• Lemon Press
  • Posts
  • 👶 Баяр хүргэе! Охин байна

👶 Баяр хүргэе! Охин байна

30 гарсан ч аав, ээжийн хүүхэд | Гүний уурхайн 1 жилийн ой | Баяр хүргэе! Охин байна

POWERED BY

Morning! Барби киноны фэнүүд байна уу? Өнөөдөр дэлхийн хамгийн дур булаам залуусын нэг гэгддэг Кений өдөр юм байна шүү. Кен 1961 онд төрсөн гэхээр 63 настай байх нь ээ. 🤭

*Нэг өдрийн өөрчлөлт

INF: Өнгөрсөн сарын инфляц улсын хэмжээнд 7%-тай гарлаа

NSO: Өнгөрсөн 2-р сард Улаанбаатарын орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 11% өсөж, шинэ орон сууцны 1 мкв-н дундаж үнэ ₮3.9 саяд хүрчээ

MSE: Мандал Ирээдүйн Өсөлт ХОС (MFG)-гийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 22-нд болно.

⛏️ Гүний уурхайн 1 жилийн ой

Зээ Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээс хойш яг 1 жил өнгөрлөө. Жилийн өмнөх энэ өдөр Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж дэлхийн ТОП зэсийн уурхайн тоонд орох нь гээд бичиж байлаа. Одоо харин 1 жилийн хугацаанд юу болсон талаар өгүүлье. 

Гүний уурхайг яаж хөдөлгөв? 

Түүх сөхөхөд, Оюу толгой төслийг өнгөрсөн 14 жилийн хугацаанд $15 тэрбумаар санхүүжүүлсэн байдаг. Үүнд гүний уурхайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн 14 том банкнаас авсан зээл багтаж буй. Ингэж л зогсоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалт хөдөлж, Оюу толгойн нийт нөөцийн 80%-ийг агуулах гүн рүү шумбах боломжтой болсон хэрэг. 

1 жилийн хугацаанд

Гүний уурхайд блокчлон олборлох технологийг ашиглан зардал багатайгаар газрын гүний 1.3 км-т байгаа зэсийн хүдрийг олборлож буй. Уг гүнд 203 км урт хонгилд үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэсэлгээний хувьд өнгөрсөн IV улиралд л гэхэд 14 хүдэр буулгуурыг тэсэлж нийт хүдэр буулгуурын тоо 86 болсон байна. Ингэснээр, 

  • 5 дахин: Гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн хэмжээ өнгөрсөн IV улиралд 3.4 сая тн-д хүрч 2023 оны I улирлаас 5 дахин өссөн аж. Улмаар өнгөрсөн онд гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн нийт хэмжээ 7.4 сая тн-д хүрчээ. 

  • Үйлдвэрлэл өсөв: Гүний уурхайн өргөжилтийн хүрээнд Оюу толгойн 2023 онд үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 29.8% өсөж 168 мянган тн-д хүрээд байгаа.

Цаашид, Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тн, цаашдын 5 жилд дунджаар 350,000 орчим тн зэс олборлох тооцоотой. Гэхдээ 2037 он гэхэд ил уурхайг ашиглаж дуусна гэхээр уртдаа 350,000 орчим тн зэсийг гүний уурхайгаас л олборлоно гэсэн үг. Нэг ч гэсэн томоохон бүтээн байгуулалт машид урагштай явж байгаа нь сайхан юм даа. 

🙋‍♀️ Баяр хүргэе! Охин байна

LEND: ЛэндМН ББСБ 2023 оны ашгаасаа ₮4 тэрбумаар хөрөнгө оруулалт гаргаж охин компани байгуулна. Тус охин компани нь зах зээлд шинээр нэвтрүүлж буй “Felxi Business” гэх зээлийн бүтээгдэхүүнийг ЖДҮ эрхлэгчдэд санал болгох бөгөөд СЗХ-ноос ББСБ-ын холбогдох зөвшөөрөл авах хүртэл мэдээлэл технологийн үйл ажиллагаа эрхлэх аж. Мөн ЛэндМН ББСБ биржийн бус зах зээл дээр ₮20 тэрбумын өрийн хэрэгслийг хэсэгчлэн гаргахаар болжээ.

🙊 Тэжээлгүүлнэ

Америкчуудын 47% нь 18-27 насны хүүхдээ санхүүгийн асуудалтай нь хамтад нь харж хандаж байна. Юу билээ? Тус улсад 18 хүрээд л аав ээжийнхээ өврөөс гарч бие даан амьдардаг бичигдээгүй хууль байдаг гээд гайхуулаад байдаг биш билүү? 

  • Ямар судалгаа юм? Тус судалгаанд 1,000 америк эцэг эх оролцсон бөгөөд хүйсийн харьцаа нь эн тэнцүү байжээ. Аан тийм үүнд хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүүхэдтэй хүмүүс багтаагүй шүү. 

30 гарсан ч аав, ээжийн хүүхэд…

Тус 47% буюу 160 сая америкчууд сард дунджаар $1,400-ыг насанд хүрсэн хүүхдэдээ санхүүгийн дэмжлэг болгон өгдөг. Америкчуудын дундаж цалин сарын $6,228 байгаа гэхээр цалингийнхаа 20% гаруйг насанд хүрсэн хүүхдээ тэжээхэд зарцуулахаар байгаа юм. 

  • Тэтгэврийн дэнчин: Эцэг эхчүүдийн сар тутамд хүүхдэдээ зарцуулж буй мөнгө нь тэтгэврийн хуримтлалдаа оруулж буй мөнгөнөөс 2 дахин их буюу $609-оор их байгаа юм.

  • Хоолны сав: Цаашлаад, судалгаанд оролцсон эцэг, эхчүүдийн 61% нь насанд хүрсэн хүүхэд нь өрхийн ямар ч зардалд тус дэм болдоггүй хэмээжээ. 

  • Юунд зарцуулаад байна? Түүнчлэн тэдгээр залуус утасны төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны түрээс, их сургуулийн төлбөр, хоол хүнс, зугаа цэнгээний мөнгөө ч эцэг эхийнхээ нуруун дээр үүрүүлдэг гэж байгаа.

Гаднын нөлөөтэй

Ковид-19 эхлэх үеэр буюу 2020 онд америк залуусын ажилгүйдэл 15%-д хүрч 2010 оны түүхэн хямралын араас бичигдсэн байдаг. Уг нь бол өнгөрсөн 12-р сард залуусын ажилгүйдэл 4.8% болтлоо буураад буй. Ингээд бодохоор тэжээвэр сэтгэлгээ газар аваад байна уу, эдийн засаг тэдэнд амьсгаа авах сөхөө өгөхгүй байна уу гээд бодмоор. Магадгүй аль, аль нь л байх. 

Эцэст нь… Америкт насанд хүрсэн хүүхдийнхээ санхүүг халамжлах гээд өөрсдийгөө санхүүгийн эрсдэлд оруулах хүмүүс олширч байгаа гэнэ. Нэг талаас эцэг, эхийн хайр хязгааргүй юм чинь аргагүй дээ гэж бодогдох ч нөгөө талд эцэг, эхийнхээ тэтгэврээр тэжээлгэх нь зүгээр гэсэн хандлагатай нэгэн байгаа гэхээр харамсалтай. 😔

🏠 House Expo 2024

ҮХХ худалдан авахаар төлөвлөж байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. 🔈

Улаанбаатар хотын хаус, тансаг зэрэглэлийн орон сууцны төслүүдийг танилцуулахаар House Expo 2024 үзэсгэлэн, арга хэмжээ 3 дахь жилдээ 9 хоногийн дараа зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээнд хүрэлцэн ирснээр хаус, орон сууцны төслүүдтэй танилцаж, онцгой нөхцөлөөр худалдан авах, зээлийн тооцоолол хийлгэх, хөрөнгө оруулахаас гадна салбарын төлөөллүүдтэй танилцаж, бизнесийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлэхийг урьж байна.

Түүнчлэн арга хэмжээний үеэр ҮХХ-ийн хамгийн том уралдаанд оролцож, амжилттай борлуулалт хийвэл түүнийхээ 5%-ийг авах төдийгүй ₮50-₮100 саяын бодит хөнгөлөлт эдлэх боломжтой гэнэ.

📅 Хэзээ: 3 сарын 22-24
📍 Хаана: Шангри-Ла зочид буудлын их танхим

Reuters

🔹Хятадын ЗГ энэ онд шинжлэх ухаан, технологийн ХО-аа 10% өсгөж ¥371 тэрбумд хүргэхээр төлөвлөв. Ингэхдээ зөвхөн судалгаанд л гэхэд ¥98 тэрбумыг зарцуулах гэнэ. Хэдий тус улсын эдийг засаг хүндхэн байгаа ч Америкаас тавиад буй технологийн хориг зардлаа нэмэхэд хүргээд буй.

🔹Европын Холбоо зудад өртсөн 1,850 өрхөд $500,000-ын тусламж үзүүлнэ. Тусламжийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулж олгох аж. Мөн нэмэлтээр ОУ-ын улаан загалмайн холбоо Гамшгийн хариу арга хэмжээний сангаасаа 1,900 өрхөд ойролцоогоор $523,500-ыг олгох аж.

🔹Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийг түшиглэх Үйлдвэрлэл, технологийн парк 2027 онд ашиглалтад орно.  Тус паркийн төсөл 2021 онд эхлэсэн бөгөөд батлагдсан ТЭЗҮ-ээр $762 саяын өртөгтэй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, $60 саяын катодын зэсийн үйлдвэр, $40 саяын молибдены баяжмал боловсруулах үйлдвэр тус тус байгуулах нь.

🔹Xiaomi (1810.HK) өөрсдийн EV-гээ 3 сарын 28-нд Хятадын 29 хотод худалдаалахаар болов. Компани тус EV-г төрийн өмчит Beijing Automotive Group-тэй хамтарч хөгжүүлсэн бөгөөд 1 цэнэглэлтээр 800 км явах хүчин чадалтай аж. Энэхүү мэдээний араас Xiaomi-н хувьцааны үнэ 9.5% өсөж HK$14.7-т хүрээд байна.

🔹УИХ 2024 онд 46 шинэ төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг өөрчлөн батлажээ. Үүнээс хамгийн их нэмэгдсэн нь Баянхонгор-Шаргалжуут чиглэлтийн 54.2 км авто замын өртөг ₮54.4 тэрбумаар нэмэгдсэн. Харин музей, боловсролын салбарт тоног төхөөрөмж авах зэрэг 8 төслийн төсөв ₮7.8 тэрбумаар буурч батлагдав.

Доорх мэдээний хэсгүүдээс буруу хариултыг олоорой. Тоон дотор үсэг цохиж яваа шүү. 🔎

A. Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээс хойш яг 2 жил өнгөрчээ. 🍾
B. ЛэндМН ББСБ ХК 100%-ийн хөрөнгө оруулалтаар ₮4 тэрбумын хөрөнгөтэй охин компани байгуулна. 👏
C. Эцэг, эхтэйгээ амьдардаг америк залуусын 61% нь өрхийн ямар ч зардалд тус дэм болдоггүй. 🤬

  • Management: Ажлын дундуур бага багаар завсарлага авах нь үр дүнтэй. (HBR)

  • Tourism: Өмнөд Солонгос руу аялагсдын ⅓ нь 30-аас доош насныхан. (TheKoreaTimes)

  • China: Хятадууд цахим орчинд Нобелийн шагналтаа дээрэлхэв. (CNN)

  • Security: Airbnb-н өрөөнүүд камергүй болж эхэлжээ. (TheVerge)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь A буюу Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлснээс хойш дөнгөж 1 жил өнгөрөөд байгаа шүү.