- Lemon Press
- Posts
- 👹 $38 тэрбумын мангас
👹 $38 тэрбумын мангас
Тоглолт хийх ашигтай юу? | Саатсан төлбөр -29% | SEC vs Binance
POWERED BY
Шинэ сарын мэнд ээ! 2025 он шувтрах шатандаа орлоо. Улс төр, эдийн засгийн чимээ шуугианаас холдож энэ жилийн хувийн төлөвлөгөөгөө хэр хэрэгжиж байгааг эргэн нэг харах явцын шалгалтын цаг болсон байна шүү. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэв.
U.S: Дональд Трампын тариф компаниудад $34 тэрбумын хохирол учруулжээ.
BNB: SEC Binance-н эсрэг гаргасан иргэний нэхэмжлэлээ сайн дураар хэрэгсэхгүй болгов.

🎸 Тоглолт хийх ашигтай юу?

Зун цаг айлчлан ирэхдээ гадаа талбайн тоглолтыг дагуулаад иржээ. 2024 онд Төв Цэнгэлдэх Хүрээлэн болон SocialPay Park-д нийт 17 тоглолт болсон бол энэ жилийн эхний хагаст энэ тоо 16-д хүрээд байна.
🏟️ Шалтгааны эрэлд
Өнө эртний 20-25 мянган хүний багтаамжтай Төв Цэнгэлдэх Хүрээлэн буюу стадион нь тоглолт хийхэд хамгийн тохиромжтой газар байсаар ирсэн ч удахгүй болих сурагтай. Учир нь стадионыг нурааж, ирэх 3-4 жилд 30 мянган хүний суудалтай болгох аж. Нөгөөтээгүүр өмнө жил стадионтой адил багтаамжтай SocialPay Park нээлтээ хийснээр 2024 онд стадионд 10, SocialPay Park-д 7 тоглолт тус тус болжээ. Одоогийн байдлаар энэ жил SocialPay Park-д 9, стадионд 7 тоглолт болохоор зарлагдсан бөгөөд хэрэв 9 сарын дунд хүртэл 7 хоногт 2 тоглолт болно гэж тооцвол том тоглолтын тоо 25-д хүрэхээр байна.
🎤 Орлого тооцоолъё
Тасалбарын борлуулалт нь тоглолтын ашигт том нөлөөтэй. Энэ оны энгийн тасалбарын дундаж үнэ ₮117 мянгад хүрсэн нь мөн үеэс 20% өссөн дүн аж. Харин VIP тасалбарын дундаж үнэ мөн үеэс 13% буурч ₮639 мянгад хүрчээ. Ковид-19-ийн дараах 2022 оноос энгийн тасалбарын үнэ 4 дахин, VIP тасалбарын үнэ 2 дахин тус тус өсөөд байна. Тоглолтын ашигт тасалбараас гадна хоол, уух зүйлсийн борлуулалт, ивээн тэтгэлэг чухал нөлөөтэйг дурдах нь зүйтэй.
⚔ Тулаан: Тоглолтын тасалбарын зах зээлд эхэндээ shoppy.mn, TICKET.mn өрсөлдөж байсан бол өдгөө Event X, Portal.mn, boxoffice.mn нэмэгдэж, нийт 5 тоглогчтой болжээ.
🎼 Зардлын тухайд
Тоглолт зохиоход уран бүтээлчийн төлбөр, түрээс, тайз, тоног төхөөрөмж гэх мэт зардлууд томоохон хувийг эзэлнэ. Эдгээр зардал нь тоглолтын зохион байгуулалтаас шалтгаалж харилцан адилгүй байх талтай. Түрээсийн төлбөрийн хувьд 2024 онд стадионы нэг өдрийн түрээс ₮134 сая байсан аж. Том дүнгээр харвал тоглолт зохион байгуулахад ойролцоогоор ₮1 тэрбумын зардал гардаг ба 2024 онд XMF 2024 тоглолтын нийт зардал ₮1.3 тэрбум болсон гэнэ.
Хамгийн том: Тоглолтын том хувилбар нь фестиваль ба Монголын хамгийн том фестиваль бол Playtime Festival. Үзэгчдийн хувьд 2023 онд ойролцоогоор 79 мянган хүн очсон аж.
Эцэст нь… Зөвхөн тасалбарын борлуулалт үндэслээд тоглолтыг ашгийг тооцоод үзье. Хэрэв тоглолтод 20 мянган хүн ирж, бүх хүн ₮117 мянгаар тасалбар худалдан авбал ₮2.3 тэрбумын орлоготой ажиллана. Нөгөө талд зардал ₮1.3 тэрбум болно гэвэл ашиг ₮1 тэрбум байх ажээ. Гэвч ийм төгс орлоготой тоглолт үлгэрт л гарах биз ээ.

🎭 Энэ 7 хоногт УИХ Ерөнхий сайдад цаашид итгэх, итгэхгүйгээ шийдэх нь. (MNB)
🏆 Хасын Хүлэгүүд Азийн Аваргуудын лигийн Зүүн бүсийн аваргаар тодорчээ. (BCL Asia)
🌪️ AI-д ажлаа булаалгах биш, харин AI-г ашиглаж чаддаг хүнд булаалгах вий… (CNBC)
👐 ₮11 тэрбумын буцалтгүй тусламжаар “Аялал жуулчлалын сургалтын төв”-тэй болов. (ChosunBiz)

🛢️ Саатсан төлбөр -29%
MATD: Монголд газрын тосны хайгуул, олборлолт хийж буй Petro Matad-н хувьцааны үнэ Баасан гарагт 29% унаж £1.65 дээр хаагдав. Энэ нь Block XX-н Heron-1 худгийн өнгөрсөн 10 сараас энэ 4 сарын хооронд олборлосон газрын тосны төлбөр саатсантай холбоотой гэнэ. Худалдан авагч PetroChina талын хувьд худалдан авч буй газрын тосонд Монголын талаас татвар ногдуулахгүй гэсэн баталгааг хүлээж буй нь төлбөр саатах нөхцөл байдлыг үүсгээд байна.

👹 $38 тэрбумын мангас

Балчир охидоос эхлээд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн харц, хайрыг булааж буй labubu хүүхэлдэйн төлөө зодолдсон Их Британичуудын хориг энэ сараас тайлагдаж байна. Зарим нэгэнд нь өхөөрдөм, зарим нэгэнд нь хачин жигтэй харагдах энэ тоглоом $38 тэрбумын бизнесийг бүтээсэн гэвэл итгэх үү?
👀 Алдарын эхлэл
2019 оноос "The Monsters" цувралын labubu хүүхэлдэйнүүдийг Хятадын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart (9992.HK) үйлдвэрлэх болсон. Тус үеэс labubu хүүхэлдэйнүүд “blind box” буюу нууцлаг хайрцагтайгаар худалдаалагдах болсон юм. Тухайн үед олны анхаарлыг төдийлөн татаагүй ч 2024 онд Blackpink хамтлагийн дуучин Лизагийн нөлөөгөөр дэлхий даяар labubu шуурга дэгдэв.
🔔 Улмаар Pop Mart өнгөрсөн онд дотоодын буюу эх газрын Хятадаас $1.1 тэрбум, гадаад зах зээлээс $700 саяын орлого олжээ. Тэр тусмаа labubu-н борлуулалт компанийн нийт орлогын 23%-ийг бүрдүүлж $420 саяд хүрсэн аж.
🪄 labubu-н гайхамшиг үргэлжилж өнгөрсөн 4-р сард Pop Mart-н Гүйцэтгэх захирал Ван Нинийн хөрөнгө 1 өдрийн дотор $1.6 тэрбумаар нэмэгдэж байв.
🔮 Харин том зургаар нь харвал labubu эрчийг авахаас өмнө зах зээл нь агшилттай байсан Pop Mart-н зах зээлийн үнэлгээ 2024 онд 2.4 дахин нугарч өдгөө $37.3 тэрбумд хүрээд буй.
🚂 Хүүхэд насанд хүргэж өгөх галт тэрэг
Нууцлаг дээрээс нь оддын нөлөөгөөр labubu од болж байгаа ч өөр нэгэн нөлөөг дурдахгүй орхиж зүрхлэхгүй нь. Энэ бол насанд хүрсэн ч хүүхдийн гэх тодотголтой зүйлс сонирхдог “Kidult”-ууд. Сүүлийн жилүүдэд Kidult-уудын тоглоомын зах зээл дэх нөлөө тэлсээр 2024 онд дэлхийн тоглоомын зах зээлийн 25% гаруй хувийг насанд хүрэгчид бүрдүүлэх болов.
🔎 Сонирхолтой баримт
Үнийн хувьд тус тоглоом $20-$1,800 хүртэл, зарим ховор загварууд нь үүнээс ч үнэтэй байдаг аж. Хамгийн их зарагдсан загваруудын нэгээр Рианнагийн L.V цүнхийг чимсэн ягаан өнгөтэй labubu тодорсон л гэнэ.
Эцэст нь… Монголд ч мөн 2 алхаад л labubu-тай таарах хэмжээний эрчтэй дэлгэрч байгаа. Энэ зуны загварын алгасаж болохооргүй чимэглэл болсон юм даг уу даа. labubu-тай уншигчид минь энэ товхимолд зүрх дараарай. Харъя. 😂

Монголд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд гаднаас авах санхүүжилтийн дүн хэр оновчтой тооцоолдгийг нэгэн жишээгээр харья. 👇
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрээр “Эрчим хүч-3 төсөл”-д зориулан тус банкнаас $47 саяын зээл авахаар төлөвлөөд буй.
Гэтэл энэ дүнг зураг төсвийн дүнд бус, ТЭЗҮ-д буюу өндөр үнэд суурилж тооцжээ. Улмаар зээлийн дүн хэрэгжүүлэх ажилтай харьцуулахад өндөр гарсан байна.
Угтаа ОУ-ын жишгээр, 1 км цахилгаан дамжуулах сүлжээг $200 мянгаар хийдэг бол дээрх төсөлд үүнээс өндөр буюу $254 мянгаар барихаар тусгажээ.

🚀 Бизнесээ тэл
Санхүүжилт хайж буй бизнес эрхлэгчид мэдсэн үү? Очир Ундраа ОМЗ ББСБ ₮500 сая хүртэлх бизнесийн зээл 1 өдрийн дотор шийдвэрлэн олгож байгаа гэнэ. 📢
Товчхон танилцуулахад, Очир Ундраа ОМЗ ББСБ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн шийдлийг уян хатан нөхцөлөөр санал болгоод 17 жилийг үджээ.
Юунд ашиглах вэ?
💰 Тус зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, шинэ тоног төхөөрөмж худалдан авах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйл ажиллагаагаа өргөтгөх, цаашлаад шинээр бизнес эхлүүлэхэд ашиглах боломжтой аж.
За тэгээд санхүүжилт олдохгүй нь гээд нэг цэгтээ гацалгүй бизнесээ урагшлуулахыг бодно шүү. 🫂
📞 Холбогдох: 7575-1818

Digiday
🍋 Amazon (AMZN) AI загвараа сургахад The New York Times (NYT)-тай лицензийн гэрээ үзэглэлээ. Энэ хүрээнд компани дотоод AI загвар болон Alexa ухаалаг туслахаа сургахад $NYT-н мэдээ нийтлэлүүдээс гадна NYT Cooking, The Athletic гэхчлэн бусад салбар вэбсайтуудын контентыг ашиглах эрхтэй болох юм. Үүнтэй төстэй хэлэлцээрийг саяхан OpenAI болон The Washington Post байгуулаад буй.
🍋 СЗХ "ББСБ-аас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлал"-ыг баталжээ. Онцолбол, хэрэглээний зээлийн төрөлд хүн амын амьжиргааны түвшнээс доош дүнтэй болон сургалтын бүх төрлийн зээл хамаарахгүй байхаар тусгав. Мөн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа иргэдийн орлогыг тодорхойлохдоо чөлөө авахаас өмнөх 6 сарын орлогыг тооцдог байхаар зохицуулж.
🍋 Tencent Music (TME) SM Entertainment (041510.KQ)-н 9.7%-ийн хувьцааг $177 саяар худалдан авав. Ийнхүү компани тус энтертайнментын 41.5%-ийг эзэмшдэг Kakao (035720.KS)-н дараах 2 дахь том хувьцаа эзэмшигч болж байна. Үүний сацуу $TME YG Entertainment (122870.KQ)-н 4.3%, Kakao-н 5.95%-г эзэмшдэг. K-pop Хятадын энтертайнмент салбарт ийн нэвчиж эхэллээ дээ.
🍋 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 32.8%-д нэмэлт, өөрчлөлт оруулна. Задлан харвал, тус хуулийн 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулсны сацуу 20 шинэ хэсэг, 5 шинэ заалт нэмсэн байна. Гол өөрчлөлтүүдээс дурдвал, төслүүдийг 3 зэрэглэлээр ангилж, байгаль орчны үнэлгээг 5-10 жил тутам хийх, тайланг цахим бүртгэлд бүртгэж, шийдвэр гаргах үйл явцыг цахимжуулна гэхчлэн тусгажээ.

Даваа: УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Мягмар: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль эхэлнэ.
Лхагва: Монголбанкнаас төлбөрийн тэнцлийн 4-р сарын статистик мэдээг танилцуулна.
Пүрэв: Америкийн өнгөрсөн сарын гадаад худалдааны статистик гарна.
Баасан: Японы тэргүүлэх индексүүдийн өнгөрсөн сарын гүйцэтгэлтэй танилцах нь ээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply