• Lemon Press
  • Posts
  • 🇨🇳 Уруудан уруудах юанийн ханш

🇨🇳 Уруудан уруудах юанийн ханш

Хүүхдийн хадгаламж болон юанийн ханшийн талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Ойрд айлчлалын хөл хөдөлгөөн ихтэй байна шүү. Олон ч гэрээ, хэлэлцээр хийгдэж байна. Дараа 7 хоногт л гэхэд Энэтхэгээс Монголд албан ёсны айлчлал хийгдэх нь.

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: МХБ (MSE) Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, бүтээгдэхүүн гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

MSE: Симпл 1 бонд болон Инвескор бонд 2.0-ийн анхдагч зах зээлийн арилжаанд нийт 145 захиалга ирж 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа.

MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮3.8 тэрбумын репо зээл арилжаалагджээ.

👶 Хүүхдийн хадгаламж

Энэ оны эхэнд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д олгохоор болж хэсэг шуугьсан даа. Тэгвэл одоо үлдсэн 9%-д нь 7 сарын 7-ноос эхлэн нөхөн олгохоор болоод буй. Ер нь та хүүхдийн мөнгөөрөө юу хийдэг вэ? 🤔

Баталгаат ирээдүй

Мөнгө хадгалах зарчмаараа алдартай Японд л гэхэд эцэг эхчүүд нь хүүхдээ бага байхаас нь ирээдүйн боловсрол, орон байр, бусад зардалд нь зориулан хуримтлал үүсгэдэг. Тэр бүү хэл хүүхдэд зориулсан хэд хэдэн төрлийн хадгаламж байдаг бөгөөд хамгийн алдартай нь Junior NISA. Энэ нь 20-иос доош насны хүүхдэд зориулсан татварын хөнгөлөлттэй хадгаламж бөгөөд нэг талаараа хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

  • Учир нь: Тус хадгаламжийг үнэт цаасны компани болон банканд нээлгэх боломжтой бөгөөд үүгээрээ хувьцаа, ETF зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдан авах боломжтой аж. Түүгээр ч зогсохгүй ногдол ашиг, арилжааны орлогыг нь татвараас чөлөөлдөг гэж байгаа.

Харин Монгол

Монголын нөхцөлд хүүхдэд зориулсан хамгийн түгээмэл хуримтлал үүсгэх арга бол банкны хадгаламж. Одоогоор ТОП-5 банкны хүүхдийн хадгаламжийн дундаж хүү 12.6% байгаа бол М банкны хүүхдийн хадгаламжийн хүү 13.5% байна. Тэгвэл одоогоос сар болгон төрөөс олгогдож буй хүүхдийн мөнгийг 13.5%-ийн хүүтэйгээр 18 жилийн хугацаатай хадгалбал хүүхэд тань насанд хүрэхэд ₮21.7 сая хуримтлагдах бол үүний хүү нь ₮70.2 сая болох юм. Сонирхуулахад, М банк хүүхдийн хадгаламжийн данс нээлгэсэн харилцагчдадаа эрүүл мэндийн даатгалын эрх бэлэглэж байгаа аж.

  • Тодруулбал, Хадгаламжийн дансны үлдэгдэл нь ₮2-₮5 саяас дээш бол ₮10-₮20 саяын нөхөн олговортой хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын 1 жилийн эрхийг бэлэглэж буй.

Эцэст нь… Хүүхэдтэй болсон цагаас эхлээд л тодорхой болон гэнэтийн олон зардалд санаа тавих шаардлагатай болдог. Тиймээс асуудал тулаад ирэхэд нь гарц хайдаг биш эртнээс тогтмол дүнгээр хуримтлал үүсгэх нь хүүхдийнхээ ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт болох буй за.

🎉 $3 их наяд

AAPL: Apple-н зах зээлийн үнэлгээ $3 их наядад хүрч дээд амжилт тогтоолоо. Учир нь он гарснаас хойш л гэхэд компанийн хувьцааны үнэ 51.8% өссөн юм. Түүнчлэн тус хугацаанд технологийн томчууд болох Microsoft (MSFT)-н хувьцааны үнэ 40.8%, Alphabet (GOOG)-нх 35% өссөн нь S&P 500 (^GSPC)-н өсөлтөд ихээхэн түлхэц болж байна.

🇨🇳 Юанийн уналт

Юанийн ханш долларын эсрэг 5 жилийн өмнөхөөс 8.6% суларч сүүлийн сүүлийн 8 сарын доод түвшинд ойртоод байна.

Юу болов?

Доллартой харьцах юанийн ханш унаж байгаа нь дэлхийн 2 дахь том эдийн засгийн таагүй байдлыг илэрхийлж буй. Ийм ч учраас S&P Global Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.5%-иас 5.2% болгон бууруулсан төдийгүй Goldman Sachs (GS) ч мөн 0.6 нэгж хувиар бууруулаад амжсан.

  • Шалтаг, шавар: Ковид-19-ийн дараах эдийн засгийн сэргэлт суларч, Хятад Америкийн бодлогын хүүгийн зөрүү ихсэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт улам буурч байгаа нь юанийн ханшийг уруудуулж буй.

Хөвөгч ханш

Үргэлжлүүлээд юанийн ханш яаж тогтдог талаар харвал, Хятадын ЗГ өдөр бүр мөнгөн тэмдэгтийнхээ албан ёсны үнийг тогтоодог. Тодруулбал, юань нь хөвөгч ханшийн горимоор тогтдог буюу Хятадын Ардын банк юанийн ханшийг доллар, евро, иен болон бусад томоохон валютуудаас бүрдсэн сагстай харьцуулан тогтоодог. Харин арилжаалагчид төв банкны тогтоосон ханшаас хамгийн ихдээ 2%-иар их эсвэл багаар арилжаалах боломжтой.

  • Хариу арга хэмжээ: Юанийн ханшийн сулралыг удаашруулах, буцаан чангаруулахын тулд Хятадын төрийн өмчит банкнууд оффшор бүсэд доллар зарж байгаа аж.

Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Хэн бүхний мэдэж байгаачлан бидний гадаад худалдаа, хөрөнгө оруулалт Хятадаас нэлээд хамааралтай. Тиймээс юанийн ханш сулрах нь Монголын бизнес эрхлэгчид болон ЗГ-т юаниар илэрхийлэгдсэн өрийг төлөхөд илүү үнэтэй болох юм. Цаашлаад, импортын бараа, түүхий эдийн өртөг нэмэгдэх асуудал ч тулгарна.

Эцэст нь… JPMorgan (JPM)-н шинжээчид Хятадын ЗГ-ын хөндлөнгийн оролцоо нь юанийн сулралыг зогсооход хангалтгүй байж магадгүй гэж үзэж буй. Юутай ч ханшийн хөдөлгөөнийг ажиглаж л байя даа.

Ялгааг олоорой. Нүдний дасгал чухал шүү. 🤪

P2P үйлчилгээ Монголд

Та виртуал хөрөнгийн арилжаа хийхдээ P2P үйлчилгээг ашигламаар байна уу?

  • P2P: Энэ нь хэрэглэгчид өөрсдөө үнээ тогтоон шимтгэлгүй, хурдан, шуурхай 24/7 арилжаа хийхээс гадна цөөн үйлдлээр криптовалют худалдан авах, зарах боломжтой үйлчилгээ юм.

Мэдээж олон улсын томоохон крипто биржүүд P2P үйлчилгээг санал болгодог ч Монголын хувьд эрх зүйн зохицуулалтгүй тул хэрэглэгчид арилжаанд оролцохдоо залилуулах, халдлагад өртөж виртуал хөрөнгөө алдах, эрх ашгаа хамгаалж чадахгүй байх зэрэг асуудал буй.

Харин одоо idax, Сorex зэрэг крипто биржүүд ВХҮҮТХ-д нийцсэн P2P үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд цаашид ч энэ төрлийн биржийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.

🔹Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээг 3 жилээр сунгалаа. Анх 2011 онд ¥5 тэрбумын дүнтэйгээр байгуулсан уг хэлцлийн гэрээг өмнө нь 2 удаа тус тус ¥5 тэрбумаар сунгаж байв. Өдгөө хэлцлийн дүн ¥15 тэрбумд хүрч үүнээс ¥12 тэрбумыг нь зарцуулаад буй.

🔹Францын ГХЯ-ын сайд Монголд айлчилж байна. Түүний айлчлалаар Францын төрийн өмчит Orana группийн $1.1 тэрбумын үнэлгээ бүхий Зөөвч-Овоо төслийн гэрээний асуудлыг хэлэлцэх юм. Тус төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд ирэх намар гэрээ байгуулахаар зорьж байгаа аж.

🔹Түмэн Шувуут ХК (TUM) компани байгуулна. Тэдний байгуулах компани нь Агро фийд бордоо ХХК гэх нэрээр малын тэжээлийн болон бордооны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм.

🔹Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтаар $4.5 сая үнийн дүн бүхий яриа хэлцэл хийжээ. Түүнчлэн 20 орчим компани, ААН-тэй хамтран ажиллахаар болоод буй. Үргэлжлүүлэн, Олон улсын худалдааны төв эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих SheTrades Hub Mongolia-г албан ёсоор нээлээ.

  • Мэд: Дэлхийн хамгийн том бондын зах зээл. (VisualCapitalist)

  • Сонирх: Шинэ үеийн залуус удирдлагаасаа юу хүсдэг вэ? (business.mn)

  • Танилц: 2022 оны Америкийн шилдэг бизнесүүд. (INC)

  • Унш: Дэлхийн хамгийн хуурамч зураач. (TheHustle)

Reply

or to participate.