🥛 Сүү ХК: Ашиг х2.3

BRICS-н уулзалт болон Сүү ХК-ийн тайланг талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой шүү. Наагуур цаагуур байгаа өнгөрсөн сарынхаа баримтыг амжиж бүртгүүлээрэй. 📃

Гэснээс манайх мерч гаргавал сонирхох хүн байна уу?

Login or Subscribe to participate in polls.

*Нэг өдрийн өөрчлөлт

CHN: Хятадын төсвийн алдагдал энэ оны эхний 7 сард жилийн өмнөхөөс 37% буурч $449 тэрбум болжээ.

AUS: Австрали улсаас Монголд болсон үерийн гамшигт A$250,000-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

US: Америкийн ипотекийн зээлийн хүү 2000 оны 11-р сараас хойших хамгийн дээд түвшин буюу 7.48%-д хүрэв.

🥛 Сүү ХК: Ашиг х2.3

Өнөөдөр нэг жарны түүхт Сүү ХК (SUU)-н хагас жилийн тайланг тоймлоно. Ашиг нь л гэхэд 2.3 дахин өссөн байна.

  • Товчхондоо: Сүү ХК-ийн зах зээл нийт хүн амын 86.8%-ийг хамардаг аж. Түүнчлэн одоогоор 2,500 бэлтгэн нийлүүлэгч, 4,500 харилцагч, 550 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэй болж цар хүрээгээ тэлжээ.

🔢 Санхүүгийн үзүүлэлт сайжрав

Энэ оны эхний хагаст Сүү ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38% өсөж ₮73.5 тэрбумд хүрээд буй. Сүүний борлуулалт л гэхэд 39%, аарцан бүтээгдэхүүнийх 30%, цөцгийн тосных бүр 6 дахин өссөн хойно арга ч үгүй биз.

  • Улмаар: Борлуулалтын орлого өссөн болон санхүүгийн зардлаа 24.9% бууруулсан зэргээс үүдэн ашигт ажиллагаа сайжирч нийт ашгийн хувь 26%-29% болжээ. Улмаар цэвэр ашгийн хэмжээ нь 2.3 дахин өсөж ₮8.9 тэрбумд хүрсэн хэрэг.

  • ROE 🆙: Түүнчлэн компанийн нийт өр төлбөр 10.7% буурсан бол эздийн өмч нь 24.5% өсөж ₮46.7 тэрбум болсон аж. Тиймээс тус компанийн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 24 нэгж хувиар өсөж 42%-д хүрчээ. Тэгэхээр тэднийг өөрийн хөрөнгийн ХО-аасаа ашиг олох чадвартай компани гэж дүгнэж болохоор.

  • ₮15.7 тэрбум: Компанийн ногдол ашгийн хувьд 2017 оноос хойш нийт ₮15.7 тэрбумын ногдол ашиг тараасан аж. Энэ жилийн эхний хагаст л гэхэд нийт цэвэр ашгийн 30%-ийг буюу ₮2.6 тэрбумын ногдол ашгаар тараахаар болсон нь жилийн өмнөхөөс 67.1% өсөв.

Цаашид  

Компанийн эхний хагас жилийн онцлох хэсэг нь малчдын сүү бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх ажлын хүрээнд 4 хоршооны дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн нийт хоршоодын тоог 14-т хүргэсэн аж. Мөн Миний Монголын сүү үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал нь 2 дахин нэмэгдээд буй. Тэгэхээр компанийн үйлдвэрлэл, борлуулалт цаашид ч өсөх төлөвтэй байна.

📉 -11.2%

MIK: Өчигдрийн арилжаагаар Мик холдинг ХК-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 11.2% унаж ₮15,000 боллоо. Сонирхуулахад, компанийн энэ оны хагас жилийн ашиг жилийн өмнөхөөс 17.3% өсөж ₮981.4 саяд хүрсэн юм. Үүнд хүүгийн орлого 5.1 дахин өссөн нь нөлөөлөв.

🤔 BRICS тэлэх үү?

BRICS-н бүлгийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсуудын төрийн тэргүүнүүд Өмнөд Африкт цугларлаа. Харин Владимир Путин Өмнөд Африкт хөл тавих л юм бол баривчлагдах эрсдэлтэй тул уулзалтад очсонгүй.

Шинэ гишүүн, нэгдсэн мөнгөн тэмдэгт…

BRICS нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэх 5 улсаас бүрдсэн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ удаагийн хурлыг Өмнөд Африк даргалж байгаа бөгөөд тус бүлэгт элсэх хүсэлтээ өгсөн 22 орны талаар хэлэлцэхээс гадна BRICS-н орнуудын хооронд ашиглах Евро шиг нэгдсэн валют гаргах, Украины хямрал болон Шинэ Хөгжлийн Банкны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Чухал асуудал - Шинэ холбоотон

Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй гол асуулт бол BRICS тэлж шинэ холбоотонтой болох уу гэх асуулт. Тус бүлэгт хамгийн сүүлд буюу 2010 онд Өмнөд Африк элссэнээс хойш шинээр гишүүн нэмэгдээгүй. Гишүүн болох хүсэлтээ өгсөн орнууд дунд томоохон нефт үйлдвэрлэгч Саудын Араб, Иран тэргүүтэй 5 орон багтаж байгаа нь тус бүлгийг G7-гийн бүлэгтэй тэнцэх хэмжээнд хүч зузаатгах боломжийг олгох юм. BRICS яагаад 13 жилийн дараа шинэ гишүүн элсүүлэх талаар ярих болов?

  • BRICS-н хүч суларсаар: BRICS-н хөдөлгөгч хүч болох Хятадын ЭЗ удаашрахын зэрэгтэй Америктай хийж буй зөрчилдөөн гүнзгийрч, Орос, Бразилын ЭЗ-ийн нөхцөл байдал ч сайнгүй байгаа.

  • Ямар ашигтай юм? Ийм үед ч улс орнууд тус бүлэгт элсэх хүсэлтэй байгаа нь барууны орнуудын нөлөөллийн эсрэг шүхэр болгон ашиглах хүсэлтэй байгааг илтгэх мэт.

BRICS-н банк

Тус банкийг 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ОУ-ын валютын сан, Дэлхийн банкны өөр нэгэн хувилбар гээд ойлгоход болно. Тэдний төвлөрч буй гол асуудал нь BRICS-н орнуудын долларын хамаарлыг багасгах. Үүнтэй холбоотойгоор тус банкнаас Өмнөд Африк болон Бразилд зээл олгохоор болсон төдийгүй улс орнуудад энэ жилд л гэхэд $8-$10 тэрбумын зээлийг олгох гэнэ.

Эцэст нь… BRICS-д нэгдэх хүсэлтэй орнуудад нийтлэг байгаа сонирхол бол доллароос хамааралтай байдлаа багасгах. Яваандаа BRICS Евро шиг нэгдсэн валюттай болчих юм бол доллар ч асуудалд орох байх даа. Юу гэж бодож байна?

Tenor

🔹Zoom (ZM)-н ашиг 4 дахин өсөв. Тухайлбал, компанийн орлого 3.6% өсөж $1.1 тэрбумд хүрч, үйл ажиллагааны зардал нь буурснаар ашиг нь $182 саяд хүрсэн нь энэ. Улмаар тэдний хувьцааны үнэ арилжааны цагаар 4% өсөөд амжлаа.

🔹Монполимет Групп Хөгжлийн банкны зээлд нийт ₮260.2 тэрбумыг төлжээ. Компани 2015 онд Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас тухайн үеийн дундаж ханшаар ₮126.6 тэрбумын зээл авсан ч эргэн төлөлтөд ₮133.6 тэрбумын ханшийн зөрүүний хамт нийт ₮260.2 тэрбумыг төлж дуусав.

🔹Чипийн хөрөнгө оруулалт сүүлийн 4 жилд анх удаа буурах төлөвтэй байна. Хятадын эдийн засаг болон нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн ТОП-10 чип үйлдвэрлэгчийн хөрөнгө оруулалт энэ онд 16% буурч $122 тэрбумд хүрэхээр байгаа аж. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн том бууралт болох юм.

🔹Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг IV улиралд ашиглалтад оруулна. Уг төмөр зам ашиглалтад орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болох гэнэ.

 Metaverse in your area

Дэлхийн анхны Metaverse дэх хот Улаанбаатар гэдгийг мэдэх үү?

Metaverse бол ирээдүй

Facebook (META) нэрээ META болгон сольсон нь тэдний Metaverse руу чиглэсэн алсын хараатай холбоотой. Өнгөрсөн онд зардлаа хэмнэнэ гэж хэдэн мянгаар нь ажилчдаа халсан ч META Metaverse-д $13.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд буй. Харин Монголд The Sandbox-г өргөнөөр ашиглаж байгаа аж. Энэ нь өөрийн хүссэн ертөнцийг бий болгох боломжит төвлөрсөн бус Metaverse платформ юм.

Мета Улаанбаатар

MongolNFT The Sandbox-д газартай болж Мета Улаанбаатарыг Metaverse ертөнцөд сүндэрлүүлээд буй. Тус ертөнцөд олон төрлийн боломж нээгдэх төдийгүй төрийн ордонд хүссэн хувцас, пүүзтэйгээ орж, далайд гарцгүй Монгол далайд гарцтай болох зэрэг олон шинэлэг боломжтой. Ер нь л та хаана байгаагаас үл хамааран Metaverse-д тоглолт, эвент зохион байгуулах бүр ургийн баяр тэмдэглэх, бизнес хийх боломжтой юм.

Хил хязгаар, газарзүйн байршлаар хашигдахгүй олон боломжийг олгодог гэхээр Metaverse маш том боломж байгаа биз?

Доорх мэдээнээс бурааг олоорой.

A. Хятадын төсвийн алдагдал энэ оны эхний 7 сард жилийн өмнөхөөс 37% өсөж $449 тэрбумд хүрэв.
B. Сүү ХК-ийн хагас жилийн ашиг 2.3 дахин өслөө.
C. Австрали Монголд болсон үерийн гамшигт A$250,000-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

  • Тэтгэлэг: Болгарт суралцах хүсэлтэй хүмүүсийн анхааралд. (Tetgeleg)

  • Тайлан: MCS тогтвортой хөгжлийн тайлангаа гаргалаа. (MCS)

  • Танилц: YouTube дээрх бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бичлэгүүд. (VisualCapitalist)

  • Мэд: Дэлхийн сонгинын үнэ нэмэгдэх нь дээ. (CNBC)

Зөв хариулт A. Хятадын төсвийн алдагдал энэ оны эхний 7 сард жилийн өмнөхөөс 37% өсөөгүй буюу буурч $449 тэрбумд хүрсэн шүү.

Reply

or to participate.