• Lemon Press
  • Posts
  • 💰 ₮3.2 тэрбумын хувьцаа

💰 ₮3.2 тэрбумын хувьцаа

Үндэсний баялгийн сан | Хөрөнгө оруулалтын 7 хоног | Google-н $2 их наядын үнэлгээ

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Лимонууд нь редакцын бодлогоо шинэчилсэн шүү. ЭНД дарж бидний сонгуулийн үеэр ажиллах бодлоготой танилцаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Зам, тээврийн хөгжлийн яам Америкийн Үндэсний аюулгүй байдлын яамтай гэрээ байгуулав

MSE:  “Монголын хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд МХБ (MSE) Чикагогийн таваарын биржтэй уулзалт хийлээ.  

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮56.7 тэрбумын арилжаа хийгдсэний ₮30.2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

💰 Үндэсний баялгийн сан яаж ажиллах вэ? 

Өнгөрсөн 7 хоногт Үндэсний Баялгийн Сангийн тухай хуулийн төслийг Засгийн Газраас нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барьж батлуулсан. Яг ямар хууль баталчхав аа? 

Гурван сан

Баялгийн сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан” гэсэн 3 бүрэлдэхүүн сантай байхаар тусгагдсан бөгөөд сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй. Тодруулбал,   

  • Төсвийн тогтворжуулалтын сан: Уг санд төсвийн тэнцлийн ашиг болон төсвийн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл зэрэг орлого хуримтлагдана. Үүнийг төсвийн орлогын тасалдлыг арилгах, гамшгийн хор уршгийн ДНБ-ий 1%-иас давсан хэсгийг санхүүжүүлэх зэргээр зарцуулах аж. 

  • Ирээдүйн өв сан: Үүнд төрийн өмчийн оролцоотой ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ногдол ашиг, АМНАТ-ийн Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 70% зэргийг хуримтлуулна. 2050 он хүртэл уг сангийн орлогоор Тэтгэврийн нөөц санд бүрдүүлэх юм. 

  • Хүртээмжтэй хөгжлийн сан: Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой ААН-ийн төрд ногдох эзэмшлийн тодорхой хувийг худалдсан орлогын 50% нь уг санд хуримтлагдах гэнэ. Үүний  50%-ийг жил бүр үндэсний баялгийн үр өгөөж хэлбэрээр олгож, өрхийн санхүүгийн чадавхыг дэмжихэд зарцуулах аж. 

Хууль батлагдсанаар… 

Үндэсний баялгийн сангийн хуулийг Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн суурь зарчим дээр тулгуурлан боловсруулсан бөгөөд зөвхөн валютаар хадгалагдах учир валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болж буй. Гэхдээ хэр сайн ажиллах вэ, гэдэг бол өөр асуудал. Түүнчлэн уг хууль батлагдсанаар хэд хэдэн чухал өөрчлөлт гарч байгаа. 👇

  • 20%-иас дээш бол : Стратегийн ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20%-иас дээшгүйг аливаа этгээд дангаар эзэмшихгүйгээр болж буй. Тэгэхээр нэг гэр бүл эсвэл гаднын хөрөнгө оруулагчид аливаа стратегийн ордын 20%-иас бага хэсгийг л эзэмшинэ гэсэн үг. 

  • 34% & 10%: Мөн стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааныхаа 10%-иас доошгүйг МХБ (MSE)-ээр нээлттэй арилжаалах үүрэг хүлээхээс гадна 34%-тай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох юм. 

Юутай ч бид баялгийн сангийн хуультай боллоо. Одоо харин Баялгийн сангийн үйл ажиллагааг хэр сайн удирдах вэ гэдэг асуудал байна. Норвегийн Үндэсний Баялгийн Сангийн жишээг харвал үнэт цаас, бонд, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулж түүнийгээ хуримтлуулдаг. Мөн жил бүр нийт үнийн дүнгийн 3%-4%-ийг зарцуулахаар тусгасан байдаг. Тэгэхээр бид Норвеги, Катар, Сингапур, Чили гээд олон улсын Баялгийн сангаас суралцаад явах хэрэгтэй болов уу.

💰 ₮3.2 тэрбумын хувьцаа

APU: Шунхлай Группийн 7,878 ажилтнуудын хувьцааны нэрийн данс ₮3.2 тэрбумын дүн бүхий АПУ ХК-ийн хувьцаа байршиж дууслаа. Тодруулбал, тус группийн 30 гаруй компанийн ажилтнуудад АПУ ХК-ийн 3.1 сая ширхэг хувьцааг тараасан юм. Ингэхдээ ажилтнуудынхаа ажилласан 1 жил тутамд 100 ширхэг хувьцааг, 1-ээс доош жил ажиллаж буй шинэ ажилтнууддаа 30 ширхэг хувьцааг тус тус олгожээ.

🛣 Нью-Йоркийн хөрөнгийн биржид хүрэх зам

Өнгөрсөн 7 хоногт Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ болж өнгөрснийг мэдсэн үү? За Нью-Йорк хотноо юу болов? Шууд тойм руугаа орцгооё. 

Зэс болон нүүрсний фьючерс арилжаа айсуй!

Тус арга хэмжээг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Capital Markets Mongolia (CMM) компани санаачлан Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулсан. Монголын талаас Монголбанк, СЗХ, Сангийн яамны удирдлагын хамт 40 гаруй зочид тус арга хэмжээнд оролцсон сурагтай. Арга хэмжээний эхний өдөр буюу 4 сарын 22-нд Монголбанк, СЗХ, Сангийн яамны удирдлагууд тус биржийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон аж

  • МХБ 🤝 Чикагогийн таваарын бирж: Гэснээс арга хэмжээний үеэр МХБ (MSE) Чикагогийн таваарын биржтэй хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр Монголын зах зээлд үүсмэл үнэт цаасыг нэвтрүүлэх, нүүрс болон зэсийн фьючерс арилжаанд хамтран ажиллахаар болсон байна

Банкны форум 

Цаашлаад арга хэмжээний 2 дахь өдөр банкны форум болсон бөгөөд банкны салбарынхнаас Худалдаа Хөгжлийн Банк ХК (TDB), Богд банк ХК (BOGD), Мбанк-ны төлөөллүүд оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн аж. Тус арга хэмжээнээс онцлоход, 

  • Давуу тал: Банкны холбооны мэдээлснээр Монголын банкнууд дижитал банкны үйлчилгээг хурдтай нэвтрүүлж байгаа төдийгүй тус үзүүлэлтээр Төв Азидаа тэргүүлж буй. Түүнчлэн Монголын банкны салбарын хөрөнгө оруулагчдын өгөөж 19.4%-тай байгаа нь ч Төв Азийн орнууд дундаа Казахстан, Киргизстаны дараа орохуйц үзүүлэлт аж.

  • Монгол оо? Сонирхъё: Сонирхуулахад, банкны форумд гаднын 50 гаруй хөрөнгө оруулагч нар оролцохоор бүртгүүлснээс JPMorgan (JPM), Morgan Stanley (MS), BNP Paribas (BNP.PA), Moody’s, Fitch Rating-н төлөөллүүд оролцсон сурагтай.  

Эцэст нь… 52 жилийн түүхт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өдгөө 2,272 компани бүртгэлтэй байдаг төдийгүй тус бирж нь $25.2 их наядаар үнэлэгдэх дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж билээ. Тус бирж дээр Монгол компаниуд тэр тусмаа ТОП банкнууд маань гарахын тулд юу хийх, яах хэрэгтэй талаар гадаад зах зээлийг шинжсэн ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулсан нь чихэнд чимэгтэй мэдээ байлаа. Гэснээс CMM тус арга хэмжээг цаашид ч уламжлал болгон зохион байгуулна гэнэ лээ шүү.

Өнгөрсөн Ням гарагт Монголын генералын өдөр тохиосон билээ. Тэгвэл тус үйл явдалтай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг харцгаая.

  • Генералын тоо: 222 

  • Цэргийн тоо: 35,000

  • Нөөц цэргийн тоо: 135,000

  • Цэрэг армийн хүчээр: Дэлхийд 145 орноос 105-т

Сонирхуулахад, энэ жил орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жил, цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 80 жилийн ой тохиож байна.

❣️ Таны нурууг хайрлана

Олон цагаар суугаа ажил хийдэг хүмүүст нуруундаа тохирсон тухтай сандал сонгох бол нэлээн чухал сонголтын нэг дээ. 💯

Тэгвэл хүний биеийн бүтцэд зориулан бүтээсэн Merryfair брэндийн сандлыг сонирхуулж байна.

  • Эргономик дизайн: Уг дизайн нь суух үед нуруунд ирэх ачааллыг жигд хуваарилдаг ба зөв байрлалаар суухад тусалдаг аж.

  • Тохируулах боломжтой: Гарын түшлэг, нурууны тулгуур болон суудлын өндрийг нурууныхаа онцлогт тохируулах боломжтой.

Сонирхуулахад, Merryfair брэнд нь Малайзад төвтэй Азийн тэргүүлэх тавилга үйлдвэрлэгч ба тэдний сандлыг BSB Мебель албан ёсоор худалдаалж буй.

Мэдээж орчин үеийн оффист тохирох загварлаг дизайнтай учир өөрт тохирсон сандлаа тэднийхээс сонгоорой. 😎

Mining and Minerals Today

🔹Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн улиралд 8% өссөн байна. Уг өсөлтөд гүний уурхайн олборлолт нэмэгдсэн нь нөлөөлөв. Тодруулбал, тус хугацаанд гүний уурхайгаас 1.67%-ийн зэсийн дундаж агуулгатай 1.3 сая тн хүдэр, ил уурхайгаас 0.39%-ийн зэсийн дундаж агуулгатай 9 сая тн хүдэр тус тус олборложээ. 

🔹Google (GOOG)-н зах зээлийн үнэлгээ $2 их наядыг давлаа. Компанийн зах зээлийн үнэлгээ 2021 онд $2 их наядад хүрч байсан ч эргэн унасаар одоо л нэг юм тус босгыг давж $2.1 их наядаар үнэлэгдэх болов. Сонирхуулахад, тэдний орлого I улиралд 16% өсөж $80 тэрбумд хүрснээр $23.7 тэрбумын ашигтай ажилласан байна.

🔹Үндэсний Аудитын Газраас 27 нам, 2 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаж Сонгуулийн Ерөнхий Хороо руу илгээжээ. Тодруулбал, тэд тэдгээр нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн тухай дүгнэлт гарган Сонгуулийн ерөнхий хороонд илгээсэн юм. 

🔹Chevron (CXV) өнгөрсөн улиралд $5.5 тэрбумын орлоготой ажиллав. Гэсэн ч энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 16% буурсан үзүүлэлт бөгөөд үүнд газрын тосны үнэ он гарснаас хойш 37% унасан нь нөлөөлсөн юм. Түүнчлэн компанийн газрын тос боловсруулалтын орлого 50% буурснаар тус улиралд $49 тэрбумын орлого олжээ.  

  • Мэд: TikTok-н уналтаас YouTube, Instagram л хожих юм шив дээ. (ABCNews)

  • Хэрэгт дурлъя: Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монголын арчдилалын талаар юу гэв? (FCDO

  • Оролц: ХААН Банкнаас Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиад зарласан байна шүү. (Tetgeleg)

  • Шалтгаан: Z үеийнхэн TikTok-г устгах хэрэгтэй. (BusinessInsider)

  • Даваа: Говь ХК (GOV) болон Инвескор ББСБ ХК (INV)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Бид уг хурлуудын тэмдэглэлийг хүргэнэ шүү. Stay tuned!

  • Мягмар: Араас нь АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно шүү. Бид энэ хурлын тэмдэглэлийг ч мөн хүргэнэ.

  • Лхагва: Mastercard-н ээлжит тайлан гарах нь ээ

  • Пүрэв: Apple-н эхний улирал хэр байсантай танилцах өдөр

  • Баасан: Хятадад Хөдөлмөрийн өдөр тохиох тул биржүүд амарна.

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.