- Lemon Press
- Posts
- 🏙️ Азийн цагаан дагинын 386 жил
🏙️ Азийн цагаан дагинын 386 жил
Метро барих амархан уу? | $KHAN: Анхдагч боллоо | $ETT-н шинэ захирал
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Монголд 5 хүн тутмын 4 нь санхүүгийн залиланд өртөж, энэ төрлийн гэмт хэргийн 85% нь цахим орчинд үйлдэгдэж байна. Цахим орчинд хийж буй 1 товшилтыг ч анхаарч байхгүй бол олон төрлийн залилан газар авч байна шүү. Анхаарал, болгоомжтой, давхар нягталж байгаарай. 🔎


*Нэг өдрийн өөрчлөлт.
BODI: Бодь Даатгал ХК-ийн засаглалын кодекс хэрэгжилт энэ оны хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгж хувиар өсөж 97.2%-тай үнэлэгдлээ.
ETT: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ өнгөрсөн 7 хоногт хуралдаж, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилов.
MOHS: Эмч, эмнэлгийн ажилтны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг боловсруулж, ЗГ-ын хуралдаанд оруулна. Тус салбарын үндсэн цалинг ₮3.5 сая болгоход ₮1.3 их наяд шаардлагатай.

🥳 УБ хот ба 386 жилийн ой

Өнөөдөр Азийн цагаан дагина Улаанбаатар хот байгуулагдсаны 386 жилийн ой тохиож байна. Манай хот юу туулж, юу бүтээв ээ?
🌞 Сайхан зүйлс
Монголын эдийн засгийн төв цэг УБ хот нь ДНБ-ий 64.6% буюу ₮24.2 их наядыг бүрдүүлдэг. Энэ утгаараа тэнгэр баганадахгүй ч цөөнгүй өндөр барилгатай, олон улсын сүлжээ буудалтай ч болжээ. Мөн технологийн салбарыг түүчээлж буй финтекүүд, стартапууд ч олширч эхэлж. За тэгээд хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламж тэр тусмаа замын бордюртай ярих юмгүй биз ээ.
🌚 Сайртай түүх
УБ хотыг 1950-1980-аад онуудад 300-500 мянган хүн оршин суухаар төлөвлөж бүтээн байгуулалт хийж байв. Харин өнөөдөр Монголын газар нутгийн ердөө 0.3%-ийг эзэлдэг энэ хотод 1.7 сая хүн амьдарч байна. Үүнээс шалтгаалж утаа, түгжрэл, орчны бохирдол гэх мэт олон асуудал урган гарах аж. Эдгээр асуудлыг шийдэхэд төр засгийн оролцоо ус агаар мэт дутагдсаар олон жил болжээ.
💔 Хотын даргын суудал: Өнгөрсөн хугацаанд УБ хотыг удирдсан 34 хотын даргын дундаж ажилласан хугацаа 2.7 жил аж. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 13 хотын дарга сонгогдож, олны хүндлэлийг хүлээсэн нь өдрийг од шиг ховор билээ. Хотын даргыг сонгуулиар сонгохыг иргэд дэмждэг ч дорвитой өөрчлөлт гарах нь тун эргэлзээтэй.
🚆 24 мега төсөл: Ирэх 2028 он хүртэл УБ хотыг хөгжүүлэх 24 мега төсөл танилцуулагдсан. Үүнд олон жилийн мөрөөдөл болоод буй Метроноос эхлээд олон улсын зочид буудал гэх мэт төслүүд багтсан ба эхний ээлжид ирэх онд ₮10.9 их наядаар УБ хотыг хөгжүүлэхээр төсөвлөөд байна.
Эцэст нь… Дөрвөн уулын дунд оршин тогтнох УБ хот маань шороо, тоос, утаа униар, хий хоосон амлалт гээд олон асуудалтайгаар олон жилийн нүүрийг үзлээ. Сайнтай, муутай ч цаг хугацааны урсгалд УБ хот хөгжинө гэдэгт итгэж байна. 🫂

🦸 МАН-ын дотоод асуудлыг шийдэх мөрөөдлийн баг. (Ikon)
🌐 Wikipedia өрсөлдөгчтэй боллоо. (Hypebeast)
⚛️ Физикийн хичээлд 1 бүлэг шинээр нэгээр нэмэгдэх нь дээ. (Gadgets360)
🪪 Америкийн гадаад пасспортууд дижитал хэлбэртэй болно. (Technology)

1️⃣ $KHAN: Анхдагч ХК боллоо
KHAN: ХААН Банк Их Британийн FTSE Russell-н Frontier Market индексэд багтсан анхны Монгол компани болжээ. Уг индексэд компаниудын санхүүгийн байдал, зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, удирдлага зэрэг олон үзүүлэлтийг хардаг ба Монголоос анх удаа $KHAN FTSE Russell-н Frontier Mid болон Large/ Mid ангилалд багтсан нь үйл явдал аж. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 11.4%, 2024 оны мөн үеэс 26.6% тус тус өсөж ₮1,282-т хүрээд байна.

Монгол 🆚 Нью-Йорк: Метроны төлөвлөгөө

Нью-Йорк хотын хойд захуудыг хотын төвтэй буюу “Penn Station” гал тэрэгний буудалтай холбох төслийн бүтээн байгуулалт 3 жилээр хойшилжээ. Танил мэдээ…
🐂🎯 Хамгийн том төсөл
Нью-Йорк хотод ийм хэмжээний төсөл сүүлийн 10 жил хэрэгжээгүй бөгөөд нийт $2.9 тэрбумын өртөгтэй аж. Гол асуудал нь Metro North өрсөлдөгч Amtrak-н “Penn Station”-н зам дагуу 4 буудал барихаар төлөвлөсөн ч бүтээн байгуулалтын ажил нь удаашралтай байгаа аж.
🧱 Гол саад: Учир нь төсөл эхэлсэн жил болох 2023 оноос хойших 2 жилд Amtrak Metro North-д 48 амралтын өдөр засварын ажил хийх боломж олгох ёстой байсан ч ердөө 7-г л зөвшөөрсний улмаас зам холболтын ажил удааширчээ. Бүтээн байгуулалтын ажил сунжирч буйтай холбоотойгоор төслийн өртөг хэдийнээ $11 тэрбумыг давчихсан яваа.
Угтаа тус төсөл амжилттай хэрэгжсэнээр Бронкс мужийн 500,000 гаруй оршин суугчдын нийтийн тээврийн асуудлыг шийдэх юм.
🤨 Метро барих амархан уу?
Нью-Йорк хот галт тэрэгний шугам, сүлжээ, төлөвлөлтөөрөө алдартай. Тэдний кейсээс харахад, хэдийнээ байгаа галт тэрэгний шугамуудыг холбоход л 4 жилийг зарцуулна гээд төлөвлөдөг байхад Улаанбаатар хот 4 жилийн дотор бүхэл бүтэн метроны системээ босгох зорилт тавьсан. Метро барих дундаж хугацаа нь дэлхийд 8–15 жил байдаг бол манайх хангалттай метроны системтэй болоод, метрондоо суугаад явах хугацааг хий дэмий ярьж өнгөрүүлжээ.
Мэнд үү? Өнгөрсөн 7-р сард Монголын эдийн засгийн чуулганы үеэр метроны төсөлд Их Британитай хамтран ажиллахаар болж, талууд ёслол төгөлдөр санамж бичиг байгуулсан. Амласан 4 жилийнх нь хагас урсаад өнгөрлөө. Бэлтгэл ажлууд нь юу болж байдаг юм бол доо…

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэДайн дээр дажин гэгчээр Улаанбаатарынхан шатахууны дараалалд зогсохын зэрэгцээ түлш авахад царцаа, шоргоолж хоёрын үлгэр шиг хөл толгой нь мэдэгдэхгүй журам мөрдөж байгаа сурагтай. Хэрэв та түлш хэрэглэдэг бол нөхцөл байдал хэр байна даа? |


🍋 Novartis (NVS) Avidity Biosciences (RNA) биотехнологийн компанийг $12 тэрбумаар худалдан авна. Хэлцлийн дагуу $NVS нь $RNA-н хувьцаа эзэмшигчдэд өнгөрсөн Баасан гаргийн хаалтын үнээс 46% өндөр буюу хувьцаа тутамд $72 бэлэн мөнгөөр төлөх юм. $RNA-н хувьд эмийг булчин руу хүргэх хамгийн үр дүнтэй арга, технологи болон генийн үйл ажиллагааг зохицуулж өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн.
🍋 “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд нийт 3,000 гаруй ААН ₮1.2 их наядын зээл авчээ. Хөдөлгөөний хүрээнд мах, сүү, гурил гэхчлэн гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн бөгөөд өдгөө 53 хүнсний үйлдвэр ашиглалтад орж байгаа гэнэ. Онцолбол, Түмэн шувуут ХК (TUM) “Шувуу-3” үйлдвэрээ ашиглалтад оруулахаар зэхэж буй.
🍋 Америк, Япон ГХЭ-ийн нийлүүлэлтийн сүлжээг харилцан дэмжихээр тохиролцлоо. Энэ хүрээнд талууд ЭЗ-ийн бодлого болон хөрөнгө оруулалтаа уялдуулах замаар тус салбарын ил тод, шударга зах зээлийг бий болгох аж. Гэснээс Санаэ Такаичи Доналд Трампыг өдрийн бодол, шөнийн зүүд нь болоод буй Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ дээ.
🍋 Өнөөдрөөс эхлэн АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр олгоно. Одоогоор Улаанбаатарт нийт 2,824 тн АИ-92 шатахууны нөөц байгаа бөгөөд агуулахуудад буугаад буй 30 вагон буюу нийт 1,800 тн шатахууныг түгээж эхэлжээ. Эндээс Улаанбаатар дахь 115 шатахуун түгээх станц руу 1,169 тн, орон нутаг руу 592 тн шатахуун хүргэгдэх юм.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply