• Lemon Press
  • Posts
  • 😱 Хорооны тавилга = ₮340 сая

😱 Хорооны тавилга = ₮340 сая

Олны хүсэмжит Kick | $BLG: ЦА 52.4%-иар агшив | Баянзүрх дүүргийн өрхүүд

POWERED BY

Өглөөний мэнд! Маргааш Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачилсан олон нийтийн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой Эх Дэлхийн Цаг” тохионо. Яахав лимонууд маань өнгөрсөн өвөл нэлээдгүй өдөр тоггүй байсан ч  энэ өдөр 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтрааж, эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулаарай. 💚🔋

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Ирэх сарын 1-нд нэг бүр нь ₮100,00-ийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт ₮10 тэрбумыг татан төвлөрүүлнэ.

GOV: Өнгөрсөн Лхагва гаргийн ЗГ-ын хуралдаанаар Австралийн Сидней хотод Монголын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийн энгийн хувьцааг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэснээр нийт энгийн хувьцааны тоо нь 5.3% нэмэгдэж 65.2 сая боллоо.

UB: 2026 онд Нийслэлээс 94 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж, авто замын 1-р эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэхээр Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр болжээ.

📌 Өндөр хүүгийн цаана нуугдах "Голланд өвчин" 

Энэ удаа бид Кембрижийн Их Сургуулийн Нийтийн бодлогын магистрант Г.Энэрзаяагийн “Мөнгө яагаад үнэтэй байдаг вэ” нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Энэ сард Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг хэрхэхийг шийдэж 12%-д хэвээр хадгалсан. Энэ нь өнгөрсөн оны сүүлээр ажлаа авсан шинэ Ерөнхийлөгч С.Наранцогтод өнөөгийн 12%-ийн хүүг бууруулах орон зай өнөөдөр ч байхгүй байгааг илтгэж байна. Энэ нь мал сүргээ өсгөх гэж буй малчнаас эхлээд, орон сууцны зээл хөөцөлдөж буй өрх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж буй бизнесүүдийн хувьд урам хугалсан дүр зураг хэвээр.

😱 Хорооны тавилга = ₮340 сая

Дүүргүүдийн дарга нар татварын мөнгөөр Дубай аялсан гээд гол усаар нэг шуугьж байсныг санаж байна уу? Дүүргүүдийн татварын орлогын зарцуулалт үргэлж маргаантай байдаг. Тэгвэл Нээлттэй нийгэм форумын гаргасан Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн 2026 оны хөрөнгө оруулалт, зарцуулалтыг харъя. 

🫨 Баянгол + Хан-Уул = Барахгүй Сүхбаатарыг

Энэ онд дээрх 3 дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар нийт ₮293.1 тэрбумыг зарцуулж бүтээн байгуулалтын ажил хийх нь. Үүний 76.2% нь дангаараа Сүхбаатар дүүрэгт зарцуулагдана гэж байгаа. ₮293.1 тэрбумын хөрөнгө оруулалт шинэ, хуучин, өнжсөн, он дамнасан гээд нийтдээ 292 төсөл, арга хэмжээнд шингэх нь. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт гэхээр та бидний төлсөн татварын зарцуулалт гэдгийг санаарай.

  • 📌 1 төсөл = ₮1 тэрбум: Харж байгаачлан нийт төсөл, арга хэмжээний тоог нийт зарцуулалттай харьцуулбал 1 төслийн зардал дунджаар ₮1 тэрбум байгаа нь харагдана. Энэ зөвхөн энэ оны санхүүжилтийг ярьж байгаа гэдгийг санаарай. Он дамнасан төслүүдэд бол бүр ч их мөнгө урсаж байгаа.   

  • ⚡️ Хөөс үү, бодит уу: Төсөл тус бүр дээр тавигдсан зардлыг харвал бодитой эсэх нь эргэлзээтэй. Баянгол дүүргийн 34-р хороонд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах зардал ₮340 сая байх жишээний. Дугуйн болон явган хүний замыг ₮9 тэрбумаар барина гэсэн ч яг хаана, хэдэн км байх нь ч тодорхойгүй. Сүхбаатар дүүргийн 3-р хороо 13-р байрны фасад засвар ₮1.1 тэрбум ч байх шиг.

🎸🤑 Орон нутгаа хөгжүүлнэ

Дээрх дүүргүүдэд дүүргийн төсвөөс хөрөнгө оруулалт очихоос гадна дүүрэг тус бүрийн орон нутгийн хөгжлийн сан (ОНС)-гаас ч зардал гарч байгаа. Жишээ нь, хүн амаа цөөлнө гээд байсан Баянгол дүүргийн ОНС-гаас нийтдээ  ₮1.4 тэрбумыг гаргах нь.

  • 😮‍💨 Юу хийх бол? Дээрх зардлын 44.2%-ийг боловсролын байгууллагад шаардлагатай засварын ажил хийхэд зарцуулна гэж тусгаж. Гэхдээ энэ онд ингэж үрсэн ч ирэх жилүүдэд дахиад ₮1 тэрбумыг үрж байж засагдаж дуусах нь. Үлдсэн 55.8%-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд гэрэлтүүлэг суурилуулах, дээврийн засвар хийхэд үрэх нь дээ. Бас болоогүй 2 өөр төрлийн гэрэл суулгана гээд байгаа. 

Эцэст нь… Мэдээж дүүрэг бүрд хийх бүтээн байгуулалт, засварын ажил байгаа. Гол нь энэ бүхний зардал татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа учир хаана, юунд, яагаад зарцуулах гэж байгаа, тооцоолол нь яаж хийгдсэн, бодитой байсан эсэх гэх мэт асуултад хариулдаг л баймаар байна. Нэмээд зарцуулалтын үр дүнгийн тодорхой байдал чухал. Муруй саруй тавьсан явган хүний зам яагаад ₮9 тэрбум байгааг мэдчихмээр л байна.

  • 🏦 Монголбанкнаас гаргадаг шийдвэр амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? (InsightsPodcast)

  • 🍜 Азийн ТОП-50 рестораны жагсаалт шинэчлэгдлээ. (TheWorlds50Best)

  • 🗯️ АН: УИХ-ын дарга зарчмын шаардлага хүлээж авахгүй бол огцруулна. (gogo)

  • 🗓️ Шинээр кино болон дуу цацахад аль сар тохиромжтойг статистикаар харъя. (StatSignificant

🟥 $BLG: Цэвэр ашиг 52.4%-иар агшив

BLG: 2025 онд хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг Завхан Баялаг ХК-ийн цэвэр ашиг ₮9.8 саяд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 52.4% буурчээ. Задлаад харвал, компанийн нийт орлого 4.5% өссөн бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг харьцангуй бага буюу 1.9% өссөн аж. Гэвч $BLG-н хүнтэй холбоотой зардал 40.4% нэмэгдэж ₮109.5 саяд хүрсэн нь цэвэр ашиг огцом буурахад нөлөөтэй байв. Сонирхуулахад, хамгийн сүүлд 2023 оны 4-р сард $BLG-н 70 ширхэг хувьцаа ₮1,851.5-өөр арилжаагджээ.

🧲 Олны хүсэмжит Kick

Орчин үеийн хүүхдүүд стример болно гэж мөрөөддөг болсон нь санамсаргүй тохиолдол биш. Үүний шалтгаан нь мэдээж стримерүүдийг хүүхэд, залуусын ихээр үзэх болсонтой холбоотой. Тэгвэл сүүлийн үед эдгээр стримерүүд YouTube-с нүүж, Kick рүү шилжих болсон. Үүний шалтгааныг өнөөдөр тодруулъя.

📺 Kick-н тухайд

2023 оны эхээр нээлтээ хийсэн Австралийн Kick-г сонсоогүй хүн байж магад. Энгийнээр бол, хэрэглэгчид Kick ашиглан дуртай стримерийнхээ шууд бичлэгийг яг л YouTube шиг үздэг. Тус шууд бичлэгт видео тоглоом, тэмцээний тайлбар, харилцан яриа гэх мэт олон төрлийн контент багтдаг аж. Тэд богино хугацаанд буюу 2025 он гэхэд 57 сая хэрэглэгчтэй болжээ. Мөн өдгөө 80 сая сувагтай, нэг сарын 500 сая үзэлттэй болоод байна. 

  • 💰 Илүү мөнгө олдог… Kick дээр хэрэглэгч хүсвэл дуртай стримертээ сарын $4.99-ыг төлж, бичлэгийг нь үзэх боломжтой ба тэдний YouTube Live болон Twitch платформоос ялгаатай нь Subscription-н орлогын 95%-ийг стримерүүдэд олгодог байна. Харин салбарын бусад платформууд контент бүтээгчдэд Subscription-н орлогын 50-70%-ийг хуваарилдаг аж.

👾 Монгол стримерүүд

Сүүлийн нэг сард Kick дээрх нийт шууд бичлэгийн 0.5%-ийг Монгол хэл дээрх бичлэгүүд эзэлжээ. Энэ нь сарын 500 сая үзэлтээс 2.5 сая нь Монгол хэл дээрх контент байгааг харуулна. Түүнчлэн, Монголын хамгийн олон дагагчтай ТОП-10 стримерийн нийт дагагчдын тоо 536 мянгад хүрснээс харахад олон хүн Kick-г ашиглах болсон нь харагдана.

  • 🏎️ Богино хугацаанд… CS-н тоглолтыг шууд дамжуулдаг Meta_mn нь 2026 он гараад YouTube-с Kick рүү шилжжээ. Тус суваг он гарснаас хойш 110.5 мянган дагагчтай болсноор Kick дээрх Монгол стимерүүдийг тэргүүлж байна. Нэмэлтээр хүргэхэд, тэдний YouTube-н Subscriber-н тоо 462 мянгад, нийт үзэлт 95.4 саяд хүрчээ.

Эцэст нь… Өнөөдөр орой 22 цагаас $1.1 саяын шагналын Blast Open Rotterdam 2026 тэмцээний хасагдах шатанд The MongolZ Туркийн Aurora-той учраа таарна. За тэгээд энэ тоглолтыг Meta_mn-н тайлбартай шууд үзэх бол Kick рүү орох нь дээ. 👁️ 

💡 Таавар таацгаая. 

… кино нь SBS телевизээр 2002 онд анхны ангиа цацаж, 2003 онд өндөрлөжээ.Тус цуврал нь одоо ч Солонгосын телевизийн түүхэнд хамгийн өндөр үзэлттэй цувралаар тооцогддог бөгөөд нийт 124 ангийн дундаж үзэлтийн рейтинг 41.2% байсан аж. Энэ ямар кино вэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцахаа мартуузай. ✌️

😋🍴 Итали пиццаны амт - Poca Pizzeria

YUM! Ил гал дээр шарсан нимгэн, шаржигнасан гурилтай 8 төрлийн пиццаг хотын төвд Poca Pizzeria-с амтлах боломжтой боллоо.  

  • 🤌 Италид ингэж л хийдэг! Poca Pizzeria классик “Margherita” пиццанаас эхлээд, Неаполь хотын бэлгэ тэмдэг болсон “Napoli” гэхчлэн амтанд нь төөрөхөөр, заавал амталж үзэх төрлүүдтэйгээс гадна пицца болох зуур ил галын чимээнд “chil”-рээд суухад төгс тохирох орчинтой. 

🥖 Handmade Sourdough: 100% гар аргаар бэлтгэсэн, байгалийн хөрөнгөөр удаан исгэсэн гурилтай.

  • 🔥 Wood-fired oven: Пиццагаа уламжлалт сонгодог хэв маягаар буюу модоор галласан ил зууханд бэлтгэдгээрээ онцлог. 

За тэгээд Итали найзыгаа дагуулж очоод taste-test хийлгээд үзээрэй. Талбайн чанх хойно, ЗГ-ын ордны ард, Flora цэцгийн дэлгүүрээс баруун тийш хэд алхаад байгаа шүү.

🤙 Захиалга өгөх: 7777-1088

Quartz

🍋 Ирэх 5 сарын 14-нд Доналд Трамп болон Ши Жиньпин нар уулзана. Ирантай холбоотой дайны нөхцөл байдлаас шалтгаалан нэлээд хойшилсон энэхүү уулзалт Хятадын харилцаанд шинэ хуудас нээх үү, эсвэл өрсөлдөөнийг улам хурцатгах уу гэдгийг шийдэх чухал зангилаа цэг болохоор байна. Уулзалтын үеэр тариф, технологийн өрсөлдөөн, геополитикийн асуудлууд сэдвүүдээр халуухан яриа өрнөх биз ээ. 

🍋 Улаанбаатарын нийт өрхийн 27.7% нь Баянзүрх дүүрэгт оршин сууж байна. Тодруулбал, тус дүүргийн нийт өрхийн тоо хамгийн бага өрхтэй Багахангай дүүргийнхээс 102 дахин их буюу 132 мянгыг давсан байна. Цаашлаад, нийслэлд нийт 476 мянга гаруй өрх байгаагийн бөгөөд 57.6% нь байшин хороололд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдардаг аж.  

🍋 ЗГХЭГ-аас уул уурхайн салбарынхан болон стратегийн орд эзэмшигчдийг оролцуулан Үндэсний баялгийн сангийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улмаар тус сангийн үйл ажиллагааг ил тод, иргэдийн хяналттай болгох зорилгоор бүх салбарын төлөөллийг хамруулсан Зөвлөлдөх санал асуулгыг цувралаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

🍋 Улаанбаатарын нийт 1,077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС 2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэхүйц хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэнэ. Үүнтэй холбогдох төслийг 2023-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж 3 жилийн өмнө ажил хэрэг болгож эхэлсэн ч одоогоор 45 барилгын дулаалгын ажил үргэлжилж байгаа аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.