🤺 Учиртай 3 толгой

2023 онд дотоодын худалдаа хэр байв? | Медиа могулууд спортын стриймингийн зах зээлд | Tesla карбон кредитийн ололт

POWERED BY

Happy Valentine's Day! Энэ жил америкчуудын 53% нь Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд дунджаар $185.8-ыг зарцуулах гэнэ. Энэ нь ойролцоогоор ₮630 мянга гэхээр бидний хувьд арай л өндөр үү? Харин та хэдийг зарцуулахаар төлөвлөв? Санхүүгийн сахилга бат хаа ч чухал шүү. 😜

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Хөвсгөл ХК (HVL) болон Эрдэнэс Сольюшинс ХК (AMT) энэ онд ногдол ашиг хуваарилахгүй

US: Америкийн инфляц 2024 оны 1-р сард өмнөх сараас 0.3 нэгж хувиар нэмэгдэж 3.1%-д хүрлээ.

ITLS: Айтүүлс ХК (ITLS) 2023 оны цэвэр ашгийн 43% буюу ₮103.4 саяын ногдол ашиг хуваарилна. Ингэснээр нэгж хувьцаанд ₮3 ногдож, ногдол ашгийн өгөөж нь 5% болж байна. 

Дотоод худалдаа 🆙

Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 онд жилийн өмнөхөөсөө 17.6% өсөж өмнө нь байгаагүй өндөр дүн буюу ₮44 их наядад хүрлээ. Үүнд юу нөлөөлөв? Бид яг үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байна уу? 

Бүрдэл: 22.7% + 77.3%

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 22.7%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 77.3%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ. Түүнчлэн нийт ₮44 их наядын 40.2% нь бөөний үлдсэн хэсэг нь жижиглэнгийн худалдаа аж. 

  • Трэнд: Дотоодын худалдааг сар сараар нь харвал оны төгсгөл буюу 12-р сард огцом нэмэгддэг аж. Өнгөрсөн оны 12-р сарын худалдаа л гэхэд өмнөх сараасаа 34.2% өсөж ₮5.1 их наядад хүрсэн. Урьд хожид ганцхан сарын худалдаа ийм өндөр байгаагүй билээ. Оны төгсгөлд огцом их худалдаа хийдэг болж таарлаа шүү. 

Баруун, зүүнээрээ

Дотоодын худалдааг бүсээр нь харвал төвийн бүсийнх хамгийн өндөр буюу ₮3.2 их наяд байгаа бол зүүн бүсийнх ₮1 их наяд ч хүрэхгүй нь. Гэхдээ зүүн бүсийн өсөлтийн хурд хамгийн өндөр буюу 23.8% байна. Уг нь өсөөд л байдаг даан ч гуравхан аймаг учраас дүн нь шалихгүй юм даа. 

  • Манлай: Төвийн бүсийн худалдаа өндөр байгаад Өмнөговь хамгийн өндөр нөлөөтэй. Учир нь тус аймгийн худалдааны борлуулалт дангаараа ₮1.3 их наядад хүрсэн нь баруун болон зүүн бүсийн нийт дүнгээс ч өндөр гэсэн үг. Өсөлтийн хувь нь ч тасархай буюу аймгуудын дунджаас даруй 35.9 нэгж хувиар илүү ажээ. Уул уурхайн том төслийн үр өгөөж өө гэж. 

  • Улаанбаатарын нөлөө: Аа харин Улаанбаатарын худалдаа нийт ₮44 их наядын 84.7%-ийг дангаараа бүрдүүлж буй. Арга ч үгүй биз дээ, нийт хүн амынх нь 47.4% нь энэ цэгт шавсан байдаг хойно.  

Үйлдвэрлээд байна уу? 

Бид яг ч дотооддоо үйлдвэрлээд л түүнээсээ орлого олоод байна уу, гэвэл үгүй. Худалдааны салбарын нийт үйлдвэрлэл нийт борлуулалтын ердөө 21%-ийг бүрдүүлж байгаа. Уг нь бол дотоодын үйлдвэрлэл нь суга, суга өсөөд л түүнийгээ борлуулаад л байдаг бол сайхан сан. Даан ч үнэхээр л импортын бараанаас хамааралтай улс юм даа. 

🏦 $203 саяын своп хэлцэл

TDB: Худалдаа Хөгжлийн Банкны холбогдох этгээд болох Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК Монголбанктай байгуулсан своп хэлцлийнхээ хугацааг сунгалаа. Худалдаа Хөгжлийн Банк 3 жилийн хугацаатай, $203 сая хүртэл үнийн дүнтэйгээр хэлцэл хийхийг зөвшөөрсөн байна. Сонирхуулахад, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн 10%-ийг Худалдаа Хөгжлийн Банк эзэмшдэг аж.

⚔️ Disney-н дахин төрөлт ба спортын стриймингийнхний цуст тулаан

Спортын стрийминг үйлчилгээ үзүүлэгчдийн дунд дайн гарах нь ээ! Учир нь бие биетэйгээ цусаа гартал өрсөлддөг байсан медиа могулууд тус зах зээлд хамтарч, нэгдсэн платформтой болох гэж байна

Өрсөлдөгчдөө хавсарч байгаад л алгадъя

Тодруулбал, Disney (DIS), Fox (FOX) болон Warner Bros. Discovery (WBD) хамтран шинээр спортын стрийминг үйлчилгээ үзүүлэх платформтой болох гэнэ. Ингэснээр ESPN, ABC, truTV тэргүүтэй 14 спортын сувгийг нэг дороос үзэх боломжтой болж байна. Тэд спортын стриймингийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх нь лавтай. Яаж?

ТВ: Та нар манай спортын сувагт л болдог!

Америкийн ТВ-үүдийн хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлгийн 94% нь спортынх. Гэсэн хэр нь нийт ТВ хөтөлбөрийн ердөө 2.7%-ийг л спортын хөтөлбөр эзэлдэг аж. Харин бусад стрийминг үйлчилгээ үзүүлэгчдийн тухайд 3 медиа могул хүзүү толгойгоо холбоод эхлэхээр ядаргаа болох нь тодорхой. За тэгээд хэрэглэгч талаасаа бодсон ч олон стрийминг үйлчилгээнд мөнгө төлөхийн оронд нэгд нь төлөөд олон төрлийн тэмцээн үзэхийг хүсэх нь мэдээжийн хэрэг.

  • Make Disney great again! Сүүлийн 2 жил медиа салбарын томчуудын аль алиных нь стрийминг үйлчилгээ явцгүй байгаа. Ялангуяа уг нэгдэл Disney-н өнгөрсөн оноос ярьж буй бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болох спортын сувгийнхаа орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх нь лавтай. 

  • Гялалзана: Нөгөө талаас спортын стрийминг үйлчилгээний зах зээл жилд дунджаар 21% өссөөр 4 жилийн дараа $87 тэрбумаар үнэлэгдэх өсөлттэй зах зээл. Тэгэхээр одоо хүчээ нэгтгэхгүй бол буман өрсөлдөгчдийнхөө тоосонд булуулах магадлалтай юм. 

Ринг дээр хэн хэн байна?

Үргэлжлүүлээд өнгөрсөн онд хүмүүс аль сувгаар спортын тэмцээн үзсэнийг харвал 38% нь стриймингээр, 30% нь кабелийн ТВ-ээр, 25% нь өргөн нэвтрүүлгээр тус тус үзжээ.

Бяцхан таавар: Тус учиртай гурвалын нэгдэл Apple TV (AAPL), YouTube TV, Paramount (PARA) тэргүүтэй хамгийн эрэлттэй стрийминг үйлчилгээнийхнийг зах зээлд шахаж чадах болов уу, яах бол? Тэдний хамтрал хэр амжилттай явах бол?   

PixelPlex

🔹Tesla (TSLA) өнгөрсөн онд карбон кредитээс $1.8 тэрбумыг олжээ. Тодруулбал, тэд цахилгаан автомашинаа (EV) зарж оноо цуглуулан, тухайн оноогоо нүүрстөрөгчийн зохистой хэмжээ нь хэтэрсэн компаниудад заржээ. Тус карбон кредитийн орлого компанийн 2023 оны нийт орлогын 7.1%-ийг эзлэв.

🔹Орхон аймагт энэ онд ₮85.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тус хөрөнгө оруулалтын ₮50 тэрбумыг орон нутгийн хөгжлийн сангаас 31.8 км авто зам барих, засах, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ₮3.2 тэрбумыг автобус шинэчлэх зэрэг ажлуудад зарцуулах нь.

🔹Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) $80 сая хүртэлх төслийн зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулав. Тус гэрээг Mongolian Mining Corporation (0975.HK)-тай хувь эзэмшигчийн зээлийн нөхцөлөөр байгуулсан бөгөөд ил олборлох Баянхөндий алтны бүтээн байгуулалтад ашиглах аж.

🔹Түмэн Шувуут (TUM) ХК-ийн ашиг 2023 онд 59.3% өсөж ₮11.4 тэрбумд хүрчээ. Улмаар P/E харьцаа 5.8, P/B 1.4, эздийн өмчийн өгөөж 27.5%-тай гарав. Тэд 2023 онд борлуулалтын орлогоо 36.6% өсгөж ₮62.8 тэрбумд хүргэснээр нийт хөрөнгө нь 30.3% нэмэгдэж ₮68.3 тэрбумд хүрсэн байна.

Зөв хариултыг олцгооё. Та товхимлоо тогтож уншсан уу? 🤨

A. Төвийн бүсийн дотоод худалдаа 2023 онд хамгийн өндөр буюу ₮4.4 их наядад хүрсэн.
B. Америкийн ТВ-үүдийн 94%-ийнх нь хамгийн өндөр үзэлттэй хөтөлбөр нь спорт.
C. Tesla 2023 онд карбон кредитээс орлогынхоо 7.2%-ийг олов.

  • Хөөх: Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны үнэгүй зураг төсөл гэнэ үү? (Ulaanbaatar)

  • Мэд: “Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг болно. (УУХҮЯ)

  • Хариу: В.Путины ярилцлагыг шоглосон Монголын экс Ерөнхийлөгчийн жиргээ шуугиулж байх чинь ээ. (BusinessInsider)

  • Юу?: Жо Байдены сонгуулийн кампанит ажлын хэсэг TikTok дээр хаягтай болсон уу? (Politico)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь B буюу Америкийн ТВ-үүдийн 94%-ийнх нь хамгийн өндөр үзэлттэй хөтөлбөр нь спорт шүү. Алдсан бол товхимлоо дахин 1 уншаарай.

Reply

or to participate.