- Lemon Press
- Posts
- 🍚 Цагаан будааны хомсдол үүсэх үү?
🍚 Цагаан будааны хомсдол үүсэх үү?
Экспортлогч ААН-үүд болон будааны хомсдлын талаар тоймлолоо.
POWERED BY
Hey! Өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирлоос азтан болсон хүмүүс байна уу? Нийт 39.6 мянган азтан тодорсныг аймгаар нь харвал Дархан-Уулд хамгийн их буюу 849 азтан тодорчээ. Энэ нь хамгийн их хүн амтай Хөвсгөлийн азтаны тооноос 2.9 дахин их аж. Дарханыхан азтай байв уу даа. 😆
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Дэлхийн банк Монголын инфляц энэ онд өндөр хэвээр байх ч ЭЗ нь 5.2% өснө гэж таамаглав.
GOV: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.
MSE: ХААН Банкны IPO-н анхдагч зах зээлийн арилжаанд 31,561 захиалагч ₮336 тэрбумын захиалга ирүүлснээр 183.2%-ийн гүйцэтгэлтэйгээр хаагдлаа.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл
Мэргэжилтнүүдийн хоолойг уншигчдадаа хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаар бэлэн боллоо. Энэ удаад бид хуульч Ө.Болортуяагийн бэлтгэсэн “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн төслийн талаарх мэдээллийг хүргэж байна.
ЗГ-аас 2023 оны 1 сарын 9-нд УИХ-д “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн төслийг өргөн барьж, 3 хоногийн дараа чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдсэн. Одоогийн байдлаар хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд өнөө маргаашгүй нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй. Тэгвэл тус багц хуулийн төсөлд юу юу багтаж байна?
НД-ын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл,
НДС-гаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
НДС-гаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
НДС-гаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл.
Тэгвэл эдгээр хуулиудыг шинэчилснээр…
Хууль санаачлагчдын хувьд эдгээр хуулийг баталснаар НД-ын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалын олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, НДС-гийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй болгох зорилготой байгаа талаар дурдсан ч олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байгаа.
Экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал
МҮХАҮТ-ын судалгаанаас харахад нийт ААН-үүдийн дөнгөж 4.2% буюу 1,923 ААН бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортолдог бөгөөд эдгээрийн 36.6% нь л тогтмол экспорт хийдэг аж. Санаснаас бага тоо байна шүү. 🤔
Тэдний тухайд…
Дээрх ААН-үүийн 5% нь уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортолдог бол 95% нь уул уурхайн бус экспорт хийж буй. Гэсэн ч уул уурхайн экспорт нэмэгдэж 2000 онд нийт экспортын 50%-ийг бүрдүүлдэг байсан бол 2022 онд энэ тоо 93% болов. Эсрэгээрээ уул уурхайн бус экспорт 2003 оноос хойш буурсаар. Дэлгэрүүлье,
Бичил: Экспортлогч ААН-үүдийн 55.5% нь ₮300 саяас бага борлуулалтын орлоготой, 18.9% нь л ₮2.5 тэрбумаас дээш борлуулалт хийдэг аж.
Том дэмжлэг: Түүнчлэн тэдний 15.7% нь гадаадын ХО татсан нь улсын дунджаас даруй 4 дахин өндөр. Үүнд уул уурхайн компаниудын ГШХО жин дарж буй. Тэгэхээр илүү олон компани экспорттой ойр болсноор нийт ХО-ыг өсгөж, гадаад валютын орох урсгалыг нэмэх замаар ЭЗ-ийг тэлэх нь.
Асуудал юу байна?
Экспортлогч ААН-үүдийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн хомс байгаагаас үүдэн тэдний 90% нь санхүүжилтийн эх үүсвэрээ өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж буй. Түүнчлэн тэдний 41.3% нь зээлтэй байгаа аж.
Цаашлаад: Тэдний дараагийн асуудал бол ажиллах хүч. Экспортлогч ААН-үүдийн хүний нөөцийн дутагдал улсын дунджаас 5.8% өндөр буюу 25.6% байна.
Чирэгдэл: Түүнчлэн тэдний 46.6%-д нь үйлдвэрлэл явуулахдаа төрөөс баримт, тодорхойлолт авах асуудал тулгарч буй нь улсын дунджаас өндөр байгаа юм. Тиймээс авлига, хүнд суртлыг бууруулах нэн шаардлагатай буй.
Эцэст нь… Уг нь бол уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогч ААН-үүдийн бизнестээ нэвтрүүлж буй инновац улсын дундаж болон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчоос илүү байгаа юм. Гэтэл дорвитой өсөлтгүй байгаад байдаг. Тэгэхээр тэднийг санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хангах хэрэгтэй байна даа. Тэгж байж л экспорт солонгорох биз ээ.
🚫 No more password sharing
NFLX: Netflix-н орлого энэ оны I улиралд 3.7% өсөж $8.2-т хүрсэн ч шинжээчдийн төсөөллийг давсангүй. Харин ашиг нь 18% буурч $1.3 тэрбумд хүрээд буй. Үүнд, компанийн үйл ажиллагааны орлого нь 13.2% буурсан болон хөрөнгө оруулалтын зардал нь 7.3% өссөн зэрэг нөлөөлжээ. Сонирхуулахад, Netflix өөр хүний хаягийг ашигладаг 100 сая гаруй хэрэглэгчдээсээ төлбөр авдаг болох ажлаа эрчимжүүлэх нь ээ.
GO'ALL - Хамтдаа бүтээх ирээдүй
Мобиком группээс анх удаа тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, хамтын үнэ цэн бүтээх төслүүдтэй танилцах олон нийтэд нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт Fantasia студийн тоглолт, giveaway, төслүүдийн танилцуулга болон хүүхдэд зориулсан сонирхолтой workshop болох аж.
Түүнчлэн бүх хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд тухайн өдөр Да Винчи үзэсгэлэнг ч үнэгүй үзэх боломжтой юм.
🎨 Хаана: Соёлын Төв Өргөө Б корпус, Монголын Уран Зургийн Галерей
🗓️ Хэзээ: 2023.04.22-нд 10.00–18.00 цагийн хооронд
Цагаан будааны хомсдол үүсэх үү?
Fitch Solutions-с 2023 онд дэлхийн цагаан будаа тариалалт буурсны улмаас сүүлийн 20 жилд байгаагүй хомсдол үүсэх эрсдэлтэй талаар мэдээлэв. Гэтэл дэлхийн хүн амын талаас илүү хувь нь өдөр тутамдаа цагаан будаа хэрэглэдэг. Асуудал ч үүсэх нь дээ.
Тариалалт буурав
Дэлхийн цагаан будаа тариалалтын 29.3%-ийг Хятад, 24.1%-ийг Энэтхэг бүрдүүлдэг аж. Тус 2 улс томоохон тариалагч байгаад зогсохгүй хамгийн том хэрэглэгч болж буй. Гол асуудал нь өнгөрсөн зун Хятадад сүүлийн 60 жилд тохиогоогүй ган гачиг болсны улмаас цагаан будааны тариалалт нь буураад буй. Нэмээд өнгөрсөн 9-р сард Энэтхэгээс цагаан будаа импортлохдоо 20%-ийн татвар төлөх болсон гээд асуудал их. Тэгвэл үүнээс үүдэн,
Эрсдэл: Нийт цагаан будааны 84% нь ердөө 10 улсад л тариалагддаг. Ийм ч учраас цагаан будааг импортоор авдаг орнуудад хүндхэн нөхцөл үүсэх юм.
Өснө: Түүнчлэн цагаан будааны 90%-ийг хэрэглэж буй Ази номхон далайн бүс нутагт хомсдолоос үүдэн цагаан будааны үнэ өснө. Энэ нь бага болон дунд орлоготой орнуудын инфляцыг өдөөх эрсдэлтэй.
Харин Монголд
Өнгөрсөн онд Хятадаас импортолсон цагаан будааны хэмжээ 114.7% өсөж $18.9 саяд хүрсэн байна. Цаашлаад, Улаанбаатарт сүүлийн 3 жилийн дотор цагаан будааны үнэ 30% өсөж 1 кг нь ₮4,751-т хүрээд буй. Тодруулбал, 4-р сарын байдлаар цагаан будаа ₮3,500-₮5,550 хооронд худалдаалагдаж байна.
Эцэст нь… Хаа сайгүй уур амьсгалын тогтворгүй байдал хурцдаж байгаатай холбоотойгоор хоол хүнсний асуудал нэлээд хурцдах шинжтэй дэг шүү.
₮705.3 тэрбум
Өнгөрсөн улиралд бүх төрлийн тээврийн орлого жилийн өмнөхөөсөө 2.4 дахин өсөж ₮705.3 тэрбум болов.
₮150.9 тэрбум
Энэхүү өсөлтөд агаарын тээврийн орлого 3.7 дахин өсөж ₮150.9 тэрбум болсон нь нөлөөлжээ.
₮152.3 тэрбум
Түүнчлэн авто замын тээврийн орлого ч мөн 2.6 дахин нэмэгдэн ₮152.3 тэрбумд хүрсэн аж.
⛏️ Уурхайн нөхөн сэргээлт
Уул уурхайн компаниуд байгаль орчны менежментээ хэрхэн хийдэг гэж бодож байна? 🧐 Энэ асуултад хариулахаар Өмнөговь аймгийн ХанБогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцацгаая.
Тэд 2021 онд 1700 га орчим газарт техникийн нөхөн сэргээлт хийж, бэлчээрийг 100% нөхөн сэргээх үйл ажиллагаагаа явуулжээ. Тодруулбал, сүүлийн 10 жилд:
914,000 гаруй тарьц, суулгац
200,000 гаруй мод бэлтгэн нөхөн сэргээлт, байгаль орчны тохижилтод ашигласан байна.
Түүнчлэн ургамалжилтыг бий болгохоор тус нутагт унаган ургамлын тарьцыг бэлтгэх мод үржүүлгийн газар ажиллуулдаг гэнэ. Мөн 2021 оноос хоолны хог хаягдлыг бордоо болгон нөхөн сэргээлтдээ ашиглаж байгаа аж.
🔹Энэ 7 хоногт Golomt Capital Championships-н тэргүүн байрны оролцогч 57%-ийн өгөөжтэй байлаа. Цаашлаад, ТОП-10 оролцогчдын өгөөж 35%-тай, ТОП–20 оролцогчдын өгөөж 27%-тай байв. Мөн уралдааны 5 дахь 7 хоногт оролцогчдын 76% нь Америк, 24% нь Ази, Европын зах зээлд хөрөнгө оруулжээ.
🔹Sega (SGAMY) компани €706 саяар Rovio (ROVIO.HE)-г өөртөө нэгтгэв. Тэд та бидний сайн мэдэх Angry Birds-н хөгжүүлэгч Rovio-н нэгж хувьцааг ЗЗ-ийн ханшаас 20% бага буюу €9.25-оор тооцож авсан аж.
🔹Хэрэглэгчдийн итгэл нэмэгдлээ. Тодруулбал хэрэглэгчдийн итгэлийн индекс өнгөрсөн улиралд 82.2 болсон нь өмнөх улирлаасаа 15.3 нэгжээр нэмэгдэв. Энэ нь хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл байдлын үнэлэмж өссөнийг илтгэж буй.
🔹Хятадын ДНБ I улиралд өмнөх оны мөн үеэс 4.5% өсөж шинжээчдийн таамгийг давлаа. Үүнд жижиглэн худалдааны борлуулалт 3-р сард жилийн өмнөхөөсөө 10.6% нэмэгдэж том тус болов. Гэсэн ч 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин 3 сар дараалж өссөөр 19.6%-д хүрсэн нь тэдний ЭЗ-ийн өсөлтийг удаашруулах аюул болоод байна.
🔹Хүнс үйлдвэрлэл, ХАА-н салбарыг дэмжиж, дотоодын хэрэгцээг хангана. Хүнсний хувьсгалын хүрээнд тус салбарыг дэмжихээр ₮135 тэрбумын татаас олгож, иргэд, ААН-үүдэд 5%-6%-ийн хүүтэй зээл олгох юм. Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэлд ₮342.6 тэрбумын зээл олгохоор боллоо.
📃 Цаас цуглуулах шаардлагагүй боллоо
Хүн амьдралынхаа турш төрсний, хөрөнгийн, гэрлэсний гэрчилгээ гэх мэтээр 10-20 нь цаасан бичиг баримтыг хадгалах шаардлагатай болдог. Тэгвэл эдгээрийн хэрхэн хялбархан хадгалах вэ?
Блокчэйн дээр бүртгэл үүсгэхэд л болно
Ингэхдээ одоо байгаа цаасан бичиг баримтын хуулбарыг блокчэйн сүлжээ дээр бүртгэх, аль эсвэл анхнаасаа блокчэйн дээр бүртгэл үүсгээд явах юм. Ингэж чадвал дараах давуу талтай.
Таны цагийг ингэж хэмнэнэ: Жишээлбэл, банкнаас зээл авахын тулд ажлын байрны тодорхойлолт хэрэгтэй болсон гэж үзье. Энэ тохиолдолд хүний нөөцийн ажилтан руу хүсэлтээ өгч, тухайн ажилтан захирлаар батлуулах хүртэл нөхцөл байдлаас хамаарч 1, 2 өдөр ч хүлээж магадгүй. Харин блокчэйн дээр баталгаажсанаар энэхүү процесс илүү хурдан, хялбар шийдэгдэх боломжтой болно.
Таны мөнгийг ингэж хэмнэнэ: Та иргэний үнэмлэхээ хайгаад олохгүй байгаа гэж бодъё. Энэ тохиолдолд та ажлаасаа чөлөө авч, харьяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст биеэр очиж шинэ үнэмлэх захиалах шаардлагатай болох ба тус зардал нь хамгийн багадаа ₮63,300 болдог. Гэтэл тус үнэд чөлөө авсны улмаас алдах тал өдрийн цалин, унааны мөнгө зэргийг оруулалгүй тооцсон гээд л бод.
Ийнхүү бүх төрлийн бичиг баримтыг блокчэйн дээр бүртгээд эхэлбэл цаг зав, мөнгө төгрөг хэмнэхээс гадна бичиг баримт хөөцөлдөх үед тулгардаг стресс бухимдалд ч баяртай гэж хэлэх билээ. Мөрөөдлийн биш гэж үү?
Editor: Э.Золбаяр
Writers: А.Баттүвшин, C.Aнгирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply