• Lemon Press
  • Posts
  • 2% татвар: Хэрэгтэй 🆚 Хэрэггүй

2% татвар: Хэрэгтэй 🆚 Хэрэггүй

Netflix-н амжилт | $SUU-н ногдол ашиг | MMC-н зээлжих зэрэглэл

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр их үд болон үдээс хойш Улаанбаатар хотод бороо орох төлөвтэй тул бороонд дуртай, банштай цайнд дурлагчдын хувьд сайхан өдөр болох нь ээ. Харин хотын даргын өдөр хэр өнгөрөхийг бороо л шийдэх байх даа. 😅

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчилна

MNG: Гадаадаас авах цахим үйлчилгээ, онлайн дэлгүүрүүдийн бараанд НӨАТ ногдуулдаг болно

MMC: Fitch Ratings Mongolian Mining Corporation-н зээлжих зэрэглэлийг B+/ Тогтвортой түвшинд хэвээр нь хадгалав.

🗳️ 2%-ийн татвар буурах уу?  

Ойрын өдрүүдэд үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2%-ийн татварыг хүчингүй болгох хэрэгтэй талаар олон нийт санаа нэгдэж, D-Parliament дээрх өргөдөл дээр 54 мянга орчим хүн саналаа өгчээ. Тус өргөдөл биеллээ олох боломжтой юу? 

👁️ Нөхцөл байдал

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд борлуулалтын үнийн дүнгийн 2%-ийн татвар ногдуулдаг. Жишээлбэл, иргэн байраа ₮200 саяар зарвал улсын төсөвт ₮4 саяын татвар төлөх аж. Гэвч орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ тул өөрийн амьдран суугаа байраа борлуулахад татвар төлөх зохицуулалт нь олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна. 

🌏 Олон улсын жишээ

Дэлхийн улс орнуудад иргэд орон сууцаа зарахад хөрөнгийн өсөлтийн татвар (Capital Tax)-аас чөлөөлөгддөг. Тухайлбал, Англид иргэн анхны орон сууцаа зарах тохиолдолд татвараас чөлөөлөгддөг бөгөөд 2 дахь удаагаа эсвэл түрээсийн байраа зарах тохиолдолд 18%-28%-ийн татвар төлдөг аж. Харин Монголд анхны эсвэл удаах гэдгээс үл хамааран 2%-ийн татварыг улсад төлж буй нь харамсалтай. 

  • Нэмэлт: Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц болон анхны орон сууцаа худалдан авч буй тохиолдолд ₮15 саяын татварын хөнгөлөлттэй эдлэх гэнэ. 

🤔 Өргөдөл амжилт олдог уу? 

Энэ он гарснаас хойш ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт явуулах, хуулийн төсөл санаачлах талаар санал гаргахаар нийт 56 өргөдлийг олон нийт санаачилсан бөгөөд давхардсан тоогоор 452.3 мянган иргэн саналаа өгсөн аж. Гэвч амжилт олсон нь тун цөөн ба иргэн 1%-ийн татвар төлөх, НДШ-ийг бууруулах тухай болон Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах тухай 3 өргөдөл дээр л дэмжигчдийн тоо гүйцжээ.  

Эцэст нь… Хэрэв иргэдийн санал 9-р сарын 15-ны дотор 100 мянгад хүрвэл тус өргөдөл УИХ-аар хэлэлцэх боломж үүснэ. Манай лимончууд тус өргөдлийг дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөөрэй. 🍋

🥛 $SUU: Ногдол ашиг тараана 

SUU: Сүү ХК-ийн зүгээс энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ₮2.1 тэрбумыг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ. Ингэснээр нэгж хувьцаанд ₮6-ийн ногдол ашиг олгох ба бүртгэлийн өдрийг 9-р сарын 26-ны өдрөөр тогтоосон аж. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 1.4% өсөж ₮579.7-д хүрээд байна. Сонирхуулахад, $SUU энэ оны эхний хагаст ₮6.9 тэрбумын цэвэр ашигтай ажилласан ба үүний  29%-ийг ногдол ашиг болгон тараахаар шийдээд байна.

  • 💼 Индонезийн 10 сая ажил хайгч, 40 мянган ажил олгогчийг нэгтгэсэн Pintarnya платформ Series A шатанд $16.7 саяын хөрөнгө оруулалт татав. (TechinAsia

  • 💻 Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж харуулах D Government  цахим систем хөгжүүлж байна. (GovernmentofMongolia)

  • ☕️ Насанд хүрсэн хүн өдөрт 3-4 аяга кофе уухад аюулгүй. (ScienceDirect)

  • 🛡️ Төгрөгийн хамгаалалтын элемент бүхий виртуал үзвэр. (Mongolbank)

🥊 Netflix-н Box Office өрсөлдөөн 

Netflix (NFLX) Box Office-т хүч үзэж эхэллээ. Өнгөрсөн 6-р сард нээлтээ хийсэн Netflix болон Өмнөд Солонгосын хамтын бүтээл “KРop Demon Hunters”- “sing-along” хувилбар амралтын өдрүүдээр Америкийн Box Office-д тэргүүлж, тус улсын зах зээлээс $18 саяын орлого олжээ

🎞️ Стриймингээс дэлгэц рүү

Netflix том хэмжээний кинонуудаа кино театруудаар гаргахаас цэрвэж ирсэн. Компани “Glass Onion” зэрэг цөөн бүтээлээ 7 хоногийн турш театрт гаргаж байсан ч, албан ёсоор өрсөлдөж Box Office-н жагсаалтад орохыг төдийлөн зорьж байгаагүй юм. Харин энэ удаад “KРop Demon Hunters” 8 сарын 22-нд 1,700 гаруй кино театрт нээлтээ хийсэн эхний өдрөө $9.6 саяын орлого олоод буй. 

  • 🏆 Стрийминг дээр ч амжилттай: “KPop Demon Hunters” Netflix дээр цацагдаад хэдийнээ 2 сар өнгөрч байгаа ч 210 саяын үзэлттэйгээр тус платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй киноны жагсаалтын 2-рт бичигдэж байна. 

  • 🤑 Үүгээр тогтохгүй анимешний “Golden” хэмээх дуу Billboard-н жагсаалтыг тэргүүлж, Spotify (SPOT) дээр 400 сая гаруй удаа сонсолт хийгдээд буй.

🎟️ Театрын маргаан 

Хэдий “KPop Demon Hunters” Америкийн кино театруудад гал авалцах хэмжээний амжилттай өрсөлдөж байгаа ч Америкийн хамгийн том кино теарт болох AMC Theatres (AMC) тус анимешнийг гаргахаас татгалзсан. AMC зөвхөн кино театрт онцгой эрхтэй гардаг кинонуудыг л хүлээн зөвшөөрдөг буюу стриймингийнхэнд босго өндөр шүү гэдгээ харуулаад авсан. 

💏 Амжилттай түншлэл

Netflix болон Өмнөд Солонгосын хамтрал 2019 онд “Kingdom” цувралаас эхэлж амжилтай үзүүлсэн. Цаашлаад 2016 оноос хойш тэд Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэлд нийт $3.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд буй. 2023-2026 онд л гэхэд $2.5 тэрбумын хөрөнгө оруулах амлалт өгсөн

  • 🔝 ТОП-10: Netflix энэ их хэмжээний хөрөнгө оруулалтыг тус улсын кино урлагийн салбарт оруулсныхаа хариуд ТОП-10 киноноосоо гэхэд $3.2 тэрбум гаруй орлого олж чадсан гэхээр цаашид ч илүү их хөрөнгө хаях гол улс нь. 

Эцэст нь… Стрийминг платформуудын бизнес шинэ түвшинд гарч байна даа. Ирээдүйд бид илүү олон Netflix болон Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтын бүтээлийг харах бололтой. 

Excel дээр өгөгдлийг хурдан шүүж, зөвхөн хүссэн утгуудыг хуулбарлах боломжтой гэдгийг мэдэх үү? "Filter" функцийн оронд Advanced Filter-г ашиглаад үзээрэй. 👓

Заавар: Excel → Data → Advanced Filter → "Copy to another location" сонгоно.

Жишээ: A баганад нэрс, B-д оноо байвал 80-аас дээш оноог шүүнэ:

  1. D1-д "Оноо", D2-д ">80" бич.

  2. Advanced Filter нээгээд:

    • List range: A1:B100

    • Criteria range: D1:D2

    • Copy to: F1

  3. OK дар, шүүгдсэн өгөгдөл F баганад гарна.

💡 Extra tip: Criteria range-д олон нөхцөл (жишээ нь, ">80" AND "<90") нэмж болно.

👑 T-ARА Монголд

Энэ жил К-поп-ын алдартай уран бүтээлчид Монголд тоглолтоо хийсэн онцгой жил болж байна даа. Удахгүй T-ARA Монголд 2 дахь тоглолтоо хийнэ. Бэлэн үү? 

🔥 12 жилийн дараа

Тус хамтлаг анх 2013 онд тоглолтоо хийж, тухайн үедээ л К-поп-ын зэрэглэл өндөртэй хамтлаг Монголд ирсэн бараг анхны тохиолдол болж байв. Өнгөрсөн жил MAKE9 гоо сайхны брэндийн Монгол дахь нээлтийн үеэр тус хамтлагийн гишүүн Хёомин  ирж байжээ. Анзаарч байвал сүүлийн 2 жилд Монгол болон Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын хамтын ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч буй. Энэ удаагийн T-ARA- хамтлагийн тоглолтыг MON Entertainment зохион байгуулж байгаа билээ. 

  • Тасалбарын хувьд ₮150,000-₮800,000 хүртэл 4 төрлийн тасалбарыг Shoppy, Ticket.mn, Portal.mn, EventX.mn, Omnipay.mn зэрэг  платформуудаас авах боломжтой. 

  • Мөн 8 сарын 28-нийг хүртэл “3 Найзын багц”-ын урамшуулал зарлагдсан байгаа шүү. 

За тэгээд олон ч хүмүүсийг К-поп ертөнцтэй танилцуулж байсан хамтлаг 9 сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж байна. Очиж нүд, чихээ баясгана байгаа. 

President.mn

🍋 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэллээ. Тус чуулга уулзалтад 25 улсын 230 орчим төлөөлөгч оролцож буй бөгөөд энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Чуулганд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, манлайлал, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт, ногоон эдийн засаг, эмэгтэй экспортлогчдыг дэмжих зэрэг сэдвээр хуралдах аж.

🍋 Keurig Dr Pepper (KDP) кофе үйлдвэрлэгч JDE Peet’s (JDEP.AS)-г $18 тэрбумаар худалдан авна. Шингэн хүнсний зах зээлийн томоохон тоглогч $KDP Германы кофе үйлдвэрлэгч $JDEP.AS-г $18 тэрбумаар худалдан авахад ойрхон ирсэн бөгөөд $JDEP.AS-н зах зээлийн үнэлгээ $15.2 тэрбумд хүрээд буй. Хэрэв хэлэлцээр амжилттай болбол шингэн хүнсний брэндүүдээ ундаа болон кофены төрлөөр тусад нь салгах төлөвлөгөөтэй байгаа аж.   

🍋 Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоног автомашиныг замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцуулна. Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар иргэдээс авсан санал асуулга 8-р сарын 24-нд хаагдсан ба иргэдийн олонх нь тус саналыг дэмжжээ. Ингэхдээ 9-р сарын 1-ны өдөр тус зохицуулалт үйлчлэхгүй гэнэ. Зохицуулалтын хүрээнд хөдөлгөөний ачаалал 35%, автомашины тоо 45% буурах аж.

🍋 Салхин парк хөгжүүлэгч Ørsted (ORSTEC.XC)-н Revolution Wind төслийг Америкийн талаас зогсоох шийдвэр гаргажээ. Данийн эрчим хүчний томчуудын нэг $ORSTEC.XC-н Род-Айлендын ойролцоох Revolution Wind төслийг Америкийн Далайн эрчим хүчний удирдах газар зогсоохоор шийдсэн аж. Төслийн хувьд 80% гүйцэтгэлтэй явсан бөгөөд 65 салхин турбины 45 нь суурилагдсан байжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.