- Lemon Press
- Posts
- 🪖 300 дроноор эхлүүлсэн дайн
🪖 300 дроноор эхлүүлсэн дайн
Төрөлт буурлаа | Монголын эрчим хүчний эргэн тойронд | Ираны Израиль руу хийсэн гэнэтийн цохилт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Цаана чинь “Coachella” хөгжим, урлагийн наадам эхлээд гол усаар нэг юм болж байна. Coachella-н тайзнаа Лана Дел Рэй эргэн ирж шүтэн бишрэгчдээ баясгаад байна. Наадмыг YouTube сувгаараа шууд дамжуулж байгаа юм байна шүү. Дэлхийн оддыг үзэж нүд, чихээ баясгаарай. 😜🎤
*Нэг өдрийн өөрчлөлт
ENG: Эрчим хүчний системийн орлого энэ оны эхний 2 сард жилийн өмнөхөөсөө 133.4% өсөж ₮374.9 тэрбумд болжээ.
BOM: Банкнуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү өмнөх улирлаас 0.22 нэгж хувиар нэмэгдэж 16.74%-д хүрсэн байна.
NSO: Энэ оны эхний 3 сард улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр жилийн өмнөхөөсөө 51.3% өсөж ₮7.7 их наядад хүрэв.
⚠️ Эрчим хүчний эргэн тойронд
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого буюу “Алсын хараа 2050”-д сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан. Одоогоор нар салхины эх үүсвэрүүд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18%-ийг эзэлж буй. Тэгвэл энэ тоог 30%-д хүргэхийн тулд юу хийж байгаа вэ, юу хийх хэрэгтэй вэ?
Үйлдвэрлэл нь хэд вэ?
Энэ оны эхний 2 сарын байдлаар нийт цахилгаан хүч үйлдвэрлэлийн 8%-ийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бүрдүүлжээ. Нийт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн 83.2 сая.кВт.ц буюу 69.7%-ийг салхин цахилгаан станц (СЦС) бүрдүүлсэн бол 9%-ийг усан цахилгаан станц (УЦС) үлдсэн 21.3%-ийг нарны цахилгаан станц (НЦС) бүрдүүлжээ.
Нэмэгдэх: Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээс харахад Говь-Алтай аймагт 612 кВт.ц НЦС, нэмээд 6 байршилд нийт 40 МВт-н нарны цахилгаан станцын төсөл, 2 байршилд 105 МВт-н СЦС-ын төсөл хэрэгжиж байгаа аж. Тэгэхээр цаашид сэргээгдэх эрчим хүчний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь нэмэгдэх боломжтой байгаа юм.
Юу хийж бүтээв?
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхээр Хятадын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-н “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барьж байгаа бол өнгөрсөн 2 жилд АХБ-ны санхүүжилтээр Завханд 5 МВт-н НЦС болон 3.6 МВт-н батарей хуримтлуурын систем, Говь-Алтайд 10 МВт-н НЦС, 300 кВт-н НЦС болон хуримтлуурын системийг тус тус ашиглалтад оруулсан аж.
Гэхдээ…
НЦС-уудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг ₮500-₮600-өөр, СЦС-уудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг ₮328-₮330-өөр тус тус худалдан авчээ. Энэ нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг ДЦС-уудын дундаж тарифаас даруй 3-5 дахин өндөр дүн. СЭХ-ний үнэ өндөр байгаа нь түүний эрэлтийг өсгөхгүй байгаа юм.
Асуудал: Манай өрхийн цахилгааны үнэ ₮61.1/кВт.цаг буюу бодит өртгөөс 39.6% доогуур байгаагаас үүдэн эрчим хүчний компаниуд жил бүр алдагдалтай ажиллаж буй. Тэдний 2022 оны нийт алдагдал нь л гэхэд 2018 оныхоос 14 дахин өсөж ₮187.3 тэрбумд хүрсэн байна.
Эцэст нь… Хэрэв бид Алсын хараа 2050-д тусгагдсан зорилтоо биелүүлье гэвэл одоо хэрэгжиж байгаа болон яригдаж байгаа төслүүдийнхээ явцыг хурдлуулах хэрэгтэй байна даа.
📃 Орлого өссөн ч ашиг буурав
🪖 Ойрх Дорнод дахь шинэ дайны гал
Өнгөрсөн Бямба гарагт Иран Израиль руу 300 гаруй дрон болон пуужингийн гэнэтийн цохилт өгч Ойрх Дорнод ахин нэг дайны бүс үүсэв. Өчигдрийн байдлаар буюу Ираны гэнэтийн цохилтоос 3 хоног өнгөрөөд байгаа ч Израиль ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байна. За юу болоод байна?
4 сарын 1-нээс л болж байгаа юм!
Ираны талаас тус гэнэтийн цохилтыг 4 сарын 1-нд Израиль Дамаск дахь Ираны консулын газарт цохилт өгсний хариу арга хэмжээн тайлбарлаж буй. Харин Израилийн хувьд тэдгээр 300 гаруй дрон болон пуужингийн 99%-ийг Америк тэргүүтэй холбоотнуудынхаа хамт амжилттай сөнөөснөө мэдэгдсэн юм. Тус халдлагын дараагаас Жо Байден Их 7-гийн бүлгийн удирдагч нартай хуралдахаа мэдэгдсэн билээ. Улмаар тус бүлгийн удирдагч нар Ням гарагт цахимаар хуралдан хамтарсан мэдэгдэл гаргав. Үүндээ,
Хамтдаа хамгаална: Их 7-гийн бүлгийн удирдагчид Ираны үйлдлийг буруушааж, Израилийн ард иргэд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус бүс нутаг дахь мөргөлдөөн ширүүсэхийн хэрээр энэ онд хэдийнээ 18% өсөж түүхэн дээд түвшинд хүрээд байсан алтны үнэ ахин цойлж тэнгэрт хадах вий гэх таамаглал үүсээд буй.
Алтны үнэ
Өнгөрөгч Баасан гарагт Ойрх Дорнод дахь хурцадмал байдал ширүүсэх нь гээд 1 унц алт $2,431 буюу түүхэн дээд түвшинд хүрээд авсан. Харин өчигдрийн байдлаар 0.5% өсөж $2,355 болоод буй. Алтнаас гадна Ираны дайралтаас үүдэн дайн дэгдвэл энэ нь Персийн булангийн орнуудад нөлөөлж цаашлаад газрын тосны нийлүүлэлтийн сүлжээ доголдох эрсдэл үүсэх магадлалтай.
Учир нь: Иран болон Израиль хоорондын агаарын бүсэд дэлхийн хамгийн том газрын тос олборлогч Саудын Араб, Ирак, Сири тэргүүтэй улсуудын агаарын хил оршдог. Тэгэхээр Израилийн хариу үйлдлээс хамаараад тэдгээр Персийн булан дахь улсуудад тогтворгүй байдал дэгдэх эрсдэлтэй болж байна.
Цаашлаад: Бямба гарагт Иран Персийн булангийн гол эрчим хүчний экспорт дамжин өнгөрдөг Ормузын хоолойг бүхэлд нь хаана хэмээн сүрдүүлсэн гэхээр 2 талаасаа дайтаад эхэлбэл Персийн булангаар дамждаг нийлүүлэлтийн сүлжээ доголдох нь гарцаагүй.
Эцэст нь… Газын зурвас дахь дайн эхлээд хэдийнээ 7 сар өнгөрсөн байна. Ираны цохилт Израилиас гадна Америкт хамааралтай тул аль аль талдаа Ойрх Дорнодод ахин нэг дайны гал өдөөчих вий гэх болгоомжлолтой л байна даа. Хэрхэх бол?
Excel-г хашраадаг болоход тань туслах ээлжит дөт алхмыг хүргэж байна. Их ч биш бага ч биш гол нь тууштай байх юм шүү. 🧑💻
🪙 BTC Halving айсуй
Крипто ертөнцийн томоохон үйл явдлын нэг “Bitcoin Halving” айсуй.
Bitcoin Halving: Биткойн 210,000 блок олборлогдсоны дараа буюу ойролцоогоор 4 жил тутамд шинээр олборлогдож буй биткойны тоог хагасаар бууруулж буй хэрэг юм. Ингэснээр биткойны нийлүүлэлт улам бүр хязгаарлагдмал болж эрэлтийг дэмжин урт хугацаандаа ханшийг өсгөх, тогтвортой байдлыг хангахад чиглэж буй.
Энэ үеэр дотоодын Complex бирж дээр BTC/USDT хослолын хамгийн өндөр ханшийг тааж ₮10 сая хүртэлх урамшууллын эзэн болох боломжтой уралдаан зарлагдлаа.
Сонирхуулахад, Complex бирж системийн шинэчлэл хийж, OKX олон улсын биржийн албан ёсны брокер болсноор биржийн хөрвөх чадвар, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлаа илүү сайжруулан ажиллаж буй.
За тэгээд, таамаг тань мэргэн байг! 😎
Shutterstock
🔹Энэ оны эхний улиралд төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 13.4% буурчээ. Тодруулбал, 14,147 эх амаржиж, 14,244 хүүхэд төрүүлсэн байна. Улмаар 1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.5-аар буурав. Харин нас баралт өмнөх оны мөн үеэс 2% буурч 4,265 болсон аж.
🔹Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны I улиралд 26.7% өсөж ₮1.2 их наядад хүрэв. Цаашлаад, зардал нь 27% өсөж ₮1.1 их наядад хүрээд буй. Тус хугацаанд 500 мянган хүнд олгосон тэтгэвэр өмнөх оноос 30% өсөж ₮1 их наядад хүрсэн байна.
🔹Вьетнамын шүүхээс үл хөдлөх хөрөнгийн магнат Труонг Ми Ланд луйврын хэргээр цаазын ял оногдуулжээ. Тодруулбал, тэрбээр 2012-2022 онд Saigon Commercial Bank (SCB)-с 2,500 зээл авч тус банкинд $27 тэрбумын хохирол учруулсан аж. Улмаар Труонг Ми Лан тус улсын ДНБ-ийн 3%-тай дүйх буюу $12.5 тэрбумыг залилсан нь тогтоогдоод буй.
🔹Өнгөрсөн 3-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт өмнөх оноосоо 20.8% өсөж ₮37.4 их наядад хүрээд байна. Тус өсөлтөд төгрөгийн хадгаламж 38.8% өсөж ₮18 их наяд, төгрөгийн харилцах 49% өсөж ₮9 их наядад хүрсэн нь нөлөөлсөн аж. Харин валютын хадгаламж тус хугацаанд 24.5% буурч ₮4.5 их наяд болжээ.
ТУЗ-ийн хараат бус гишүүн / Омни капитал ББСБ: Зээлийн эсвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр та банк болон ББСБ салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан бол доорх хаягаар CV-гээ явуулаарай. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Санхүүгийн ахлах менежер / Монголиан Стар Дистрибюшин: Банк, санхүү, эдийн засаг, даатгалsн чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ хайртай хүмүүс ийшээ. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Үз: МИАТ ТӨХК-ийн Boeing 737-800 онгоцоор Улаанбаатараас Хонконг руу ниссэн аялал. (JustPlanes)
Мэд: Z үеийнхэн болзооны апп сонирхохоо больсон уу? (Sherwood)
Танилц: 2023 онд биологи болон мэдрэл судлалын салбарт хийгдсэн хамгийн том нээлтүүд. (QuantaMagazine)
Яаж: Америкийн дараагийн Ерөнхийлөгч Хятадын эдийн засгийн сорилтыг хэрхэн даван туулах бол? (TheDiplomat)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.
Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply