- Lemon Press
- Posts
- 💰 Май миний дүү, ₮300 сая
💰 Май миний дүү, ₮300 сая
Корпорацуудын зорилго | Шинэ банк | 112 мянган км зам
POWERED BY
Зээ, урьд хожид байгаагүй цогц авто замын төсөл гэх цол, гуншинтай Богд уулын энгэрээр 6 эгнээ бүхий 32 км урттай Туулын хурдны замын бүтээн байгуулалт ирэх 7 хоногт эхлэх нь ээ. 2027 онд Туулын хурдны зам, 2028 онд метроны бүтээн байгуулалт дуусаж, Монголын их түгжрэлийг ардын туулиас л унших нь байна. Бүтээсэй, болоосой л гэе даа. 🙂↕️


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: ЗГ Антре гоулд ХХК, Петрочайна дачин тамсаг ХХК, Бадрах Энержи ХХК-ийн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийхээ мэдэгдэв.
MSE: БиДиСЕК ҮЦК (BDS) харилцагчдад үйлчилгээ үзүүлэх зорилгоор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-д Үнэт цаасны номинал данс нээхээр болов.
GOV: ЗГ орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, Тэргүүн шадар сайд Н.Учрал ахална.

‼ 60 хоног дуншсан нотолгоо

Экс Ерөнхий сайдын хүүгийн орлогоо нотлох асуудал нэг тийш болж Авлигатай тэмцэх газар (АТГ) О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсных гэж үзлээ. Гэхдээ хэд хэдэн нотой, ноцтой тоо байна.
🧐 Тайлан гэх үү, үзүүлэн гэх үү?
О.Тэмүүлэнгийн эх үүсвэр Херо энтертайнмент групптэй шууд хамааралтай. АТГ 8 жилийн өмнө байгуулагдсан тус группийн 2024 оны тайлангийн тодорхойгүй жижиг хэсгийг хэвлэлийн мэдээ дээрээ дурдаж. Хэлхэж тавьсан хэдэн тооноос нь үйл ажиллагааны зардал, цэвэр ашиг гэх мэтийг барагцаалж тооцъё гэсэн ч Херо гэх газрын ажилтны тоо, үнийн санал нь ч олдохгүйн дээр вэбсайт дээрээ ч олигтой мэдээлэлгүй, бүр ганц нүүртэй аж. Яачихсан нууцлагдмал компани вэ.
📌 ₮6.2 тэрбум: Харагдаж байгаа хэдэн тоог уншвал уг компани өнгөрсөн онд ₮6.2 тэрбумын борлуулалтын орлого олсон гэнэ. Гол нь татварын өмнөх ашиг буюу үйл ажиллагааны ашиг нь ₮4.1 тэрбум байсан гэхээр зардал нь орлогынхоо 33.9%-тай л дүйж буй. Том зардал гээд байх юм байхгүй, ашгийн хувь өндөр ажээ.
😳 Өчүүхэн татвар? Түүнчлэн тус группийн 2024 онд төлсөн татвар ердөө ₮265.8 сая аж. Уг нь ₮6.2 тэрбумын орлоготой компани ₮400-₮650 саяын татвар төлөх боломжтой баймаар. Тэгэхээр татварын хөнгөлөлт, татаас олгогддог байхыг үгүйсгэхгүй л юм.
🙅🏻♂️ Тендер авдаггүй гэнэ: Нэмээд группийн CEO Б.Баатар өөрийн X хаягтаа төрөөс ширхэг ч тендер, лиценз аваагүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ “Баялгийн сан”-гийн талаарх нэвтрүүлэгт нь улс төрийн томчууд оролцож, өргөн нэвтрүүлгийн дийлэнх сувгаар бөмбөгдсөн гэдгийг мартаж болохгүй. Сайн дураараа л санхүүжилт гаргаж хийсэн гэж найдъя даа…
💰 Май миний дүү, ₮300 сая
Дээд хэсэг дээр үгүйсгэхгүй, олдохгүй, байж болох гэсэн үгнүүдийг ашигласныг харж байгаа байх. Учир нь мэдээлэл хомс нэмээд итгэхэд амаргүй. Заа гол нь Херо энтертайнмент групп бөгжний шуумын гол эзэн болох О.Тэмүүлэнд энэ он гарснаас хойш 1, 3, 4-р саруудад тус тус 3 салгаж нийтдээ ₮300 саяыг шилжүүлсэн байна. Уг нь Хүлэг контент Эй Ай, Хүлэг контент энтертайнмент гэх 2 ч компани үүсгэн байгуулсан хүн тогтмол дүнгээр, тогтмол хугацаанд цалинждаг баймаар.
🤑 Шийрийг хатаажээ: Юутай ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадахгүй суудлаасаа буусан. Түүний гэр бүлийн бүтэн жилийн орлого 2024 онд ₮15 сая байв. Харин түүний хүү гэнэт 2025 онд энэ дүнг 20 нугалсан, нэмээд нийт хөрөнгийнх нь 36.2%-тай тэнцэх хэмжээний мөнгийг ердөө 3 шилжүүлгээр олчихдог болсон бололтой. Сайд асны хэлдгээр 22-хон настайдаа шүү дээ.
⁇ Бид хардах эрхтэй: Гэхдээ О.Тэмүүлэнгийн албан ёсны орлого гэж нотлогдоод байгаа шилжүүлэг энэ он гарснаас хойш л хийгдсэн гэдгийг харсан байх. Тэгвэл тэр бөгж, цүнх, гэрлэх саналыг хэзээ тавьж, хэзээ авч өгсөн гэдэг сонирхолтой. Цаг хугацааны хувьд их л давчуу болж өнгөрсөн бололтой. 6-р сард бид аль хэдийн мэдчихсэн жагсаж байлаа шүү дээ.
Эцэст нь… Юутай ч орлогоо нотолсон гэсэн мэдэгдэл гарлаа. Гэхдээ хөөх үнэхээр орлоготой байж дээ гэсэн мэдрэмж авч, тоо харсан гэж хэлэхэд хэцүү л юм даа. Ядахад шүүх, харах, тунгаах мэдээлэл хомс юм. Мөн Л.Оюун-Эрдэнэ ч орлогоо нотлох, Херо энтертайнмент групп тайлангаа бүрэн танилцуулах шаардлагатай байна даа.

🥤 Дональд Трампын нөлөө ундаанд. (CNN)
📺 Беларусын телевиз Монгол дахь орос хэлтэй хүмүүст зориулсан контент хийх болж. (Belarus24)
🏦 J.P.Morgan криптовалют барьцаалсан зээлийн үйлчилгээ нэвтрүүлнэ. (CoinDesk)
🎌 Netflix-н нийт хэрэглэгчдийн 50% нь аниме үздэг. (HollywoodReporter)

🛑 $MSE: Ашиг буурсаар
MSE: Энэ оны эхний хагас жилийн байдлаар арилжаанаас олох орлого буурсны улмаас Монголын Хөрөнгийн Биржийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 32.5% буурч ₮12 тэрбумд хүрсэн буюу нэгж хувьцаанд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь (EPS) ₮34.4 болжээ. Ингэснээр өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.7% унаж ₮261-т хүрсэн нь оны эхнээс 26.4%, өнгөрсөн оны мөн үеэс 43.2% буурсан үзүүлэлт болоод байна.

💡 Корпорацууд: Бусдаас шал өөр

Улс орнуудын ард иргэд корпорэйт ертөнцийг хэрхэн харж, тэднийг нийгэмд ямар манлайлалтай байгаасай гэж хүсдэг гэж бодож байна?
🐕🦺 Нийгмийн хүлээлт
Morning Consult-н энэ оны “Global Corporate Purpose Tracker” судалгаагаар хэрэглэгчдийн 74% нь компанийн зорилгыг зөвхөн ашиг олох бус, нийгэмд эерэг нөлөөтэй байх ёстой гэж харж байна. Цаашлаад, Z болон Millennials үеийнхний 82% нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгод суурилсан бизнесүүдийг илүү таашаадаг гэх.
🤷🏻♀️ Гэвч энэ бол төдийлөн гайхаад байх хандлага биш болсон гэдгийг сүүлийн үед байгальд ээлтэй, дахин боловсруулах хэрэглээг дэмждэг хүмүүс олширч байгаа нь хангалттай харуулна.
😉 Ашигтай + Нэр хүндтэй
Урт хугацааны, тогтвортой бизнесийг бүтээхийн тулд нийгэмдээ хөрөнгө оруул гэх номлол байдаг. Энэ утгаараа корпорацууд өөрсдийн зорилгыг илүү нээлттэй, хэмжигдэхүйц хэлбэрт шилжүүлэхийн тулд БОНЗ-ын тайланд өндөр ач холбогдол өгдөг. Гол өөрчлөлт нь томоохон корпорацууд нийгмийн хариуцлагын хүрээнд гэх тодотголтой төсөл, хөтөлбөрөө дунд болон урт хугацааны зорилготойгоо нэгэн цул болгон стратегийн түвшинд харах болсон явдал. Уг хандлагыг дагаж дунд шатны компаниуд ч зорилгоо дахин тодорхойлох болжээ.
🙂↕️ Жишээ болгоход, Nestlé (NESN.SW)-н зорилгынхоо гол цөмийг хамтын үнэ цэнийг бүтээх (Creating Shared Value) нэрийн дор олон жил хөгжүүлсэн. Microsoft (MSFT) 2020 оноос хойш нийгэмд үзүүлэх нөлөөллөө санхүүгийн үр дүнтэйгээ холбож, жил бүр тайлагнаж байгаа.
🤔 Монголд
Манайд ч компаниуд жилдээ 1 удаа БОНЗ-ын тайлангаа тайлагнадаг соёл овоо төлөвшиж байгаа. Өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд тийм компани тэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулав, тэр хэсгийг засав гэхчлэн илүү хэлбэр талын явж ирсэн бол БОНЗ-ын үзүүлэлтээ тайлагнадаг болсноор олон нийтэд зорилгоо хэрхэн биелүүлж байгаа, түүнийхээ төлөө юу хийж байгаа, цаашлаад илүү хамтын үнэ цэн бүтээхэд чиглэх болсон нь сайшаалтай.
Эцэст нь… Дэлхийн томчууд БОНЗ-ын үзүүлэлтүүдээ тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах болжээ. Өмнө нь компани зорилгоо уран яруу үгээр гангалаад, чихэнд чимэгтэй сонсогдож байхад л хангалттай байсан бол одоо бодит ажил болгож, хэмжих хэмжүүртэй, хүрэх цэгтэй байх шаардлагатай болсон. Цаг үе өөр болсон шүү!

112 мянган км
Монгол Улсын авто замын нийт урт одоогоор 112 мянган км бөгөөд үүний 15 мянган км нь олон улс, улсын чанартай авто зам байна.
23 улс
Харин Монголын олон улсын авто тээвэр дахь оролцоо 2015 онд 1% байсан бол 2025 онд 46%-д хүрч, тээврийн хамрах хүрээ 7 улсаас 23 улс болж тэлжээ.
88%
Тэгвэл авто тээврийн компаниуд өнгөрсөн онд улсын нийт ачаа тээврийн 65% орчмыг, экспортын тээврийн 88%-ийг дангаар гүйцэтгэсэн аж.


The Hill
🍋 Америк, Япон худалдааны хэлэлцээрт хүрлээ. Энэ хүрээнд Америк Японд ногдуулахаар төлөвлөж байсан татвараасаа 10 нэгж хувиар бага буюу 15%-ийн импортын татвар ногдуулах бол Япон Америкаас автомашин, ачааны машин, будаа, ХХА-н зарим бүтээгдэхүүнийг импортлохыг зөвшөөрөв. Нэмээд Япон Америкт $550 тэрбумын хөрөнгө оруулах бол Америк энэ хөрөнгө оруулалтын өгөөжийн 90%-ийг хүртэх нь.
🍋 ЗГ 149 төслийг Азийн хөгжлийн банктай хамтран боловсруулсан 4 бүлэг, 14 шалгуураар үнэлж эрэмбэлнэ. Шалгуурт орох төслүүдэд ЗГ-ын 14 мега төсөл ч багтаж буй бөгөөд тэдгээрийг макро ЭЗ-ийн, төслийн бэлэн байдлын, санхүүжилтийн, нийгмийн нөлөөллөөр нь үнэлснээр 4 нь хэрэгжиж эхлээд байгаа аж. Тэгвэл үнэлгээг ирэх сарын 15-наас өмнө дуусгах бол ирэх оны төсөвт ТЭЗҮ-гүй төсөл суулгахгүй л гэнэ.
🍋 Казакстанд энэ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеэс 9% их буюу 7.5 сая гаднын жуулчин зочилжээ. Иймд тус улс гаднын иргэдийн бүх мэдээллийн санг нэгтгэсэн, нэгдсэн цахим платформтой болж шилжилт хөдөлгөөнийг нарийн зохицуулах аж. Саяхан тэд жуулчдад туслах апп-тай болоод буй. Сонирхуулахад, дээрх жуулчдын 90% нь ТУХН-ийн орнуудаас, тэр дундаа Узбекистанаас хамгийн их буюу 2.8 сая нь иржээ.
🍋 Экспортыг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжид төрийн хүнд суртлыг бууруулна. Үүнд гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авах шат дамжлагыг цөөрүүлэх, эрсдэлийн оноо багатай тээврийн хэрэгсэл хилээр саадгүй нэвтрэх, бүх нийтийн амралтаар хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зэргийг хэрэгжүүлэх аж. Гэснээс бүх нийтийн амралтын өдрүүдээр экспортын орлого жилд $350-$400 орчим саяар тасалддаг гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply