• Lemon Press
  • Posts
  • ✋ Зогс! Ахиад нэг тодотгоодохъё

✋ Зогс! Ахиад нэг тодотгоодохъё

Япон ухарч, Герман урагшлав | Нийслэл төсвөө ахин тодотгоно | Ахиад л ногдол ашиг

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монголын боловсролын салбар хоцрогдоод байна, шинэчлэх хэрэгтэй! гээд хаа сайгүй ярьдаг даа. Тэгвэл та боловсролын салбарт ямар шинэчлэл хийгдээсэй гэж хүсэж байна? ЭНД дарж саналаа өгөөрэй. 💡

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн захиалгын явц 100.4%-д хүрлээ

GOV: ЗГ-аас 140 мянга гаруй малчдын ₮1.2 их наядын зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар болов

NSO: Өнгөрсөн 1-р сард ₮70.8 тэрбумын үнийн дүн бүхий 42 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ.

⚖️ Тодотгол бас дахин тодотгол

Нийслэлийн төсвийг тодотгох нь. Төсвийн жил эхлээд дөнгөж 51 хоногийн нүүрийг үзэж байхад тодотгол яриад уналаа. Яах гэж байгаа юм бол? 

Батлахдаа… 

Энэ оны нийслэлийн төсөвт ₮2.6 их наядын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж үүний дийлэнх буюу 93.1%-ийг татварын орлого, үлдсэн хэсгийг татварын бус орлого бүрдүүлнэ. Харин зардал нь ₮2.4 их наяд байхаар тусгаснаар нийслэлээс улсын төсөвт ₮230.3 тэрбумыг төвлөрүүлэхээр баталж байв. Гэтэл одоо тодотгол хийж өөрчлөлт оруулах нь.  

Одоо яах гээд байгаа юм?

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголоор нэмэлт зардал тусгаж хэд хэдэн сургууль, цэцэрлэг, метротой болох юм гэнэ. Тодруулбал,

Сургууль хэрэгтэй байна: Жилд дунджаар 20 мянга гаруй хүүхэд ЕБС-д элсэн орж байгаатай холбоотойгоор сургуулийн барилга байгууламж, орчин, хүртээмжийг сайжруулах асуудал дэгдэж буй. Тиймээс тодотголд 11 сургууль, цэцэрлэгийн санхүүжилт буюу ₮148 тэрбумыг тусгажээ. Уг нь бол төсвийг батлахдаа сургууль, цэцэрлэгийн 47 барилга, байгууламжийн өргөтгөл, засвараас гадна шинээр байгуулахаар ₮122 тэрбумыг тусгачихсан байсан шүү дээ. 

Метро хэрэгтэй байна: Түүнчлэн энэ удаагийн төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэхээр тусгаад байна. Метроны төслийн нийт урт 17.7 км байх бөгөөд 6.6 км нь газар доор хийгдэх гэнэ. Улмаар зүүн 4 замаас зүүн тийшээ 4.9км, 25-р эмийн сангаас баруун тийшээ 6.2 км үргэлжлэх 2 талдаа депотой метротой болох нь. Үүний нийт өртөг нь $1.3 тэрбум болох аж. 

  • Сонгуулийн өмнөх попрол: Уг нь бол 13 жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн өмнө Хайлаастаас нисэх хүртэл метротой болно гэж байв. Дараа нь 2020 он гэхэд Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минутад туулах метротой болох байв. Одоо ч метрогоо ярьж л байна. Ярих болгонд байршил нь л өөрчлөгдөөд байх юм. Метротой болох мөрөөдөлтэй ч мөрөөдөлгүй амьдрах утгагүй гэдэг шиг… 

Баталсан юм бандан тас биш

Нийслэлийн төсвийн тэнцэл 2008-2013 онд ашигтай гарч байсан ч 2014 оноос төсвийн зардал нэмэгдсэнээр төсвийн тэнцэл алдагдал хүлээж эхэлсэн. Энэ жилийн хувьд ашигтай төсөв баталсан ч тодотгол хийснээр зардал нь дахиад л өсөх нь дээ. 

😯 Ногдол ашиг тараагсдын цуваа ийм урт…

Өчигдөр буюу 2 сарын 20-ны байдлаар МХБ болон УБҮЦБ-д бүртгэлтэй 37 компани ₮535.1 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргаад байна. Харин Говь (GOV), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN), Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) тэргүүтэй 26 компани ногдол ашиг тараахгүй аж. 

Тэгвэл 2 сарын 20-нд ногдол ашиг тараах шийдвэрээ танилцуулсан компаниудын нийт тараах ногдол ашиг, нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг, ТУЗ-ийн шийдвэр гарсан өдрийн ногдол ашгийн өгөөжийг харъя, 

  • Дархан Нэхий (NEH): ₮250 сая, ₮0.226, 1.3%

  • Э-Транс Ложистикс (ETR): ₮277.2 сая, ₮6, 4.6%

  • Мах Импэкс (MMX): ₮308 сая, ₮100, 2.5%

  • Талх Чихэр (TCK): ₮409.5 сая, ₮400, 1.1%

  • БиДиСЕК ҮЦК (BDS): ₮464.5 сая, ₮33.91, 2.3%

  • Монгол Шуудан (MNP): ₮597.5 сая, ₮6, 0.8%

  • Улаанбаатар хивс (UBH): ₮688.2 сая, ₮1,700, 6%

  • Техник Импорт (TEX): ₮1.4 тэрбум, ₮1,000, 2.8%

  • Түмэн Шувуут (TUM): ₮3.4 тэрбум, ₮14.1, 4.2%.

  • ХасБанк (XAC): ₮26.6 тэрбум, ₮25.25, 3.8% (2023 оны II хагас жилийн ногдол ашиг)

  • Төрийн банк (SBM): ₮50 тэрбум, ₮66.2, 12.5%

Харин Худалдаа Хөгжлийн Банк (TDB) 2023 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсны дараа ногдол ашиг хуваарилах гэнэ.

Гэснээс 2 сарын 20-ноос өмнө ногдол ашиг тараах шийдвэр гаргасан компаниудын мэдээллийг ЭНД дарж харах боломжтой шүү.

🗓️ Ашиг x3, ногдол ашиг олгоно оо!

AIC: Ард Даатгал ХК-ийн ашиг 2023 онд 3 дахин өсөж ₮2.2 тэрбумд хүрэв. Тэдний даатгалын үйл ажиллагааны ашиг 16.6% өсөж ₮8.5 тэрбумд хүрсэн нь ийнхүү нөлөөлжээ. Цаашлаад нийт хөрөнгө нь 24% өсөж ₮44.2 тэрбум, эздийн өмч 8,7% өсөж ₮18.1 тэрбумд хүрээд байна. Улмаар Ард Даатгалын эздийн өмчийн өгөөж 12.7%, P/B харьцаа 3.2, P/E харьцаа 9.9-тай гарлаа. Сонирхуулахад, тэд нэгж хувьцаанд ₮30-ийн ногдол ашгийг 8 сарын 28-ны өдөр олгохоор шийдвэрлэв.

🇩🇪 Герман > Япон

Герман дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс болоод байна. Гэхдээ сайндаа ч биш… 

Японы уналт = Германы ахилт

Япон эдийн засаг сүр хүчээрээ Америкийн дараа бичигддэг байсан бол 2010 оноос хойш Хятадад байр сууриа алдсан. Харин одоо 3-р байраа Германд алдаж 4 рүү ухарлаа. 

  • Эдийн засгийн зураглал: Германы ДНБ өнгөрсөн онд 0.3% буурч $4.5 их наядад хүрсэн. Тэгэхээр тус улсын эдийн засаг тэлсэндээ дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс болсон юм биш. Иений ханш суларч, Японы ДНБ 0.4% буурч $4.2 их наяд болсон нь Германыг 3-р эрэмбэ рүү түлхсэн хэрэг. 

Эдийн засгийн гүн рүү өнгийе

Хэдий Германы төр Европын бусад улстай харьцуулахад тогтвортой, ажилгүйдлийн түвшин багатай буюу 5.3% байгаа ч эдийн засаг нь эрчим хүчний хямрал, дэлхийн эдийн засгийн удаашрал, инфляцтай нүүр тулж буй. Тодруулбал, 2023 онд Германы инфляц 3%-ийг давж, худалдан авах чадвар буурснаар хэрэглээний зардал танагдаж, эдийн засгийн өсөлт нь саарсан. Түүнчлэн дайны улмаас эрчим хүчний үнэ өссөн нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд дарамт болж байгаа. 

  • Улааныг үзэж урвав: Нэмээд Германы Хятадтай тогтоосон эдийн засгийн нягт харилцаа муудаж байгаа тул Германы компаниуд Америкт тал засаж эхлэв. Тодруулбал, тус улсын томоохон компаниудын Америкт хийсэн хөрөнгө оруулалт жилийн өмнөхөөсөө 2.7 дахин нэмэгдэж $15.7 тэрбумд хүрсэн аж. 

Монгол Герман чинь юу билээ? 

Энэ жил Герман, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой тохиог тохиолдуулан Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр ирсэн дээ. Тус айлчлалаар Герман Монголд 2025 он хүртэл ₮300 тэрбумын санхүүжилт олгохоор болсон билээ. Түүнчлэн Герман сүүлийн 10 жилд Монгол руу $176.2 саяын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр Монгол Германы харилцаа нэлээд дажгүй гэж хэлж болохоор. 

Эцэст нь, Германы төв банк болон ЗГ-ын бодлого, хэрэглээний болон үйлдвэрлэлийн эрэлт сул байгаатай холбоотойгоор тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд үргэлжлэн хумигдах төлөвтэй байна. Энэ эрчээрээ бол Япон болон Германы эдийн засаг уруудаад Энэтхэгийн эдийн засгийн эрэмбэ 5-р байрнаасаа дээшилж магадгүй байна даа.

Caritas

🔹Зудын эсрэг хэрэгжүүлж буй ЗГ-ын хөтөлбөрт $6.3 саяын туслалцаа хэрэгтэй. НҮБ-ын хийсэн тус судалгаанд ЗГ-ын энэ оны 5-р сар хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт шаардагдах мөнгөн дүнгийн 73% буюу $4.6 сая бүрдээгүй байна гэв. Сонирхуулахад, өнгөрсөн оны байдлаар Монголын газар нутгийн 90% зуданд өртөх өндөр эрсдэлтэй болжээ.

🔹Монос Хүнс (MFC) ХК-ийн ашиг 2023 онд 14.4% өсөж ₮3.6 тэрбумд хүрчээ. Тэдний борлуулалтаас олсон ашиг 17.8% өсөж ₮14.5 тэрбум болсон нь голлон нөлөөлөв. Улмаар нийт хөрөнгө нь 2.1 дахин өсөж ₮75.9 тэрбум болж P/B харьцаа 2, эздийн өмчийн өгөөж 19.2%, P/E харьцаа 11.2-д хүрсэн байна. Гэсэн ч тэд ногдол ашиг тараахгүй гэнэ ээ.

🔹Capital One (COF) банк Discover (DFS)-г $35.3 тэрбумаар худалдаж авна. Улмаар Capital One тус банкны нэгж хувьцааг зах зээлийн үнээс 26.6% илүү үнэлж, 60%-ийг нь эзэмших аж. Ийнхүү тус 2 банк энэ оны хамгийн өндөр дүнтэй нэгдэх хэлцэл хийлээ.

🔹Баянгол Зочид Буудал (BNG) ХК-ийн ашиг 2023 онд 9.5% өсөж ₮2.8 тэрбумд хүрлээ. Тэд тус онд компани борлуулалтын орлогоо 33.7% өсгөж ₮8.6 тэрбумд хүргэснээр P/B харьцаа 0.3, эздийн өмчийн өгөөж 7.9%, P/E харьцаа 4-тэй гарав. Мөн тэд нэгж хувьцаанд ₮300-ийн ногдол ашиг тараахаар болсон юм.

Зөв хариултыг олцгооё. Товхимлоо тогтож уншиж байгаарай. 😊

A. Энэ оны нийслэлийн төсөвт ₮2.5 их наядын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
B. 2 сарын 20-ны байдлаар 37 компани ₮535 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргаад байна.
C. Capital One банк Discover-г $35.3 тэрбумаар худалдаж авна.

  • Хөөх: Токиогийн Их Сургууль оюутнуудын 50% нь гадаад байх 5 жилийн хөтөлбөр нээж байгаа гэнэ үү? (TheJapanTimes)

  • Эвент: Монгол-Японы бизнесийн хамтын ажиллагааны талаарх семинар. (JICA)

  • Мэд: Америкийн ЗГ-аас Монголын улаан загалмайн нийгэмлэгт зудын тусламж болгон $200 мянганыг олгожээ. (USAID)

  • Танилц: Кино зохиол бичдэг AI. (Axios)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь C буюу Capital One банк Discover-г $35.3 тэрбумаар худалдаж авснаар энэ оны банкны хамгийн том нэгдэлт болоод байна.

Reply

or to participate.