• Lemon Press
  • Posts
  • ⚠️ Дотоод арилжаа нэмэгдэв

⚠️ Дотоод арилжаа нэмэгдэв

Хөрөнгийн зах зээлийн H1 | М&A хагас жил | Баффетын хандив

POWERED BY

Зээ! Монголын баяр наадмын болон их амралтын сар албан ёсоор эхэллээ. Энэ жил наадмын үеэр шаардлага хангаагүй хоол, үйлчилгээг хориглох талаар яригдаж байна. Үүнд тэргэл сар лугаа нүхтэй наадмын хуушуурын мах, наадамчдын аюулгүй байдалд заналхийлж болох дартс тоглоом багтаад буй. Тайван сайхан аюулгүй л наадамлах нь байна шүү. 😂

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Эдийн засгийн байнгын хороо “Алт-3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжлээ.

MSE: Тавантолгой (TTL)-н ТУЗ Гүйцэтгэх захирал Ч.Гүнждагвын эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо хуралдааны дэгээ шинэчилж, сар бүрийн 2 болон 4 дэх 7 хоногийн Пүрэв гарагт хуралдахаар болов

⛱️ ТОП-20 эхний хагас жилд

Нар нэгэнт буцаж, наадмын амралт эхлэхэд 9 хоног үлдсэн нь 2025 оны эхний хагас жил дууссаны дохио юм. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчид маань хэр ашиг орлоготой байв? 

🏜️ Ерөнхийдөө гандуу 

Хөрөнгийн зах зээлийн толь болсон ТОП-20 индекс оны эхнээс 4.3% буурч 49,246.2 нэгжид хүрээд байна. Зуншлагаар бол зах зээл ерөнхий гандуу байгааг харж болох ба ТОП-20 компанийн дийлэнх буюу 16 компанийнх нь хувьцааны үнэ дунджаар 9% унажээ. Задлаад харвал, 

  • 🔻 Огцом уналт: Хувьцааны үнэ буурсан 16 компанийг Монголын Хөрөнгийн Бирж (MSE) 25.2%-ийн уналтаар тэргүүлж, араас нь Тавантолгой (TTL) 22.5%, Голомт банк (GLMT) 17.4% тус тус унаад байна. 

  • 🪓 Улаан өдөр: Он гарснаас хойш хамгийн улаан өдөр 4 сарын 9-нд тохиосон бөгөөд тухайн өдөр ТОП-20 индексэд багтах 3 компанийн хувьцааны үнэ дунджаар 13.3% тус тус буурчээ. Үүнээс шалтгаалан ТОП-20 индекс оны эхнээс 10% буурч 46,334.9 нэгжид хүрсэн аж. 

🌱 Зуншлага сайтай 4

Өнгөрсөн 4-р сард ТОП-20 компаниас 4-ийх нь хувьцааны үнэ өссөн байлаа. Үүнээс 2 сарын дараа өсөлттэй компанийн тоо өөрчлөгдөөгүй ч зарим компанийн байр солигджээ. Тухайлбал, оны эхнээс Мандал даатгал (MNDL) 13% өсөж ₮79.9-т, Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) 7.9% нэмэгдэж ₮3015-т тус тус хүрсэн аж. Харин ХасБанк (XAC)-ны нэгж хувьцааны үнэ оны эхнээс 2.9% ихсэж ₮849.9-т хүрээд байна.

  • 💥 Өсөлтөөр цойлов: Хүнсний салбарын Б.Гантулга захирлаар удирдуулсан Сүү (SUU)-ны нэгж хувьцааны үнэ 54% өсөж ₮680-т хүрээд байна. Тэрээр 2023 оны 11 сард ажлаа хүлээн авсан бөгөөд түүнээс хойш компанийн хувьцааны үнэ 86.6% нэмэгджээ.     

Дүгнэхэд… Энэ оны эхний хагас жилд ТОП-20 компанийн хувьцааны тухайд зуншлага гандуу ч цөөн хэдэн компаниудад сайхан зун болж байна. Наадмын дараа намар гэдэг шиг 2025 он дуусахад 183 өдөр, яг харвал ажлын ердөө 118 өдөр үлджээ. Үлдсэн хугацаанд ТОП-20 компанийн хувьцааны үнэд ямар өөрчлөлт гарах бол? 🤔

⚠️ Дотоод арилжаа нэмэгдэв

NVDA: Nvidia-н дотоод арилжаа нэмэгдэж, хөрөнгө оруулагчид сүүлийн 1 жилд $1 тэрбумын үнэ бүхий хувьцаагаа заржээ. Тэд зөвхөн өнгөрсөн сард гэхэд $500 сая дүн бүхий хувьцаагаа зарсан байна. Тэртээ 3-р сард Женсен Хуанг жилийн эцэс хүртэл нийт 6 сая ширхэг хувьцаагаа зарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, үүний хүрээнд өөрийн 6-р сард гэхэд $45 саяын дүн бүхий хувьцаагаа зарсан аж. Дотоод арилжаа эрчимжиж байгаад компанийн нэгж хувьцааны үнэ $150-ыг давах болсон нь голлон нөлөөлжээ. 

  • 🦯 Монгол залуус харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан апп хөгжүүлж. (Gogo)

  • 👕 Хувцас худалдан авахдаа дэлгүүрт очиж өмсөж үзэх шаардлагагүй шүү. (QZ)

  • 🌀 Дэлхийн санхүүгийн системд гүн гүнзгий ангал үүсэх үү? (EconomicTimes)

  • 🧩 Зүүн Азийн орнуудаас туршлага судалж дээд боловсролын салбартаа AI нэвтрүүлнэ гэнэ. (БоловсролынЯам)

🤝 M&A хагас жил

Худалдааны дайнаас үүдэлтэй тогтворгүй байдал, бодлогын хүүгийн өсөлт гэхчлэн хаашаа ч хөлбөрч мэдэх зах зээлийн шуурга нэгдэх хэлцэл (M&A)-ийн зах зээлд шинэ боломж авчрав. 

☀️ Зах зээлийн төлөв: Өөдрөг

Энэ оны эхний 6 сард дэлхий даяар хийгдсэн нэгдэх хэлцлийн тоо 14.8% буурч 17,528-д хүрэв. Хэдий хэлцлийн тоо буурсан ч $10 тэрбумаас дээш дүнтэй хэлцлийн тоо 62% нэмэгдэж, нийт дүн нь өнгөрсөн оны мөн үеэс 26% өсөн $2.1 их наядад очсон аж. Нийт хэлцлийн дийлэнх нь Хойд Америкийн зах зээлд хийгдэж, тус тивийн хэлцлийн дүн 17% өсөн $1 их наядад хүрсэн бол Азийн зах зээл огцом сэргэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 116.3% өсөж $583.9 тэрбум болоод байна. 

  • 😮‍💨 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлт банкируудын төсөөлж байснаас сул байсан ч зах зээлийн эвгүй мөчлөг дуусаж, оны сүүлийн хагаст нэгдэх хэлцэл эрчимжих төлөвтэй байгаа талаар шивэр авир хийх болов. 

  • 😱 Учир нь Трампын тарифын үүсгэсэн тодорхойгүй байдал хүзүү сээрээ холбохоор төлөвлөсөн хөрөнгө оруулагчдын 32%-ийнх нь төлөвлөгөөг хойшлоход хүргэсэн гэдэг. Үүний сацуу технологийн титануудын өсөн нэмэгдэх AI аппетит ч үүнд асар ихээр нөлөөлж буй. 

Азийн сэргэлт

Эргээд Азийн зах зээл рүү ороход, өдгөө тус тивийн нэгдэх хэлцэл дэлхийн нийт хэлцлийн 27.2%-ийг бүрдүүлэх болжээ. Энэ өсөлтийн тэргүүн магнайд Хятад, Япон цохиж яваа. Энэ дундаа Ази, номхон далайн бүсийн идэвхжил нэмэгдэж, 6-р сард Toyota Motor (7203.T) ханган нийлүүлэгчээ $33 тэрбумаар худалдан авахаа зарласан бол ADNOC-н тэргүүлсэн консорциум Австралийн газрын тос үйлдвэрлэгч Santos-г (STO.AX) $18.7 тэрбумаар бүхэлд нь бэлэн мөнгөөр худалдан авч бааварлаж байв. 

  • 🗣️ Бяцхан шивнээ: Цаашид ч, тус тивийн бизнесүүд барууны орнуудтай гэхээсээ илүүтэй тив дотроо нэгдэн нийлэх нь ихсэх төлөвтэй.  

Эцэст нь… Нэгдэх хэлцлээс давж Азийн зах зээл ер нь л шажигнасаар оны төгсгөлд юм дуулгах шинжтэй. Харин Америкийн хувьд хэдий тарифын асуудал дөнгө тушаа болж байгаа ч Трамп монополын зохицуулалтаа сулруулах магадлал өндөр байгаа нь бизнесүүдэд томоохон боломж олгоно гэх найдварыг төрүүлээстэй. 

Excel дээр дэлгэцэд багтаж харагдахгүй хэт том өгөгдөл дээр нэгэн зэрэг хэд хэдэн хэсгүүдтэй ажиллах шаардлага гардаг даа, энэ тохиолдолд 2 өөр цонх үүсгэн харах арга хуваалцъя. 👇

  • Эхлээд үндсэн цэсээс View➡️Window➡️New Window дарж 2 цонх нээнэ. 

  • Дараа нь, Arrange All➡️Tiled, Horizontal, Vertical, Cascade зэрэг цэсээс цонхнуудаа ямар хэлбэрээр байршуулахаа сонгоод болох нь. 

🔗 ЭНД дарж дэлгэрэнгүй бичлэгээр үзээрэй.

The Telegraph

🍋 Уоррен Баффет Berkshire Hathaway (BRK-B)-н Class B ангиллын $6 тэрбумын хувьцааг 5 буяны санд хандивлана. Хамгийн их хувь буюу нийт хувьцааны 75.8%-ийг Bill & Melinda Gates сан хүлээн авах бол үлдсэн хувийг Susan Thompson Buffett, Sherwood, Howard G. Buffett, NoVo нар хүртэх нь. Ингэснээр түүний сүүлийн 20 жилд хандивласан нийт хувьцааны дүн $60 тэрбум болж буй. 

🍋 Баруун-Урт-Бичигт чиглэлд 152 км хатуу хучилттай авто зам барих бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Замын км тутмыг ₮2.1 тэрбумаар буюу нийт ₮319.2 тэрбумаар “Монгол зам групп” барих бөгөөд 2027 он гэхэд ашиглалтад орох нь. Тус замаар дамжин Монгол Улс Хятадын Тяньжин, Жинзоу, Далианаар ЗХА-ийн улсуудтай худалдаа хийх боломж бүрдэх аж. 

🍋 Chuang's Consortium (0367.HK) Монгол дахь “International Financial Centre” оффисын барилгаа HK$256.7 саяар худалджээ. Барилгыг хэн худалдан авсан нь тодорхойгүй бөгөөд бие даасан гуравдагч этгээд хэмээн тодорхойлж буй. Хэлцлийн дүнд компани HK$254 саяын орлого олж, HK$25.8 саяын цэвэр ашигтай үлдсэн байна. Сонирхуулахад, Chuang's Consortium Монголд Edelweiss Residence болон Sāv Plaza-г эзэмшдэг. 

🍋 ЭЗХЯ Евразийн Эдийн Засгийн Холбоотой “Худалдааны түр хэлэлцээр”-т хүрэв. Хэлэлцээрийн үр дүнд дизель түлш, керосин, мазут, тослох  материалын гаалийн 5%-ийн татвар болон 29 төрлийн мах, махан бүтээгдэхүүн, арьс ширний 60, ноос ноолуурын 204, ХАА-н гаралтай 65 төрлийн бараа бүтээгдэхүүний 15%-20%-ийн татвар тус тус тэглэгдэж буй. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.