- Lemon Press
- Posts
- 🪬 Хилийн чанад дахь хамгаалал
🪬 Хилийн чанад дахь хамгаалал
Хөгжмийн салбарын орлого цойлсоор | Уул уурхай ба бизнес | $MSE-н эргэн тойронд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Монгол шатар 2000-аад жилийн түүхтэй гэдгийг мэдэх үү? Монголын Үндэсний музейд ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл "МОНГОЛ ШАТАР" тусгай үзэсгэлэн дэлгэгдэж байгаа юм байна шүү. ♟️
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Тэнгэр Даатгалын IPO-н анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр дуусна. Явц нь өчигдрийн байдлаар 105.65%-д хүрчээ.
POL: Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна.
^GSPC: S&P 500 (^GSPC) индекс Goldman Sachs (GS)-н төсөөллийн дагуу түүхэндээ анх удаа 6,000 нэгжийг даваад байна.
🪬 Хилийн чанад дахь нийгмийн хамгаалал
Өнгөрсөн 7 хоногт Монгол Австралийн хооронд нийгмийн хамгааллын анхан шатны уулзалт хийгдсэн. Улмаар ирэх оны 1-р сард эхний шатны хэлэлцээ болон хэлэлцээрийн төслийг боловсруулах төлөвтэй байна.
2023 оны байдлаар Австралид 16,600 орчим монголчууд оршин сууж байгаагийн 10,000 орчим нь ажил эрхэлж буй.
💭 Өнөөгийн нөхцөл байдал
Одоогоор Монгол Орос, Өмнөд Солонгос, Чех, Унгар, Польш, Турк гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын гэрээ байгуулсан билээ. Тус гэрээний ачаар тэдгээр улсуудад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөхөөс сэргийлэхийн сацуу 2 улсын аль алинаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх зүйн нөхцөл бүрдээд буй.
🇰🇷 Солонгос дахь Монголчууд: Монголчуудын хамгийн ихээр ажиллаж, амьдарч буй улсын нэг бол Өмнөд Солонгос. Энэ ч утгаараа 2 орны хооронд байгуулсан гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн ач холбогдлыг нэмэгдүүлж, тэдгээр иргэдийг эх орондоо буцсаны дараа ч тэтгэвэр авах эрхтэй болсон юм.
🇪🇺 Европын улсууд: Харин Чех, Турк, Унгар, Польшид ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо харьцангуй бага ч тэдний эрх ашгийг хамгаалах чухал ач холбогдолтой. Турктэй байгуулсан гэрээгээр л гэхэд тус улсад ажиллаж буй иргэд өндөр насны тэтгэвэр, оршуулгын тэтгэмж, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр авах боломжтой аж.
📬 Боломжит гэрээнүүд
Цаашлаад одоо байгаа Орос, Өмнөд Солонгостой хийсэн нийгмийн хамгааллын гэрээг шинэчилж, Казахстан, Австри улстай шинэ гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа. Түүнчлэн Швед, Япон, Канад зэрэг улстай хамтран ажиллах саналаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа сурагтай.
🦷 Цоорхойтой: Дээрх гэрээнүүдэд шалгуур, олгох тэтгэвэр, тэтгэмжийг тодорхойлсон хэдий ч одоог болтол улс хоорондын даатгалын байгууллагуудыг холбосон нэгдсэн мэдээллийн систем байдаггүй. Уг нь ийм төрлийн мэдээллийн сан байснаар иргэдийн даатгалын түүхийг бүртгэх, хянах механизм бий болох юм.
Эцэст нь… Улс орнууд гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ нийгмийн хамгааллын эрхийг хангах зорилгоор иргэдийнхээ олноор оршин суугаа улс орнуудтай нийгмийн хамгааллын гэрээ байгуулдаг. Европын холбооны зарим улсуудад бол олон улсын хамтарсан тэтгэврийн системийг ашигладаг. Ингэснээр иргэдийн төлсөн шимтгэлийн хугацааг илүү уян хатан, өргөн хүрээтэйгээр тооцдог тул хаа хаана аа бодитоор хэрэгжиж чаддаг аж. Харин манайд хэрэгжилт нь хэр байдаг бол?
🤑 $MSE-н эргэн тойронд
MSE: Оны төгсгөлөөр IPO болон бондын цуваа бөмбөгдөж байна даа. Өчигдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр гарсан Шунхлай ХХК-ийн “Шунхлай” ₮80 тэрбумын нээлттэй бондын транч 1, 2-ын анхдагч зах зээлийн захиалга 100%-д хүрч дүүрчээ. Одоогоор МХБ дээр нийт хугацаа нь дуусаагүй 7 бонд байгаа бөгөөд Шунхлай ХХК-ийн бонд нэмэгдсэнээр 8 бонд нийт $36 сая болон ₮144 тэрбумын санхүүжилт татан төвлөрүүлсэн байна.
🌅👇 Өглөө яах вэ? Ийшлэх үү?
Эрдэмт ТББ-ийн 6 дахь жилдээ зохион байгуулж буй Өглөөний хүн - Өглөөний уулзалт арга хэмжээний 63 дахь зочноор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцох гэж байна.
Тэрээр олон жижиг дунд бизнесүүдэд хөрөнгө оруулж, залуу манлайлагчдын ментороор ажиллаж байсны сацуу МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон амжилттай удирдсан туршлагатай нэгэн билээ.
🔗 За тэгээд ЭНД дарж бүртгүүлээд нэгэн өглөөг мэдлэгээ тэлж өгөөжтэй яриа сонсон эхлүүлээрэй.
📍 Хаана: Баянгол ресторан
📆 Хэзээ: 12 сарын 6-нд 06:00 цагт
💥 Хөгжмийн зах зээлийн тэсрэлт
Дэлхийн хөгжмийн салбарынхны орлого $45.5 тэрбумд хүрч, 10 жилийн өмнөхөөс 2 дахин өсжээ.
💵 Салбарын акулууд
Задлан харвал хөгжим үйлдвэрлэгч лейблүүд нийт орлогын 62% буюу $28.5 тэрбумыг нь бүрдүүлсэн аж. Эдгээр лейблүүдийн орлогын гол суваг нь стрийминг байгаа хэдий ч өнгөрсөн 2 жилд стриймингээс орж ирж байгаа орлого нь 10.4% өссөн бол физик борлуулалт 13.4%, тэр дундаа пянзны борлуулалт CD-н борлуулалтыг бут цохин 15.4% нэмэгдсэн байна.
Угаас пянз сүүлийн жилүүдэд дахин алдаршиж олон хөгжим сонирхогчид дижитал хөгжим, CD-н оронд пянз цуглуулж, сонсохыг эрмэлзэж буй.
📀 Трэнд эргэв
Цаашлаад пянзны болон CD-н борлуулалтын тулаан үргэлжилсээр 2028 оны Олимпын наадам хүртэл пянзны борлуулалт $3 тэрбумд төлөвтэй байгаа аж. Пянзнаас зөвхөн сонсох хэрэгцээгээ хангахаас гадна түүхэн үнэт зүйл болгон цуглуулж байгаа нь уг эрэлтийг өдөөж буй. Түүнчлэн пянзыг өндөр чанартай, анхны хэв маягт ойр дуугаралттай гэж үздэг учраас түүнд татагддаг аж.
🌎 Хамгийн том хэрэглэгч: Тэгвэл пянзны хэрэглээг баздаг зах зээлүүдээс дурдвал Америк, Их Британи, Япон болон Германчууд дурайх нь. Америкт л гэхэд 1,482 пянзны дэлгүүр байгаа нь Их Британийнхаас 2 дахин их. Бүр цааш нь яривал 100-аас дээш пянзны дэлгүүртэй ердөө 11 улс байдаг бөгөөд тэдгээрийн 10 нь баруун бүсийнх.
Эцэст нь… Трэнд эргэж пянз моодонд орж байгаагийн ачаар хөгжмийн зах зээл тэлж байна даа. Пянз сонсож күүл хүмүүсийн тоонд орно байгаа. 😆
Бяцхан кейс задлан. 💡
Асуудал: Хүнс хүргэлтийн үйлчилгээгээр танигдсан стартап өрсөлдөөнөөс болж хэрэглэгчээ алдаж, орлого нь огцом буурав. Шинэ өрсөлдөгчид хурдан хүргэлт, хямд үнийг санал болгосон нь гол нөлөө үзүүлжээ.
Шийдэл: Компани зорилтот зах зээлээ тодорхойлж, үнэнч хэрэглэгчдийнхээ хэрэгцээг судлан илүү тохирсон үйлчилгээг санал болгов. Мөн AI суурьтай маршрутын оновчлолын систем нэвтрүүлж, органик болон тусгай хоолны багцаар ондоошлоо бий болгожээ.
Шийдэл нь оновчтой байсан уу?
Энэхүү стратеги нь хэрэглэгчдийн итгэлийг сэргээж, орлогоо өсгөх боломжтой. Гэхдээ зөвхөн технологид найдах бус, урт хугацаанд үнэ цэнийг нэмэгдүүлэх маркетинг, хэрэглэгчийн сэтгэл ханамжид анхаарах шаардлагатай.
Энэ шийдэл амжилттай хэрэгжих болов уу? Санал, бодлоо хуваалцаарай! 😉
ABCNews
🍋 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёль ардчиллыг хамгаалахын тулд цэргийн онцгой байдал зарлалаа. Тэрбээр сөрөг хүчнийг "улс орны эсрэг хүч" гэж буруутгаж, "чөлөөт ардчиллыг устгахыг оролдож байна" гэж үзжээ. Шалтгаан нь 2 намын төсвийн санал зөрөлдөөн. Энэ нь 1980-аад оны цэргийн дэглэмийн үеэс хойш анх удаа Ерөнхийлөгч цэргийн дэглэм зарлаж байгаа тохиолдол юм.
🍋 Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дуусжээ. Станцын барилгыг Хятадын Энвижн Энержи компани барьсан бөгөөд бүтээн байгуулалтын төсөв ₮293.5 тэрбум байсан юм. Улмаар Улаанбаатарын эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах зорилтод хүрэхэд 1 алхам ойртлоо.
🍋 Өчигдрийн буюу Мягмар гаргийн арилжааны үнийн дүн өмнөх өдрөөсөө 2 дахин буурав. Учир нь Даваа гарагт Премиум Нэксус ХК (CUMN)-ийн 2.5 сая ширхэг хувьцаа ₮497.5 саяын багцаар арилжигдсан юм. Уг арилжаа тухайн өдрийн нийт арилжааны 65.5%-ийг бүрдүүлсэн хэрэг.
🍋 Сайжруулсан түлш нийлүүлэгч “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна. Хэрэглэгчдийн тооны өсөлтөөсөө хэтэрсэн үйлдвэрлэлийн улмаас ₮1.2 их наядын алдагдал хүлээсэн уг компанийн үйл ажиллагаанд ч аудитын шалгалт оруулах аж. Гол нь утааг бууруулах нь чухал байна.
🤓 Уул уурхай ба бизнесийн хөгжил
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн томоохон тулгуур болж, орон нутгийн болон улсын хэмжээнд бизнесийн экосистемийг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.
🔍 Бизнесийн хөгжил дэх оролцоо
Монголын хамгийн том уул уурхайн төслүүдийн нэг Оюу толгой л гэхэд Өмнөговь аймгийн өнгө төрхийг тодоор гэрэлтүүлсэн. Тодруулбал, үндэсний болон жижиг, дунд бизнесүүдийг дэмжих бодлого баримталдаг “Оюу толгой” ХХК олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ханган нийлүүлэлтийн хэрэгцээг бий болгосноор дотоодын бизнесүүдэд шинэ боломж нээж өгсөн юм.
💰 Зарцуулалт: Тус компани 2010 оноос хойш зөвхөн Өмнөговь аймгаас нийт ₮4.7 их наядын үнийн дүнтэй тэнцэх бараа, үйлчилгээ авсан байдаг. Нэмээд тус хугацаанд нийт ₮32 их наядыг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. Үүнд барилга, тээвэр, инженерчлэл, хүнс нийлүүлэлт зэрэг төрөл бүрийн салбарын ханган нийлүүлэгчээс авсан худалдан авалт багтаж буй.
📌 Үзүүлсэн нөлөө: Оюу толгой төсөлтэй хамтран ажилладаг бизнесүүд тэдний шаардлагад нийцэхийн тулд олон улсын чанарын стандартыг мөрдөж эхэлсэн нь дотоодын бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн талууд урт хугацааны гэрээ байгуулах нь орон нутгийн бизнесүүдэд тогтвортой, урт хугацааны орлогын эх үүсвэр бий болгож байгаа билээ.
🗺️ Том зургаар
Оюу толгой төслийн нөлөөгөөр Өмнөговь аймгийн ДНБ улсын нийт ДНБ-ий 6.5%-ийг бүрдүүлж буй. Угаас тус аймгийн эдийн засаг 2001 оноос хойш дунджаар 8.2% өссөн байдаг. Харин хэрэв Оюу толгой төсөл хэрэгжээгүй бол эдийн засаг нь тус хугацаанд ердөө 2.9% л өсөх байж. Амжилттай хэрэгжиж байгаа томоохон уул уурхайн төслийг дагаад бизнесийн орчин, цаашлаад эдийн засаг ч тэлж байна даа.
🧳 Монгол руу ганцаараа аялсан түүх. (Okinawa)
🔕 Volkswagen-н ажилчид ажил хаялт зарласан л гэнэ. Яагаад? (DW)
🎵 Америкийн энэ оны ТОП-100 цомгийг сонирх. (RollingStone)
⚠️ Худалдааны дайн 2.0 айсуй… (ABCNews)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply