- Lemon Press
- Posts
- 🤔 365 хоног, 365 амжилт
🤔 365 хоног, 365 амжилт
ҮЦК-иудын арилжаа ÷ 1.7 | Гренландын үнэ $1 тэрбум | Зөрчлийн урамшуулалд ₮143.7 сая
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Тун удахгүй буюу 2 сарын 6-нд эхлэх өвлийн олимпын наадамд Монголын баг, тамирчдын өмсөх хувцсыг харсан уу? Хэр санагдав? 2024 оны Парисын зуны олимпын үеэр манай тамирчдын хувцас дэлхий нийтийг шуугиулж байсан. Энэ жилийн олимпын нээлт ч хүлээлт өндөртэй байх болов уу даа. 🤩


*Нэг өдрийн өөрчлөлт.
PBOC: Хятадын төв банк 2026 онд банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээ болон зээлийн хүүг бууруулах замаар мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлнэ.
MED: Эдийн засаг, хөгжлийн яам болон Эрчим хүчний яам эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
RUS: Путин Трампын Гренландыг эзэмших сонирхолд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдэж, Гренландыг худалдаж авахад $1 орчим тэрбум шаардлагатай байж магадгүй гэв.

🔖 ҮЦК-иудын арилжаа ÷ 1.7

Өнгөрсөн онд шинэ IPO хийгдээгүй ч нэлээдгүй ХБҮЦ, бонд гарсан билээ. Тэгвэл үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
📉 1.7 дахин буюу ₮1.1 их наядаар буурав
Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 52 ҮЦК-ийн 2025 оны арилжааг харвал 2024 оны мөн үеэс 1.7 дахин буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд ₮1.7 их наядын арилжаа явагдсаны ердөө 35% нь хувьцааны арилжаа аж. Харин 32.2%-ийг компанийн бонд, ХБҮЦ болон ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа, үлдсэн хэсгийг эдгээрийн хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.
🏮 ТОП-3 58%: Цаашлаад, МХБ дээрх арилжааг ҮЦК тус бүрээр харвал хамгийн их арилжаа хийсэн 3 ҮЦК нийт арилжааны 58.2%-ийг бүрдүүлсэн байна. Энэ дундаа арилжаагаараа тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нийт арилжааны 23%-ийг эзэлжээ. Тэдний хувьд ББЗЗ дээрх арилжаагаараа ч тэргүүлж буй.
⛳️ Өнгөрсөн жилийн тэргүүлэгчийн бууралт: Харин 2024 онд арилжааны дүнгээр тэргүүлж байсан БиДиСЕК ҮЦК (BDS)-ийн арилжаа ТОП-5 дундаа хамгийн ихээр буюу 87.1% буурч 4-рт бичигдэж байна.
📍 Тэнгэр Капиталын хүч түрэлт: Эсрэг талд Тэнгэр Капиталын арилжааны дүн 502.5% буюу ₮79.8 тэрбумаар нэмэгдсэн нь онцлох өсөлт байлаа. Үүний араас Апекс Капиталын 209.2%-ийн өсөлт бичигдэж байна.
📌 UBX дээрх цойлолт
Нөгөөтээгүүр 2025 онд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) дээр ₮83.6 тэрбумын арилжаа хийгдсэн аж. Угаас 2025 онд уг бирж дээр Сүү бонд болон нийт 5 ХБҮЦ бүртгэгдсэнээр арилжааны дүн сүүлийн 8 жилийн арилжааны нийлбэрээс 13 дахин өссөн нь энэ. Тэгвэл Ти ди би секьюритис ҮЦК UBX дээрх арилжааны 82.5%-ийг дангаар гүйцэтгэсэн байна. Тэдний хувьд ЖИ ЭС БИ ХБҮЦ-ны андеррайтераар ажилласан юм.
Эцэст нь… Арилжааны идэвх муутай жил өнгөрчээ. Сараар нь харвал дунджаар ₮48.7 тэрбумын арилжаа хийгдэж. Зөвхөн 12-р сард л нэлээн идэвхтэй буюу дунджаас 24.2% илүү байжээ. Энэ жил хөрөнгийн зах зээл маань илүү идэвхтэй байх болтугай.


🔻 Цэвэр ашиг: -15.1%
GLMT: Голомт банк ХК-ийн цэвэр ашиг 2025 онд жилийн өмнөхөөсөө 15.1% буурч ₮345.1 тэрбум болжээ. Тэдний хүүгийн орлого 26% нэмэгдсэн ч хүүгийн зардал нь 50% өссөн нь цэвэр ашгийн бууралтад нөлөөлөв. Мөн хүүгийн бус зардал нь ч 18.6% өсжээ. Авууштай нь тус банкны цэвэр зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь хэмжээ буурч 2.6% болсон байна.

🤔 Трампын 365 хоног, 365 амжилт

Өнгөрсөн Лхагва гарагт Доналд Трамп Ерөнхийлөгчөөр ажилласан эхний 1 жилийн тайлангаа “365 хоногт 365 амжилт” хэмээн гарчиглан олон нийтэд танилцуулсан. Нэрээсээ бол шууд 100 оноо авах нь. Харин түүний эхний жилийг америкчууд хэрхэн үнэлэв?
🧮 Тоогоор тоглох стратеги
Үзэл бодол нь улс төрийн харьяаллаас шууд хамаардаг америкчуудын хувьд Бүгд найрамдахчууд Трампт онц сайн үнэлгээ өгч, Ардчилсан болон нам бус иргэд түүний ажлын тайланг хэтрүүлэгтэй, тархи угаасан тайлан хэмээн шүүмжилж байна. Жагсаан бичсэн 365 амжилтад нь илт худал агуулга бараг байхгүй ч өнөө л харуулахын хүссэн тоогоо, харуулахыг хүссэн өнцгөөрөө тайлбарладаг стратеги харагдаж байв.
🍳 Тухайлбал, бүх төрлийн барааны үнэ, тэр тусмаа хүнсний үнийг бууруулах амлалтаа өндөгний үнэ 89% буурсан гэх тоогоор халхалсан ч бодит байдал дээр хүнсний үнэ жилийн дотор өнгөрсөн оноосоо 3.1% өсжээ.
💳 Мөн маргаан дагуулсан зээлийн картын хүүг 1 сарын 20-ноос эхлэн жилийн турш 10% болгон хязгаарлах санал нь Конгрессоор батлагдаагүй байхад амжилтын жагсаалтдаа хавчуулсан харагдав.
👀 Олон улсын нүдээр
Цаашлаад, олон улсын тавцанд Трамптай өнгөрүүлсэн сүүлийн 12 сар нэлээдгүй цохилт, цочрол авсан хүндхэн жил байлаа. Тариф тогтоож, түнш ч бай, дайсан ч бай бараг л бүх улсад худалдааны дайн зарласнаас эхлүүлээд Йемен, Иран, Нигер гэсэн 3 улсыг бөмбөгдөж, сүүлд Венесуэлийг, одоо Гренландыг атгандаа оруулахыг санаархаж буй.
😐 Трамп = Дэлхийн энх тайвныг сахиулагч?
2025 оны турш Трампын улс орнуудад үзүүлж буй шахалт, зарим талаараа түрэмгийлэл олон улсын харилцаанд хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх реалист үзлийг үлгэрлэн харуулсан явдал болов. Сонирхолтой нь Трамп өчигдөрхөн НҮБ-тай хамтран бөмбөрцгийн зөрчил тэмцлийг хамтын хүчээр шийдвэрлэх “Энхийн Зөвлөл”-өө албан ёсоор байгуулав.
📝 Тус зөвлөлд 20 хүрэхгүй улсын төрийн тэргүүн нэгдэж, гарын үсэг зурсны тэргүүн эгнээнд манай Ерөнхий сайд харагдана лээ. Ямар эрх, үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй.
Эцэст нь… Трампын “Энх тайвны зөвлөл” НҮБ-тай хамтарч ажиллах гэхээсээ илүүтэй НҮБ-ыг орлох хэмжээний үүрэгтэй институт болох магадлалтай гэх яриа цухалзаад авсан. Дан ганц америкчууд гэлтгүй дэлхий даяар Трамптай өнгөрөөх 1,093 хоногт юу эс болохыг тааж мэдэхгүй, харанхуй сууж байна даа.

💡 Таавар таацгаая.
Одоогоос яг 10 жилийн өмнө …-н эхний анги цацагдаж дэлхий даяар $1 тэрбум гаруй орлого олж байв. Тэгвэл өнгөрсөн онд уг бүтээлийн 2-р анги цацагдсанаар дэлхий даяар ойролцоогоор $1.7 тэрбумын орлого олж Disney-н хамгийн өндөр орлоготой анимейшн болжээ. Энэ ямар бүтээл вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.
Жич: Тус киноны хамгийн хайр татам дүрээр 🐍 шалгараад байгаа.


Eurasia Magazine
🍋 Bank of Korea дэлхийн анхны Төв банкнуудын дотоодын хэрэглээнд зориулсан AI загвар “BOK Intelligence”-г танилцууллаа. Үүнийг Өмнөд Солонгосын томоохон программ хангамжийн компани Naver-тэй хамтран жил хагасын хугацаанд төр-хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлжээ. BOKI нь Bank of Korea-н серверт дээр ажиллан 1.4 сая гаруй баримтыг шинжилж, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь.
🍋 Зам тээврийн зөрчлийн талаар мэдээлсэн 9,112 иргэнд нийт ₮143.7 саяын урамшуулал олгох тооцоо гарчээ. Үүнээс тооцоолбол, зам тээврийн зөрчил мэдээлсэн нэг иргэнд дунджаар ₮15.7 мянгын урамшуулал ногдож буй. Журмын хувьд 200 хүртэл нэгжийн торгууль ногдуулсан бол тухайн торгуулийн 20%-тай тэнцэх, 200-аас дээш нэгжийн торгууль ногдуулсан бол 10%-тай тэнцэх хэмжээгээр урамшуулдаг байна.
🍋 Olive Young-н бүтээгдэхүүнүүд Sephora-д албан ёсоор худалдаалагдахаар болов. Ийнхүү Olive Young дээр худалдаалагддаг Өмнөд Солонгосын 2,400 гаруй брэндүүд дэлхий даяар хэдэн арван сая шинэ хэрэглэгчдэд хүрэх боломжтой болж байна. Тодруулбал, Sephora нь Америк, Канад, Хонконг тэргүүтэй 35 оронд 3,400 борлуулалтын цэгтэй, 80 сая гаруй үнэнч хэрэглэгчтэй гоо сайхны томоохон сүлжээ дэлгүүр юм.
🍋 Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан үед нөөц генератораар ажиллана. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд автоматаар бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай байх юм гэнэ. Харин хэт хүйтэн нөхцөлд ган татлага дээр мөс тогтож, гулсалт үүсэхээс сэргийлэн зогсоол бүрд мөс хусах, цэвэрлэх автомат төхөөрөмжүүд ажиллах аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply