- Lemon Press
- Posts
- 🏦 Банкнуудын зээл олголт нэмэгдэв
🏦 Банкнуудын зээл олголт нэмэгдэв
Kakao Corp болон банкнуудын зээл олголт нэмэгдсэн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нэлээд өргөн хүрээтэй "Даншиг наадам - Хүрээ цам" нэртэй наадам болсон билээ. Сонирхуулахад, "Даншүг" гэдэг нь бат оршил гэсэн утгатай түвэд үг, харин "Даншиг" гэвэл эвдрэх, хэмхрэх гэсэн утгатай аж. Бид нэг л буруу үг хэрэглээд байх шиг.
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Энэ оны 7-р сарын инфляц өмнөх сараасаа 1.4 нэгж хувиар буурч 9.2%-д хүрлээ.
BOM: Монголбанк өнгөрсөн сард 1,176 кг үнэт металл худалдан авлаа. Алт худалдаж авах дундаж үнэ нь жилийн өмнөхөөс 16.3% өсөж ₮215.4 мянга болжээ.
US: Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) Монгол дахь үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ойрын 5 жилд хэрэгжих $25 саяын өртөгтэй тусламжийн шинэ хэлэлцээр байгуулав.
🏦 Банкнуудын зээл олголт нэмэгдэв
Энэ оны эхний хагаст банкны салбарын шинээр олгосон зээлийн хэмжээ жилийн өмнөхөөс 23.6% нэмэгдэж ₮11.1 их наяд болжээ.
Хаа сайгүй өсөлт
Эхний хагас жилд олгосон зээлийг зээлийн төрлөөр нь харвал урлаг, үзвэр, тоглоом наадмын ангиллын зээл олголт хамгийн ихээр буюу 8 дахин өсөж ₮6.8 тэрбумд хүрчээ. Энэ жил олон аймаг, сумын 100 жилийн ой болсон нь нөлөөлөв үү? 🤔 Цаашилъя,
Өрхийн хэрэглээ х3.6: Тус хугацаанд өрхийн хэрэглээнд зориулсан зээл олголт 3.6 дахин өсөж ₮114.9 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн цалингийн зээл олголт 77.7%, автомашиных 51.6%, тэтгэврийнх 45.7% тус тус нэмэгджээ. Үүнээс иргэдийн хэрэглээ цар тахлын үеийнхээс огцом нэмэгдэж байгааг харж болохуйц.
Үйлчилгээний салбарын зээл 🆙: Үргэлжлүүлбэл, зочид буудал, байр болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт олгосон зээл 3.4 дахин; санхүү, даатгалын үйл ажиллагаанд зориулсан болон ХАА-н салбарт олгосон зээл тус тус 2.2 дахин өсөв. Тэгэхээр бизнес, ААН-үүдэд санхүүжилтийн хэрэгцээ их байгаа нь илт.
Хэрэгцээт зээл ⬇️: Харин ус хангамж, сувгийн систем, хог хаягдал зайлуулах, хүрээлэн буй орчныг сэргээх үйл ажиллагаанд олгосон зээл 44.2% буурч ₮3.6 тэрбум болсон аж. Үүнээс хүрээлэн буй орчны асуудлыг шийдэхүйц үйл ажиллагаа, санхүүжилт буурсан гэж хэлж болохоор. Гэтэл үер, ус, хог гээд асуудал нь мундахгүй их хэвээр.
Тэгвэл зээлийн хүү ямар байгаа вэ?
Тайлант хугацаанд олгосон нийт зээлийн жилийн дундаж хүү жилийн өмнөхөөсөө 2.26 нэгж хувиар нэмэгдэж 16.16% болсон аж. Шинээр олгосон зээлийн хүүг салбарын ангиллаар нь харвал, төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын зээлийн хүү хамгийн өндөр буюу 23.4% байна.
Эцэст нь… Банкнуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш, судалгааны байгууллагууд, ХО-ын менежментийн компаниудын 26 судлаачийг хамруулсан таамаг судалгаагаар 2024 оны I улирал гэхэд зээлийн хүү бага зэрэг буурч 16.1% болохоор байгаа юм. Тэгэхээр цаашид зээлийн нөхцөл, шалгуур суларснаар зах зээл бага зэрэг тэлэх төлөвтэй байна.
ONH 🤝 AARD
ONH: Өндөрхаан ХК нь Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD)-иас Ардын Тэтгэврийн данс ХХК-ийн нэг бүр нь ₮1,000-ийн үнэтэй энгийн хувьцааг ₮10.01 тэрбумаар худалдаж авна. Компани уг худалдан авалтыг хийхийн тулд Ард санхүүгийн нэгдэл ХК-иас ₮15 тэрбум хүртэлх хувьцаанд хөрвөх онцгой эрх олгох нөхцөл бүхий санхүүжилт авах аж.
🔥 Kakao Corp-н эргэн тойронд
Өмнөд Солонгосын технологийн акул Kakao Corp (035720.KS) дэлхий даяар эрчийг авч буй K-pop урсгалыг ашиглан ОУ-д бизнесээ тэлэхээр зорьж байна. Яаж?
Kakao-н экосистем талаар
Ихэнх хүн Kakao Corp-г Kakao Talk буюу 53.5 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй мессежний платформоор нь л гадарладаг. Гэтэл тус корпорацын охин компаниуд нь банк санхүү, энтертайнмент, цахим худалдаа, видео тоглоом, такси үйлчилгээ гээд маш олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж. Kakao Corp-н олон нийтэд нээлттэй болсон, болохоор төлөвлөж буй компаниудыг танилцуулахад,
Kakao Pay (377300.KS) 2021 онд IPO хийж олон нийтээс $1.3 тэрбумыг татан төвлөрүүлж байв.
KakaoBank (323410.KS) нь Өмнөд Солонгосын анхны дижитал банк бөгөөд мөн 2021 онд IPO хийж $2.3 тэрбумыг татан төвлөрүүлсэн нь тухайн оны Өмнөд Солонгосын 2 дахь том IPO болж байжээ.
Kakao Entertaiment: Энэ оны эхэнд тэд $966.3 саяын хөрөнгө оруулалт босгосон билээ. Тус компани IPO хийхээр төлөвлөж байгаа ч хэд хэдэн удаа хойшлоод буй.
Санхүүгийн үзүүлэлт
Өнгөрсөн II улиралд тэдний үйл ажиллагааны ашиг нь жилийн өмнөхөөс 34% буурч $87 саяд хүрчээ. Улмаар нийт ашиг нь 44% буурч $41 саяд хүрээд буй. Тайлангаас онцлоход,
Контент үйлдвэрлэл: Компанийн хөгжим, видео тоглоом, комикс зэрэг контентын бизнесийн орлого нь анх удаа мессеж болон дижитал такси үйлчилгээний бизнесээс нь давсан аж. Үүнд Kakao Music-н орлого 130% өссөн нь голлон нөлөөлжээ.
ОУ-ын зах зээлд
Ерөнхийдөө компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох Kakao Talk-г Өмнөд Солонгосын хүн амын 90% гаруй нь ашигладаг буюу бизнесээ цааш тэлэх орон зай бага. Түүнээс гадна зар сурталчилгааны борлуулалт удааширч байгаа үед тэд энтертайнмент салбарт хүч үзэхээр шийдээд буй. Тухайлбал, компани өнгөрсөн 3-р сард Өмнөд Солонгосын ТОП-3 энтертайнментын нэг болох SM-н 9.1%-ийг $173 саяар худалдан авч тэдний 2 дахь томоохон хувьцаа эзэмшигч болов.
Цаашдын алхам, Kakao болон SM нар Хойд Америкт нэгдсэн корпорацтай болсон. Ийнхүү тэд Хойд Америкийн ЗЗ-руу орох эхний алхмаа хийлээ.
Датагаа ангилах хялбар арга. 🤩
🏠 Нийгмийн үйлчилгээг цогцоор нь
Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хайж байна уу? 🧐
Тэгвэл Грийн групп таны эдгээр шаардлагад нийцэх барилгын салбарын 2 дахь төслөө "Хөрөнгөтөн" хөрөнгө оруулалтын хаалттай форумын үеэр танилцуулах гэж байна.
Ямар төслүүд вэ?
Active Garden: Бизнес зэрэглэлийн 856 айлын орон сууц,
Active Villa: Амины орон сууцын тансаг зэрэглэлийн хотхоны төслөө танилцуулах гэнэ.
Тодруулбал, тэдний cалбар компани болох Актив Гарден ХХК эдгээр төслийг ОУ-ын жишигт нийцүүлэн 5A, 5F концептыг нэвтрүүлж, өсөн нэмэгдэх үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулахаар ажиллаж буй.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 7555-5500 дугаараас авна уу.
Cyprus News
🔹Credit Suisse энэ 7 хоногоос Хонконгийн хөрөнгө оруулалтын банкныхаа ажилчдын 80%-ийг цомхотгоно. Улмаар 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөрөнгө оруулалтын банканд зөвхөн 20 орчим банкир л үлдэх гэнэ. Сонирхуулахад, Хонконгд Credit Suisse-н Ази дахь хөрөнгө оруулалтын банкируудын ихэнх нь ажилладаг аж.
🔹ХХБ (TDB) Японы томоохон банк болох Mitsui (8031.T)-тай хамтран Монголд катодын зэсийн экспортыг дэмжих харилцагчийн төсөлд санхүүжилт олголоо. Уг төсөл нь катодын зэсийн үйлдвэрлэл болон экспортыг дэмжиж аж үйлдвэрийн ОУ-ын жишиг стандартыг Монголд нэвтрүүлэх ач холбогдолтой.
🔹Saudi Aramco (2222.SR)-н II улирлын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 28% буурч $107 тэрбум боллоо. Улмаар ашиг нь 38% буурч $30 тэрбумд хүрчээ. Үүнд үйл борлуулалтын бууралтаас гадна ажиллагааны ашиг нь 35% буурч $56.6 тэрбум болсон нь нөлөөлжээ.
🔹ХасБанкны (XAC) хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно. Тодруулбал, 9 сарын 15-д тус банкны ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурал болох бөгөөд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийг 8 сарын 23-нд хийх аж.
~ А.Эйнштейний нэг гоё үг бий:
“The measure of intelligence is the ability to change..”
• Чиний “Оюуны хэмжүүр бол өөрчлөгдөх чадвар” гэсэн үг.
Чи ухаантай л юм бол тэгээд өөрчлөгдөөч дээ.. Энэ чиний ухамсарт байдлын илрэл.
— Шарайд (@bolodm)
3:40 PM • Aug 6, 2023
Унш: Бизнесүүдэд процесс суурьтай соёлыг түгээнэ. (Lemon Press)
Танилц: 2023 оны өндөр үнэлгээтэй ТОП-100 брэнд. (VisualCapitalist)
Мэд: Америкчууд жил бүр фитнесийн гишүүнчлэлийн төлөө $397 саяыг төлдөг. (Facet)
Сонирх: Марк Зукерберг болон Элон Маскийн тулааныг 𝕏-ээр шууд дамжуулна. (Twitter)
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply