• Lemon Press
  • Posts
  • ⚡️ 24%-ийн хэмнэлттэй эрчим хүч

⚡️ 24%-ийн хэмнэлттэй эрчим хүч

Улс төрчдөөс ч илүү үзэн ядагдагсад | Ирэх жилийн ЭЗ-ын өсөлт | AI-р хөлжих $4062.T

POWERED BY

Morning! Биднийг метротой болох гээд 10 гаруй жил мунгинаж байх хооронд урд хөрш маань AI-д суурилсан, ухаалаг метро бүтээжээ хө. Энгийн метроноос илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй л гэнэ. Тавилан юм даа. 🤡🚆 

*Нэг өдрийн өөрчлөлт.

EBRD: Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголын эдийн засгийг энэ онд 6.3%, 2027 онд 5.5% өсөх төсөөллөө танилцууллаа.

MNG: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулж Японы ЗГ-аас авах гэж буй жилийн 1.1%-ийн хүүтэй, ¥158 тэрбум хүртэлх зээлийн гэрээний төслийг хэлэлцэхийг дэмжив. 

US: Америкийн 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5.44%-д хүрч, 2004 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрэв.

GOV: Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар ХХААХҮЯ-наас 555.3 мянган тн үр тариа, үүний дотор 497.1 мянган тн улаанбуудай, мөн 168.2 мянган тн төмс, 218.4 мянган тн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөжээ.

⚡️ 24%-ийн хэмнэлттэй эрчим хүч

Оюу толгойн эрчим хүч, импортын хамаарал, станцын асуудал шийдэгдээгүй нэлээд удсан. Тус уурхай цахилгааны төлбөр жил бүр $120-$140 сая байдаг буюу энэ дүн хилийн чанад руу гадагшилж байгаа хэрэг. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх гэрээ байгуулагджээ.

😬 Өнөөгийн байдал

Оюу толгойн нөхцөлийг ухвал Өвөр Монголоос жилд дунджаар 1.6 тэрбум кВт.ц цахилгаан худалдан авдаг гэнэ. Импортын хэмжээ болон төлбөр 2020-2026 онд жил бүр өссөн бөгөөд 2027-2030 онд жилд 1.87-2 тэрбум кВт.ц-т хүрэх тооцоо бий. Энэ оны 4 сарын 1-нээс мөрдөж буй тариф кВт.ц тутамд ¢9.81 байгаа. Импортын гэрээ 2030 онд дуусах аж.

⛈️ Өнөөдрийн аукцион

Нөгөө талаас өчигдөр Эрчим хүчний яам говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих гүйцэтгэгчийг аукционоор шалгаруулав. Оролцох сонирхлоо 10 компани илэрхийлсэн ч шаардлага хангаж дэнчин байршуулсан нь 2 түншлэл байж. Аукционы үнийг ¢9.7-ээс эхлэн дуудсан бөгөөд ¢7.9 дээр санал өгсөн Нэт Зеро Тек, М Си Эс Интернэйшнл, Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа ХХК-ийн түншлэл ялсан байна. 

📍 Юу баригдах вэ?

Шалгарсан тал нийт 530 МВт-ын нар, салхины эх үүсвэр барих юм. Үүнээс 260 МВт нь Оюу толгойн дэд станцад, 270 МВт нь Зэс-Оюу дэд станцад холбогдоно. Байршил болон процедурыг ЗГ-ын тогтоолоор баталсан аж. Энэ удаагийн аукцион зөвхөн хамгийн хямд үнэ санал болгохоор шалгараагүйгээрээ онцлог гэнэ дээ. Дээрх 2 уурхайг 99.5%-ийн найдвартай, тогтвортой эрчим хүчээр хангах техникийн шийдэл шаардсан байна. 

  • 💰 Хэр хэмнэлттэй вэ? Шинэ тариф одоогийн импортын үнээс 24%-иар бага. Бүтээн байгуулалтад улсын төсвөөс мөнгө гарахгүй бөгөөд импортод зарцуулж буй валют дотооддоо үлдэж, эрчим хүчний систем шинэ цэвэр эх үүсвэртэй болно л гэнэ.

🔁 Хоёр дахь аукцион

Сэргээгдэх эрчим хүчний салбарт аукцион зохион байгуулж буй 2 дахь оролдлого нь энэ. Эхнийх нь өнгөрсөн 6 сарын 18-нд болж, Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтийн 5 суманд нийт 220 МВт-ын нарны станц, 135 МВт/440 МВт.ц-ийн батарей хуримтлуур барихаар гүйцэтгэгчийг шалгаруулсан билээ. 

Эцэст нь… Юутай ч аукционоор үнийг өрсөлдөөнөөр тогтоох загвар урагшилж байна. Гэхдээ цаасан дээрх ¢7.9-ийн тариф бодит станц болж, 2030 он буюу импортын гэрээ дуусахаас өмнө ашиглалтад орж чадах уу гэдэг л гол асуулт хэвээр байна.

  • ⏳ Ипотекийн зээл авах бол 7-8 жил хүлээх хэрэгтэй. (news.mn)

  • 🏭 Хятад гадаадад барих нүүрсний станцуудынхаа 2/3-ыг цуцлав. (SCMP)

  • 📖 Интернэтийг бид хэрэглэдэг бол номоос бид туршлага хураадаг. (Baabar.mn)

  • 🕶️ Meta камергүй AI нүдний шилээ $349-оос худалдаалж эхэлнэ. (TechCrunch)

🥢 AI-р хөлжих $4062.T 

4062.T: Японы AI болон дата төвийн серверүүдэд ашиглагддаг суурь хавтан үйлдвэрлэгч Ibiden-н нэгж хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 14.6%-иар өсөж ¥22,405-д хүрчээ. Үүнд Мета (META)-н танилцуулсан шинэ AI болон энэ сарын 30-нд хувьцаагаа 2 хуваахаар болсон шийдвэр нь голлон нөлөөлсөн аж. Сонирхуулахад, Ibiden-н өмнөх улирлын борлуулалтын орлого 2025 оны мөн үеэс 26.4% өсөж ¥123.2 тэрбумд, үйл ажиллагааны ашиг 52.4% нэмэгдэж ¥26.9 тэрбумд тус тус хүрээд байна.

🔥 Маркетингийн хамгийн том арга хэмжээ айсуй

Монголын маркетингийн салбарын хамгийн том уулзалт Smart Marketing Festival 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

  • 💡 Яагаад заавал оролцох ёстой вэ? Сингапур, Герман, Англи, Хонгконг, Өмнөд Солонгосоос ирэх 7 чиглүүлэгч болон дотоодын шилдэг экспертүүдийн воркшоп болно. Мөн бодит кейсүүдээ хуваалцаж байгаагаараа онцлог.

  • 🥵 1 тасалбараар 2 өдөр: Эхний өдөр буюу Insight Day нь Хаан Театрт болох бол 2 дахь өдөр буюу Festival Day нь M Bank Arena-д болно. Олон төрлийн сонирхолтой хөтөлбөрүүд, сүлжээ үүсгэх After Party-д оролцох боломжтой. Мөн кофе, сэндвич, өдрийн хоол, ундаа, шар айрагт санаа зовох хэрэггүй.

Дэлхийн трэндийг Монголын хөрсөн дээр буулгаж, карьер болон бизнесээ дараагийн түвшинд гаргахыг хүсвэл тасалбараа баталгаажуулаарай! 

📅 Хэзээ болох вэ? 9 сарын 28, 29
💰 Үнэ: ₮440,000 (10+ хүн бол ₮400,000 болно гэсэн шүү)

👀 Улс төрчдөөс илүү үзэн ядагдаж буй CEO нар

Америкийн Z болон миллениал үеийнхэн улс төрчдөөс илүү технологийн титануудыг үзэн ядаж байна. 

  • 🗞️ Эх сурвалж нь юу юм? CNBC болон Generation Labs хамтран 18-34 насны 1,088 хүний улс төр, эдийн засаг, AI-д хандах хандлага ямар байгааг судалж, тэдний нүдээр технологийн титанууд бол олигархууд, ардчилсан социализм бол сонгодог засаглал гэх мэт сонирхолтой үр дүн гарсан байна. 

🦹🏻‍♂️ Аймшгийн хорон санаатай олигархууд

Америк залуусын AI-д хандах хандлагыг хэд хэдэн асуултаар тандан судалсны дотор AI салбарын титанууд болох Сэм Алтман, Марк Зукерберг, Женсен Хуанг тэргүүтэй 9 эрхмийг AI-г хэр хариуцлагатай хөгжүүлнэ, ажиллуулна гэж итгэж байгаа тухай асуухад 73% нь огтхон ч итгэхгүй байгаагаа хуваалцжээ. Энэ нь тэдний улс төрчдөд үзүүлж буй итгэлээс 41 нэгж хувиар их буюу улс төрчдөд тааламжгүй, итгэлгүй байх хандлага 32%-тай байгаа юм. 

  • 🕵️ Судалгаанд дурдагдсан 9 CEO-с хамгийн гайгүй нь Microsoft (MSFT)-н CEO Сатя Наделлад 65% нь итгэхгүй хэмээн хариулсан бол Palantir (PLTR)-н CEO Алекс Карпд 85% нь итгэлгүй байгаа хэмээн хариулсан байна. 

  • 🫪 Нөгөө талд тус улсын 20 нөлөө бүхий улс төрчдөд итгэлгүй хандах хандлага дунджаар 32% байсан юм.  

Ерөнхий зургаараа залуус AI-н хөгжил тэдний одоогийн болон ирээдүйн ажлын байрны олдцод сөргөөр буюу 45% нь AI карьерт нь сөргөөр нөлөөлнө гэж үзсэн бол ердөө 10% нь эергээр нөлөөлнө гэж хариулсан байна. 

😵‍💫 Социализм руу буцъя!

Цаашлаад, судалгаанд оролцогчдын 80% нь өнөөгийн эдийн засагтаа итгэлгүй, сэтгэл хангалуун бус байгаатай холбоотойгоор ардчилсан социалист засаглалыг дэмжих хандлага нэмэгдэж байгаа гэнэ. Үүнийг батлах мэт Нью-Йорк, Нью-Жерси, Мичиган, Пенсильвани, Колорадо зэрэг мужид ардчилсан социалист үзэлтэй улс төрчдийн нөлөө нэмэгдэх болжээ. 

Эцэст нь… Гадаад, дотоод ялгаагүй залуусын эдийн засагтаа итгэх итгэл суларсаар. Энэ ч утгаараа нийгмийн халамжийг төв болгосон засаглалыг таашаах болов. Юу ч гэмээр юм бэ дээ…

💡 Ном таацгаая.

... нь дэлхийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай уран зохиолын номоор бүртгэгдсэн бөгөөд худалдаанд гарсан эхний 24 цагт л дэлхий даяар 15 сая хувь зарагджээ. Түүнчлэн, тус ном эхний өдрөө дангаараа $500 саяын орлого олсон нь тухайн үеийн Холливудын бүхий л том киноны нээлтийн орлогоос өндөр үзүүлэлт байв. Энэ ямар ном бэ? Таасан бол найзуудаараа ч бас таалгаад үзээрэй. 📚🤓

Unsplash

🍋 Хонгконг $2.6 тэрбум хүртэлх дүнтэй дэлхийн хамгийн том дижитал ногоон бондыг гаргана. Тус бонд нь $, €, HK$ болон оффшор ¥ гэсэн 4 валютаар гарч, бүртгэл, арилжаа, төлбөр тооцоог блокчэйнд суурилсан DLT технологиор гүйцэтгэх аж. Сонирхуулахад, Хонгконгод энэ оны эхний хагаст дэлхийн нийт дижитал бондын 50% нь гарсан бөгөөд энэ нь тэдний дэлхийн дижитал санхүүгийн төв болох байр суурийг улам бүр бэхжүүлж байна.

🍋 Хүннү Эйр компани 2027 оны 4-р сараас эхлэн Улаанбаатар-Осака чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр боллоо. Уг нислэг нь хоёр орны аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэн, Улаанбаатарыг Азийн бүс нутгийн тээврийн зангилаа болгоход чухал ач холбогдолтой бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт E195 агаарын хөлгөөр үйлчилснээр зорчигчдод ая тухтай аялах боломжийг бүрдүүлж буй.

🍋 OpenAI-н AI агент Австралийн Засгийн газрын эрүүл мэндийн портал сайт руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Тус агент 6-р сард Services Australia-н Medicare статистикийн порталд нэвтэрч, олон нийтэд нээлттэй болон нууцлалтай файлуудыг үзсэн аж. Уг явдлыг Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэмээн үзэж, OpenAI-н Гүйцэтгэх захирал Сэм Алтманд шаардлага хүргүүлжээ.

🍋 AI ашиглан 140 айлын хаус хорооллын хуурамч төсөл сурталчилж байсан этгээдийг баривчлав. Ингэхдээ урьдчилсан байдлаар 11 иргэнээс нийт ₮500 сая авч, цаашлаад 120 иргэнтэй ₮3.6 тэрбумын захиалгын гэрээ байгуулахаар бэлтгэж байсан аж. Түүнчлэн, хаус хорооллын зураг, видео танилцуулгыг AI ашиглан бүтээж, цахим орчинд сурталчилдаг байсан нь тогтоогджээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.