг хураан төвлөрүүлжээ. Нэр дэвшигчдийн бүртгэл дууссаны дараа илүү гарсан мөнгийг нэр дэвшигчдэд буцаан олгосон аж.
🐝 Шинэхэн дарга
Эдийн засагч мэргэжилтэй тэрээр 2 удаа дараалан УИХ-д сонгогдсон бөгөөд ТЭСО Группийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Тэрээр “Шинэ Монголоо цуг бүтээнэ” уриатай мөрийн хөтөлбөрөөрөө хууль эрх зүй, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарт хийх шинэчлэлийг зөвхөн АН-ын хүчээр бий болгох боломжтой гэдгийг онцолжээ.
🛣️ Экс даргын замнал
АН-ын экс дарга Лу.Гантөмөр 2023 оноос хойш намаа удирдаж өнгөрсөн УИХ-ын сонгуулиас АН 42 суудал авахад жинтэй үүрэг гүйцэтгэсэн. Улмаар эвслийн ЗГ-т намаа нэгтгэж нэг жил орчмын хугацаанд ЗГ-ын Тэргүүн шадар сайдаар ажилласан ч ЗГ огцорсны дараахан намын даргаа албан тушаалаас буухаа мэдэгдэж ажлаа өгөөд байна.
Цаашид… Шинэхэн АН-ын дарга намаа ирэх 5 сонгуульд дараалан ялалт байгуулах амбицтай гэдгээ хэлээд амжсан. Мөн дахин хамтарсан ЗГ-т орохыг хувьдаа дэмжихгүй ч намын гишүүдийн олонхын шийдвэрийг дагахаа мэдэгджээ. Ирэх хугацаанд шинэхэн дарга намаа хэрхэн удирдах бол? 👀

⛏️ Энержи Ресурс ХХК болон MERA группийн 15 жилийн хамтрал. (MineProMongolia)
👨🏫 Багш нар орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдана. (GovernmentofMongolia)
🆘 Түргэн тусламжийн дуудлагын төвүүдэд зориулсан AI газар авч байна. (TechChrunch)
🪴 Гудамжны гэрлийн оронд өөрөөсөө гэрэлтдэг ургамал бүтээжээ. (ScienceAlert)

🧠 $BABA: Орлого сул ч айхтар ашигтай
BABA: Энэ оны эхний хагаст Alibaba-н орлого 2024 оны мөн үеэс ердөө 2% өсөж ¥247.7 тэрбумд хүрсэн ч цэвэр ашиг нь 78% нэмэгдэж ¥43.1 тэрбумд хүрчээ. Энэ нь Туркийн Trendyol платформыг худалдсан, AI тооцоолол сайжирсан зэргээс хамаарсан аж. Үүнтэй холбоотой өнгөрсөн Баасан гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 12.9% өсөж $135-т хүрч хаагдав.

🚘 Li Auto: EV-н ирээдүй

Ажил, амьдрал буцалсан намрын улирал эхэллээ. Гэснээс автомашин авах, солихоор төлөвлөж буй хэр олон хүн байна? Энэ онд Монголын зах зээлд нэвтэрсэн автомашинийг танилцуулъя.
🥊 Халуухан, ширүүхэн EV өрсөлдөөн
Сүүлийн 3 жилд Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид дотооддоо төдийгүй гадаадад ширүүхэн өрсөлдөж байна. Анхандаа бензиний хэрэг байхгүй цэнэглээд л явчихдаг автомашин унах нь мөрөөдөл байсан бол одоо холын ойрын зайнд, хосолсон хөдөлгүүртэй, цаг уурын нөхцөлд тэсвэртэй гэхчлэн сонголт олширсоор. Энэ дундаас Li Auto (LI) Хятадын дотоодын өрсөлдөөнд холын зайд унахад тохиромжтой гэдгээрээ зах зээлд амжилттай өрсөлдөх болсон.
🎩 ТОП-3: 2023 онд Li Auto-н борлуулалт өмнөх оноосоо 182% өсөж 376,000-д хүрч ¥30 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байжээ. Уг үзүүлэлтээрээ тухайн ондоо Tesla (TSLA) ба BYD (1211.HK)-н дараа Хятадын EV зах зээлд 3-рт эрэмбэлэгдэж байв. Компани өсөлтийн эрчээ алдалгүй явсаар өнгөрсөн онд борлуулалт нь 500,000-ыг даваад буй.
🔥 Амжилтын нууц EREV
Энэхүү амжилтад тус компанийн хөгжүүлсэн EREV (Extended Range Electric Vehicle) технологи буюу цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүрийн хослол бүхий шийдэл нөлөөлсөн юм. Уг хослолын тусламжтайгаар EV-н цэнэг дууссан ч түлшээр 500–800 км хүртэлх замыг туулах боломжтой гэх утгаараа EV-н цэнэг дуусаад хаа нэгтэй суух вий гэх хэрэглэгчдийн айдсыг төгс шийджээ. Хэдий түлш ашигладаг ч EREV уламжлалт автомашинаас 40%–60% бага CO₂ ялгаруулдаг аж.
👉🏻 Li Auto Монголд
Li Auto өнгөрсөн 3-р сараас Монголын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. Албан ёсны дистрибьютерээр нь Electric Motors Corporation (EMC) ажиллаж буй. EMC-н “showroom” дээр Li цувралд багтаж буй L6 L7, L8, L9 автомашинуудын танилцуулга явагдаж байгаа гэсэн шүү. Сонирхоорой.
Эцэст нь… Li Auto-н зөвхөн EV үйлдвэрлэгч байхаас гадна “цахилгаан + ухаалаг” автомашины экосистем рүү шилжиж буй технологийн компани. Мөн энэ оноос цэвэр BEV буюу зөвхөн батарейгаар явдаг EV болон автомат жолоодлогын системээ хэрэглээнд нэвтрүүлэхээ мэдэгдээд буй. Хятадын EV үйлдвэрлэгчдийн инновац, өрсөлдөөн ч жил ахих тусам ширүүсэж байна даа.

Ирэх онд Монгол Улс төсвийнхөө 10%-15%-ийг боловсролд зарцуулна. Энэ нь мөнгөн дүнгээр ₮4.8 их наяд аж. Тэгвэл сүүлийн 5 жилд ЗГ боловсролын салбарт нийт төсвийнхөө хэдэн %-ийг төсөвлөж ирснийг харцгаая. 📚
2020: 11.2%
2021: 10.6%
2022: 12.2%
2023: 13.5%
2024: 12.1%

⚡ Цахилгаан шат хүлээх зуур…

Та цахилгаан шат хүлээхэд дунджаар 30–60 секундийг зарцуулж байгаагаа анзаарсан уу? Энэ богино хугацаанд хараад өнгөрч буй сурталчилгааны хоногшилт 61% гэвэл итгэх үү?
📊 Үр дүнтэй сурталчилгаа
AdSpot-н Улаанбаатар хотын эдийн засгийн идэвхтэй 320 гаруй байршилд байрласан дэлгэцүүд өдөрт дунджаар 118,000 гаруй үзэгчдэд хүрдэг. Сурталчилгааны хоногшилт нь,
7 хоног: 38%
15 хоног: 43%
30 хоног: 61%
Үнийн хувьд, давтамж, сурталчилгаа байрших цагаас хамаараад том дэлгэцийнх нь өдрийн үнэ ₮500–₮800, жижиг дэлгэцийнх нь ₮250–₮400 байдаг аж.
Эцэст нь… Хэрэглэгчидтэйгээ илүү ойртож, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг хийхээр сонирхоод үзээрэй. Сонирхолтой нь цахилгаан шатны ойролцоох зар сурталчилгааг үзсэн хүмүүсийн худалдан авалт, үйлчилгээ захиалах хувь нь уламжлалт сурталчилгааныхаас 40% илүү байдаг аж.


МУЕТГ
🍋 Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 296 оюутан гадаад улсыг зорилоо. Энэ жил 15 улсын их дээд сургуульд МУИС, ШУТИС-д бэлтгэгдсэн 296 оюутан суралцах ба өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд 758 оюутан дэлхийн 19 орны их сургуульд суралцаж байна.
🍋 Энэтхэгийн үүрэн холбооны хамгийн том оператор Jio ирэх жилийн эхээр IPO хийнэ. Компанийн 66.5%-ийн эзэмшдэг тус улсын тэргүүн баян Мукеш Амбани Jio-г IPO хийх төлөвлөгөөтэй гэдгээ зарлажээ. Компанийн хувьд 2016 онд үйл ажиллагаа эхлүүлж өдгөө 500 сая хэрэглэгчтэй болж өргөжөөд байна.
🍋 Mongolian Mining Corporation (0975.HK)-н орлого энэ оны эхний хагас жилд мөн үеэс 35.9% буурч $346.6 саяд хүрчээ. Тайлант хугацаанд борлуулсан нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй адил буюу 4.2 сая тн байсан ч зах зээл дээр нүүрсний үнэ буурсан нь борлуулалт буурах томоохон шалтгаан болжээ.
🍋 Өнгөрсөн II улиралд Америкийн эдийн засаг шинжээчдийн таамгийг эвдэж 3.3% өслөө. Америкийн ДНБ өнгөрсөн II улиралд 3.3% тэлсэнд бизнесийн хөрөнгө оруулалт 5.7% өссөн болон дотоодын нийт орлого 4.8% нэмэгдсэн нь жинтэй нөлөө үзүүлсэн аж.

Даваа: Америк болон Канадад Хөдөлмөрчдийн өдөр тохиох тул биржүүд амарна.
Мягмар: Европын Холбооны өнгөрсөн сарын инфляц гарна.
Лхагва: Америкийн ипотекийн зах зээлийн индекс зарлагдана.
Пүрэв: 7-р сарын төлбөрийн тэнцлийн сарын статистик гарна.
Баасан: Америкт ажилгүйдэл хэр газар авав?


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply