- Lemon Press
- Posts
- 🛍️ Temu-н жинхэнэ эзэн хэн бэ?
🛍️ Temu-н жинхэнэ эзэн хэн бэ?
AI ба боловсон хүчин | Эрээнтэй бараантай NVIDIA | Revolut-н үнэлгээний өсөлт
POWERED BY
Талархлын баярын мэнд! Энэ жилийн Талархлын баяраар сүүлийн 15 жилд байгаагүй хамгийн олон нислэг товлогджээ. Тухайлбал, 11 сарын 24-нөөс ирэх долоо хоногийн Мягмар гараг хүртэл 360 мянган нислэг товлогдож, 18 сая орчим зорчигч агаарын тээврээр зорчих гэнэ шүү. 🍗✈️


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: Ирэх жил 100 сая тн нүүрс экспортолно гэж төлөвлөсөнтэй холбоотойгоор шатахууны хэрэглээ 20% орчмоор өсөх тул шатахуун нөөцлөх сав барих ₮1.06 их наядын санхүүжилтийг ААН-үүдэд зээлээр олгоно.
BOM: Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
MRT: ”Багахангай-Хөшигийн хөндий" төмөр замын төслийн дараагийн шатны санхүүжилтийг олгохоор болжээ.

🤖 AI ба боловсон хүчин

Та болон танай компани өдөр тутмын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI)-г хэр хэмжээгээр нэвтрүүлсэн бэ? Монголын компаниуд үйл ажиллагаандаа AI нэвтрүүлэх гэхээр боловсон хүчний асуудал хамгийн их тулгамдаж байна гэнэ дээ.
🔍 Судалгаа: СЗХ санхүүгийн байгууллагуудын хиймэл оюун ухааны хэрэглээг судлах зорилгоор түүвэр судалгаа хийжээ. Нийт 75 санхүүгийн байгууллага хамрагдсанаас 41.3% нь ББСБ, 25.3% үнэт цаасны компани, үлдсэн хэсгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, даатгал гэх мэтийн компаниуд бүрдүүлжээ.
📌 Дийлэнх нь AI ашигладаггүй
Судалгаанд оролцсон 75 компаниудын 70.6% нь үйл ажиллагаандаа AI ашигладаггүй гэнэ. Харин өдөр тутмын ажлаа AI-р хөнгөвчилсөн компаниудын олонх нь ББС-гийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй.
🧐 Юунд ашиглаж байна вэ? AI-г түгээмлээр хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах, эрсдэлийн болон зээлийн үнэлгээнд ашиглах, мөнгө угаахтай тэмцэх хяналтыг хэрэгжүүлэх зэргээр ашиглаж байгаа аж. Авууштай нь эдгээр компаниудын 23% нь AI-г дотооддоо хөгжүүлжээ.
📈 Ямар өөрчлөлт гарч байна вэ? AI ашиглаж байгаа компаниудын 26% нь хэрэглэгчийн үйлчилгээ сайжирсан, 24% нь зардал буурсан гэж үзсэн аж. Иймд нийт 75 компанийн 41% нь цаашид AI-д чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэнэ.
❌ AI-с зайлсхийж байгаа шалтгаан & бэрхшээл
Компаниуд үйл ажиллагаандаа AI ашигламаар байгаа ч боловсон хүчний дутмаг байдал, туршлага, мэдээлэл хомс байгаа нь маш том бэрхшээл болж байна. Үүн дээр нэмээд зардлын асуудал, зохицуулалт талаасаа AI-н ашиглалтад чиглэсэн хууль, бодлогын орчин бүрдээгүй нь эрх зүйн болон комплаенсын эрсдэл үүсгэж байгаа аж. Мэдээж санхүүгийн байгууллагуудын хувьд AI ашиглах тал дээр өгөгдлийн нууцлал, аюулгүй байдлын асуудал хурцаар сөхөгдөнө.
Эцэст нь… Монголын санхүүгийн салбарынхны хувьд AI-н хэрэглээ харьцангуй өндөр болж, хэрэглээний чиглэл нь төрөлжиж эхэлсэн байна. Цаашид ч AI ашигладаг, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн компаниудын тоо нэмэгдэхээр байгаа тул үүнтэй холбоотой тодорхой эрсдэлүүдийг тусгасан зохицуулалт хэрэгтэй байгаа ажээ.

👣 Насанд хүрсэн хүн амьдралынхаа туршид дэлхийг 3 удаа тойрсонтой тэнцэх хэмжээнд алхдаг. (EverythingLubbock)
🛍️ Онлайнаар худалдан авалт хийхдээ AI-р туслуул. (OpenAI)
💰 Жилийн $318,000-ын цалинтай ажлын байр. (Entrepreneur)
🕊️ Орос, Украины хооронд энх тайван тогтоох Америкийн төлөвлөгөө. (CSIS)

🙃 Эрээнтэй бараантай NVIDIA
NVDA: Хөрөнгийн зах зээлийг байлдан дагуулагч NVIDIA-н нэгж хувьцааны үнэ 2.6% унаж, компанийн зах зээлийн үнэлгээ $119.9 тэрбумаар агшлаа. Тус бууралтад Meta (META) ирээдүйд дата төвүүддээ $NVDA-н чипийн оронд Google (GOOG)-н чипийг авахаар төлөвлөж эхэлсэн нь голлон нөлөөлжээ. Нэмж дурдахад, сүүлийн нэг сарын хугацаанд $NVDA-н нэгж хувьцааны үнэ даруй 4.5% унаад байна.

🛍️ Temu-н жинхэнэ эзэн хэн бэ?

Та онлайн худалдааны салбарыг бага багаар эзэгнэж буй алдарт Temu-н ард ямар компани байдаг бол гэж бодож байсан уу? Сонирхуулахад, тэдний толгой компанийн цэвэр ашиг сүүлийн 5 жилд 16.2 дахин нэмэгдээд байна. Тэгвэл энэ удаад хөшигний цаадах эзний талаар олж мэдье.
🇨🇳 Толгой компани: Тэртээ 2015 онд Temu-н толгой компани болох Pinduoduo буюу PDD Holdings (PDD) байгуулагджээ. Тухайн үед Хятадад JD.com (JD) болон Alibaba (BABA) зэрэг томоохон тоглогчид зах зээлд ноёлж байсан тул шинжээчид $PDD-г онлайн худалдааны зах зээлийн өрсөлдөөнд тэсэж үлдэхэд амаргүй даваа гэж үзэж байв.
🦄 Үлгэр ингэж эхэлсэн
Эхэндээ $PDD нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулж байсан бол 2022 оноос зах зээлд Temu платформыг нэвтрүүлж, сарын 292 орчим сая идэвхтэй хэрэглэгчтэй, 300 гаруй мянган мерчантыг хамарсан томоохон худалдааны экосистем болоод байна. Өнгөрсөн улиралд $PDD-н нийт борлуулалт $15.2 тэрбумд хүрсэн нь Temu зах зээлд нэвтэрснээс хойш 3 дахин өссөн үзүүлэлт болжээ. Үүний зэрэгцээ цэвэр ашиг 2.8 дахин нэмэгдэж $4.1 тэрбумд хүрсэн аж.
🏃🏻♀️ Амжилтын марафон
Ирэх жилүүдэд аль зах зээл хамгийн их тэлэх вэ гэвэл мэдээж онлайн худалдааны салбар дээгүүр бичигдэх нь гарцаагүй. Компанийн зүгээс өнгөрсөн III улирлын тайланг танилцуулахдаа Temu-н экосистемийг сайжруулах, ялангуяа мерчантуудыг дэмжихэд чиглэн ажилласнаа дурдсан бөгөөд үүнд зориулан цаашид хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэхээ мэдэгджээ.
Эцэст нь… Дэлхийн 90 гаруй оронд нэвтэрсэн Temu нь Монголчуудын хэрэглээнд энэ оноос эхлэн албан ёсоор нэвтэрсэн. Одоогийн байдлаар Facebook дахь Temu хэрэглэгчдийн бүлгэм давхардсан тоогоор 83 мянгад хүрсэн бөгөөд App Store-н онлайн худалдааны ангиллыг тэргүүлж байна. Манай лимончууд дунд Temu-с юм захиж үзсэн хүн хэр их байна даа. 😜

₮280 тэрбум
Он гарснаас хойш Нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр нийт 2,293 удаа, ой хээрийн гал түймэр 5 удаа бүртгэгдсэн бөгөөд онцгой байдлын алба хаагч нар ₮280 тэрбумын өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
22 иргэн
Мөн хугацаанд галт түймэрт түлэгдэн 22 иргэн байгаа бол, нас барсан иргэдийн тоо өнгөрсөн жилээс 36% буурч 21 болсон байна.
60%
Тэгвэл гал түймрийн нийт дуудлагын 60% орчмыг гэр хорооллын өвлийн орон сууц, байшин, монгол гэр, амбаар шатсантай холбоотой дуудлага эзэлж байгаа аж.


Financial Times
🍋 Европын хамгийн үнэтэй стартап болох Revolut $75 тэрбумын үнэлгээтэй болжээ. Тодруулбал, тэд ердөө 3 сарын өмнө компани $2.89 тэрбумын венчур хөрөнгө босгож $48 тэрбумын үнэлгээтэй болж байсан бол өдгөө үнэлгээгээ ийнхүү 56% өсгөөд байна. Revolut-н хувьд ЕХ-д банкны лицензтэй, Австрали, Япон тэргүүтэй 6 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Их Британид бүрэн эрх бүхий банк болохоор зэхэж буй.
🍋 Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдол бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэнэ.
🍋 Amazon (AMZN) Америкийн ЗГ-т зориулсан AI дата төвүүд барихад $50 тэрбумын хөрөнгө оруулна. Дата төвүүдийн нийт хүчин чадал 1.3 ГВт байх бөгөөд хөрөнгө оруулалтын үр дүнд Америкийн ЗГ-ын агентлагууд хамгийн сүүлийн үеийн AI ба компьютерын технологи ашиглах боломжтой болж буй. Гэснээс Amazon AI дата төвүүд барихад энэ онд нийт $125 тэрбумыг цутгахаар байгаа.
🍋 Монгол Улс UNESCO-н Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдов. Тус сонгуульд нээлттэй 5 суудлын төлөө 12 улс өрсөлдсөнөөс Монгол нийт 161 улсаас 60%-ийн дэмжлэг авч Армени, Бангладеш, Чех, Польшийн хамт тус хорооны гишүүнээр ажиллахаар болжээ. Сонирхуулахад, UNESCO-н Дэлхийн өвд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар тэргүүтэй Монгол Улсын 6 өв бүртгэлтэй байдаг.
🍋 Улаанбаатар ирэх сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Тодруулбал, өнгөрсөн Мягмар гарагт Эрээний гаалийн талбайд 8,000 тн, Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт 35 мянган тн хагас коксон түлшний нөөц бүрдсэнээр Улаанбаатар руу хоногт 2,200-4,400 тн түлш тээвэрлэн хүргэгдэж байгаа аж. Цаашлаад Хятадаас ирэх оны 3-р сар хүртэл нийт 306 мянган тн хагас коксон шахмал түлш импортлох нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply