• Lemon Press
  • Posts
  • 👮 Торгуулийн орлого = ₮361 тэрбум

👮 Торгуулийн орлого = ₮361 тэрбум

Эпштэйн ба Монгол | $TMK.AX-н амжилт үргэлжилсээр | ЭМД-ыг AI хянана

POWERED BY

Өглөөний мэнд! Домгийн шувуу үргээж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар уламжлал болсон тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхэд ойрхон байна. Цагаан сарын баяр дөхсөн тул эхний ээлжид иргэдээс амралтын өдрүүдэд хэрэгжих дугаарын хязгаарлалтын талаар санал асуух аж. Үүнээс гадна зах, бөөний төвүүдийг уртасгасан цагаар ажиллах боломжтойг асуух гэнэ шүү. 🥴

GOV: ЗГ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын 250 км авто замыг ирэх 9-р сард ашиглалтад оруулах даалгавар өглөө. 

MNG: 2026-2028 онд мөрдөх “Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт”-ийг шинэчилж, I босго үзүүлэлтийг 5% болгон бууруулжээ.

DICOM: Хадгаламжийн даатгалын корпораци Филиппиний хадгаламжийн даатгалын корпораци (PDIC)-тай банкны шийдвэрлэл, дампуурлын удирдлага тэргүүтэй чиглэлээр хамтран ажиллах 5 жилийн санамж бичиг байгуулав.

👮🤑 Торгуулийн орлого = ₮361 тэрбум

Улсын хэмжээнд 2023-2024 онд 6.4 сая зөрчилд шийтгэл ногдуулж, нийт ₮361 тэрбумын хүү, торгуулийн орлого төвлөрүүлжээ. Тухайн жилүүдэд ₮322.7 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэл нь давж биелсэн харагдав

  • Уг орлогын 97.2% буюу ₮351 тэрбумыг орон нутгийн төсөвт, 2.8% буюу ₮10 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд буй. Харин аудитын шалгалтаар ₮32.3 тэрбумын зөрчил илэрсэн байна. Гэснээс орон нутгийн гэж яриад байгаа нь нийслэл нэмээд 21 аймгийг илэрхийлж байгаа шүү. 

🔎 Хэн хамгийн их торгов? 

Торгууль ногдуулагч байгууллагаар харахад, 59.8% буюу ₮154.2 тэрбумыг Татварын Ерөнхий Газар бүрдүүлж тэргүүлж байгаа бол удаад нь Цагдаагийн Ерөнхий газар 35.4% буюу ₮91.3 тэрбум, Гаалийн ерөнхий газар 3.4% буюу ₮8.8 тэрбумыг тус тус төвлөрүүлэв. 

  • Улаанбаатар хотод ногдох торгуулийн дүн гэхэд тус 2 жилд ₮211.4 тэрбум байсан бөгөөд мөн л гүйцэтгэл нь 108.7% давж биелэн ₮229.7 тэрбумд хүрсэн бол 21 аймагт ₮96.2 тэрбумын торгуулийн орлого олсон байна. 

  • Гүйцэтгэл нь давж биелснийг өмнөх жилийнх нь төлөгдөөгүй торгуулиудтай хамааралтай хэмээн тайлагнажээ. 

🐣 Хүүгийн орлого

Цаашлаад, хүүгийн орлогын хувьд ЗГ-ын гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төсөвт төвлөрөх хүүгийн төлбөрөөс бүрддэг аж.

  • 2023 онд хүүгийн орлогыг ₮58.9 тэрбумаар төлөвлөсөн ч гүйцэтгэлээр ₮2 тэрбум,

  • 2024 онд ₮56.4 тэрбумаар төлөвлөж, гүйцэтгэл нь ₮23.1 тэрбум буюу үндсэндээ ₮25.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байна.

🐾 Мөнгөний мөр

Орон нутгийн төсөвт төвлөрсөн ₮351 тэрбумын орлогоос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ₮55.9 тэрбумыг, авто замын санд ₮48.3 тэрбумыг хуваарилан зарцуулсан байгаа бөгөөд үлдсэн 70% гаруй буюу ₮246.9 тэрбумыг орон нутгийн төсвийн суурь орлого болгон зарцуулсан аж. Торгуулийн орлогоос Нийслэлийн авто замын санд ₮36 тэрбум, аймгуудад ₮12.3 тэрбум төвлөрсөн байна. 

Эцэст нь… Төвлөрүүлсэн нь ч яах вэ, цаана чинь хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй торгуулийн үлдэгдэл ₮321.8 тэрбум байгаа гэнэ. Дийлэнх нь татварын торгууль. Замын хөдөлгөөний зөрчлийн торгууль гэхэд 2017 оноос эхэлж байгаа бол татварынх 2012 оноос эхэлж байх жишээний. 2024 оныг хүртэл төлөгдөөгүй торгууль гээд л бод. 

  • 🧲 Дэлхийн чинээлэг иргэд ямар улсыг зорино вэ? (Henley&Partners)

  • 🪞 Монголын өвлийн олимпын гоёо Vogue-н нийтлэлийн нүүрэнд. (Vogue)

  • 🚨 Хорт хавдрын тохиолдлын ⅓-ээс урьдчилан сэргийлэх боломжтой. (Nature)

  • 🐕‍🦺 Вэб хандалт AI ботуудын гарт. (Wired)

🌟 $TMK.AX-н амжилт үргэлжилсээр

TMK.AX: Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy-н эзэмшдэг Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт 6 дахь сардаа дараалан өслөө. Дэлгэрүүлбэл, компанийн өнгөрсөн 1-р сарын хий олборлолтын дундаж хэмжээ өдөрт ойролцоогоор 593 шоо метр байсан нь 12-р сараас 13% өссөн үзүүлэлт болсон бөгөөд ингэснээр 1-р сарын нийт олборлолт 18.4 мянган шоо метрт хүрсэн аж. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 5% өсөж AU$0.105-т хүрчээ.

🕵🏻‍♂️ Хавтаст хэргийн мөрөөр

Дэлхий нийтийн анхаарлыг татсан Жеффри Эпштэйнтэй холбоотой хэргийн баримтуудад Монголтой холбоотой мэдээллүүд нэлээдгүй олон удаа дурдагдсаныг та анзаарсан уу? Тэгвэл тус 3 сая гаруй хуудастай Эпштейний баримтад Монголын талаар юу байгааг ухаж төнхье. 

  • 🗣️ Юуны өмнө: Эпштэйний талаар товчхон мэдээлэхэд тэрээр Америкийн тэрбумтнуудад санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэгч нэгэн байсан бөгөөд түүнийг 2005 оноос эхлэн бэлгийн мөлжлөгийн хэргээр FBI-с шалгаж эхлэн, 2019 онд баривчилсан түүхтэй. 

🇲🇳 Монголын тухай ярианууд

Америкийн Хууль зүйн яамнаас ил болгосон Эпштэйний баримтуудад "Mongolia" гэх үг нийт 870 удаа давтагджээ. Харин үүний араас өмнө нь Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх болон Гадаад хэргийн сайдын албыг хашиж явсан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой илэрцүүдийг тоолцол 219-д хүрэх аж. Өөр сонирхолтой зүйл гэвэл:

  • 👀 Улс төрийн томчууд: Хэргийн материалд өмнө нь сонгогдож байсан 2 Ерөнхийлөгч, 1 Ерөнхий сайд, 2 сайдын зөвлөх дурдагдсан ба тэд хамгийн анх 2013 оноос эхлэн Эпштэйнтэй холбоо тогтоож байжээ.

  • 🗳️ Тэр жилийн сонгууль: Экс Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны сонгуульд ялалт байгуулсны дараа өөрийн хүрээллийн сайдын зөвлөхөөр ажиллаж ирсэн Ч.Ганбатаар дамжуулж Эпштейнд сонгуульд ялахад туслалцаа үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн нь баримтад багтжээ. Мөн тус сонгуулийн үйл явцыг Ч.Ганбат дэлгэрэнгүй байдлаар Эпштэйнд мэдээлж байсан аж.

  • 🪙 Криптовалютын боломж: 2015 оноос эхлэн Ч.Ганбат нь төрийн оролцоотой шинэ криптовалют гаргах боломжийн талаар Эпштэйнтэй харилцсан ба Төв банкны дижитал мөнгөтэй төстэй уг криптовалютыг Чингис койн гэж нэрлэхээр төлөвлөж байсан нь мөн харагдаж буй.

Эцэст нь… Эдгээр баримтуудаас харахад 2013-2019 он хүртэлх хугацаанд Эпштэйнийн Монголд хэрэгжүүлэх, туршихаар төлөвлөж байсан санаанууд нь ажил хэрэг болж чадалгүй түүнтэй цуг хорвоог орхисон бололтой. Хэрэв та Эпштейнийн цахим шуудан хэрхэн харагдаж буйг сонирхож байвал jmail.world сайтыг сонирхоод үзээрэй. 📬

₮857.9 тэрбум
Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас Монгол Улс даяар ₮857.9 тэрбумын хохирол, хор хоршиг учирчээ. 
4%
Тэгвэл Прокурорын байгууллага үүний 4% буюу ₮34.5 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлж чадсан аж.
₮141.3 тэрбум
Мөн хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор ₮141.3 тэрбумын хөрөнгө, мөнгөн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

🌇 Орон сууцны үнээр хаустай болох боломж

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орон сууц, хаусны төслүүдийг хэрэгжүүлсэн 20 гаруй жилийн туршлагатай NCD группийн бүтээн байгуулалт “Garden City House” хотхонтой танилцъя. 📢

“Garden City House” нь Garden City төслийн үргэлжлэл болох 200 айл өрхийн таунхаус хотхон юм. Гол давуу тал нь:

  • 🧭 Хэрэгцээт бүхэн алхмын зайд: Яармаг бүсийн төв цэгт байршилтай тул худалдаа, үйлчилгээ, улсын болон хувийн сургууль цэцэрлэг, нийгмийн бусад үйлчилгээнүүдийг ойроос авах боломжтой.

  • 🏘️ Нэгдсэн төлөвлөлт: Хотхондоо 3 түвшний хиймэл нуур, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн нийтийн эзэмшлийн талбайтай бөгөөд хүүхдийн насны онцлогт тохирсон 7 өөр тоглоомын талбайг цогцлоожээ. Мөн айл бүрд хувийн эдэлбэр газар, дулаан зогсоолтойн сацуу төвийн инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон тул ашиглалтын зардал бага гарах нь.

За тэгээд тус хотхонд орон сууцны үнээр худалдан авах боломжтой 114 мкв, 135 мкв, 158 мкв хауснуудыг санал болгож байгаа гэсэн шүү.

Dribbble

🍋Y Combinator-н стартап-ууд стэйблкойноор хөрөнгө оруулалт татах боломжтой болжээ. Тус хэлцэл Y Combinator-н ирэх хаврын хөтөлбөрөөс Base, Solana, Ethereum зэрэг сүлжээнүүд дээр хэрэгжиж эхлэх нь. Америк криптовалютыг дэмжсэн зохицуулалтуудыг хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн намар Y Combinator нь Base, Coinbase Ventures-тэй хамтран блокчэйнтэй холбоотой стартап-ууд олноор бий болгохыг дэмжиж эхэлсэн билээ.

🍋 Ган үйлдвэрлэлийн цогцолборын төслийн ОУ-ын тендер зарлах бэлтгэл ажил хангагдав. Төслийг $806 саяар хэрэгжүүлэх бөгөөд улмаар жилд дотоодын гангийн хэрэгцээний 60%-70% буюу 1 сая тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох аж. Мөн Хятадад үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 60 хоногт хүрдэг бол Монголд үйлдвэрлэсэн ган 10 хоногт хүрэх боломжтой гэж тооцоолжээ.

🍋 SpaceX, xAI-г худалдан авснаар Илон Маскийн нийт хөрөнгө $84 тэрбумаар нэмэгдэж $800 тэрбумыг давлаа. Тодруулбал хэлцлийн хүрээнд SpaceX-н үнэлгээ 20% өсөж $1 их наяд, xAI-нх 2.2 дахин өсөж $250 тэрбум болсноор Илон Маск нэгдсэн компанийн 43% буюу $542 тэрбумыг эзэмших болж хөрөнгө нь ийн өсжээ. Өнгөрсөн оны 3-р сард түүний X болон xAI компаниуд нэгдэж байв.

🍋 Эрүүл мэндийн даатгалын системд хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем нэвтрүүлнэ. Энэ хүрээнд ЭМДЕГ Хятадаас нэвтрүүлэх арга зам, технологийн шийдлийн хүрээнд туршлага судлах аж. ЭМДЕГ-ын хувьд жил ирэх тусам эрүүл мэндийн байгууллагуудаа ирүүлсэн хянах нэхэмжлэлийн тоо нэмэгдэж, тэр хэрээр албан хаагчдын нөөц дутмаг байгаа гэнэ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.