• Lemon Press
  • Posts
  • 🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 3 жил

🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 3 жил

Оросын хориг | Alibaba-н охин компанийн IPO | Lemon Press-н 3 жилийн ой

POWERED BY

Lemon Press 3 нас хүрлээ. 🍋🎉 Тус хугацаанд бид 640 товхимол бичиж нийт 35 мянган уншигч, 163.4 мянган дагагчтай болжээ. Бидэнтэй хамт байсан уншигч, сонсогч, дагагч та бүхэндээ баярлалаа.

*Нэг өдрийн өөрчлөлт

MNT: Энэ онд долларын ханш төгрөгийн эсрэг ₮17-өөр чангарч $1=₮3,461.9 болоод байна.

JPN: Японы төв банк бодлогын хүүгээ -0.1%-д хэвээр үлдээв.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮18.4 тэрбумын арилжаа хийгдсэний ₮9 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🎁 Хамтдаа ногоон дэлхийг бүтээцгээе

Бид ойн баяраа тохиолдуулан уншигчдадаа энэ 7 хоногийн ажлын өдөр бүр өөр өөр бэлэг барихаар шийдлээ. 🥳

Өнөөдрийн бэлэг: Бид Treelings апп-тай хамтран ЭНД байгаа формын асуултуудыг заавал бөглөсөн эхний 50 хүнд ₮55,000-ийн үнийн дүн бүхий 1 мод тариулах эрхийг бэлэглэж байна. Та өөрийн модондоо хүссэн үгээ бичүүлж хайртай хэн нэгэндээ зориулах боломжтой. Таны мод блокчэйнд бүртгэгдэх бөгөөд апп-аасаа хянах боломжтой шүү. 🌳

🍋 Ухаалаг шийдвэрт хөтөлсөн 3 жил

Lemon Press анхны товхимлоо илгээснээс хойш 3 жил өнгөрчээ. Бидний баярын ширээ юу юунаас бүрдэв? Бид өнгөрсөн хугацаанд яг юу хийв?

📃⏳ 640 = 85.3 цаг

Өнгөрсөн хугацаанд бид ажлын өдөр бүрийн өглөөний 7 цагт таны имэйл рүү нийт 640 товхимол явуулжээ. Тэгэхээр бүх дугаарыг уншсан уншигч ойролцоогоор 768 мянган үг уншсан гэсэн үг. Энэ нь ХО-ын цагаан толгой гэгдэх “The Intelligent Investor” номыг 4.8 удаа уншсантай тэнцэх юм. Мөн та манай бүх товхимлыг уншихын тулд ойролцоогоор 85.3 цаг зарцуулах нь ээ.

  • Нэмэлт: Түүнчлэн бид 17 тусгай дугаар гаргаж, Блокчэйн, Finspiration, Mining 101 зэрэг тусгай булангуудыг нээж, мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх Opinions буланг эхлүүлж 30 дугаар хүргээд байна.

  • Inside Mongolia: Мөн гаднынханд Монгол дахь ХО-ын боломжууд, зах зээлийн талаарх ойлголт өгөхийн тулд 7 хоногт 1 удаа англи хэл дээр Inside Mongolia товхимлыг явуулдаг билээ. Бид уг товхимлын 87 дугаарыг гаргаснаар 3,898 уншигчтай болжээ.

📽 11/86

Үргэлжлүүлэхэд бид өнгөрсөн хугацаанд 11 төрлийн видео контент хийж гүйцэтгэв.

  • 🎙 Lunch Hour: Үүнээс хамгийн олон дугаар хийгдсэн нь “Lunch Hour” подкаст бөгөөд одоогийн байдлаар нийт 86 дугаар гаргасан байна. Тэгэхээр бид ойролцоогоор 4.8 өдөр тасралтгүй үргэлжлэх урт контент бүтээжээ.

🌐 163.4 мянган дагагч

Бид өнгөрсөн 3 жилд Facebook, Instagram, Twitter, YouTube хаягууд дээрээ нийт 163.4 мянган дагагчтай болжээ. Мөн IG дээр л гэхэд 2,739 пост оруулж та бүхний сошиал хуудсыг дүүргэв. Үүний талаас их буюу 55.3% нь энэ онд хийгдсэн гэхээр бидний идэвх чармайлт жилээс жилд нэмэгдэж байгаа нь илт.

🤝 Хамтын ажиллагаа

Lemon Press-н ажил, бүтээмж урагшлахад хамтын ажиллагаа хамгаас чухал. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 253 байгууллагатай хамтарч ажиллажээ. Бидэнтэй хамтран ажиллаж, санхүүгийн боловсролыг олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэхэд хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархъя.

Заа тэгээд, 3 жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархлаа. Энэ 7 хоног бол бидний 7 хоног байх болно. Тиймээс Lemon Press-тэйгээ ойр байгаарай Лимонууд аа. Олон, олон бэлэг таныг хүлээж байгаа шүү. Sending huge hugs from Lemon Press Team. 🍋

🔥 APRC 2023

Aзи, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын 15 дахь удаагийн чуулган Монголд ирэх сард болох гэж байна.

Юу болох вэ?

Салбартаа 30 гаруй жил ажилласан Азийн топ экспертүүдээс,

  • Маркетингийн судалгаанд AI-ийг ашиглах шинэ боломжууд,

  • Зан төлөвийн эдийн засгийг маркетингд ашиглах нь,

  • Хүн төвтэй бизнес хөгжүүлэлтийн процесс ба дизайн сэтгэлгээ,

  • Дижитал худалдан авалтын замнал зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд шинэ туршлага хуримлуулах боломжтой.

🗓 Хэзээ: 10 сарын 12,13-нд
📍 Хаана: Корпорэйт зочид буудал Конвеншн центр

🛵 BABA-н хүргэлт олон нийтийнх болох нь

9988.HK: Alibaba-н ачаа тээврийн компани ирэх 7 хоногт IPO хийнэ. Ингэснээр Alibaba-н охин компаниуд дундаас Cainiao салхи хагалж олон нийтэд нээлттэй болох нь. Компани Хонгконгийн биржээс $1 тэрбумыг босгохыг зорьж байгаа ч албан ёсоор компанийн үнэлгээгээ батлаагүй байгаа юм.

🙅‍♂️ Орос: Ахиж дизель түлш өгөхгүй ээ!

Орос дизель түлш болон шатахууны экспортдоо хориг тавьж буйгаа мэдэгдсэний дараа Европын дизель түлшний бөөний үнэ 5% өсөж 1 тн тутамд $1,020 болон өсөөд авлаа.

Хориг: Цаг хугацаа харуулна

Өнгөрсөн Баасан гарагт Орос дотоодын нийлүүлэлтээ хангах, зах зээлд үнэ тогтворжуулах зорилгоор дизель түлшний бүх экспортоо түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ. Гэхдээ энэ нь ойрын түнш болох Беларусь, Казахстан, Армен, Киргиз гэсэн 4 улсаас бусдад улсад л хамааралтай.

  • Яагаад? Уг алхмыг гадаад талаас нь харвал, барууны орнуудын хориг арга хэмжээний хариу цохилт гэж харж болох ч дотор талаасаа рублийн ханшийн сулрал, зах зээл дэх шатахууны үнэ зэргийг тогтворжуулах зорилготой. Тус хоригийн араас дотоодын шатахууны үнэ 4% орчим буурсан гэхээр зорилт нь эхнээсээ байгаа ониж байгаа бололтой.

Түлшгүй бологсод

Дайны дараагаас Оросын экспортын бай Европоос Ойрх Дорнод руу тэр тусмаа Турк, Саудын Араб, Бразил руу чиглэх болсон. Турк л гэхэд дайны дараа Оросын дизель түлшний хамгийн том худалдан авагч болсныг дизель түлшний импорт нь өнгөрсөн оны төгсгөл гэхэд 2022 оны эхнээсээ 4.3 дахин өссөнөөс харж болно. Тэгэхээр тус хориг Турк, Бразил тэргүүтэй орнуудад хүчтэй нөлөөлөх магадлалтай юм.

  • Зах зээлийн төлөв: ОПЕК+-н орнууд удаа дараа нийлүүлэлтээ багасгахаа мэдэгдсэн гээд угаас сайнгүй байгаа зах зээлд Оросын шийдвэр дайран дээр давс л нэмсэн хэрэг болоод буй.

Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ оны эхний 8 сарын байдлаар Монголын Оросоос импортолсон дизель түлшний үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 25% өсөж $736 саяд хүрээд буй. Түүнчлэн, Монголын дизель түлшний импортын 60%-ийг Орос бүрдүүлдэг гээд хамаарал их. Юутай ч өчигдөр Оросын Төрийн Думын дарга Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд Оросын дизелийн экспортын хориг Монголыг тойрно гэдгийг мэдэгдэж хэлцэл хүртэл хийв.

Эцэст нь… Манайх шиг шатахууны хэрэглээгээр Оросоос ихээхэн хамааралтай байдаг улсын хувьд экспортын хоригт орчхоогүй нь түр ч гэсэн амсхийх боломжтой болгох шиг. Гэсэн ч Орос хүсэх л юм бол нөхцөл байдал нөгөө талд гэдгийг мартах хэрэггүй биз ээ.

Орос болон Монголын 2022 оны гадаад худалдаа ямар байв?

  • Хасах: Гадаад худалдааны тэнцлийн дүн Монголд $2,518.1 саяын алдагдалтай

  • Импорт: $959.7 саяын дизель түлш тэргүүтэй нийт $2,611.5 сая

  • Экспорт: $4.04 саяын адууны мах тэргүүтэй нийт $93.4 сая

Өнгөрсөн онд Монгол хамгийн их алдагдалтай худалдааг Оростой хийжээ. 😢

🍂 Дулаан урлалаас хээнцэр хэв маягийг

Намар, өвлийн загварлаг дулаахан хувцасны шүүгээгээ бэлдэж амжсан уу? 🧶

Байгалийн дахин давтагдашгүй элемент болох далайн давлагаа, гэрэл сүүдэр болон ванилла цэцгийн гоо үзэмжийг онцлон урласан ГОВЬ-ийн намар өвлийн “Ванилла” коллекцийг танилцуулж байна.

  • Хээнцэр, дулаахан: Энэхүү коллекцийн загварууд нь бүх төрлийн биеийн галбирт зохицох сүлжээс, деталиуд болон тав тухтай суулттай,

  • Vintage: Загварын хуучиршгүй чиг хандлагыг санагдуулах гараар сүлжсэн мэт том нэхээс, кебель болон ажур зэрэг сүлжээсийг хослуулан урласнаараа онцлог аж.

За тэгээд намрын өдрүүдэд загварлаг дулаахан байхыг хүсэж буй хэн бүхэн ГОВЬ-ийн салбар дэлгүүрүүдийг зорин уг коллекцийг сонирхоорой. 🛍

Polygon

🔹Microsoft (MSFT) Их Британийн эрх баригчдыг ятгаж чадлаа. Тус улс компанийн Activision Blizzard-г худалдаж авах хэлэлцээрийг зах зээлд давуу байдал тогтооно гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хориглож байсан юм. Microsoft тус хэлэлцээрийг 10 сарын 8 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

🔹Өвөрхангай малын мах, түүхий эд боловсруулах кластер аймаг болно. Үүний хүрээнд ЗГ-аас Өвөрхангай аймагт ОУ-ын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй гэж үзээд буй. Тус аймаг 6 аймагтай хиллэхийн сацуу баруун аймгууд дамжин өнгөрөх гүүр болдог тул кластер аймаг болгон хөгжүүлэх боломжтой гэнэ.

🔹Хятадын чипийн компаниуд Америкаас санхүүжилт авах боломжгүй боллоо. Тодруулбал, Америкийн чипийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтэд зориулсан $52 тэрбумын төсөв бүхий сангаас Хятадын компаниуд санхүүжилт авахыг хориглосон журмыг батлаад буй.

🔹Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмнэ. БШУЯ болон Америкийн элчин сайдын яам хооронд тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 2 дахин нэмэгдүүлэх гэрээг байгуулсан бөгөөд 2025 оноос эхлэн 40 хүртэлх оюутан хамрагдах боломжтой болжээ.

  • Унш: Америкийн хөрөнгө оруулагчид Япон компаниудын хувьцаанд дурлаж буй шалтгаан. (WSJ)

  • Мэд: Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлэг байгуулна. (Lemon Press)

  • Танилц: Орос болон Хятад Сибирийн хүч 2. (TheDiplomat)

  • Суралц: Ёс суртахууны удирдагч байх нь. (HBR)

  • Даваа: Өмнөд Солонгосын хэрэглэгчийн итгэлийн индекс танилцуулагдана.

  • Мягмар: Японы мөнгөний бодлогын хурал болно.

  • Лхагва: Оросын ажилгүйдлийн түвшин гарна.

  • Пүрэв: Үргэлжлүүлээд Японы ажилгүйдлийн түвшин танилцуулагдах нь.

  • Баасан: Өмнөд Солонгосын талархлын баяр тохиох тул биржүүд амарна.

Reply

or to participate.