- Lemon Press
- Posts
- 👀 Хэн олон хууль санаачлав?
👀 Хэн олон хууль санаачлав?
Иргэний нисэхийн 100 жил | МАН-ын ужгирсан УЗ-ийн хурал | Трамп vs Маск
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр 11 цагаас МАН-ын бага хурал болох гэж байна. Тус хурлаас дараагийн Ерөнхий сайдын нэр тодрох нь лавтай. Сонсоод байхад өнгөрсөн амралтын өдрүүдэд дараагийн Ерөнхий сайдын нэрийг чандлан нууцалсан сурагтай. Юу болохыг харж л байя даа. 🤔


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Өнгөрсөн 5-р сард Монголд ирсэн жуулчдын тоо сарын түүхэн дээд түвшин болох 66,360-т хүрчээ.
MRT: Монгол болон Хятадын хооронд төмөр замын шинэ боомтууд нээгдэж эхэлж буйтай холбоотойгоор 1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг энэ онд багтаан шинэчлэн байгуулахаар тохиролцлоо.
FRC: Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон Блүмсбюри секьюритис ҮЦК ХХК болон Монгол хувьцаа ҮЦК ХХК-ийн нийт 1,776 харилцагчийн хөрөнгө шилжүүлэх шинэ брокерын сонгон шалгаруулалтын материалыг 7 сарын 25 хүртэл хүлээн авна.

🧐 Хэн олон хууль санаачлав?

УИХ гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн хуульд заасан. Хууль тогтоомжийн төсөл санаачлах нь тэдний нэн тэргүүний ажлын нэг. Тэгвэл тэд өнгөрсөн 1 жилд энэ ажлаа хэр сайн хийсэн бэ?
🔥 Тэргүүлэгчид
Нийт 126 УИХ-ын гишүүнээс хууль санаачлах ажлаа хамгийн сайн хийсэн эхний 10 гишүүнийг тодруулах гэсэн ч тус бүр 6 хууль санаачилсан гишүүдийн тоо 7 байсан тул ТОП-11-ийг тодрууллаа. Өнгөрсөн 1 жилд АН-ын гишүүн О.Тэмүүжин бусдыгаа тэргүүлж 10 хууль санаачилжээ. Харин удаах байранд 9 хууль санаачилсан МАН-ын гишүүн П.Сайнзориг ороод байна. Гутгаар байранд 8 хууль санаачилсан МАН-ын гишүүн Ж.Алдаржавхлан шалгарсан бол АН-ын гишүүн О.Амгаланбаатар 7 хууль санаачилж 4-р байранд орсон аж.
⭐️ Нарийн харвал
Хамгийн олон хууль санаачилсан эхний 11 гишүүнээс 6 нь АН, 4 нь МАН, 1 нь ХҮН-ын гишүүн. Давхардсан тоогоор АН-ын гишүүд 41 хуулийг санаачилсан бол МАН-ын гишүүд 29 хуульд, ХҮН-ын гишүүн 6 хуульд тус тус гар бие оролцоод байна. Ажил мэргэжлээр нь харвал 7 нь эрх зүйч болон хуульч, 2 нь багш, үлдсэн 2 нь эдийн засагч болон санхүүч нар. D-Parliament дахь мэдээллээр нийт 101 гишүүн хууль санаачлах ажилдаа идэвх, санаачилгатай ажиллаж байгаа бол үлдсэн 25 гишүүн өөр ажил хийгээд явж буй бололтой.
🏙️ Том зургаар
Сүүлийн 1 жилд ойролцоогоор 23 орчим хуулийн төсөл УИХ-аар батлагдсаны 4 нь гишүүдийн санаачлаагаар батлагдсан бол үлдсэн 19-ийг нь ЗГ санаачлав. Өргөн барьсан хуулийн төслийн хувьд 121 байгаа бөгөөд 16-г нь гишүүд санаачилсан аж. Нөгөө талаар боловсруулагдаж буй 48 хуулийн төслийн 47-г нь гишүүд санаачлаад байна.
⏳ Гялс баталчих: Сүүлийн 8 жилд ЗГ нэн яаралтай горимоор 69 хууль өргөн барьснаас 67 нь батлагдав. Янз нь хуулийг нэн яаралтай горимоор гялс батлах явдал ойрдоо ихсэх болжээ.
Дүгнэхэд… Ажилтнуудын гүйцэтгэлийг тогтмол хугацаанд удирдлага үнэлдэг бол иргэд УИХ-ын гишүүдийн ажлыг 4 жилд нэг л удаа үнэлдэг. Биднийг төлөөлж буй гишүүдийн ажлын тайлангийн эхний 1 жилийн хууль санаачлах хэсэг нэг иймэрхүү гүйцэтгэлтэй байна шүү.

⚖️ Нийгмийн даатгалын багц хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. (ГБХНХЯ)
🎓 Америкт сурахыг төлөвлөж буй хүмүүс анхаарууштай. (TheEconomist)
😪 Сошиал платформоор хэрэн хэсүүчилж ядаргаагаа тайлж байна уу? (Bloomberg)
✊ Дэлхийн автомашины нийлүүлэлтийн сүлжээг тэд атгадаг. (Yahoo!Finance)

⚽️ Аваргын цомгүй ч өсөлттэй
MANU: Дэлхийн хөл бөмбөгийн томоохон багуудын нэг Улаан Чөтгөрүүд буюу Manchester United-н нэгж хувьцааны үнэ өнгөрсөн Баасан гарагт 18.8% өсөж $16.4 дээр хаагджээ. Тус өсөлт нь энэ оны 1-3 сар хүртэлх хугацаанд Улаан Чөтгөрүүдийн тасалбарын орлого мөн үеэс 50% нэмэгдэж £44.5 саяд хүрсэнтэй холбоотой аж. Ингэснээр энэ оны 6 сард дуусах санхүүгийн жилд тоглогчдын солилцоо, санхүүгийн зардлыг тооцохгүйгээр ашгийн хэмжээ £180–190 саяд хүрэх төлөвтэй байна.

🌏 JCI бүсийн чуулган Улаанбаатарт
Ази, Номхон далайн бүсийн залуу манлайлагчид, бизнес эрхлэгчдийн хамгийн том чуулган “JCI ASPAC 2025” Монгол Улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 📢
Энэ удаагийн чуулган “Дижиталчлалын тусламжтайгаар бизнесийн боломжуудыг өөрчлөх ногоон чуулган” сэдвийн дор болох бөгөөд 70 орны 5,000 гаруй бизнесийн манлайлагчид нэг дор цуглах юм.
✍️ Чуулганы хөтөлбөрийн хувьд “Nexus” бизнес форумаас гадна хурал, арга хэмжээ, мэтгэлцээн, спорт болон уран илтгэлийн тэмцээн тэргүүтэй 143 бие даасан арга хэмжээ болох нь ээ.
📅 Хэзээ: 6 сарын 12-15

✈️ Иргэний нисэхийн 100 жил

Энэ жил Иргэний нисэхийн салбарын 100 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Зам тээврийн яам тус салбарт хийсэн онцлох 5 ажлаа танилцуулжээ. Танилцъя даа.
🌌 Агаарын орон зай
Монгол Улс сүүлийн 2 жилд агаарын хилээ тэлж, шууд нислэгтэй орнуудын тоог нэмэгдүүлсэн нь тус салбарын хамгийн том ололт байсан. Тухайлбал, 2024 онд Америк, Лондон, Латви, Узбекистан тэргүүтэй орнуудтай шууд нислэгийн хэлэлцээр байгуулсан бол энэ онд Унгар, Итали, Туркменистан, Кувейттэй шууд нислэгийн хэлэлцээр хийгээд буй. Энэ хүрээнд United Airlines (UAL) Монгол руу дамжин нислэг үйлддэг болсон.
💼 Бэлтгэл ажил: Ойрын хугацаанд Австрали, Испани, Руанда тэргүүтэй орнуудтай, алсдаа Болгар, Нидерландтай шууд нислэгтэй болохоор зэхэж буй.
🏗️ Дэд бүтэц
Цаашлаад, өнгөрсөн онд Скайтракс олон улсын үнэлгээний байгууллага “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 4 одтой нисэх буудал хэмээн үнэлж, бүс нутагтаа цөөн хэдэн 4 одтой нисэх буудал болсон доо. Харин орон нутгийн нисэх буудлуудыг шинэчлэх ажил ид хэрэгжиж байгаагаас Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг 3С ангиллын нисэх буудал болгон ашиглалтад оруулсан байна.
Үүнээс гадна Ховд, Мөрөн, Чойбалсан, Дэглий цагаан нисэх буудлуудыг 4С, Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын нисэх буудал болгохоор шинэчлэн барьж байгаа аж.
🤔 Сорилт хэвээр
Хэдий уг салбар хэзээ хэзээнийхээс илүү хөгжиж байгаа ч салбарын либералчлал, болон нислэгийн тийзийн үнэ асуудал болсон хэвээр байгаа. Тус салбар дахь төрийн нөлөө үлэмж их байгааг зах зээлд 18 агаарын тээвэрлэгч байгаа ч нийт зах зээлийн 51%-ийг МИАТ ТӨХК эзэлж буйгаас харж болно. Үүнээс гадна 2023 онд МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж эхлэх үед ЗГ тийзийн үнийг 70% бууруулж байсан гээд оролцоо асар их дээ.
Эцэст нь… Сарын өмнө Оросоос агаарын тээврийн түлш тогтвортой авахын тулд Орос, Монголын хамтарсан компани байгуулж, Чингис хаан олон улсын нисэх буудлыг менежментийг хариуцуулах яриа гарсан. ЗГ агаарын тээврийг либералчилна гэж сүүлийн 5 жил ярьсан хэр нь яг эсрэг хөдлөөд байдаг нь хачирхалтай.

Маргаашаас хэсэгчлэн халуун ус таслах зохицуулалт эхэлнэ. Ер нь бид энэ байдалтай хэдэн хавар, зуныг үдэж байгаа гээч?
Түүхийг сөхвөл, ЗХУ-ын үеэс буюу 1960-аад оноос дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын хүчин чадал нэмэгдэж, төвлөрсөн халаалт, халуун усны систем хөгжсөнөөс хойш засвар үйлчилгээ хийх шаардлагаар халуун усыг зундаа тасалдаг болж.
Энэ нь одоог хүртэл жил бүрийн 5-8-р сарын хооронд үргэлжилсээр буй.
Тэгвэл энэ зохицуулалтыг Төв Азийн болон Зүүн Европын орнууд түгээмэл хэрэгжүүлдэг бол Финланд, Швед тэргүүтэй хөгжингүй орнууд халуун усыг жилийн турш тасалдаггүй технологи хэдийнээ нэвтрүүлжээ.

🌱🚿 Бизнесээ тэлэх үү?
Мэдсэн үү? C.E.C Investment тогтвортой хөгжлийг дэмжих бодлогынхоо хүрээнд ногоон бизнес, хэрэглэгчдийн хариуцлагатай хэрэглээг дэмжих Ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргажээ. 📢
Хэн хамрагдах боломжтой вэ?
🫴 Бизнес: C.E.C Investment байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бизнес эрхлэгч болон ногоон барилгын материал, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний шинэлэг технологи үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах нь. Түүнчлэн тус стандартын бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг, борлуулалтыг дэмжих аж.
🤲 Хэрэглэгчид: Мөн ногоон автомашин, гэр ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал худалдан авах, орон сууц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах, хэрэглэх зэрэгт хөнгөлөлттэй санхүүжилт олгох нь ээ.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, эсвэл 7772-5511 дугаарт холбогдон аваарай.


Getty Images
🍋 Илон Маск, Дональд Трампын сөргөлдөөн Tesla (TSLA)-н зах зээлийн үнэлгээнээс $152 тэрбумыг арчив. Маск цагаан ордныг орхисноос хойш Трампын татварын бодлогыг хурцаар шүүмжилж эхэлсэн. Улмаар Трамп Маскийн компаниудад зориулсан төрийн гэрээнүүдийг цуцлах талаар дурдаж Tesla-н хувьцааны үнэ өнгөрсөн Пүрэв гарагт 14% унав. Ийнхүү зах зээлийн үнэлгээ нь $950.6 тэрбум болсноор $1 их наяд үнэлгээтэй компаниудын эгнээнээс арчигдлаа.
🍋 Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлж ДНБ-ий 6%-д хүргэнэ. Одоогоор энэ дүн ДНБ-ий 2%-2.5%-д хэлбэлзэж байгаа аж. Тэгвэл санхүүжилтийг ийн нэмэгдүүлснээр эмч, ажиллагсдын цалин урамшууллыг гүйцэтгэлд суурилан нэмэгдүүлэх, хэт төвлөрсөн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах боломж бүрдэх нь.
🍋 Узбекистан-Киргиз-Хятад-Монгол чиглэлийн тээврийн коридор туршилтын ачаа тээвэрлэлт эхлүүлжээ. Эргэн санавал, өнгөрсөн оноос Монгол-Узбекистаны гадаад худалдаа эрчимжиж, улмаар Монголын Узбекистан руу хийсэн экспорт дээд түвшин болох $4.6 саяд хүрсэн билээ. Тэгвэл манай улс Узбекистан руу МАА-н бүтээгдэхүүн экспортолж, хатаасан жимс, гурилан бүтээгдэхүүн ихэвчлэн импортолж байна.
🍋 ХНХ-ын сургалт, үнэлгээ, судалгааны институтийг хүн ам, эрдэм шинжилгээний байгууллага болгоно. Тус байгууллага нь жил бүр улсын төсвөөс санхүүжиж үндэсний хөдөлмөрийн зах зээлийн их өгөгдлийн платформыг хөгжүүлэх аж. Нэмээд ажилтан албан хаагчид захиалгаар судалгааны ажил гүйцэтгэх, төлбөрт сургалт зохион байгуулах, улмаар гэрээт ажлын орлогын 50%-ийг үндсэн цалин дээрээ нэмж авдаг болж буй.

Даваа: Монголын банкны холбооноос зохион байгуулж буй “Бид Банкир - Хакатон 2025” болно.
Мягмар: Өнгөрсөн сарын инфляц гарна.
Лхагва: Америкийн өнгөрсөн сарын инфляц зарлагдана.
Пүрэв: Эхний 5 сарын мөнгө, зээлийн статистик танилцуулагдана.
Баасан: Гадаад худалдааны эхний 5 сарын үзүүлэлт гарна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply