- Lemon Press
- Posts
- 👀 ХОС -> Нэгж эрхийн тоо 300 сая
👀 ХОС -> Нэгж эрхийн тоо 300 сая
ESG болон хэвлэлийн эрх чөлөөний индексийн талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Манай Lemonade контентын III улирлын 10 дугаар цацагдаж дууссан шүү. Хэрвээ үзэж амжаагүй бол ЭНД дарж шинэ үеийн залуус орлогын эх үүсвэрээ ямар сонирхолтой мэргэжил, хэлбэрээр бүрдүүлж буйг сонирхоорой. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: МХБ-ээр нүүрсний цахим арилжаа хийж эхэлснээс хойш нийт 29 удаагийн арилжаагаар 1.2 сая тн нүүрс арилжаалав. Цаашид биржээр арилжаалагдсан нүүрсийг Гашуунсухайт боомтын тусгай гарцаар нэвтрүүлэх аж.
^GSPC: Оны эхэнд 3,824 байсан S&P 500 индекс тухайн үеэс 7% өсөж 4,091 нэгжид хүрэв.
MMF: Мөнгөний захын энэ 7 хоногийн арилжаагаар нийт ₮1.9 тэрбумын репо зээл арилжаалагдлаа.
E - Байгаль орчин
S - Нийгэм
G - Засаглал
Sloan Review
Дэлхий даяарх ESG-тэй холбоотой хөрөнгө 2021 онд $18.4 тэрбум байсан бол 2026 он гэхэд 1.8 дахин өсөж $33.9 тэрбум болох төлөвтэй байна. Ер нь ESG гэж юу вэ? Монголын компаниуд ESG-тэй холбоотой юу хийж байна?
ESG: Энэ нь байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн үгийн товчлол бөгөөд ESG-г ашиглан компанийн эдгээр 3 чиглэлийн үйл ажиллагааг үнэлдэг аж.
Дэлгэрүүлбэл 🔍
E: Энэ үзүүлэлт нь компанийг нүүрстөрөгчийн ялгарал, хог хаягдлын менежмент зэрэгт хэр анхаардгийг харгалзан байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь илтгэнэ.
S: Тухайн компанийн нийгмийн хүчин зүйлд үзүүлэх нөлөөлөл, олон нийтийн оролцоо зэргийг үнэлнэ.
G: Засаглалын хүчин зүйлийг компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх ажилтны цалин хөлс, хувьцаа эзэмшигчийн эрх зэрэг дотоод удирдлага, хяналтын тогтолцоогоор дүгнэх юм.
Монголд…
Дэлхий дахинд компаниуд ESG-н үнэлгээгээ сайжруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, удирдах зөвлөлийн хараат бус байдлыг бэхжүүлэх зэрэг олон ажил хийж буй. Microsoft (MSFT) л гэхэд нүүрстөрөгчийн ялгарууллаа арилгахаар зорьж буй. Харин Монголд,
Банкны салбарт: ХААН Банк (KHAN) ногоон зээлд зориулсан санхүүжилт авч түүгээрээ 2%-3%-ийн хүүтэй ногоон зээл олгож буй. Тэдний 2021 онд олгосон ногоон зээл нийт ногоон зээлийн 19.8%-ийг бүрдүүлсэн байх жишээний.
ББС-гийн салбарт: Таван Богд Финанс ББСБ-ын хувьд ББСБ дундаасаа урьтаж ESG менежерийн албан тушаалыг нэмж ESG бодлого гарган ажиллаж байгаа аж.
Тодруулбал: Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд оёдлын салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж жилийн 6%-ийн хүүтэйгээр ₮80 сая хүртэлх зээл олгож буй. Түүнчлэн ESG-н хүрээнд TreeOn төслийг хэрэгжүүлж одоогоор 10,000 гаруй хүн хамрагдаж нийт 81,000 гаруй литр ус цуглуулан цахим орчинд 8,800 мод ургуулж байна.
Эцэст нь… Заа тэгээд Монголын компаниуд эхнээсээ ESG-н үнэлгээндээ анхаарч байгаа нь компаниудын урт хугацааны үнэ цэнийг бий болгож байна даа.
Гар утасны нийлүүлэлт ⬇️ Орлого ⬇️
QCOM: Ухаалаг гар утасны болон автомашины чип үйлдвэрлэгч Qualcomm-н орлого I улиралд 17% буурч $9.3 тэрбум болжээ. Үүнд дэлхий даяарх гар утасны нийлүүлэлт 14% буурсан нь нөлөөлсөн байна. Улмаар компанийн ашиг 42% багасаж $1.7 тэрбумд хүрэв. Түүнчлэн Qualcomm I улиралд $900 саяар хувьцаагаа халаасалж, $800 саяыг ногдол ашиг тараахад зарцуулсан аж. Тайлангийн араас тэдний хувьцааны үнэ 7% унаад амжлаа.
🎤 Хараат бус сэтгүүл зүй алсарсаар
RSF-с гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайланд Монгол 10 жилийн дотор 10 байр ахиж 180 орноос 88-т бичигдэв.
Индекс: Тус тайланд дэлхийн 180 орны хэвлэл мэдээллийн орчныг УТ, ЭЗ, аюулгүй байдал зэрэг 5 шалгуурт үндэслэн үнэлдэг билээ.
Хараат хэвлэл мэдээлэл
Ерөнхий зураглалаар харахад, 180 орноос ердөө 8-д нь л хэвлэлийн эрх чөлөө сайн, 44 оронд хангалттай түвшинд байна. Энэ нь нийт улсуудын ердөө 28.8% гэсэн үг. Түүнчлэн улс төрчид хэвлэл мэдээллийн салбарт дайсагнасан байдлаар хандаж байгаа нь зарим оронд сэтгүүлчдийн эрх зүйн байдлыг улам дордуулах үндэс болсон аж. Юу гэсэн үг вэ?
Тэргүүлэгчид: Норвег тус индексийг 7 дахь жилдээ тэргүүлж ЕХ-ны орнууд удааллаа.
Уруудав: Харин Америк 3 байр ухарч 45-д жагссан. Үүнд өнгөрсөн онд 2 сэтгүүлч амиа алдсан болон хэвлэл мэдээллийн салбарынхны санхүүгийн байдал хүндэрсэн зэрэг нь нөлөөлсөн аж. Ер нь л хаа сайгүй сэтгүүлчдэд халдах, хорих нь ихсэх нь тэр.
Ёроолд: Сүүлийн 3 байрт Азийн 3 улс ороод буй. Дэлгэрэнгүй харвал, сүүлийн 10 жилд авторитар дэглэмтэй Хойд Солонгос 2 байраар, Хятад 6 байраар тус тус ухарчээ. Тэдэн дээр нэмээд Мьянмар, Турк, Беларусь зэрэг улсууд 2022 онд сэтгүүлчдэд хамгийн их хорих ял оноосон улсаар тодров.
Харин Монголд
Тус индекс дэх Монголын оноо өнгөрсөн онд 0.16-аар нэмэгдэж 59.3 болжээ. Цаашлаад ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрчдөөс хамааралтай байгаа нь хараат бус санхүүжилтийн шалгуурт хамгийн бага оноо авахад хүргэв. Түүнчлэн улс төрчид сэтгүүлчдийг нэр төрд халдсан, гүтгэсэн гэх үндэслэлээр яллаж байгаа нь чөлөөт сэтгүүл зүйн дуу хоолойг бага багаар хаасаар.
Эцэст нь… Хамгийн муу оноо авсан шалгуур үзүүлэлт нь санхүүжилтийн асуудал. Чанартай мэдээ бэлтгэхэд цалингийн зардал, техник технологийн зардлаас эхлээд зардал ихтэй. Гэтэл Монголд Засгийн газар нь, төр нь хамгийн том санхүүжүүлэгч болжээ. Ийм шалтгаанаас болж хараат бус, бие даасан сэтгүүл зүй алсарч байгаа нь харамсалтай.
Бид доор нэгэн компанийн бизнес моделийг бэлтгэлээ таагаарай. 🤓
Хүссэн бүхнээ бичих орон зай. Гэхдээ үгийн тоотой шүү.
Хариултаа олсон бол бидэнд мэдэгдэхээ мартав аа. 🤗
Investment Expo 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа 🤔
Өнгөрсөн Бямба гарагт Монголын хөрөнгө оруулалтын салбарын мэргэжилтнүүд, сонирхогч, оролцогчид Investment Expo 2023-т цугларсан билээ.
Сонин хачныг товчоор:
Экспод 5000 гаруй оролцогч, Мандал Санхүүгийн Нэгдэл, Монложистикс Холдинг тэргүүтэй 18 байгууллага оролцжээ.
Мөн Мандал Даатгал (MNDL), Түмэн шувуут (TUM)-н хувьцаа эзэмшигчдийн хурал болж, санхүүгийн салбарын 12 мэргэжилтэн хөрөнгө оруулалтын 16 илтгэл сонсгосон гэнэ.
Түүнчлэн мөнгөний менежмент, хүүхдэдээ хөрөнгө оруулалт хийх, ирээдүйдээ хөрөнгө оруулах гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
New York Post
🔹Дэлхийн банкны ерөнхийлөгч солигдлоо. Тус банкийг ирэх 5 жилд удирдах 14 дэх ерөнхийлөгчөөр Ажай Банга сонгогдоод буй. Түүнийг Жо Байдены нэр дэвшүүлсэн бөгөөд тэрээр Mastercard (MA)-н CEO-р ажиллаж байсан туршлагатай аж.
🔹Оюу Толгой ХХК-ийн зэсийн олборлолт энэ оны I улиралд өмнөх жилийн мөн үеэс 40.6% өсөж 42.6 тн-д хүрлээ. Улмаар зэсийн борлуулалт нь 38% өсөөд буй. Харин алтны олборлолт нь 25.7% буурч 44 тн болсноор борлуулалт нь 23.4% багасаж 43.9 тн-д хүрчээ.
🔹Энэтхэг болон Орос рупигээр худалдаа хийх хэлцлээ зогсоолоо. Энэ нь Оросоос нефть болон нүүрсийг хямдаар худалдан авах хүлээлттэй байсан Энэтхэгт валютын ханшийн зөрүүний алдагдлаа багасгах боломжгүй болоод буй. Учир нь Энэтхэг гадаад худалдааны дийлэнх нь доллароор хийгддэг аж.
🔹Үндэсний хувьчлалын сан (ХОС) нэгж эрхийн тоогоо 300 сая ширхэг болгож нэмэгдүүлнэ. Тэд одоо байгаа нэгж эрхийн тоогоо 6 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь энэ. Түүнчлэн одоо байгаа нэгж эрх эзэмшигчид нэмж гаргах ХОС-гийн нэгж эрхээс тэргүүн ээлжид худалдан авах эрх эдлэхгүй гэнэ.
Оройн мэнд.Өдрийн турш Англи хэлийг 1 р ангиас нь заахаар болсон бна.Буруу,Зөв гэж баахан маргалдсан бна.Тодруулья:1.Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр Англи хэл үндсэн гадаад хэл бна.2.Хуулинд 1 р ангиас заах тухай үг,өгүүлбэр байхгүй.3.Шинэ хөтөлбөрөөр 3-р ангиас заана.
— Л.Энх-Амгалан (@enkhamgalanmp)
2:30 PM • May 3, 2023
Уул уурхай тэргүүлсээр…
Уул уурхай тэргүүлсээр…
Манай улсад 2011–2022 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар $34 тэрбум орж иржээ. Үүний 73% буюу $25 тэрбум нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт байсан аж.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол гадаад валют тэр дундаа доллар орж ирэх нэг зам билээ. Үүнээс гадна экспортын дүн импортоос өндөр гарвал гадаад валютын нөөцийг өсгөх бас нэг шалтгаан болно. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд орж ирсэн $25 тэрбумын хөрөнгө оруулалт уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өсгөхөд голлох нөлөөг үзүүлсэн нь гарцаагүй. Тодруулбал, 2011 онд бид $4 тэрбумын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог байсан бол өнгөрсөн онд энэ тоо даруй 3 дахин өсөж $11.7 тэрбум болжээ.
Цаашид…
Уул уурхайн салбар экспортын 90%-иас дээшийг бүрдүүлж, гадаад хөрөнгө оруулагчдын ганц сонирхдог салбар байсаар байна. Харин бид цаашдаа уул уурхайн салбараас олсон орлогыг бусад салбартаа хөрөнгө оруулах замаар, гадаад валютын нөөцийг бүрдүүлдэг №2, бүр цаашлаад №3 салбаруудыг хөгжүүлэх цаг нь иржээ.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply