👑 В.Путины хаанчлал

Монгол болон Швейцар | Бух унасан TSMC | Зэсийн үйлдвэрлэл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдрөөс эхлээд нэмэх градус руу орж энэ 7 хоногийн турш дулаахан байх нь ээ. Эцэст нь нэг юм хүйтний эрч цаашилж, хөхүүрийн ам наашилж байна даа. 😝

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өнгөрсөн Баасан гарагт Говь ХК (GOV)-ийн нийт хувьцааны 33%-ийн буюу ₮65.6 тэрбумын арилжаа хийгджээ

BOM: Гадаад валютын нөөц жилийн өмнөхөөс 46% нэмэгдэж $5 тэрбумыг давснаар түүхэн дээд түвшинд хүрэв.

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE) ирэх 5 сарын 30-ны өдрөөс эхлэн 2023 оны ногдол ашгаа тараах байсныг 4 сарын 30-ны дотор болгон өөрчилсөн байна.

🇨🇭 & 🇲🇳 

Энэ жил Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Ер нь бидний Швейцартай харьцдаг харьцаа чинь юун дээр тогтдог билээ? 

Алт л тогтоож байна даа 

Манайх өнгөрсөн онд экспортолсон $738 саяын үнийн дүн бүхий алтныхаа 89.8%-ийг Швейцар руу гаргасан. Үлдсэн хэсгийг Өмнөд Солонгос руу экспортолсон аж. Цаашлаад Монгол Швейцарын гадаад худалдааг ухвал, 

  • 99.5% VS 0.5%: Өнгөрсөн онд Швейцар руу $666.3 саяын үнийн дүн бүхий экспорт хийсэн бөгөөд үүний 99.5%-ийг хагас боловсруулсан алт бүрдүүлсэн байна. Харин үлдсэн өчүүхэн хэсэгт сүлжмэл оймс, шоколад ба какао агуулсан хүнсний зүйлс зэрэг барааг экспортолжээ. 

  • 24 дахин бага: Харин өнгөрсөн оны импортын хувьд экспортын үнийн дүнгээс 24 дахин бага буюу $27.8 сая байгаа юм. Швейцар гэхээр үнэтэй бугуйн цаг бодогддог л биз дээ. Бид ч мөн тэднээс бугуйн цаг импортолдог аж. Мөн мебель, савлах, хатаах, хаяг наах, бөглөх, хийжүүлэх төхөөрөмжийг ч авдаг байна. 

  • Алтнаас хамааралтай: Монгол Швейцарын гадаад худалдаа алтны зах зээлийн үнээс шууд хамааралтай. 2020 онд тус улстай хийсэн гадаад худалдааны үнийн дүн $1.7 тэрбумд хүрч дээд амжилт тогтоож байв. Учир нь тус онд алтны үнэ 24% өссөн юм. Энэ онд ч мөн алтны үнэ нэлээд өсөөд байгаа. Тэгэхээр Швейцар Монголын гадаад худалдааны дүн өсөж магадгүй. 

Харилцаа = 👍

Цаашлаад 2 улсын харилцааг харвал, анх хүмүүнлэгийн тусламжаар эхэлсэн түүхтэй. 2 орны харилцаа үргэлжилж явсаар сүүлийн 10 жилд Швейцараас нийт $85.5 саяын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Цаашлаад Монголд 30 хүртэл хоногийн хугацаагаар визгүй зорчих улсын жагсаалтад ч Швейцар багтжээ.

Заа тэгээд, Монгол Швейцарын харилцаа нэг иймэрхүү. Манайх чинь одоо Швейцарын ачаар л алтаа борлуулж буй улс юм уу даа. Цаашид 1 улсын хэт хамаарлыг бууруулахгүй бол горгүй нь дээ.

🐂 Бух унасан TSMC

TSMC34.SA: Өнөө алдарт Тайваний чип үйлдвэрлэгч TSMC-н хувьцааны үнэ 2022 оны 10-р сарын доод цэгээсээ 110% өсөөдөхжээ. Учир нь AI-н үсрэнгүй хөгжиж байгаа тул тэдний AI-с олох орлого нь жил бүр 50% өсөхөөр байгаа аж. Энэ ч утгаараа компани AI-д ашигладаг чипүүдийн хэрэгцээг хангахын тулд Америк, Япон, Германд үйлдвэрээ барьж буй. Сонирхуулахад, өчигдрийн байдлаар тэдний хувьцааны үнэ $86.2 байна.

👑 В.Путины хаанчлал 2030 он хүртэл үргэжилнэ

Хойд хөршийн сонгууль болж В.Путин иргэдийн 88%-ийн саналтайгаар Оросыг ахин 6 жил удирдахаар боллоо. Тэгвэл В.Путины Орос ирэх 6 жилд хэрхэх бол?  

Сонгуулийн талаар товчхон

В.Путин энэ оны сонгуулиар шинэ Оросын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлттэйгээр сонгогдож 77 нас хүртлээ буюу 2030 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон. Улмаар түүний 5 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлж Иосиф Сталинаас хойш Оросыг хамгийн удаан буюу 18 жил удирдсан нэгэн болох нь. 

Орос ирэх 6 жилд хэрхэх вэ? 

Өнгөрсөн 11-р сард В.Путин Оросын ирэх 3 жилийн буюу 2026 он хүртэлх төсвийн төлөвлөгөөг баталсан. Ингэхдээ цэргийн зардлыг 70% өсгөж түүхэнд байгаагүй өндөр түвшинд тогтоосноор улсын төсөв нь ч 30% өсөж 36.6 их наядад хүрэн түүхэн төсөв гэх цол гуншинтай болоод буй. 2 жил дайнтай байгаа Оросын хувьд төсвийг ийм өндөр баталснаар зөвхөн 2024 онд л гэхэд 1.6 их наядын алдагдал хүлээх төлөвтэй байна.  

  • Дайтаж л байвал бусад нь хамаагүй: Цэргийн зардал нэмэгдсэний хэрээр эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн хэрэгцээний төсөв хумигдах нь тэр. Гэсэн ч иргэд түүнийг сонгосоор…

Сонгох гэснээс барууны хэвлэл мэдээлэл болон эрх баригчид тус сонгуулийг шударга сонгууль болоогүй тул хүчингүй гээд наагуур, цаагуур бичээд л байгаа. 🤷‍♀️

Гадаад харилцаа 

Орос Украины дайн эхэлснээс хойш зөвхөн Америкаас л гэхэд Орост 500 гаруй хориг арга хэмжээ тавьсан байдаг. Гэсэн ч Орос экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосоо Хятад, Энэтхэг тэргүүтэй улсууд руу түлхүү нийлүүлж Хятадтай хийсэн гадаад худалдаа л гэхэд өнгөрсөн жил түүхэн дээд түвшин болох $240 тэрбумыг шүргэсэн байдаг шүү. Түүнчлэн В.Путин цаашид Хятадтай илүү дотно түншлэнэ гэснээс харахад эдгээр хориг үр дүнтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Цаашлаад,

  • БРИКС: Орос болон Хятадын тэргүүлдэг БРИКС бүлэг өнгөрсөн онд газрын тосны луугарууд болох Саудын Араб, Египет, АНЭУ тэргүүтэй улсуудаар бүл нэмж Их 7-гийн бүлэгтэй бараг л хүч тэнцэх болсон. БРИКС бол нэг утгаараа Оросын гадаад харилцаа дайны хөлд ч хэрхэн өргөжиж байгааг харуулж буй. 

Эцэст нь… Сонгуулийн өмнөхөн В.Путин жилийн өмнө НАТО-д элссэн Финландыг тэдэнтэй эвсвэл цөмийн дайн эхлүүлнэ хэмээн дэлхий нийтийг сүрдүүлсэн. Хэдийнээ НАТО-д элссэн улсаар дамжуулан цөмийн дайн эхлүүлэх талаар ярьсан нь Оросын сүр хүчийг басах хэрэггүй гэсэн анхааруулга мэт. Юутай ч бусад зардлаа танан байж батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлсэн гэхээр Орос эхлүүлсэн дайныхаа эцсийг үзэж байж л зогсох бололтой. Тэгэхээр тэд ирэх жилд ч дайнтай байх нь дээ. Гол нь хэр удаан…

Яг ажиллаж байтал компьютер гацах ч лүд шүү. Энэ удаад үүнийг хэрхэн шийдэж болох талаар бяцхан арга зааж өгье.

Компьютер тань гэнэт гацвал CTRL+Shift+ESC гэх коммандаар “Task Manager” цэсийг нээгээд компьютерыг тань гацааж буй апп-уудыг унтраагаарай. Туршаад үзээрэй. 🪄

🏦 ХХБ: Долларын cashback

Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-аар долларын шилжүүлэг хийдэг хүмүүст дуулгах сайхан мэдээтэй. 💵

Тэд харилцагчдадаа зориулан долларын шилжүүлгийн “Долларын  cashback” урамшууллыг зарлажээ.

Ямар урамшуулал вэ?

  • Cashback: 3 сарын 15-наас эхлэн дэлхийн 100 улс руу долларын шилжүүлэг хийгээд $40 хүртэлх буцаан олголт авах боломжтой.

  • Яаж?: Долларын шилжүүлгээ онлайнаар болон салбар дээр очин хийх боломжтой ба урамшууллыг тухайн шилжүүлэг хийсэн сарын 15, 30-ны өдөр олгох юм.

Хэрэв та ХХБ-ны харилцагч биш бол тэдний салбараар үйлчлүүлэн шилжүүлгээ хийж уг урамшуулалд оролцох боломжтой ба Бритто картыг бэлгэд авах боломжтой юм байна.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Forbes India

🔹Apple (AAPL) хувьцаа эзэмшигчдийгээ залилсан хэрэгт $490 тэрбумын торгууль төлнө. Тодруулбал, тус компанийн CEO Тим Күүк хөрөнгө оруулагчдад компанийн 2018 онын борлуулалтын тайланг танилцуулахдаа Хятад дахь iPhone-н борлуулалт буурсныг мэдээлээгүйгээс болж хөрөнгө оруулагчдыг хохироосон гэж буруутгагдаад буй.  

🔹Өнгөрсөн 2-р сард чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 9.4% буурч ₮2 их наяд болов. Харин хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 30.4% өсөж ₮24.8 их наядад хүрснээр нийт зээлийн 88.4%-ийг хэвийн зээл эзэлж байна. 

🔹2025 оноос 1.9 сая тн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломжтой. Монгол өнгөрсөн жил 1.5 сая тн зэсийг үйлдвэрлэн экспортолсон бөгөөд Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж, Цагаан суваргын ордын төсөл эхэлснээр тус тоог өсгөх боломжтой аж. 

🔹Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Korea Natioanal Railway, China Railway Design Corp, EY Mongolia тэргүүтэй 20 компани саналаа ирүүлсэн байна. Метро барих зөвлөх үйлчилгээний ОУ-ын тендерийг 2 үе шаттай зохиож байгаа бөгөөд 2-р шатны сонгон шалгаруулалтаар тус 20 компаниас 1-ийг нь сонгох юм. 

  • Арилжааны мэргэжилтэн / Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК: ХЗЗ-д 1-ээс дээш жил ажилласан, тус салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй бол сонирхоорой. Дэлгэрэнгүйг ийшээ ороод аваарай. 👉 (Link)

  • Graphic Designer / Lemon Press: График дизайны программыг хашраадаг, мэргэжилдээ хайртай хүн байна уу? Манай багт нэгдээрэй. 👉 (Link)

  • Copywriter / Lemon Press: Бид бизнес багтаа уран сэтгэмжтэй, олон талаас бичих чадвартай хүн хайж байна. Хэрэв та контент бүтээх, бичих сонирхолтой бол ийшээ.👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Шинжил: Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд юу хийхээр тусгав? (Parliament)

  • Унш: Дональп Трампын эргэн эрэлт ба Хятадын хожил. (CNN)

  • Харьцуул: 2024 оны I улирал ч дуусах дөхөж байна даа. Монголбанкны шинжээчдийн I улирлын макро ЭЗ-ийн төсөөллийг юу гэж гаргаж байв? (Mongolbank)

  • Мэд: Apple утаснуудaa Google-н AI-р тоноглох талаар ярилцаж байна. (TechCrunch)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER