- Lemon Press
- Posts
- 💥 Оюу толгойн шинэ рекорд
💥 Оюу толгойн шинэ рекорд
$MLG I улиралд | $482 саяын татвар | $TDB ногдол ашиг
POWERED BY
Hey! Энэ сард хаврын олон аашны ихэнхийг үзчихлээ гэтэл ирэх сард бүр олон ааш гаргах нь дээ. Эхний хэд хоногтоо дулаан байснаа гэнэт хүйтрээд, гэнэт бороошоод дургүй нь хүрвэл салхилаад, уур нь хүрвэл уулаар цас хаях нь. Хорооноос цаг агаар янзлаад өгөх болов уу, яах бол? 🤣


*Нэг өдрийн өөрчлөлт
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар М.Энхзул томилогдов.
GOV: Гадаад харилцааны сайдын Испани Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ.
MSE: Худалдаа Хөгжлийн Банк (TDB) 2024 оны цэвэр ашгаасаа ₮101.2 тэрбумыг ногдол ашиг болгон нэгж хувьцаанд ₮2,000-ийг хуваарилахаар болов. Ногдол ашгийн өгөөжийг ХЭХ-ын бүртгэлийн өдрөөр тооцоход 9.1% байна. Ногдол ашгийг зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авснаас хойш 1 сарын дотор хуваарилах аж.

📝 АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл
Олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилготой “LP Transcript”-н ээлжит дугаараар $APU-н хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүргэж байна.
Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг
“АПУ ХК Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай хамтран сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт $40 саяын санхүүжилтийн гэрээ байгуулж, АПУ Дейри ХХК-ийн сүүний үйлдвэрийн хүчин чадлыг 2-2.5 дахин өсгөхөөр ажиллаж буй. Бүтээн байгуулалт дууссанаар зах зээлд олон төрлийн шинэ болон шинэчилсэн сав баглаа, боодолтой бүтээгдэхүүн гарч, монголчуудын сүүний хэрэглээг өсгөнө гэдэгт итгэлтэй байна.”

🚃 $MLG: I улирлын тайлан

Дэлхийн төдийгүй Монголын тээврийн салбарт он гарснаас хойш олон сорилт тулгараад байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг Монложистикс Холдинг ХК (MLG) 2025 оны 1 улирлын тайлангаа танилцуулжээ. Юу болсныг сонирхъё.
🔍 Тээврийн салбарт юу болоод байна?
2025 оны I улиралд 29.2 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь жилийн өмнөхөөс 1% өсөв. Авто тээвэр нь ачаа тээврийн 64%-ийг бүрдүүлж, 4.1% өсөж 18.7 сая тн-д хүрсэн аж. Харин төмөр замын тээврийн хувьд 5.5% буурч 10.3 сая тн болжээ. Том зургаар тээврийн салбарын ачаа дорвитой өсөөгүйд түүхий эдийн үнийн бууралт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал голлон нөлөөлөв.
💭 Монложистикс эргэн тойронд
Тээврийн салбарын сорилтууд дунд $MLG-н орлого өсөлтөө зогсоогоогүй ч ачааны хэмжээ нь буурчээ. Тодруулбал,
Үйл ажиллагааны хувьд: Орлого оны эхний улиралд жилийн өмнөхөөсөө ердөө 1% өсөж ₮64.2 тэрбумд хүрсэн аж. Уг нь яг жилийн өмнө тэдний орлого 28% өсөж байсан ч тээвэрлэсэн ачааны хэмжээ нь 31% буурч 180 мянган тн болсноор орлогын өсөлт саарсан хэрэг.
Ачаа тээврийн хувьд: Тээврийн бууралтад экспортын ачаа тээвэр 51 мянган тн, транзит ачаа тээвэр 31 мянган тн, олон улс дахь ачаа тээвэр 13 мянган тн-оор тус тус буурсан нь нөлөөлөв. Нөгөө талаар импортын ачаа тээвэр 5 мянган тн буюу 19% өссөн аж.
Хувьцааны тухайд: Энэ он гарснаас хойш $MLG-н хувьцааны үнэ 6.5% өсөж, ₮202.4-т хүрчээ. 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахтай зэрэгцээд хувьцааны хөрвөх чадварыг сайжруулахаар ₮1 тэрбум хүртэлх үнийн дүнгээр нэгж хувьцааг ₮210-ийн үнээр тооцож 4.8 саяас ихгүй хувьцааг авахаар төлөвлөсөн аж.
👀 Сонирхуулахад
IPO-н төлөвлөгөөний Оросоос худалдан авсан эхний ээлжийн вагонуудын туршилтын тээврээ дуусгаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэр эхэлжээ. Мөн Хятадын Тяньжин хотод байгуулагдсан удаах охин компани нь тус улсын тээвэр логистикийн томчуудтай стратегийн хамтын ажиллагааны гэрээг ч байгуулаад амжив. Тус явдлууд нь борлуулалтын орлого өсөж, нэмэлт сувагтай болоход өндөр ач холбогдолтой.
Эцэст нь… Цаг үеийн нөхцөл амаргүй байгаа ч $MLG-н үйл ажиллагаанд орлогын бууралт ажиглагдаагүй, импортын тээвэр нэмэгдсэн гээд I улирлаа тун боломжийн өнгөрөөжээ. Цаашид энэ амаргүй цаг үеийг яаж туулахыг харцгаая.

⛏️🇲🇳 $RIO-н Монголд төлсөн татвар = $482 сая
RIO: Rio Tinto 2024 онд $53.7 тэрбумын орлого олсны 50%-ийг төмрийн хүдрээс, 16%-ийг зэсээс, 24% хөнгөн цагаанаас, үлдсэн 10%-ийг эрдсийн орлого бүрдүүлжээ. Харин олсон орлогоосоо нийт $8.4 тэрбумын татвар, хураамжийг 5 улсад төлснөөс 75%-ийг Австралид төлсөн бол Монголд $482 саяыг төлсөн байна. Энэ дүн 2023 оныхоос 29.9% өсcөн бөгөөд $126 сая нь АМНАТ ажээ. Сонирхуулахад, $RIO-н үнэ оны эхнээс 3% өсөөд байна.

🌱 Гол усаа ширгээж биш, дагаж хөгжих экосистем бүрдүүлэх нь… (Gogo)
🌟 Duolingo-н CEO хүний нөөцийн бодлогодоо баримталдаг алтан дүрмүүдээсээ хуваалцав. (Yahoo!Finance)
⌛ Монголчуудын дундаж наслалтыг нэмэгдүүлэх нэг арга. (Ikon)
🏕️ Adventure Travel Trade Association Монголд адал явдалт аяллын хөтөч бэлтгэнэ. (MTO)

💥 Оюу толгойн шинэ рекорд

Нүүрсний үнэ унаж, экспорт элгээрээ хэвтэж байгаа энэ үед Оюу толгойн үйлдвэрлэл нэмэгдсэн сайн мэдээтэй. Бүр болоогүй гүний уурхайгаас өдөрт хамгийн ихдээ 45 мянган тн хүдэр боловсруулж шинэ дээд амжилт тогтоожээ.
📈 Өсөлтийн замдаа…
Оюу толгой өнгөрсөн онд 2015-2016 онд тогтоож байсан амжилтаа эвдсэн. Харин энэ оны эхний улиралд зэсийн зах зээл дээр үнэ унаж, тогтворгүй байдал үүссэн ч баяжуулах үйлдвэрийнх нь өргөтгөл бүрэн дууссанаар зэсийн үйлдвэрлэл нь жилийн өмнөхөөсөө 41.7% өсөж 65.2 мянган тн-д хүрсэн байна. Алтных ч мөн 43.7% өсжээ. Энэ эрчээрээ 2028 он гэхэд 1 улиралд 125 мянган тн орчим зэс үйлдвэрлэдэг болох тооцоотой байгаа билээ.
⛏️ Цаашид ч өснө: Энэ онд тэдний зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 50% өсөхөөр байгаа. Угаас энэ оны II хагаст анхдагч бутлуур ашиглалтад орох тул үйлдвэрлэл эрчимжихээр буй. Нэмээд Оюу толгойд ухаалаг үйлдвэр төслийг эхлүүлсэн гэнэ. Ингэснээр эвдрэл, доголдол гарах эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх боломжийг олгож байна.
📌 Хувь нэмрийн тухайд
Цаашлаад, Оюу толгойн тайлант хугацааны хөрөнгө оруулалт $510 сая байсан аж. Түүнчлэн орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд ₮10.7 тэрбумыг зарцуулсан нь жилийн өмнөхөөсөө 37.2% өсжээ. Арга ч үгүй биз ээ, тэдний Говийн оюу хөгжлийг дэмжих сан энэ жил 10 нас хүрч байгаа бөгөөд саяхан л гэхэд Даланзадгад суманд 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулаад буй.
Эцэст нь… Оюу толгой энэ улиралд үйлдвэрийн төлөвлөгөөг бүрэн биелүүлэхээр ажиллаж буй. Нэмээд энэ жилдээ сэргээгдэх эрчим хүч ашиглах гэрээ хэлэлцээр хийх хүлээлттэй байгаа гэсэн шүү.

Excel дээрх хүснэгт дээр ➕➖✖️➗ үйлдлийг хялбар хийх арга хуваалцъя.
Эхлээд A баганад 1-9 хүртэлх тоонууд өгөгдсөн байна гэж төсөөлье. Эдгээр өгөгдлүүдийг B баганад 100-д хуваан байрлуулах шаардлага гарав.
Үүний тулд эхлээд B баганын аль нэг нүдэнд 100-г бичээд хуулна. Дараа нь A баганын өгөгдлүүдийг идэвхжүүлээд хамаарах B баганын нүднүүд дээр очоод хулганын баруун товч дээрээ дараад Paste Special➡️Divide➡️Ok дараад л болох нь ээ. Харин бусад хувилбаруудыг “Divide” командаа солиод л хийчих боломжтой.
🔗 ЭНД дарж Paste Special-г төрөл бүрээр ашиглах аргуудыг бичлэгээр үзээрэй.


Giphy
🍋 Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн төслүүдийг энэ онд багтаан эхлүүлнэ. Үүнд нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, гаднын болон төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь. Гэснээс, цаана чинь Хятадын нар, салхины эрчим хүчний хүчин чадал нүүрсний эрчим хүчнээс давсан сурагтай.
🍋 МҮЦАЭХ Азийн Үнэт Цаасны Форумын 30 дахь ерөнхий чуулганыг зохион байгуулна. Тодруулбал, ирэх 9-р сард тус чуулган анх удаа Улаанбаатарт болох бөгөөд Ази-Номхон далайн бүс нутгийн 20 гаруй улс, бүс нутгийн үнэт цаасны салбарын 30 орчим гишүүн байгууллагад Монголын хөрөнгийн зах зээл, онцлох төсөл, оролцогч талуудыг таниулах ач холбогдолтой юм.
🍋 TikTok Японы онлайн худалдааны зах зээлд хөл тавина. Одоогоор тэдний “TikTok Shop” онлайн худалдааны апп Их Британи, Америк, Герман тэргүүтэй 12 улсад үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Ази-Европын зах зээлээ тэлэх, цаашлаад Америкийн хамаарлыг бууруулах эхний бай нь Япон. Зах зээлийн хувьд 2023 онд Temu, өнгөрсөн оны сүүлээр Alibaba (BABA)-н “Tao” апп Японд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
🍋 ЗГ Хойд бүсэд $762 саяар зэс боловсруулах цогцолбор барина. Энэ хүрээнд Орхоны Баян-Өндөр, Жаргалант сумын 1.217,4 га газарт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулах аж. Үүнээс зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр л гэхэд 124.1 мянган тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм гэнэ.
🍋 Toyota Motor (TM) Toyota Industries (6201.T)-г $42 тэрбумаар худалдан авах санал тавилаа. Энэ нь Toyota Industries-н үнэлгээг 40% нэмэгдүүлсэн дүн бөгөөд санхүүжилтийг $TM-н ТУЗ-ийн дарга Акио Тойода хувийн хөрөнгөөсөө болон Mitsubishi UFJ Financial Group (MUFG) тэргүүтэй бусад Японы мегабанкнуудаас зээл аван бүрдүүлэх юм. Одоогоор $TM болон түүний охин компаниуд Toyota Industries-н 38%-ийг эзэмшдэг аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply