💔 Хоёрдсон үнэ

Тансаг зах зээл = Итали | $XAC: Ашиг +4.8% | Томилгоо + Токен

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнгөрсөн 7 хоног ч адал явдал дүүрэн байлаа даа. IShowSpeed ирж талбайн плов идээд л, бид ч Бямба гаргийн ContentCON арга хэмжээн дээр контент бүтээгчид болон хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа буу халаад амжлаа. Энэ 7 хоногт харин юу болох бол? Миний эх орон ч тааварлашгүй зүйлсээр дүүрэн дээ. 😅   

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: СЗХ-ны ээлжит хурлаар ТОП-100 ААН-ээс бирж болон ББЗЗ-д нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах ажиллагаанд тавигдах шалгуурыг багасгаж, хялбар шуурхай байдлаар бүртгэх журамд өөрчлөлт орууллаа.

MASD: Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн даргаар Г.Энхбат томилогдов

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээл дээр ₮51.5 тэрбумын болон $2.7 саяын арилжаа хийгджээ. Нийт $-н арилжааны 99.8%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.

💔 ХОС-гуудын хоёрдсон үнэ

Одоогоос 6 жилийн өмнө анх Үндэсний Хувьчлалын Сан (XOC) байгуулагдаж араас нь 2021 онд Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хос (MFG) “Банкны эзэд болцгооё” уриатайгаар гарч ирж байлаа. Тэгвэл одоо ямар нөхцөл байдалтай байна вэ? 

🤫📈 Нам жим: Гэхдээ өсөлттэй

Анх ХОС үүсэж байхад хөрөнгийн зах зээл дээр нэлээд сүр дуулиан болж байсан. Иймдээ ч $MFG л гэхэд ₮50 тэрбум, $XOC ₮5 тэрбумыг татан төвлөрүүлж байв. Сүүлийн үед нам жим байгаа тэдний 2024 оны санхүүгийн тайлан өнгөрсөн 7 хоногт МХБ (MSE) дээр нийтлэгдлээ. Нийт хөрөнгө нь л гэхэд дунджаар 11.9% өссөн байна. Гэхдээ Үндэсний Хувьчлалын Сангийн хөрөнгийн өсөлтийн хувь $MFG-нхээс 2.8 дахин бага ажээ. 

  • 📊 $MFC +47.1%: Цаашлаад Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хосын тайлангаас онцлоход цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 47.1% өсөж ₮8.4 тэрбум болсон байна. Учир нь хүүгийн орлого нь 1.9 дахин, ногдол ашгийн орлого нь 2.1% тус тус өссөн байдаг. Улмаар Нэгж хувьцаанд ногдох ашиг нь ₮167.8 болсон хэрэг. 

  • 😮‍💨 $XOC алдагдлаас ашиг руу: Харин Үндэсний Хувьчлалын Сан 2023 онд ₮793 саяын алдагдалтай ажиллаж байсан бол 2024 онд ₮379.6 саяын цэвэр ашигтай ажиллажээ. Тэдний хувьд ч мөн ногдол ашгийн орлого болон хөрөнгө оруулалт борлуулснаас үүдсэн олз нь нэмэгдсэн байгаа юм.

🛣️ Холдон одов

Харин нэгж эрхийн үнийн хувьд байдал баргар байна. Өөрөөр хэлбэл, ХОС-гуудын нэгж эрх биржээр арилжаалагдахаас гадна өнөөгийн цэвэр хөрөнгө (NAV) нь давхар тооцогдож явдаг. Энэ 2 дүн хоорондоо уялдаатай, ойролцоо түвшинд хадгалагдах ёстой ч бодит байдал дээр зөрүү ихтэй байна. Баасан гаргийн хаалтаар $XOC болон $MFG-н нэгж эрхийн үнэ NAV-аасаа хоёул 50%+ хямд арилжаалагдаж байна. 2 жилийн өмнө $MFG-н энэ зөрүү харьцангуй бага буюу 31% байв

  • ⚠️ Хөрсөн сэтгэлийн шалтгаан: Энэ зөрүү нь хөрөнгө оруулагчид тухайн санд хэт өндөр хүлээлт тавихгүй, эсвэл сангийн менежмент, стратегид эргэлзэж байгааг илтгэж байна. Нэмээд сангийн багцын үнэлгээний ойлгомжгүй байдал, хөрвөх чадвар ч асуудал болж буй.

Эцэст нь… ХОС-гууд мэдээллээ илүү нээлттэй хуваалцаж, анхны үзэл баримтлалаа барьж ажиллахгүй бол нэгж эрхийн үнэ нь анхны үнэдээ хүрэхгүй байгаагаасаа гадна NAV-даа дөхөж ч очихгүй нь дээ. 

  • 🪩 Дэлхий даяарх сая сая хүнд Монголыг хэрхэн сурталчлав? (IShowSpeed)

  • 🎙️ Бичвэрээ AI ашиглан подкаст болгон хувиргах боломжтой болжээ. (TheVerge)

  • 🤖 Монгол IT салбарт Лаостой хамтран ажиллана. (Gov)

  • 🚌 Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нэвтрүүлэх нь. (Ulaanbaatar)

💰 Ашиг +4.8%

XAC: Зарим ХК-иудын 2024 оны тайлан ч гарч дуусаагүй байхад ХасБанк ХК-ийн энэ оны I улирлын тайлан гарчээ. Тэдний цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 4.8% нэмэгдэж ₮44.1 тэрбумд хүрсэн байна. ₮2 тэрбумаар нэмэгдсэн хэрэг л дээ. Учир нь хүүгийн орлого нь л гэхэд 17.3% өсөж ₮197.2 тэрбум болсон аж. Сонирхуулахад, $XAC-н хувьцааны үнэ он гарснаас хойш 2.9% өсөөд байна.  

🪙₿ Томилгоо + Токен

Дональд Трамп хөрөнгийн зах зээлийг нэг хутгалаад нэг халамжлаад савлуулж өгч байна даа. Пол Аткинсыг Үнэт цаас, биржийн хорооны (SEC) даргаар томиллоо. Boom! 

🗽 Будаг нь ханхалсан томилгоо = Биткойны сэргэлт

Трамп Америкийг "Дэлхийн крипто нийслэл" болгох зорилготой. Энэ хүрээнд криптовалютад элэгтэй хүмүүсийг төрийн албанд томилж байгаагийн нэг нь Пол Аткинс. Түүнийг криптовалют болон блокчейн технологийг идэвхтэй дэмждэг, уян хатан зохицуулалтын бодлогыг илүүд үздэг гэдгийг энэ салбарын нохой ч андахгүй дээ. Аткинсыг томилхоос өмнө $76 мянга руу унаад байсан Битконы үнэ Баасан гаргийн 18 цагийн байдлаар $82 мянга болж сэргээд байна

  • 🫁 Мэдээж Трампын хувьд Пол Аткинсыг SEC-ийн толгойд залахын гол зорилго нь манайхан шиг зүгээр нэг найз нөхдөө төрийн албанд авах асуудал биш. Трамп өөрийн хүндээ “ардчилсан блокчэйнд ээлтэй” орчны түлхүүрийг атгуулаад, криптог төрийн түвшинд чөлөөтэй амьсгалах боломж олгохыг зорьж байгаа хэрэг.

📈 SEC-н бодлого зөөлрөх тусам крипто өснө

Аткинс төрийг зөвхөн “дамжуулагч” байж, хөрөнгө оруулалт, инновацад саад болохгүй байх ёстой гэж үздэг. Үүгээрээ тэр SEC-н өмнөх дарга Гари Генслерийн хатуу чиг шугамын яг эсрэг байр суурьтай. Иймд Генслерийн үед криптовалютын компаниуд SEC-н байнгын шахалт, шүүхийн маргаанд дарагддаг байсан бол Аткинс энэ бүхнийг багасгаж крипто салбарт ногоон гэрэл асах хүлээлтийг үүсгээд байна. 

Эцэст нь… Трамп - Крипто - SEC гэсэн гуравласан холбооны эхлэл тавигдаж хатуу чанга дүрэм журам, шүүхийн зардал, дампуурал, зохицуулалтын тодорхойгүй байдалд туйлдсан крипто компаниуд амьсгалж эхлэх нь дээ.  

Хот дахин төлөвлөлтийн судалгаа, дүгнэлт гаргах, цаашлаад хуулийн төсөл боловсруулах зорилгоор мэдээлэл цуглуулжээ. Танилцъя.

  • Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5,551 орон сууц байна. Үүнээс онцолбол, 12.1% буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 6.9% нь ашиглахыг хориглосон шийдвэртэй, 3.2% буюу 178 нь НЗД-ын дахин барилгажуулах захирамжтай орон сууц байгаа аж.

  • Түүнчлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 16 байршил 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. 

💎 Тансаг зах зээлийг Итали тодорхойлно

Тарифын халуурлыг үл ажран Prada (PRDSY) Versace-г 112 жилийн түүхэн дэх хамгийн том дүн буюу $1.4 тэрбумаар худалдан авлаа. Өр шир тавин байж авсан энэ брэнд тэдэнд ямар үнэ цэнтэй вэ? 

Итали 🆚 Франц

Дэлхийн тансаг зэх зээлд LVMH (MC.PA) тэргүүтэй Францын конгломератууд давамгайлдаг. Угтаа Capri Holdings (CPRI) анх 2018 онд энэ сэнтийг эзэгнэх зорилгоор Versace-г авч байв. Мөн адилаар Prada ч "Made in Italy" брэндийн нөлөөг тэлэх гэгээн хүслээр сагсаа арвижуулсан нь энэ.

  • ⚫ Хар түүх: 1999 онд Prada Jil Sander, Helmut Lang, 2000 онд Alaia-г худалдан авсан ч зөрчил маргаан болон санхүүгийн асуудлуудаас болж эдгээр брэндүүдээс салж, цаашдаа том худалдан авалтаас халшрах болсон.

👋🏻 Салахын түүс

Versace овогт гэр бүл анх Versace-г зарсан шалтгаан нь энэ брэндийг мэргэжлийн удирдлагад даатгаж дэлхийн хэмжээнд тэлэх зорилгоос үүдэлтэй. Гэвч тэр цагаас тус зах зээлийн уналтаас үүдэн брэнд дүлий өсөлттэй явсаар санхүүгийн III улиралдаа л гэхэд $21 саяын алдагдал хүлээсэн. Улмаар өөрийнх нь ч санхүүгийн байдал базаахгүй байгаа $CPRI Versace-г ийн анх авснаасаа $700 саяар бага үнээр зарлаа. 

  • Энэ хямд үнэд тансаг зах зээлийн уналт хачирлаад Донателла Версаче бүтээлч захирлын суудлаа орхисон нь нөлөөлж буй.

  • 🪽 Авчихсан байхад болно: Нөгөө талаас Prada энэ хэлцлийн дүнг бүхэлд нь, үүнээс 30%-ийг нь энэ ондоо багтааж төлөх нөхцөлтэй зээл тавин байж бүрдүүлсэн. Тэдний орлого 2024 онд жилийн өмнөхөөсөө 17% нэмэгдэж $5.8 тэрбумд хүрээд хөөрхөн өсөлттэй яваа. 

🦉 Ухаалаг стратеги

Хэдийгээр Prada, Versace-н загварын философи хоорондоо тэнгэр газар шиг өөр ч, аль алинд нь байх нарийн нандин хийцлэлтэй шинжээрээ шинэ хэрэглэгчдийг татах увдистайг Prada олж харжээ.

Юутай ч, тансаг зах зээлийн өнгө төрхийг тодорхойлогч 2 брэнд нэгдсэнээр Итали загварын үнэ цэнийг дэлхийн хэмжээнд улам бататгах эхлэл тавигдлаа. Versace-н сүнсийг бүтээлцсэн Донателла Версаче ч брэндээ найдвартай гарт очиж байгаад таатай байгаагаа илэрхийлээд буй. 

Shutterstock

🍋 Тайвань Америкаас $200 тэрбумаас дээш дүнгээр эрчим хүчний бүтээгдэхүүн импортлох боломжтой. Энэ нь Америкийн тус улстай хийсэн өнгөрсөн оны гадаад худалдааны алдагдлыг 2.7 дахин нугалах дүн юм. Шалтгаан нь Америк гол чип үйлдвэрлэгч TSMC (TSM)-г манайд үйлдвэрлэл хийхгүй бол 100% татвар ногдуулна гээд заначихсан тул улс нь ийн хөдөлж, Америктай тарифын хэлэлцээр хийх анхны орон болж байна даа. 

🍋 Хөгжлийн банк болон МҮХАҮТ хамтран Хөгжлийн Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө танилцуулав. Шинэ хуулиар төслийг 100% хүртэл дүнгээр бус 85% хүртэлх дүнгээр санхүүжүүлдэг болох, ингэхдээ ТУЗ зээл олгох шийдвэр гаргадаг гажуудлыг засах нь. Учир нь 2017 оноос хойш олгосон зээлүүдийн 80% гаруй нь ТУЗ-ийн шийдвэрээр олгогдсон ба тэдгээрээс 33 зээл үлдсэний 5-6 нь л чанартай зээл гэнэ шүү.

🍋 Пентагон томоохон IT компаниудтай хийсэн $5.1 тэрбумын зөвлөх үйлчилгээний гэрээг цуцаллаа. Үүнд Accenture (ACN), Booz Allen (BAH) тэргүүтэй ТОП компаниудын 11 гэрээ багтсан бөгөөд Пентагоны зүгээс тэдний үйлчилгээг төрийн албан хаагчид өөрсдөө гүйцэтгэж чадна гэж үзсэн байна. Харин оронд нь энэ зардлыг армийн сургалт, эрүүл мэнд, кибер аюулгүй байдал гэхчлэн зүйлсэд ашиглах аж.

🍋 Хятад татварын буцаан олголтын бодлогоо шинэчилжээ. Энэ хүрээнд жуулчид татварын буцаан олголтоо хилээр гарах үед авдаг татварын нөхцөлийг худалдан авалт хиймэгц буцаан олгодог болгон өөрчлөв. Сонирхуулахад, Хятадын бараа, бүтээгдэхүүний НӨАТ 13% байдаг бөгөөд буцаан олголтоор 11% хүртэлх дүнг авах боломжтой аж.  

  • Даваа: Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн дүн гарна

  • Мягмар: Хятадын ДНБ-тэй танилцах нь. 

  • Лхагва: Монгол Улсын нийгэм, эдийн засаг энэ оны эхний 3 сард хэр байв?

  • Пүрэв: “Зах зээлийн чимээ” нэвтрүүлгийн III дугаар гарах өдөр

  • Баасан: Монголбанкнаас банкнуудын нэгдсэн балансыг танилцуулах нь ээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ

Reply

or to participate.