• Lemon Press
  • Posts
  • 🕵️ Уншихгүй өнгөрвөл алдас болно

🕵️ Уншихгүй өнгөрвөл алдас болно

Эрчийг авч буй төлбөртэй үйлчилгээ | Говь ХК-ийн 33%-ийн эзэн | Татгалзахын аргагүй санал 🔪

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр “Дэлхийн усны өдөр” тохиож байна. Дэлхий даяар олон тэрбум хүн цэвэр усны хомсдолд орж, уур амьсгалын өөрчлөлт, бохирдлын улмаас нөхцөл байдал улам дордож байгаа. Тэгэхээр өдөр тутамд хэрэглэж байгаа усаа хайрлаж, гамнана шүү найзууд аа! 💧

*Нэг өдрийн өөрчлөлт

POL: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв

FRC: СЗХ-ны ээлжит хуралдаанаар 1 компанийн гаргаж буй ХБҮЦ-ыг бүртгэхээр, 1 ХОМК-ийн бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг нийт 25 асуудал хэлэлцлээ.

MSE: Төрийн банк ХК (SBM)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 4 сарын 29-нд, МХБ ХК (MSE)-ийнх 4 сарын 26-нд тус тус болно.

🕵️ Говь ХК-ийн 33%-ийн эзэн

Өнгөрсөн Баасан гарагт Говь ХК (GOV)-ийн нийт хувьцааны 33%-ийн буюу ₮65.6 тэрбумын арилжаа хийгдсэн. Үүнийг хэн зараад хэн авсан нь асуултын тэмдэг байв. Тэгвэл 5 хоногийн дараа хариулт нь ил боллоо

Японоос Монгол руу

Өнгөрсөн Баасан гаргаас Говь ХК-ийн 51.29%-ийг Таван Богд Холдингс ХХК, 34%-ийг HIDE INTER LLC гэх хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон компани эзэмшдэг байв. Харин одоо Таван Богд Холдингс ХХК нь HIDE INTER LLC-с 33%-ийн хувьцааг худалдан авснаар Говь ХК-ийн 84.29%-ийг эзэмшдэг болоод байна. Тодруулбал тэд нийт 257.5 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь ₮255-өөр худалдан авчээ. 

Юу болсон гэсэн үг вэ?

Говь ХК нь 2007 онд хувьчлагдсан бөгөөд энэ үед Таван Богд Холдингс ХХК тэдний 51.29%-ийг эзэмшдэг болсон хэрэг. Харин үүнээс 17 жилийн дараа дахин хөрөнгө оруулалт хийсэн нь энэ. Ингэснээр Монголд хөрөнгө оруулалт хийсэн бас нэг гадаад компани гарч одлоо. 

  • Ер нь тэд чинь ногдол ашиг тарааж байсан билүү? Говь ХК 2010-2018 оны цэвэр ашгаас жил тутамд тогтмол ногдол ашиг тарааж байсан аж. Тухайн жилүүдэд тараасан ногдол ашгийн дундаж хэмжээ ₮1.6 тэрбум байж. Харин 2019 оноос хойш 1 ч удаа ногдол ашиг тараагаагүй. 

Нэлээд өөрчлөлт

Одоо харин Говь ХК-ийн 33%-ийн арилжааны нөлөөг харъя. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Говь ХК-ийн 1 өдрийн дундаж арилжааны хэмжээ ₮11.3 тэрбумд хүрч өмнөх 7 хоногоосоо 2,714 дахин өссөн байна. Түүнчлэн 3 сарын 15-нд хийгдсэн Говь ХК-ийн хувьцааны ₮65.6 тэрбумын арилжаа нь МХБ дээр хийгдсэн тухайн өдрийн арилжааны 98.7%-ийг бүрдүүлсэн аж. Улмаар тухайн өдрийн нийт арилжааны дүн өмнөх өдрөөс 105.9 дахин өсжээ. 

Эцэст нь… Ингээд Говь ХК-ийн дийлэнх хувьцааг Монгол хөрөнгө оруулагч эзэмшдэг боллоо. Тэдний хувьд саяхан Гүйцэтгэх захирлаа солиод буй. Мөн өнгөрсөн оны борлуулалтын орлого нь 32% өсөж алдагдал нь буурсан. Цаашид ямар ахиц дэвшил гарах бол доо?

Санал тавилаа ➡️ Хувьцаа өслөө

PARA: Apollo Global Management (APO) Paramount-г $11 тэрбумаар худалдаж авах санал тавьсны дараа Paramount-н хувьцааны үнэ 11.8% өслөө. Одоогоор Paramount нь CBS-д харьяалагдаж байгаа бөгөөд 67.5 сая хэрэглэгчтэй аж. Гэхдээ Paramount-д бизнесээ зарах сонирхолтой байгаа эсэх нь тодорхойгүй байна. 

🤩 Эрчийг авч буй төлбөртэй үйлчилгээ

Америкчууд жилд дунджаар $77-ыг төлбөртэй үйлчилгээ буюу subscription-д зарцуулдаг төдийгүй 1 хүн 4.5 subscription үйлчилгээг ашигладаг аж. Байз даа, манайд хэд байгаа бол? 

  • Subscription гэж юу билээ? Бидний өдөр тутамд гар утасны төлбөр төлөхөөс эхлээд хамгийн ойрын жишээ бол Netflix-р кино үзэх, Audible-р ном сонсох гээд тэдгээр үйлчилгээнүүдийг хэлж байгаа шүү.

Хамгийн эрэлттэй

Америкт нийт өрхийн 95% ямар нэг байдлаар subscription ашигладаг бөгөөд кино, контент, цахим худалдаа, хөгжмийн subscription-г хамгийн их ашигладаг аж. 

  • Трэнд: Цаашлаад, америкчууд фитнес, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, дижитал ном гээд  subscription-г өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болтол өргөн хэрэглэж буй. 

  • Кино үзье: Харин монголчуудын хувьд интернэт, кино контент гэх чиглэлд түлхүү ашиглах нь элбэг. Тус 2 чиглэлээс гадна худалдааны салбарт тус үйлчилгээ овоо дэлгэрч сүүлд гэхэд Shoppy Mart хэрэглэгчдэдээ хүнсний бүтээгдэхүүний subscription-г нэвтрүүлээд авсан.

Сонсонгоо… 

Мэдээж subscription үйлчилгээ эрэлт өндөртэй өөр нэгэн салбар бол боловсролын салбар. Тухайлбал, сүүлийн жилүүдэд подкаст сонсогчдын тоо нэмэгдэхийн хэрээр дижитал ном сонсох трэнд ч газар авсан. Дижитал номын subscription дээр Audible-ийн талаар сонссон хүн цөөнгүй байх. 

  • Давуу тал нь: Хэрэглэгч тэдний subscription-г ашиглан Audible дээрх номуудыг хязгааргүй сонсохын сацуу нэмээд бестселлер номоос 1-ийг кредит эрхээр идэвхжүүлж сонсох боломжтой байдаг.

Тэгвэл Монголд номын subscription байна уу? 

Монголд Mbook, Sonos, Esan тэргүүтэй хэд хэдэн компани өөрсдийн subscription-г нэвтрүүлээд буй. Тэдний дундаас саяхан Mbook Audible-тэй төстэй зарчмаар ажилладаг кредитийн эрхтэй subscription-аа гаргажээ

  • Хэрхэн ажилладаг вэ? Нэг сарын төлбөр нь үндсэн үнээсээ 50% хямдраад ₮9,900 болсон бөгөөд Mbook дээрх бестселлер номуудаас сард 1 номыг кредитээр идэвхжүүлж, +250 номын хураангуй, +100 бүтэн номыг уншиж, сонсох боломжтой гэнэ дээ. Мэдээж гадуур биет хэлбэрээр зарагдаж буй номоос ойролцоогоор 2 дахин хямд үнэтэй гэхээр боломжийн худалдан авалт байгаа биз? 

Гэснээс, уншигчид минь хэдэн төрлийн subscription ашиглаж байна. Тоолж үзсэн үү? Тоогоо алдчихсан яваа юм биш биз? 🤔

Өнөөдрийн товхимолд нэг хутга нуусан байгаа. Хаана байгааг нь таагаарай. Хамгийн түрүүнд таасан хүнд нь шагналтай шүү. 🎁

Бяцхан тусламж: Товхимлоо дээрээс нь доош нь анхааралтай уншвал дорхноо олно шүү. 🤗

Pirmid Fintech

🔹Өнгөрсөн жил бий болсон нийт хөрөнгийн 96% нь хиймэл оюун ухаан (AI)-р бий болжээ. Тухайлбал, дэлхийн тэргүүн баян 500 эрхэм өнгөрсөн онд AI-н ачаар хөрөнгөө $124 тэрбумаар өсгөжээ. Сонирхуулахад, Марк Зукербергийн AI-с олсон хөрөнгө $37 тэрбумаар өсөж $161 тэрбумд хүрээд буй. 

🔹Mercedes Benz (MBG.DE) автомашин үйлдвэрлэлдээ хүн дүрст робот ашиглана. Тодруулбал, тэд хүн дүрст робот хөгжүүлэх Apptronik-тай хамтран ажиллахаар болж тэдний Appollo гэх роботыг үйлдвэрлэлийн ажилдаа ашиглах гэнэ. Тус роботын өөрийн жин 75 кг бөгөөд 25 кг хүртэлх ачааг өргөж чадах аж. 

🔹Нүүрсний олборлолт өнгөрсөн 2-р сард өмнөх оны мөн үеэс 28.3% өсөж 6.8 сая тн-д хүрчээ. Улмаар он гарснаас хойших нийт олборлолт өнгөрсөн жилээс 20% өсөж 13.7 сая тн болоод буй. Цаашлаад, төмрийн хүдрийн олборлолт 32% өсөж 355,900 тн болжээ.

🔹Pinduoduo (PDD)-н орлого өнгөрсөн жил 90% өсөж $34 тэрбумд хүрэв. Тус өсөлтөд компанийн цахим маркетингийн үйлчилгээний орлого $21 тэрбум, шилжүүлгийн үйлчилгээний орлого нь $13 тэрбумд хүрсэн нь нөлөөлсөн байна. Тус тайлангийн араас тэдний хувьцааны үнэ 3.5% өсөж $132-т хүрээд байна.

  • Шалтгаан: Монголбанк бодлогын хүүг яагаад бууруулав? (Mongolbank)

  • Айн? Хурим хийх улам л хэцүү болсоор. (CNN)

  • Оролц: Улаанбаатар марафоны бүртгэл эхэлж байгаа юм байна шүү. Халз гүйх үү? (UBMarathon)

  • Мэд: “Тамгагүй төр” жүжиг ОУ-ын аялан тоглолтоо Сингапураас эхэлнэ. (InsideMongolia)

Зиа 7 хоногийн төгсгөл Lemon Press-н Poll-той хамт ирлээ. Энэ 7 хоногийн товхимол хэр байв? Санал, хүсэлт юу байна? Лимонуудтайгаа хуваалцаарай. 

Надад 1 санал байна. 💡

Login or Subscribe to participate in polls.

Эрүүл харилцааны үндэс чинь ярилцах гээд байгаа шүү дээ. Ярилцъя хө. Бидэнд үндэслэлтэй санал, шүүмжээ харамгүй явуулаарай. Бүгдийн уншаад жич ярилцаад явж байгаа шүү. 😝