• Lemon Press
  • Posts
  • 💔 2 компанийн салалт

💔 2 компанийн салалт

Оросын ураны тоглолт | $APU ногдол ашиг | $TTL-н уналт

POWERED BY

Шинэ сарын мэнд ээ! Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдсэн “Ипотекийн даатгалын журам” мөрдөгдөж эхэллээ. Бид тус сэдвийн хүрээнд мэргэжлийн хуульчидтай хамтран нийтлэл гаргасан шүү. ЭНД дарж уншаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: АПУ ХК (APU) энэ оны эхний хагас жилийн ашгаас нэгж хувьцаанд ₮65-ийн ногдол ашиг хуваарилахаар боллоо. Ногдол ашгийн бүртгэлийн өдрийг 8 сарын 18-наар тогтоов. 

AIC: Ард Даатгал ХК (AIC) компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 9 сарын 10-нд цахимаар зохион байгуулна

JGH.AX: Jade Gas Holdings Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн "Улаан нуур" төслийн  эхний 2 хийн цооногоос хий олборлож эхэллээ.

💔 2 компани ХЗЗ-ийг орхих уу? 

Ирэх 9-р сард Говь (GOV) болон Тахь-ко (TAH) компаниудын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов гарч зарим хөрөнгө оруулагчдын хувьд тэнгэр нураад ирэх шиг л юм болоод өнгөрлөө. Учир нь тэд компанийн бүтцээ өөрчлөхөөр хуралдах гэж байна. 

  • 🔎 Хурлын тов: Өнгөрсөн өдрүүдэд CEO-нх нь тарьсан асуудлаас болоод олон нийтийг бухимдуулаад буй $GOV ирэх 9 сарын 8-нд ээлжит бус ХЭХ-аа хийхээр болсон бол II ангилалд бүртгэлтэй $TAH 9 сарын 5-нд хуралдах гэж байна.

⁉️ Хэргийн учир

Амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг $GOV өнгөрсөн ХЭХ дээрээ хаалттай компани болохгүй хэмээн ам гарч байв. Харин одоо энэ амлалтаа зөрчих үү эсвэл хадгалж үлдэх үү гэдэг нь ХЭХ-аар шийдэгдэнэ. Гэвч компанийн дийлэнх буюу 87.4%-ийг Таван Богд Холдингс ХХК эзэмшиж байгаагаас харахад тэдний бүтцэд өөрчлөлт орох магадлал тун өндөр. Харин үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг $TAH-н тухайд арилжааны идэвх муутай ба компанийн 85.6%-ийг 3 хүн эзэмшиж буйгаас харахад мөн л МХБ (MSE)-ийг орхиж явахад ойрхон байгааг харуулж байна.

📊 Дата ухав

Сүүлийн 5 жилийн хугацаанд МХБ-ийг 39 ХК орхин одсон бөгөөд үүнээс 6 ХК нь өөрийн хүсэлтээр гарсан бол үлдсэн 33 ХК-ийн хувьд нээлттэй компанид тавигдах шаардлага хангаагүй учраас хасагдсан аж. Өөрийн хүсэлтээр гарсан ХК-иудад Хөвсгөл усан зам, Мон Бийф, Жуулчин Дюти Фрий, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Богд Банк, Тээвэр ачлал компаниуд багтаж байна. Хэрэв $GOV болон $TAH нар бүтцээ өөрчлөх тохиолдолд энэ онд МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдсан ХК-ийн тоо 11-д хүрнэ.

  • 5️⃣ Том аппарат: Бизнесийн ертөнцийн томчуудын нэг Таван Богд Групп бага багаар өөрсдийн компаниудаа МХБ-ээс гаргаж байна. Тухайлбал, 2023 оны тэр нэгэн намар тэдний Мон Бийф болон Жуулчин Дюти Фрий компаниуд бараг нэгэн зэрэг хаалттай компани болж байсан. Хэрэв $GOV тэдэнтэй ижил шийдвэр гаргавал тус группийн компаниудаас ХААН Банк (KHAN) л үлдэх нь дээ.    

Эцэст нь… Компаниуд анхнаасаа IPO хийхдээ буцаад хаалттай компани болно гэж төлөвлөөгүй нь лавтай. Зарим компаниудад олон нийтэд нээлттэй болох нь нэмэр болохоос илүү нэрмээс болж байна гэж хэлж болохоор. Тэгэхээр энэ талбарт компаниуд нээлттэй байх хөшүүрэг, нөгөө талаас хөрөнгө оруулагчид тэр компанийн хувьцааг худалдаж авах, зарах идэвхжүүлэлт хэрэгтэй байна даа. 🫡

  • 🙋 Ирэх оны төсвийн төсөлд саналаа өгцгөөе. (ССАЖЗЯ)

  • 📍 Хүүхдүүдээ хаа явааг хялбархан мэдэх боломжтой шийдэл. (TheVerge)

  • 👓 Энэ нүдний шилгүй л бол ирээдүйд зүдрэх юм гэнэ. (Meta)

  • 💸 OpenAI сарын дотор $1 тэрбумыг олдог болж. (TheInformation)

⛏️ $TTL: Алдагдлын арын уналт   

TTL: Энэ оны эхний хагаст алдагдалтай ажилласнаа тайлагнасан Тавантолгой ХК-ийн хувьцааны үнэ тайлангийн араас 3.7% унаж ₮26,860-т хүрээд байна. Мөчлөг дагаж гэдэг шиг компанийн борлуулалт 2023 оны эхний хагаст 7.3 дахин буурч байсан сан. Энэ жилийн тайлант хугацаанд компани ердөө 2 удаа уул уурхайн биржийн цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан нь ашиг, орлого буурахад ихээхэн нөлөөлөв. Маргааш компани өөрсдөө тайлангаа МХБ дээр танилцуулна. Сонсоно байгаа.

⛏️ Оросын ураны тоглоом

Оросын төрийн өмчит ураны корпорац Rosatom Танзанид уран боловсруулах туршилтын үйлдвэрээ нээлээ. 

🔝 Нөөцөөрөө дэлхийд #4 

Хэдий Орос дэлхийн ураны нийт нөөцийн 8%-ийг эзэлж, нөөцөөрөө 4-рт бичигддэг ч сүүлийн жилүүдэд дотооддоо бус, гадаадад ураны хайгуул, боловсруулалт гээд гол дэд бүтцээ эрчимтэй угсрах болов. Үүний нэгээхэн жишээ нь Танзани дахь уран боловсруулах туршилтын үйлдвэр. Төсөл хэрэгжиж буй орд нь Африк тивдээ хамгийн баялаг нөөцтэй Mkuju River орд аж. 2000 оны эхээр хайгуулаа эхлүүлж, 25 жилийн дараа буюу өнгөрсөн Лхагва гарагт буюу 7 сарын 30-нд туршилтын үйлдвэрээ нээгээд байна. 

  • 🌍 Танзани ураны нөөцөөр дэлхийд толгой цохидоггүй ч 55 мянган тн орчим нөөцөө тус төслийн ачаар эргэлтэд оруулж, дэлхийд ТОП-10-т, Африкт 3-т бичигдэх уран олборлогч болох боломжтой гэнэ. 

  • 🌠 Туршилтын үйлдвэрийн явцад геологийн болон инженерийн дата цуглуулах, боловсруулах технологио туршин ажиллах бөгөөд ирэх оноос үйлдвэрийн барилгын ажил эхэлж, 2029 оноос олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ. 

🤩 Гадаад стратеги: Нөөцөө тэлж, нөлөөгөө бэхжүүлнэ

Ураны талбарт Орос бүх шат дамжлагыг бүрэн эзэмшдэг ч баяжуулалтаар дэлхийд №1. Баяжуулах үйлдвэрлэлээ дотооддоо төвлөрүүлж, харин олборлолт, ханган нийлүүлэлтээ тогтвортой байлгахаар гадаад боломжоо илэрхийлж буй. Тухайлбал, Оросын импортын ураны 50% гаруй хувийг Казакстан нийлүүлж байна.

  • 🤑 Цаашлаад, нөөцөөрөө Оросын дараа бичигддэг Намиби Улсад ч Rosatom “Wings” нэртэй шинэ ураны ордыг илрүүлэн, судалгаа хийж байгаа гэнэ.

Эцэст нь… 2 жилийн өмнө Rosatam манайд ч ижил санал тавьж, Дорнод аймаг дахь 2,300 тн нөөцтэй Мардайн ордод уран хайх, олборлох саналтай байгаагаа илэрхийлэхийн сацуу бага оврын атомын цахилгаан станц барина хэмээж байсан. Геополитикийн нөхцөл байдал ширүүсэж, цаашид эрчим хүчний албан бус дайн даамжрах төлөвтэй. Одоогоор Монголын эрчим хүчний хараат байдлыг арай тэнцвэржүүлж чадах найдлага нь Метаны 2, ураны Зөөвч-Овоо төслүүдээс л хамаарч байна. Элдэв янзын улс төрийн тоглоом, шоглоом холуур байгаасай билээ. 🙏🏻

💡 Таавар таацгаая.

Хэн ч хэзээ ч энэ замаар алхаж байгаагүй. Тэр ямар зам бэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

Vanity Fair

🍋 Америк болон Өмнөд Солонгос тарифын тохиролцоонд хүрлээ. Трамп энэ хэлэлцээрийг “Бүрэн, цогц” худалдааны хэлэлцээр хэмээн тодорхойлж буй. Учир нь Америк Өмнөд Солонгост ногдуулахаар төлөвлөж байсан дүнгээсээ 10 нэгж хувиар бага буюу 15%-ийн тариф ногдуулах бол Өмнөд Солонгос Америкт тариф ногдуулахгүйн сацуу $350 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр тохирч.

🍋 Агаарын бохирдлыг бууруулах ҮХ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хагас коксон шахмал түлш хэрэглэхийг зөвлөв. Тодруулбал, өнгөрсөн 5-р сард шахмал түлшинд ашиглах барьцалдуулагчийг туршилтад оруулахад MNS 5216:2016 стандартад заасан хүлцэх хэмжээнээс давж байгааг тогтоосон гэнэ. Сонирхуулахад, 1 тн түүхий нүүрс 0.7 тн хагас коксон нүүрстэй тэнцдэг байна. 

🍋 Renault (RNO.PA) энэ оны эхний хагаст €11.2 тэрбумын алдагдал хүлээжээ. Гол шалтгаан нь, компани өнгөрсөн 25 жилийн хугацаанд түнш компани Nissan (NSANY)-д хийсэн хөрөнгө оруулалтаа дахин үнэлж, €9.3 тэрбумын нэг удаагийн алдагдлаар тооцжээ. Мөн тарифын нөлөөгөөр Renault-н үйл ажиллагааны ашигт ажиллагааны түвшин 2.1 нэгж хувиар багасаж 6%-д хүрээд байна. Nissan-н алдагдлыг дурсаад ч хэрэггүй биз ээ. 

🍋 Монгол-Хятадын V дахь удаагийн экспод Монгол, Хятадын нийт 3,500 гаруй ААН, ОУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно. Үүнд Монголын талаас экспортын чиг баримжаатай, органик, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 гаруй ААН оролцох төлөвтэй байгаа аж. Тус экспо нь 2 жил тутамд зохион байгуулагддаг ба сүүлд 2019 онд л Улаанбаатарт болжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.