• Lemon Press
  • Posts
  • 🩸 ТОП-20: Улаан эргэлт

🩸 ТОП-20: Улаан эргэлт

УИХ-ын дарга нарын түүх | $SOR: Ашигаас алдагдал руу | Bye: T money

POWERED BY

Өглөөний мэнд! Маргааш манай эрэгтэй, эмэгтэй 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Ази тивийн аварга шалгаруулах FIBA 3x3 Asia Cup 2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ. Өмнө нь Азийн аваргаас эрэгтэй багийн хувьд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авч байсан бол эмэгтэй баг маань 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байжээ. Мөн эмэгтэй багийн тухайд өнгөрсөн жил Дэлхийн аваргаас мөнгөн медаль авч, түүх бүтээсэн. Энэ удаад 2 баг маань хоёулаа алаад өгнө гэдэгт итгэлтэй байна. 🥇🏀

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанк өнгөрсөн сарын үнэт металлын худалдан авалт жилийн өмнөхөөсөө 48% өсөж 949.5 кг болсноор оны эхнээс нийт 3.2 тонн үнэт металл худалдан авлаа.

FRC: 2025 оны III улиралд крипто зах зээл $4 их наядад хүрч түүхэн дээд амжилт тогтоосон ч, 10-р сард явагдсан $19 тэрбумын албадан татан буулгалт хийгдсэнээр оны эцэст $3 их наяд болжээ.

MSE: Өчигдрийн арилжаагаар МХБ-ийн I ангиллын компаниудаас Ард Кредит ББСБ ХК (ADB) болон Таван толгой ХК (TTL)-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр өслөө

🥵 Улаан нь ногооноосоо их

Шинэ сар гарснаар энэ оны эхний улирлын зах зээлийн хөдөлгөөнд дүн тавих цаг ирлээ. ТОП-20 компанийн хувьцааны үнэ хэр хөдөлснийг харцгаая.

👠 +22% VS -16.4%

Тод томруун том зургаараа бол МХБ (MSE)-ийн ТОП-20 индексэд багтдаг компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны эхний улиралд ₮130 тэрбумаар буурсан байна. Компани тус бүрийн I улирлын хувьцааны үнийн өөрчлөлтийг тооцвол дундаж нь -1.7% байгаа юм. ТОП-20 компанийн 9-ийнх нь хувьцаа өсөөд 11-ийнх нь буурсан хэрэг. 

  • 🔺 Оргил өсөлт: Хувьцааны үнэ нь 10%-иас дээш өссөн ердөө 2 компани байна. Инновэйшн Инвестмент (QPAY)-ийнх хамгийн өндөр буюу 22% өссөн бол ХасБанк (XAC)-ных 11.5% өсжээ. $QPAY-н хувьд 2025 онд цэвэр ашиг нь 34% өсөж ₮13.4 тэрбумд хүрснээр дунджаас нэлээд дээгүүр буюу 17.8%-ийн өгөөжтэй ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн билээ. 

  • 🩸 Улаан эргэлт: Эсрэг талд хувьцааны үнэ нь 10%-иас илүү унасан 5 компани бий. Энэ дундаас Премиум Нэксус (CUMN)-ийнх хамгийн ихээр буюу 16.4% унасан аж. $CUMN-н хувьд 2025 оны цэвэр ашиг нь 42.7% буурснаас гадна хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш хувьцааны үнэ нь унасаар байгаа.

  • 🥤 Банкнууд дундаа: ТОП-5 банк дунд $XAC-н хувьцааны үнийн өсөлт 1-т, ХААН Банк (KHAN)-ных 2-т байгаа бол ХХБ (TDB)-ных хамгийн сүүлд байгаа. Тэдний IPO-н үнэлгээ ₮33 мянга байсан ч IPO хийснийхээ дараа энэ үнээ огт давахгүй унаж явсаар ₮17 мянга орж зах зээлийн үнэлгээ нь ₮860 тэрбум болоод байна. 

🍒 Их наядын клуб

Эхний улирлын эцсийн байдлаар ₮1 их наядаас дээш зах зээлийн үнэлгээтэй 5 компани байсан бол хоёрхон өдрийн дараа буюу өчигдрийн арилжааны дараа АПУ (APU)-гийн хувьцааны үнэ ₮20-өөр унаснаар тэрбумтнуудын эгнээ рүү шилжээд байна.  

  • 🧮 Өнгө сэргэх үү: Эхний улирлын дүр зургаас харахад хөрөнгө оруулагчид өсөлтийн хувьцаанд бус өндөр ногдол ашиг амлаж буй компаниуд руу хөрөнгө оруулалт төвлөрч байгаа харагдаж байна даа. Одоо ихэнх компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь сонирхолтой.

Эцэст нь… 2025 оны арилжаа нам гүм байсан. Энэ байдал ч энэ оны I улиралд үргэлжиллээ. Харин энэ хаврын чуулганаар олон ТӨХК-иудыг хөрөнгийн зах зээлд оруулж ирэх асуудлууд ч яригдана. МХБ ч арилжааг идэвхжүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах тал дээр нэлээд амбицтайгаар ажиллаж байгаа. Дүр зураг хэрхэхийг хагас жилийн тоймоороо хүргэе дээ.  

  • ☕️ Тусгай хэрэгцээт иргэд ажиллахад кофе шоп хамгийн тохиромжтой орчин. (iKon)

  • ⚙️ Болзооны шинэ апп бүртгэлийн процессоо төвөгтэй болгосноор үр дүнгээ өгөв. (TechCrunch)

  • 🐑 1,000 малтай өрх жилд ₮342 саяын бэлчээрийн нөөцийг байгалиас үнэ төлбөргүй авдаг. (iToim)

  • 😷 Ковид-19-ийн шинэ төрөл болох “Cicada”-н талаар юу мэдэх хэрэгтэй вэ? (CBSNews

🫡 $SOR: Ашигаас алдагдал руу

SOR: 2024 онд Сор ХК ₮383.4 саяын орлоготой, ₮20.6 саяын цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2025 онд компанийн ашигт ажиллагаа огцом 2.4 дахин буурч, ₮27.9 саяын алдагдалтай ажиллалаа. Үүнд орлого өмнөх оноос 3.5% буурсан, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 12.8% өссөн болон хүнтэй холбоотой зардал 10.8% нэмэгдэж ₮84.4 саяд хүрсэн нь голлон нөлөөлөв. Одоогоор $SOR-н нэгж хувьцааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9.6%-ийн өндөр дүнгээр буюу ₮8 мянгаар арилжаалагдаж байна.

🔥 Худалдааны санхүүжилтийн форум 2026 айсуй

Дэлхийн зах зээлд зэс, лити, газрын ховор элементийн эрэлт 2030 он гэхэд 30%-40%-иар өсөх төлөвтэй байна. Энэхүү түүхэн боломжийг Монгол Улс яаж бодит ашиг болгох вэ?

ХХБ дээрх асуултад хариулахаар 4 дэх жилдээ “Худалдааны санхүүжилтийн форум”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форум “Resource Economy – Нөөцийн эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд хоёр гол асуултад хариулна:

  • 🧯 Санхүүгийн хамгаалалт: ОУ-ын геополитикийн тодорхойгүй байдалд Аккредитив (L/C) ашиглан экспортын төлбөрөө хэрхэн 100% баталгаажуулж, эрсдэлгүй ажиллах вэ?

  • 🦺 Нөөц ашиглалт: Уул уурхайн санхүүжилтийн 32%-ийг дангаараа бүрдүүлж буй ХХБ-ны оролцоотойгоор байгалийн баялгийг хэрхэн тогтвортой, өндөр өгөөжтэй эдийн засаг болгон хувиргах вэ?

Монгол Улсын нөөц баялгийн менежментийг шинэ түвшинд гаргаж, гадаад худалдааны "тоглоомын дүрмийг" тодорхойлох энэхүү хэлэлцүүлэгт салбарын манлайлагчид цуглах гэж байна шүү. 

 Хэзээ: 4 сарын 8-ны Лхагва гараг 
📍 Хаана: Шангри-ла Улаанбаатар

🕰️ УИХ-ын дарга нарын түүх

Улс төрийн сандал суудлын хөөцөлдөөн хаврын тэнгэр шиг л гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Тэгвэл үүний нэг жишээ болох УИХ-ын даргын албан тушаалтай холбоотой хөдөлгөөнийг сонирхъё.

🔙 Сүүлийн 21 жилд 

2005 оны 7-р сард Ц.Нямдорж ажлаа хүлээн авснаас хойш 2026 он хүртэл нийт 8 хүн УИХ-ын даргаар ажилласан бөгөөд тэд дунджаар 2.6 жил парламентыг даргалсан байна. Үүнээс хамгийн удаан хугацаанд УИХ-ын даргаар ажилласан нь Г.Занданшатар байв. Тэрээр 2019 оны 2 сарын 1-нээс 2024 оны 7 сарын 2-ныг хүртэл 5.4 жил тус албыг хашсан аж.

  • 49 нас: Эдгээр дарга нарын албан тушаалдаа томилогдох үеийн дундаж нас 49 байжээ. Хамгийн ахмад нь 67 насандаа томилогдсон Д.Дэмбэрэл бол хамгийн залуу нь 38 насандаа УИХ-ын дарга болсон Н.Учрал аж.

  • Ганц АН: 2005 оноос хойш 7 удаа МАН-ынхан УИХ-ыг даргалсан. Харин 2012-2016 онд ганцхан удаа АН-ын гишүүн З.Энхболд УИХ-ыг удирдсан байна. Энэ нь мэдээж сонгуулийн ялалт, УИХ-д эзлэх суудлын тоотой шууд хамааралтай юм.

🗞️ Шинэ даргын сураг

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Бямбацогт УИХ-ын шинэ даргаар томилогдохоор хүлээгдэж байв. Гэвч энэ асуудлаар АН-аас ажлын 3 өдрийн завсарлага авахыг хүссэн ч хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажлын нэг өдөр хангалттай хэмээн шийдвэрлэжээ. Тиймээс өнөөдөр шинэ дарга сонгогдох магадлал тун өндөр байна.

  • 🤓 Сануулахад, АН парламентын даргыг намын харьяалалгүй хүн байх ёстой гэсэн байр суурь баримталж, УИХ-ын хуралдаанд оролцохоос татгалзан шахалт үзүүлсний эцэст өмнөх УИХ-ын даргыг ЕС-аар томилуулахад нөлөөлж чадсан. Энэ удаад харин яах бол? 

Эцэст нь… Биднийг УИХ-ын даргаас гадна, ЗГ-ын шинэ сайдуудын томилгоо хүлээж байна. Энэ удаагийн 126 гишүүнтэй УИХ маань эхний 2 жилдээ тус бүр 3 ЕС, 2 УИХ-ын даргыг томилоод амжлаа. Тэгэхээр ирэх 2028 он хүртэл дахиад олон сюрприз байх нь гарцаагүй бололтой. 🫣

💡 Таавар таацгаая. 

…Би шинэ зүйлд дуртай ч хуучныг бол үздэггүй. Намайг тоохгүй бол тайлан баланс чинь дэндүү хөөрхөн харагдана. Харин намайг тоогоод ирвэл ашиг чинь гэнэтхэн л ядарсан царайтай болно. Зарим захирлууд чинь намайг хараад дахиад жоохон амраачихмаар бодол толгойд нь төрдөг. Би юу вэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцахаа мартуузай. ✌️

YouTrip

🍋 Өмнөд Солонгосын T-money компани Монголын зах зээлээс гарлаа. Компани өнгөрсөн оны 5-р сард Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 55%-ийн хувьцаагаа худалдсан. T-money компани Монголд өнгөрсөн 10 жилийн хугацаанд ₩16.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн ч ₩21.6 тэрбумын алдагдал хүлээжээ. Энэ нь тус компанийн гадаад дахь хамгийн их алдагдалтай төсөл болсон байна. 

🍋 Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ улам өснө. Тодруулбал, 2025 оны газрын тосны импортын хэмжээ 0.1 сая тн-оор өсөж 2.9 сая тн болсон бөгөөд энэ онд 3 сая тн, 2027 онд 3.1 сая тн газрын тос импортлохоор байна. Гэтэл геополитикийн нөхцөл байдлаас хамааран Роснефть компанийн 4-р сарын хил үнэ өссөн тул дизель түлш ₮2,200-өөр нэмэгдэж ₮5,200-т хүрэх нөхцөл үүсжээ.

🍋 Nvidia (NVDA) компани Marvell (MRVL)-д $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. Уг мэдээллийн араас Marvell-н хувьцааны үнэ 13%, өчигдрийн байдлаар дахин 7.7% тус тус өссөн байна. Nvidia сүүлийн саруудад ганц Marvell-д биш Synopsys (SNPS), CoreWeave (CRWV) зэрэг 5 компанид мөн адил тус бүр $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд буй. 

🍋 Нийслэлийн “Нэгдүгээр тойрог зам” төслийн ОУ-ын нээлттэй тендерт Хятадын 4 ААН оролцжээ. Ирэх 7 хоногт гүйцэтгэгчийг эцэслэх аж. Уг тойрог зам нь нийт урт 24.7 км бөгөөд нийт санхүүжилт $918.57 сая. 2028 онд энэ замыг ашиглалтад оруулснаар оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3% буурна гэнэ дээ. Ай даа.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.