• Lemon Press
  • Posts
  • 🦹 Дагздах төлөвлөгөө

🦹 Дагздах төлөвлөгөө

₮24.1 их наядын татвар | Google болон Microsoft-н III улирлын тайлан | Lemonade Season 4

POWERED BY

Пүрэв гаргийн мэнд ээ. Өнөөдөр бол энэ жилийн 43 дахь Пүрэв гараг. Одоо дахиад ЕСХӨН Пүрэв гаргийн дараа 2024 гарах нь ээ. 🌌

*Нэг өдрийн өөрчлөлт

RUS: Сибирийн хүч 2 төслийн Монгол дахь бүтээн байгуулалтын ажил ирэх оны эхний улиралд эхлэх төлөвтэй байна.

MSE: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭТТ-Бондын 4-р транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг түр зогсоожээ.

GOV: ЗГ-ын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

⚠️ ₮24.1 их наядын татвар

Ирэх онд ₮24.1 их наядын татвар төлнө гэдгээ мэдэж байна уу, нөхөд өө? Ер нь манай татварын орлого юу юунаас бүрдээд байна аа?

Татварын эд эс

Өнгөрсөн 9-р сарын байдлаар манай төсвийн орлого ₮17.7 их наядад хүрээд буй. Үүний 89.6%-ийг татварын орлого бүрдүүлсэн байна. Үүний дийлэнх буюу 27.5%-ийг орлогын албан татвар (ОАТ) бүрдүүлэв. Гүнзгийрвэл,

  • Томоохон хэсгүүд: Татварын хүнд ачааг НӨАТ, ААНОАТ, НДО үүрнэ. Тодруулбал, НӨАТ нийт татварын орлогын 21.5%-ийг бүрдүүлдэг бөгөөд 9-р сарын байдлаар нийт ₮3.4 их наядын НӨАТ төвлөрсөн аж.

  • Жижиг хэсгүүд: Харин 5 төрлийн татвар нийлээд нийт татварын орлогын 20.5%-ийг л бүрдүүлдэг байна. Жижиг хэсгүүд дундаа ХХОАТ хамгийн том орон зай эзэлдэг буюу нийт татварын орлогын 8.1%-ийг бүрдүүлдэг бол хөрөнгийн өмчийн албан татвар ердөө 0.1%-ийг л бүрдүүлжээ.

Бүхэл бүтэн 93% шүү, Цэнцэрэн минь

Харин ирэх жилийн төсвийн төсөлд тусгагдсанаар нийт тэнцвэржүүлсэн орлогын 92.9%-ийг татвар, үлдсэнийг татварын бус орлого бүрдүүлэх юм.

  • Бяцхан буцаан олголт: Тэгэхээр та бид ирэх онд ₮24.1 их наядын татвар төлөөд үүний ердөө 2.9% буюу ₮0.7 их наядыг буцаан олголтоор авна. Сонирхуулахад, татварын буцаан олголтыг ХХОАТ, ААНОАТ, НӨАТ болон гаалийн албан татвараас тус тус олгодог шүү.

НӨАТ-ын буцаан олголт 5% болбол яг яана гэнэ ээ?

Сүүлийн өдрүүдэд НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох сэдэв трэнд болж, 100 мянган гарын үсэг цуглараад буй. Хэрэв НӨАТ-ын буцаан олголт 5% болбол ирэх онд татварын орлогын зөрүү ₮735 тэрбум болох аж. Өөрөөр бол 2%-ийн буцаан олголттой үед ₮6 их наядын НӨАТ төвлөрөх бол 5% болгочихвол энэ дүн ₮5.3 их наяд болж буурна л гэсэн үг.

Эцэст нь… Та бидний төлж буй татвар улс оронд ийм л өндөр нөлөөтэй байна даа. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ, хасна гэхээсээ илүү татварын суурь орчныг сайжруулах л хэрэгтэй байгаа юм. Энэ жилийн төсвийн төсөл дээр татварын эргэн тойрон дахь асуудлыг шийднэ л гэсэн байна билээ. Тэгээд бодит байдал дээр юу болох нь уу?

💪 Microsoft-н Apple-г дагздах төлөвлөгөө

NVDA: Nvidia Arm (ARM)-н технологийг ашиглан Windows үйлдлийн системтэй компьютерт зориулсан чип бүтээнэ. Энэ нь Microsoft (MSFT)-н Apple-тай өрсөлдөх төлөвлөгөөний нэгээхэн хэсэг аж. Учир нь Apple (AAPL) Arm-н технологид суурилсан чипээр компьютероо тоноглосноор 3 жилийн хугацаанд зах зээлийн эзлэх хувиа бараг 2 дахин нэмэгдүүлсэн түүхтэй аж.

🆙 Google, Microsoft тооноор гараад явах нь ээ!

Зээ тайлангийн улирал эхэллээ! Уншигчид дунд маань Microsoft (MSFT), Google (GOOG)-н хувьцаа эзэмшигчид байвал анхаарлаа нааш нь. Нэгнийх нь хувьцаа унаад нөгөөх нь өссөн байна шүү.

Microsoft: Өссөөр

Microsoft-н орлого өнгөрсөн III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 13% өсөж $56.5 тэрбумд хүрлээ. Ингэснээр ашиг нь 27% өсөн $22.3 тэрбумыг олсон байна. Тайлангаас онцлоход тэдний Azure буюу үүлэн технологийн орлого нь $24.3 тэрбумд хүрч шинжээчдийн таамаглалаас 27% илүүрхэв. Microsoft-н AI-д оруулсан $10 тэрбумын ХО өгөөжөө өгөөд эхэлсэн бололтой. Цаашлаад,

  • Дээш доош: Компанийн Windows-н орлого 5%, LinkedIn-нх 8% өссөн ч төхөөрөмжийнх нь орлого 22% буурсан байна. Зөөврийн компьютерын нийлүүлэлт багассан нь нөлөөлсөн бололтой.

  • Видео тоглоом: Microsoft-н санхүүгийн тайлангаас видео тоглоомынх нь орлогыг харахгүй өнгөрвөл алдас болно гээд харсан Xbox контент болон үйлчилгээний орлого 13% өссөн байв.

Google: Өсөлттэй тайлан, уналттай хувьцаа

Google-н хувьд орлого нь III улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 11% өсөж $76.7 тэрбумд хүрснээр шинжээчдийн таамгийг даваад буй. Улмаар ашиг нь 41.7% өсөж $19.7 тэрбумд хүрэв. Тус өсөлтийг задлан харвал,

  • Google Service: Тус хэсэг нь Google-н орлогын хамгийн их хэсгийг бүрдүүлдэг бөгөөд 11% өсөж $67.9 тэрбумд хүрсэн байна.

  • Зар сурталчилгаа: YouTube-н зар сурталчилгааны орлого 12.9% өсөж $7 тэрбумд хүрсэн бол Google-н зар сурталчилгааны орлого 9.3% өсөж $59.6 тэрбумд хүрээд буй.

Google-н тайлан дажгүй өсөлттэй гарсан ч тайлангийн араас хувьцааны үнэ нь 6.5% унав. Яав? Ийв? гэсэн Google-н үүлэн технологийн бизнес тус улиралд өнгөрсөн жилээс 22% өссөн ч шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй л юм билээ л дээ. Өрсөлдөгчийнх нь орлого өсчхөөд байхад унтаж байсан юм уу хаашаа юм. 🤷‍♀️

  • Яагаад унав: Google үүлэн технологио өрсөлдөгч болох AWS болон Azure-тай ан мана үзэлцүүлчих гээд овоо л хөрөнгө хаяж байгаа ч нөгөөхийнх нь орлого хүлээлт давахгүй байхаар хөрөнгө оруулагчид гонсойж хувьцааны үнэ нь унах нь аргагүй ч юм шиг.

За дараагийн удаад ямар компанийн III улирлын тайланг уншмаар байна? Саналаа хэлээрэй. 😉

Ногоон байгууламж: 50%
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн талбайн 50% нь ногоон байгууламж, 30% нь барилга байна.
189,000 га
Түүнчлэн тус хотыг байгуулахдаа Архангай болон Өвөрхангай аймгийн нутгаас 189,000 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах аж.
Хүн ам: 500,000
Тус хотыг 500,000 хүн амтай байхаар төлөвлөөд буй.

🍋 When life gives you lemons, make lemonade

Лимонууддаа дуулгах сайхан мэдээтэй. 😎

Шинэ үеийн залуус орлогын эх үүсвэрээ ямар сонирхолтой мэргэжил, хэлбэрээр бүрдүүлж буйг, түүнчлэн тэдний санхүүгээ хэрхэн удирддаг тухай хүргэдэг Lemonade видео цувралын маань IV улирал тун удахгүй эхлэх гэж байна.

Энэ улиралд бид орчин үеийн залуусын үлгэр дуурайлал болсон шинэ залуу уран бүтээлчид болоод ажил мэргэжлээрээ бусдаас онцгойрсон сайн мэргэжилтнүүдийг урьж оролцууллаа.

За тэгээд, удахгүй Lemonade цувралаараа уулзацгаая. Аан нээрээ, цувралын спонсор хайж байгаа шүү. 😉

🔗 Өмнөх дугааруудыг ЭНД дарж үзээрэй.

Crypto Scale

🔹SEC-с BlackRock (RLK)-г $2.5 саяар торголоо. Тодруулбал, SEC-с BlackRock-н 2015-2019 онуудад Aviron гэх кино үйлдвэрлэгч компанид хийсэн ХО-ын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй гэх улмаас торгосон аж. Үүнд компани ямар нэгэн тайлбар хийлгүй дуулгавартайгаар торгуулиа төлжээ.

🔹Эрхүү муж Монголын 14 компанитай экспортын гэрээ байгуулжээ. Ингэснээр тус компаниуд Эрхүүгийн ААН-тай хамтран ажиллах юм. Сонирхуулахад, Эрхүү гадаадын 90 гаруй оронтой түншилдэг бөгөөд үүнээс Монгол экспортын хэмжээгээрээ эхний 10-т багтдаг аж.

🔹Энэ онд Герман ЭЗ-аараа Японыг гүйцэж дэлхийн 3 дахь том ЭЗ-тай улс болж магадгүй. Учир нь ОУВС-гийн тооцооллоор энэ онд Германы нэрлэсэн ДНБ $4.4 их наядад хүрэх бол Японых $4.2 их наядад хүрэх төлөвтэй байгаа аж. Үүнд иений ханшийн сулрал ихээхэн нөлөөлсөн аж.

🔹Spotify (SPOT)-н орлого III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 11% өсөж $3.6 тэрбум хүрлээ. Улмаар ашиг нь 18% өсөж $935 саяд хүрчээ. Үүнд идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 26% өсөж 574 саяд хүрсэн болон үйл ажиллагааны орлого нь $34 сая болсон нь голлон нөлөөлөв. Ингэснээр тэд сүүлийн 1 жил хагасын хугацаанд анх удаа ашигтай ажилласан аж.

  • Хөөх: Дэлхийн хамгийн хүйтэн тосгоны нэг өдөр. (KiunB)

  • Танилц: Европын хамгийн том ил зэсийн уурхай хэрхэн ажилладаг гээч? (DWNews)

  • Юу? Microsoft-н CEO-н өчил. (TheVerge)

  • Үз: Цаг ших зүүх боломжтой эвхэгддэг утас. (ZDNET)

Reply

or to participate.