• Lemon Press
  • Posts
  • 👑 Валютын хааны хүчирхэгжилт

👑 Валютын хааны хүчирхэгжилт

Банкнуудын I улирлын тайлан | Хятадын 3 сая шинэ ажлын байр | Долларын индексийн өсөлт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Видео үзэх биш текст унших дуртай хүмүүс байна уу? Бид Lemonade цувралынхаа дугааруудыг текст хэлбэрээр вэбсайтдаа оруулж байгаа шүү. ЭНД дарж танилцаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Киргизийн парламентын дарга Н.Шакиевын айлчлалын үеэр хоёр улсын Парламент хоорондын байнгын зөвлөгөөний механизм байгуулах санамж бичиг байгуулав

MGLC: Монгол болон Австрийн бизнес форум 4 сарын 25-нд зохион байгуулагдана

CHN: Энэ оны I улиралд Хятадын хотуудад нийт 3 сая ажлын байр шинээр бий болжээ.

🏦 Банкнуудын I улирал

Зээ, банкнуудын I улирлын тайлан ар араасаа гарч эхэллээ. Одоогоор олон нийтэд нээлттэй 6 банкны 5 нь I улирлын тайлангаа танилцуулаад байна. Юу болов, яав ийв?

Ногоон, ногоон

Дээр дурдсан 5 банк өнгөрсөн улиралд ₮37.7 их наядын хөрөнгийг удирдаж нийт ₮295.4 тэрбумын ашигтай ажиллалаа. Тэдний ашиг дунджаар 43% өссөн байна. Гэхдээ энэ дундаасаа, 

  • Хамгийн өндөр өсөлт: Голомт банк (GLMT)-ны ашиг хамгийн ихээр буюу 155.7% нэмэгдэж ₮86.2 тэрбумд хүрсэн байна. Тэдний цэвэр зээлийн хэмжээ 40.8% өссөнөөр хүүгийн орлого нь 30.5% нэмэгдэж ₮214.4 тэрбум болсон нь ашиг пуужиндахад хүргэжээ. Түүнчлэн тус банкны өөрийн хөрөнгө 16.5% өсөж ₮1 их наядад хүрсэн аж.  

  • Ямартай ч өслөө: Харин Төрийн банк (SBM) болон Богд банк (BOGD)-ны ашиг нэг их өссөнгүй. Тэр дундаа Төрийн банкны ашиг 2% л өсөв. Учир нь тэдний хүүгийн орлого 33% өссөн ч хүүгийн зардал нь 48.3% нэмэгджээ

  • Чанаргүй зээл: Харин цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хувьд Төрийн банкных хамгийн өндөр буюу 7.8% байгаа бол ХасБанк (XAC)-ных хамгийн бага буюу 2.6% байна. 

Шинэхэн тоглогчийн үр дүн

Энэ мэдээний постер зураг дээр нээлттэй банкнуудаас гадна банкны салбарт хөл тавиад удаагүй байгаа Мбанкны үзүүлэлтийг оруулсныг анзаарсан байх. Тэдний хувьд өнгөрсөн жилийн I улиралд ₮559 саяын ашигтай ажиллаж байсан бол энэ удаад ₮1.9 тэрбумын алдагдал хүлээв. Учир нь тус банкны хүүгийн зардал 5.9 дахин, бусад зардал 1.6 дахин нэмэгдсэн аж. 

Зах зээл дээр юу болж байна?

Харин нээлттэй банкнуудын зах зээлийн үнэлгээний хувьд I улирлыг эрээн мяраантайгаар үджээ. Тодруулбал, Богд банкны зах зээлийн үнэлгээ эхний улиралд 8.4% буурч ₮101.8 тэрбумд хүрсэн бол ХасБанкных 15.8% нэмэгдсэн байна. Харин ХААН Банк (KHAN)-ны зах зээлийн үнэлгээ I улиралд нэг их өөрчлөгдөөгүй ч 4-р сар гарснаас хойш 13.6% унаж ₮2 их наяд болоод буй. 

Эцэст нь… Заа банкнуудын I улирлын сонин хачин нэг иймэрхүү байна. Одоо ХХБ (TDB) маань хэзээ тайлангаа гаргах юм бол доо. Хүлээж л байя даа…

🤑 AI-д зориулах $1 тэрбум

SFTBY: SoftBank компьютер тооцооллын үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг сайжруулахын тулд $960 саяын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэв. Энэ нь компанийн 2025 он гэхэд өөрийн гэсэн япон хэл дээрх хиймэл оюун ухаан (AI)-тай болох зорилтын бэлтгэл ажил юм. SoftBank Япон даяар AI дата төв барихаар ажиллаж байгаа аж. Тус мэдэгдлийн араас компанийн хувьцааны үнэ нь 3% өсөж $24.7-т хүрлээ. 

👑 Валютын хааны хүчирхэгжилт

Долларын индекс (DXY) 2024 он гарснаас хойш 4% өсөж $106-т хүрээд байна. Тус индекс өнгөрсөн 10-р сард сүүлийн 10 сарын дээд цэгтээ хүрч байсан ч түүнээс хойш уруудсаар 2023 оныг өндөрлүүлж байв. Энэ онд хэрхэх бол?

  • Долларын сагс: Долларын индекс нь евро, иен, Канад доллар тэргүүтэй 6 валютаар сагсаа бүрдүүлдэг бөгөөд тус индексэд евро хамгийн их буюу 57.6%-ийн жин дардаг. Харин иен 13.6%, фунт 11.9%, Канад доллар 9.1%, Швед крон 4.2%, Швейцар франк 3.6% тус тус эзэлдэг аж.

$: Чангарна

Долларын чангаралд ХНС бодлогын хүүг тогтмол 5.5%-д барьсан нь нөлөөлж байгаа. Улмаар Америкийн ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж эхний 4 сард 0.8 нэгж хувиар өсөн 4.6% болсон. Задлан харвал, 

  • Түүхэн сулрал: Доллар иений эсрэг өнгөрсөн онд 8.2% чангарсан бол 2024 гарсан эхний дөрөвхөн сард 9.9% чангарч $1=¥154 болж түүхэн дээд оргилдоо хүрсэн.

  • Суларсаар: Уг нь өнгөрсөн сард Японы төв банк сүүлийн 17 жилд анх удаа сөрөг байсан бодлогын хүүгээ өсгөж 0.1%-д хүргэсэн юм. Гэсэн ч иений ханш хүчирхэгжих нь байтугай улам сулраад л байгаа. 

  • Бусад нь яав? Цаашлаад, доллар Швейцарын франкийн эсрэг 8.5%, Шведийн кроны эсрэг 8%, Канад долларын эсрэг 3.5% тус тус чангарсан байна. Харин тус хугацаанд төгрөгийн ханш долларын эсрэг 0.7% чангарч ₮3,376-т хүрчээ

2024 оны төлөв

Долларын индекс 2024 оныг харьцангуй сайн эхлүүлсэн ч ХНС-гаас энэ онд бодлогын хүүг 2-3 удаа бууруулах төлөвтэй байгаа. Хэрэв ийм шийдвэр гарвал долларын индекс уруудаж болзошгүй. Гэсэн ч нөгөө талд ЕХ бодлогын хүүгээ 2024 онд бууруулах төлөвтэй байгаа. Хэрэв тэд ХНС-гаас түрүүлээд бодлогын хүүгээ бууруулбал энэ нь долларыг улам л хүчирхэгжүүлэх магадлалтай юм

  • Макро үзүүлэлтүүд: Маргааш Америкийн I улирлын ДНБ-ий үзүүлэлт, 7 хоногийн дараа ХНС-гийн ээлжит бодлогын хүүгийн шийдвэр гарахаар байгаа. Шинжээчид Америкийн ДНБ-ий үзүүлэлтийг эхний улиралд өмнөх улирлаасаа 1.3 нэгж хувиар буурч 2.1% өснө хэмээн таамаглаад байна.  

Эцэст нь… Удахгүй зарлагдах ДНБ үзүүлэлт болон бодлогын шийдвэр доллар энэ онд хэр хүчтэй эсвэл сул байхыг таамаглах цонх шүү. Анзаараарай. 🙄

👀 Төгс Бүтээгчийн эргэн тойронд

Барилгын салбарын “Төгс Бүтээгч” арга хэмжээ 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Өнгөрсөн жилүүдэд зөвхөн барилгын салбарын ААН-үүд оролцдог байсан бол энэ удаа цар хүрээгээ тэлж амины орон сууц, зуслангийн байшин болон ажлын байраа засах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй болсноороо онцлог байв.

Арга хэмжээний үеэр салбарын томоохон төлөөллийн удирдлагууд хүрэлцэн ирж сонирхолтой илтгэлүүдийг тавьсан ба нийт 900 гаруй хүн нэгэн дор цугласан юм.

Түүнчлэн уг үйл ажиллагааны гол сэдвүүдийн нэг Stora өөрсдийн платформоороо дамжуулан Прэмиум бетон зуурмагийг хэн бүхэн худалдан авах боломжийг олгож буйгаа танилцууллаа.

Tenor

🔹МХБ ХК (MSE) зэсийн баяжмалын анхны арилжааг 4 сарын 29 буюу ирэх Даваа гарагт зохион байгуулна. Ингэхдээ эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмалын тн тутмыг $2,141-оос эхлэн дуудаж, арилжигдсан зэсийн баяжмалыг Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэйгөөр зохион байгуулах аж.

🔹МУИС анхны нээлттэй цахим хичээлээ олон улсын сургалтын платформ дээр нэвтрүүллээ. Тодруулбал, тэд нүүдэлчдийн археологийн сургалтыг Их Британийн цахим сургалтын платформ болох FutureLearn дээр байршуулсан юм. Тус платформ нь дэлхийд 3-рт эрэмбэлэгддэг, 195 орны 20 сая хэрэглэгчтэй платформ аж. 

🔹Монголын банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO гаргах боломжийг эрэлхийлж байна. Нью-Йорк хотноо болсон “Монголын хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний үеэр Сангийн яам, Монголбанк, СЗХ-ны удирдлагууд тус биржийн удирдлагуудтай санал солилцсон юм. Сонирхуулахад, өчигдөр Монголын банкны форумыг зохион байгуулсан аж. 

🔹Samsung (005930.KS) удирдах ажилчдынхаа ажлын өдрийг сунгаж 7 хоногт 6 өдөр ажиллуулахаар болов. Компани өнгөрсөн жил тааруухан орлого олсон болон өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд тус шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Samsung-н зарим охин компаниуд сайн дураараа 6 хоног ажиллах бодлогыг нэвтрүүлсэн байна. 

Буруу агуулгатай мэдээг олоорой. 🕵️

A. SoftBank AI-д $1 тэрбумыг зориулна. 💰
В. Америкийн I улирлын ДНБ-ий үзүүлэлт 7 хоногийн дараа танилцуулагдана. 📈
С. Samsung-н удирдлагууд 7 хоногт 6 өдөр ажиллуулахаар болов. ⌚

  • Агшилт: Европын томоохон банкны нэг болох DNB Asset Management Tesla, Microsoft, Apple-н хувьцаагаа зараад эхэллээ. (QZ)

  • Тэлэлт: Финлянд Оросыг номхотгож чадна гэнэ үү? (WSJ)

  • Өсөлт: Америкчуудын кофены их уулт болон шинэ дээд амжилт. (Axios)

  • Удаашралт: Цахилгаан автомашин (EV)-д итгэх хэрэггүй! (SabineHossenfelder)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь В буюу Америкийн I улирлын ДНБ-ий үзүүлэлт ирэх 7 хоногт биш маргааш танилцуулагдах нь шүү.