- Lemon Press
- Posts
- 🗿 Суу, муу! 39.9%-тай “F”
🗿 Суу, муу! 39.9%-тай “F”
Хүннү Эйр Узбекистан руу ниснэ | FIBA 3x3 Монголд анх удаа | $TSLA-н даруухан амжилт
POWERED BY
Morning! Төрийн ордонд ч цахилгааны саатал учруулаад амжсан өчигдрийн бороо зүгээр л эхлэл байсан байна шүү. Энэ сарын 26, 27 болон 7 сарын 1-ний өдөр дуу цахилгаантай аадар бороо орно гэнэ. Үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээ авахгүй бол горьгүй нь шүү. ⛈️


*Нэг өдрийн өөрчлөлт.
MOC: Хүннү Эйр компани Улаанбаатар-Ташкент-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлддэг болно.
OIL: Америк Иранд цохилт өгсний дараа WTI маркийн газрын тосны үнэ 2% өсөж, баррель нь $75, болон Brent маркийнх мөн 2% гаруй хувь өсөж $78.5-т хүрлээ.
MPP: УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдож, ирэх 9-р сард намын их хурлаа зохион байгуулж намын даргаа тодруулахаар болов.
RIO: Fitch Ratings агентлаг Rio Tinto-н зээлжих зэрэглэлийг “A/Тогтвортой” түвшинд хэвээр үлдээлээ.

🗿 Суу, муу! 39.9%-тай “F”
Ерөнхий боловсролын чанар жилээс жилд сайжирч байх ёстой. Гэтэл элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн арай өөрийг л хэлээд байна даа.
🤏 Чимх мэдээлэл: Энэ жил 43.3 мянган шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлсний 99.2% нь энэ жилийн 12-р ангийн төгсөгчид. Төгсөгчдийн нийслэл, орон нутгийн тооны харьцаа бараг тэнцүү аж. Уг нь энэ жилийн математикийн ЭЕШ-ыг нээлттэй тавигдсан 1,000 бодлогоос авна гэж зарласан.
📌 Гол 10 хичээлээс ердөө 2
Одоогоос 5 жилийн өмнө 2020 онд Математик, Физик, Хими гэх мэт ЭБС-д ордог гол 10 хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо улсын хэмжээнд 100 байхаас 44.2 байв. Гэтэл энэ жилийн хувьд энэ оноо 40 ч хүрэхгүй буюу 39.9 болжээ, хорвоо гэж. Уг 10 хичээлээс Хими болон Газарзүйн хичээлийн оноо л сайжирч үлдсэн 8 хичээлийн дундаж оноо цөм буурчээ. Гэхдээ химийн ЭЕШ-ын дундаж оноо нэмэгдээд нэмэгдээд сүүлээсээ 2-т эрэмбэлэгдэж байна.
🙏 Нийгмийг авраач: Уг хичээлүүд дундаас Математикийн улсын дундаж оноо 100 байхаас хамгийн бага буюу ердөө 19 байна. Харин нийгэм судлал хичээлийн дундаж оноо сүүлийн 5 жилд хамгийн ихээр буюу 19 оноогоор буурч 36 болсон аж. Харамсалтай яа.
🧐 Өсдөггүй ээ хө: Дийлэнх хичээлүүдийн ЭЕШ-ын дүн сүүлийн 5 жилийн хугацаанд буурсан харагдаж байгаа ч бага зэрэг өссөн жилүүд ч бий. Харин англи хэлний ЭЕШ-ын дундаж оноо 3 жил дараалан яг байрандаа байсаар.
🔖 Аймгийн ялгаа
Математикийн ЭЕШ-ын дундаж оноогоор Өвөрхангай болон Дундговь аймаг 22 оноогоор тэргүүлсэн бол Улаанбаатарынх улсын дундажтай адил буюу 19. Харин англи хэлний хувьд Дархан-Уул аймгийн дундаж оноо 39-т хүрч тэргүүлсэн байна.
📌 Энэ жилийн онцлог: Одоогоос 2 жилийн өмнө математик, хими, физик зэрэг шинжлэх ухааны хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо бусад хичээлийнхээс хамаагүй бага байв. Энэ жилийн хувьд математик болон химийнх хамгийн бага хэвээр байгаа ч физикийн ЭЕШ-ын дундаж оноо харьцангуй сайжирсныг дурдах нь зүй.
800 🆚 100
Жил бүрийн ЭЕШ-ын хэмжээст оноо буюу тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон бүсийн шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж тооцсон 800 оноогоор харвал өсөөд ч байгаа юм шиг харагдана. Гэвч үнэн хэрэгтээ хичээл тус бүрийн жинхэнэ гүйцэтгэл буюу 100 онооны дундаж буурч 800 онооны "чанар" доройтсоор байна.

🚕 $TSLA-н даруухан амжилт
TSLA: Tesla-н олон жилийн мөрөөдөл биелж, робот такси нь Остин хотын замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Энэ нь робот такси бүтээх талаар 10 гаруй жил ярьсан Илон Маск болон $TSLA-н хувьд түүхэн үйл явдал хэдий ч нүсэр арга хэмжээ зохиохын оронд мэдэгдэл гаргаж даруухан гэгч нь робот таксигаа зах зээлд нэвтрүүлэв. Үүний өмнөхөн Техас муж жолоочгүй тээврийн хэрэгслийг зөвшөөрөх хуулийг баталсан бөгөөд ирэх 9 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Тэр болтол хэрэглэгчид хязгаарлагдмал байдлаар ашиглах юм байна.

🧽 Улаанбаатар дахь нийт үйлдвэрүүдийн 70% нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй… (ХББОСЯ)
🚘 Цахилгаан автомашиныг моодонд оруулсан Хятадын туршлага. (BBC)
🌌 Базарваань, хүн, амьтны шарилыг сансарт аваачин оршуулах үйлчилгээ байна. (Space)
🦋 Хүн төрөлхтний хэл, бичгийн хэлбэрт AI хэрхэн нөлөөлж байна вэ? (TheVerge)

🏆 Их спортын 7 хоног
Даваа гаргийн үүр цүүрээр спортын хорхойтнуудын цусыг хөөргөсөн Austin Major болон NBA финалын гал гарсан халуухан тоглолтууд зохиогдож, эцэст нь нэг юм өндөрлөлөө. Залгуулаад FIBA 3x3 дэлхийн аварга Улаанбаатар хотноо эхэлж байна.
📅 FIBA 3x3 өчигдрөөс эхлэн ирэх Ням гараг хүртэл буюу 6 сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ жил аваргын төлөө 40 орны баг буюу хүйс тус бүрд 20 багийн тамирчид Улаанбаатарт цуглаад буй.
👶🏻 FIBA 3x3 Монголд анх удаа
Монгол анх удаагаа олимпын спортын төрлийн ДАШТ болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа төдийгүй тус тэмцээн Азид 9 жилийн дараа зохиогдож байгаа билээ. Тэмцээний үеэр 700 гаруй олон улсын зочид, төлөөлөгчид ирэх төлөвтэй байгаагийн хажуугаар тэмцээнийг биечлэн үзэхээр ирж буй жуулчид, цахимаар үзэх үзэгчдийн тоог нэмбэл овоо дүн гарах буй за.
💸 Үр шим: Товчхондоо FIBA 3х3-г зохион байгуулахын тулд лицензийн төлбөр төлдөг бөгөөд 2023 онд Хонконг тэмцээн зохиох нийт зардал $2.5 сая болох тул зохиох эрхээсээ татгалзаж ч байв.
😎 Харин Монгол шиг олон улсад өөрсдийгөө сурталчлахын хүслэн болсон улсын хувьд олимпын төрөлд багтах спортын ДАШТ гэх утгаараа спортын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, улсынхаа брэндинг хийхээс эхлээд наалдацтай зүйлс ихтэй байх нь лавтай.
🫂 Монгол х 3x3-н түүх
2017 оноос эхлэн Монголд FIBA 3x3-н Азийн аварга, U18, U23 ДАШТ гэхчлэн хэсгийн 12 гаруй тоглолтууд зохиогдож байсан. Энэ ч утгаараа тус төрөл сүүлийн жилүүдэд монголчуудын тогтож үзэх дуртай тоглолтуудын нэг болон өргөжиж байгаа. Баг тамирчдын хувьд ч бүс нутагтаа 2-рт, дэлхийд 7-р байрын чансаатай буюу маш амжилттай явдаг.
💯 Оноолт: Энэ удаагийн ДАШТ дахь Монголын эхний тоглолт өчигдөр эрэгтэй багийн 2 тоглолтоор эхэлсэн бол өнөөдөр эмэгтэй баг маань Бразил, Испанийн багтай тоглоно.
Эцэст нь… Монголын спортын төрлүүдээс eSport болон сагсан бөмбөг нэг байтугай шат ахиж, шинэ үеийн түүхээ бичиж буй. Тоглолт талаасаа ч бизнес талаасаа ч үзүүштэй, сонсууштай мэдээ олшрох болов. Бусад спортын төрлүүд маань ч мөн адил өөрийн цаг үе, хурдаар хөгжих биз ээ.

Excel дээрх баганын дагуу дараалсан өгөгдлүүдийг автоматаар нэмэх “Autosum” аргыг сурцгаая.
Эхлээд A1:A10 багана өгөгдсөн байна. Эндээс тус баганын нийлбэрийг тооцоолохдоо A11 нүд рүү очоод Windows ашигладаг бол “Alt + =”, Mac ашигладаг бол “Command + Shift + T” дарахад =SUM(A1:A10) томьёо автоматаар үүсэх нь.
Хэрэв нэгэн зэрэг хэд хэдэн баганын нийлбэрийг тооцох бол тус багануудыг хамтад нь идэвхжүүлээрэй. Жишээ нь, A1:A10 болон B1:B10 багана өгөгдсөн бол A1:B10 хүртэл идэвхжүүлээд дээрх үйлдлийг хийхэд болох юм.

🌲🏡 Ногоон хөгжлийг цогцлооё
Гялс бүртгүүлэхгүй бол хоцрох нь байна. Юунд вэ гэж үү? Treelings модны бүртгэлийн системээр дамжуулан Playtime Festival-н талбайд 150 мод тарих боломж олгож байгаа гэнэ шүү. 📢
Treelings нь Playtime Festival-тай 2 дахь жилдээ хамтран тогтвортой ногоон хөгжлийг дэмжин ажиллаж буй.
Мод тарья л даа. Гэхдээ яаж?
📲 Эхлээд Treelings апп-ийг татаад хаягаа нээгээрэй.
👆 Нэвтэрснийхээ дараа “Playtime хүрээлэн” төслийг сонгоод бүртгүүлэх товч дээр дараад урьдчилсан бүртгэл хийгдэх нь. За тэгээд Playtime-д очоод өөрийн тарьсан хөөрхөн модтойгоо зургаа даруулах нь байна шүү дээ. 🫶
Гэснээс Treelings нь Playtime хүрээлэнд тариад буй 58 мянган модыг бүртгэж ургалтыг хянахаар ажиллаж байгаа бөгөөд цаашлаад 60 төрөл зүйлийн 1 сая модыг 50 га талбайд тарьж ургуулах зорилт тавьсан ажээ.

KED Global
🍋 SK групп болон Amazon (AMZN) хамтран Өмнөд Солонгост $5.1 тэрбумаар 100 МВт-ын хүчин чадалтай дата төв барина. Дата төв нь 2029 он гэхэд бүрэн ашиглалтад орох бөгөөд санхүүжилтийн 78% буюу $4 тэрбумыг Amazon гаргахаар төлөвлөжээ. Энэ төсөл нь компаниудын чип үйлдвэрлэл, AI салбарт хамтран ажиллах 15 жилийн стратегийн түншлэлийн 1 хэсэг юм.
🍋 Ноолуурын санхүүжилтийг векселиэр баталгаажуулах боломжтой болов. Тодруулбал, Голомт банк (GLMT) болон Говь ХК (GOV); ХААН Банк (KHAN) болон Ханбогд кашмер ХХК хоорондоо тус тус ₮7 тэрбумын векселийн санхүүжилтийн гэрээ үзэглэжээ. Ингэснээр ноолуурын санхүүжилтийн эх үүсвэрийг векселиэр баталгаажуулах, мөнгөжүүлэх, эргэн төлүүлэхэд талуудын хоорондох харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэж буй.
🍋 Технологийн луугарууд Perplexity-г худалдан авах санал тавьж байна. Үүнд Google (GOOG)-н үндсэн хайлтын систем болохын тулд жил бүр хэдэн тэрбум $ цутгадаг Apple (AAPL), Meta (META) тэргүүтэй компаниуд багтана. Тэдний үзэж буйгаар Google Yahoo-г халсан шиг, Perplexity Google-г орлох нь цаг хугацааны асуудал аж. Perplexity нь Google-г технологиор бус, хэрэглэгчийн туршлага талаас орлох магадлалтай гэнэ.
🍋 Ховд-Увс хоорондын 163.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхлэв. Тус зам нь Оросын Хандгайтаас Хятадын Такашикэн боомт хүртэл холбох авто замын хэсэг бөгөөд 2028 он гэхэд ашиглалтад орох аж. Төслийг Longjian Road & Bridge (600853.SS) гүйцэтгэж АХБ-ны $55 саяын санхүүжилтийг зарцуулах бол техник, технологийн хяналтын зөвлөхөөр Rodic Consultants болон Монголын Эн Би Си Си ХХК ажиллах аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply